Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Аяллын тэмдэглэл: Шанхай хотоор аялагчид юу үзвэл тохиромжтой вэ?


Өмнөх нийтлэлдээ "Шанхай хотоор аялахад анхаарах 8 зүйл"-ийн талаар уншигчдадаа хүргэсэн. Хойноосоо урагш 120 км, баруунаас зүүн тийш 100 км өргөн, 6341 км2 талбай бүхий 26.3 сая хүн амтай нүсэр хоттой танилцахын тулд урьдаас төлөвлөж, зарим болзошгүй хүндрэлүүдийг тооцоолох шаардлагатайг өмнөх бичвэртээ дурдсан билээ. 

Шанхай бол хуучин ба шинэ, өрнө болон дорно зэрэгцэн оршдог сонирхолтой хот. Тиймээс та Европын соёлын онцлог шинжүүдийг тусгасан хуучны барилга, Хятадын түүхэн дурсгалт сүм хийд, цэцэрлэг, гудамжнаас эхлээд тэнгэр баганадсан орчин үеийн барилга, архитектурын өвөрмөц, гоёмсог шийдэлтэй байгууламжуудтай нэгэн зэрэг танилцах боломжтой. 

Гэвч богино хугацаагаар Шанхайд зочилж байгаа бол үзэж харах зүйлсээ ч мөн урьдаас судалж, төлөвлөх нь зүйтэй юм. Миний бие Шанхай хотоор аялах хугацаандаа танилцсан музей, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой товч мэдээллийг хүргэж байна. 

Шанхай хотод нийт 38 музей байдаг бөгөөд тасалбар нь 10-70 юанийн үнэтэй, зарим нь үнэ төлбөргүй байх нь ч бий. Мөн музей дотор чөлөөтэй зураг дарахыг зөвшөөрдөг нь таатай санагдсан. Түүнчлэн дахин давтагдашгүй чамин архитектур шийдэлтэй музейн барилгууд нүд булааж байв. 

Жич: Ихэнх музей нь даваа гарагт амардаг 

1. Шанхайн Байгалийн түүхийн музей (Shanghai Natural History Museum)

Хэрэв та хүүхэдтэйгээ явж байгаа бол хамгийн түрүүнд санал болгох газруудын нэг нь Шанхайн Байгалийн түүхийн музей. Монголтой харьцуулахад энд үлэг гүрвэлийн жинхэнэ олдвор хомс ч ( гэхдээ 140 сая жилийн настай Mamenchisaurus хэмээх үлэг гүрвэлийн яс бий   ) гэлээ олон сая жилийн өмнө амьдарч байсан амьтдыг бодит хэмжээгээр нь дуурайлган хийж, хөдөлгөөн, дуу оруулсан нь сонирхолтой санагдсан. Тус музей 1950 онд анх нээгдэж байсан бөгөөд 2015 онд одоогийн шинэ барилга нь ашиглалтад орсон. Шинэ барилга нээлтээ хийсэн эхний өдрөө 10 мянган хүн хүлээж авч байжээ. Музей нийтдээ 10 мянга орчим үзвэртэй. 

Цагийн хуваарь: Мягмар - Ням гараг хүртэл, 09:00-17:15 цаг хүртэл 

Тасалбар: Том хүн 30 юань, хүүхэд 12 юань (Тасалбарыг 09:00 - 16:30 цаг хүртэл худалдаална) 

2. Шанхайн Урлагийн музей (China Art Museum)

Шанхай хот Ази тивдээ хамгийн томд тооцогдох Урлагийн музейтэй. 2010 оны Шанхай - Экспо үзэсгэлэнгийн үеэр "Хятад павильон" хэмээх энэхүү дуу алдам гоёмсог барилгыг үзэж сонирхохоор 17 сая хүн ирсэн байдаг. Харин Шанхай хотын захирагч 2011 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж Урлагийн музейг уг барилга руу нүүлгэжээ. 

Энд нийтдээ 14 мянга гаруй урлагийн бүтээлийг дэлгэжээ. Тэдгээрээс жуулчдыг анхаарлыг хамгийн их татдаг нь Qingming Shanghe Tu хэмээх алдартай зураг. Энэхүү бүтээлийг Сүн улсын үед Жан Зэдуань хэмээх зураач туурвижээ. 11-12-р зууны үеийн Хятадын ард түмний аж байдлыг дүрсэлсэн уг бүтээлийн эх хувь нь 25.5 см-ийн өндөр, 5.25 метрийн урттай бөгөөд зурагт нийтдээ 814 хүн, 28 завь, 60 амьтан, 30 барилга, 20 тээврийн хэрэгсэл, 8 седан сандал, 170 мод дүрслэгдсэн байдаг гэнэ. Харин Шанхай - Экспог тохиолдуулан уг зургийг 3D, дижитал хэлбэрт хөрвүүлэн бүтээжээ. Энэхүү гайхамшигт бүтээлийг үзэж явахдаа Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийг ингэж амилуулбал гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв.   

Цагийн хуваарь: Мягмар - Ням гараг хүртэл, 10:00-18:00 цаг хүртэл

Орох тасалбар: 20 юань (3D танхим нь тусдаа үнэтэй)

3. Шанхайн Ботаник цэцэрлэгт хүрээлэн (Botanical Garden)

Би шинэ газарт очих бүртээ хамгийн түрүүнд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд нь очиж үзэхийг хүсдэг юм. Энэ удаа Шанхайн Ботаник цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо. Тус цэцэрлэгт хүрээлэнг 1974 онд үүсгэн байгуулсан бөгөөд эдүгээ 81 га талбайг хамарсан, 3500 зүйлийн мод, бут, ургамлаас бүрдсэн томоохон цэцэрлэгт хүрээлэн болжээ. Хотын хамгийн нам гүм хэсэг гэж хэлж болох Ботаник цэцэрлэгт хүрээлэнд ормогц энд тэндгүй дуу дуулж, хөгжим дарсан хүмүүстэй таарах болно. Их хотын чимээнээс холдож, толгойгоо амраахыг хүсвэл заавал зочлоорой. Халуун өдөр гадуур явахад нэн хүндрэлтэй учраас бороотой эсвэл сэрүүн өдрийг сонгож очихыг зөвлөж байна. 

Цагийн хуваарь: Өдөр бүр, 07:00-17:00 цаг хүртэл

Тасалбар: ойролцоогоор 50 юань 

4. Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхим (Shanghai Urban Planning Exhibition Hall) 

Хааш хаашаа 100-120 км үргэлжилдэг Шанхай хотыг бүхэлд нь тольдох бараг л боломжгүй. Гэхдээ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимыг зоривол хотын жижиг загвартай танилцаж, хотын хаана, юу байдгийг мэдэх боломжтой. Мөн Шанхай хотын үүх түүхтэй гүнзгий танилцах боломжийг олгох болно. Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь хотын төвд байрлах ба хажууханд нь Шанхайн түүхийн музейг байдаг учраас нэг дор хоёр музей үзчихэж болно шүү дээ. 

Цагийн хуваарь: Мягмар - Ням гараг хүртэл, 09:00-17:00 цаг хүртэл 

Тасалбар: ойролцоогоор 70 юань

5. Күнзийн сүм (Confucian Temple)

Хүслээ бичиж өлгөхийг хүссэн хүмүүс, мөн хямд үнэтэй хуучин номын "ангуучид" Шанхай дахь Күнзийн сүмийг зорьдог. Уг сүм төсөөлж байснаас жижиг, үзэх харах зүйл багатай байв. 

Харин урдаас төлөвлөж ням гарагийн өглөө зочилсныхоо хэргийг гаргав. Учир нь долоо хоногт нэг удаа (ням гарагт) сүмийн урд талбайд хуучин номын худалдаа зохион байгуулагддаг. Дэлгүүрт 58 юаниар худалдаалагдаж байсан ном энд 10 юанийн үнэтэй байв. Мэдээж бага зэрэг хэрэглэсэн ном л доо. Түүнчлэн англи - хятад толь бичиг 30 юаниар худалдаалагдана. 

ЗурагТайлбар


Цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00-17:00 цаг хүртэл

Тасалбар: 10 юань

6. Үй Юань цэцэрлэгт хүрээлэн (Yu Garden)

Үй Юань цэцэрлэгт хүрээлэнг (утгачилбал, аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн) 1559 онд буюу Мин гүрний үед Пань Юньдуань хэмээх эрхэм өндөр настай эцэгтээ зориулан босгож байжээ. Эдүгээ тус цэцэрлэгт хүрээлэн жуулчдын хамгийн их зорьдог түүхэн дурсгалт газруудын нэгд тооцогдож байна. Цэцэрлэгт хүрээлэн 2 га талбайг хамаарах бөгөөд дотроо зургаан өөр хэсгээс бүрддэг. 

Old Tea House

Дашрамд дурдахад, Үй Юань цэцэрлэгт хүрээлэнгийн урд маш алдартай, хуучны цайны газар байрладаг. Хятад үндэстний соёлын салшгүй хэсэг болсон цайг ном журмын дагуу амталж үзэхийг хүсвэл энд зочлоорой. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо Food Court, бэлэг дурсгалын дэлгүүрүүд олноороо байрладаг. Үнийн хувьд ч тун боломжийн санагдсан.   

Цагийн хуваарь: Өдөр бүр, 08:30-16:45 цаг хүртэл 

Тасалбар: 40 (7 сарын 1-ээс 8 сарын 31 хүртэл)

7. Шанхайн музей (Shanghai Museum)

Шанхайн музейг 1952 онд үүсгэн байгуулсан бөгөөд 1996 онд хуучин барилгыг нурааж, суурин дээр нь одоогийн барилгыг барьжээ. Музей нь хүрэл зэвсгийн үеийн,  керамик эдлэлийн, баримлын, уран зургийн, уран бичлэгийн, Мин болон Чин гүрний үеийн хятад тавилгын гэх мэт нийт 11 галерейгаас бүрддэг, 120 мянга гаруй үзмэртэй дэлхийн хэмжээний баялаг музей юм. 

Музейг үзэхэд үнэ төлбөргүй боловч урьдчилж онлайнаар захиалаагүй тохиолдолд 1.5-2 цаг орчим дугаарлаж байж ордог. Миний хувьд онлайн захиалгыг нь хайгаад олоогүй тул биечлэн дугаарлаж зогсохоос өөр сонголтгүй болсон юм.   Гэхдээ үзэхэд харамсахааргүй музейнуудын нэг байсан. 

Музей үзэхээр дугаарлаж буй хүмүүс

Цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00-17:00 цаг хүртэл (16:00 цагаас хойш оруулдаггүй)

Тасалбар: Үнэ төлбөргүй

8. Жинь Ан сүм (Jing'an Temple)

Жинь Ан сүм бол Ази дахь хамгийн алдартай Буддын шашны төв юм. Сүмийн шавыг МЭ 247 онд тавьсан ба 1216 онд одоогийн байршил руу нь нүүлгэн шилжүүлсэн байдаг. Сүмийн их бие модоос бүтсэн бол орой, дээвэр хэсэг нь уран нарийн хийц бүхий алтадмал чимэглэлтэй тул ойролцоох орчин үеийн барилгуудаас эрс ялгарч харагдана. Жинь Ан сүмийг 1983 онд үндэсний хамгаалалттай түүх, соёлын дурсгалт газруудын жагсаалтад оруулжээ. 

Цагийн хуваарь: Өдөр бүр, 07:30-17:00 цаг хүртэл

Тасалбар: ойролцоогоор 60 юань

9. Завиар аялах 

Шанхай хотын дундуур Хуанпу гол урсана. Голын нэг эрэгт Европ загвартай хуучны барилгууд өнгө төрхөө хадгалан орших бол нөгөө талд нь Хятадын хамгийн өндөр барилгууд болох Шанхайн цамхаг, Дэлхийн санхүүгийн төв, Жин Мао цамхаг байрлах аж. Шанхайн бизнес, эдийн засгийн төв болсон энэ хэсэг хориод жилийн өмнө бараг л хоосон талбай байсан юм билээ. Шанхайн шөнийн үзэмжийг тольдохыг хүсвэл Хуанпу голыг зорьж, завиар аялаарай. 

Цагийн хуваарь: Өдөр бүр, 11:00-21:30 цаг хүртэл

Тасалбар: 140 юань

10. Далайн аквариум (Shanghai Ocean Aquarium)

Хүүхэдтэйгээ очиход хамгийн тохиромжтой газруудын нэг нь Шанхайн Далайн аквариум. 2002 онд нээгдсэн тус аквариумд Ази, Өмнөд Америк, Африк тивээс 450 орчим зүйлийн далайн амьтан, ургамлыг авчирч нутагшуулжээ. Энэхүү Далайн аквариумыг жилдээ 1 сая орчим хүн зорьдог байна. Дашрамд дурдахад, үндсэн үзвэрүүдийг үзэхэд 160 юанийн төлбөртэй бөгөөд ойролцоох Жин Мао цамхаг, Дорнын сувд Телевизийн цамхагт гарах эрх бүхий комбо тасалбаруудыг ч санал болгодог. Мөн аквариумд хүн ихтэй байдаг тул ажлын өдөр, өглөө эрт үзвэл тохиромжтой. 

Цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00-21:00 цаг хүртэл

Үндсэн үзвэрийн тасалбар: 160 юань

11. Шанхайн Шинжлэх ухаан, технологийн музей (Shanghai Science and Technology Museum) 

Шанхай хотыг зорьсон хүмүүсийн заавал зорьдог газруудын нэг нь Шинжлэх ухаан, технологийн музей. Харин би аяллын сүүлийн өдөр үзэхээр төлөвлөсөн нь хамгийн тохиромжгүй сонголт байв. Учир нь гадаадын иргэн тус музейн тасалбарыг онлайнаар захиалах боломжгүй, түүнчлэн онлайнаар захиалж буй Хятадын иргэн нэг л тасалбар авах эрхтэй байдгийг музейд очсон хойноо мэдсэн юм. Дугаарлаж зогслоо ч 14:00 цагаас өмнө орж амжихааргүй их хүнтэй байсан тул үзэж чадалгүй буцсан.   Хэрэв та Шинжлэх ухаан, технологийн музейг үзэхийг хүсвэл дээрх эрсдэлүүдийг тооцоолж, эрт очихыг зөвлөж байна. 

Цагийн хуваарь: Мягмар - Ням хүртэл, 09:00-17:15 цаг хүртэл

Орох тасалбар: 60 юань 

Бусад үзвэр: IMAX 3D Large-Format Theater 40 юань, IMAX Dome Theater 30 юань, 4D Theater 30 юань

Музейг үзэхээр дугаарлаж буй хүмүүс

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
6 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.