Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Байгальд ээлтэй хувцас, загвартай холбоотой түгээмэл тархсан 9 ТАШАА ОЙЛГОЛТ


Бидний өдөр тутмын хэрэглээ хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэдгийг хүмүүс улам бүр ухаарч, хариуцлагатай сонголт хийхийг эрхэмлэх болсон. Гэвч байгальд ээлтэй, ёс зүйтэй хувцас үйлдвэрлэл, загварын салбартай холбоотой зарим ташаа ойлголтууд нь эсрэгээрээ биднийг хүрээлэн буй орчинд хөнөөлтэй сонголт хийхэд хүргэж байна. 

Иймд бид олон нийтийн дунд түгээмэл тархсан есөн ташаа ойлголт, түүнтэй холбоотой баримтуудыг хүргэхээр бэлдлээ. 

ХУДАЛ: "Эко", "тогтвортой" брэндүүдээс худалдаж авах нь загварын салбарын хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулна

ҮНЭН: Хувцас загварын салбарын хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулахад таны оруулж чадах хамгийн үнэтэй хувь нэмэр бол аль болох цөөн зүйл худалдаж авах юм. Мөн та яг одоо шүүгээнд тань байгаа хуучин хувцас, хэрэглэлүүдээ сэргээн засах, өөрчлөх, найз нөхөдтэйгээ солих замаар хувцасныхаа насыг уртасгаж болно. Шинээр хувцас худалдаж авахаар болбол хуучирсан хувцсыг янзалж сэлбэх, бусдад худалдахад тусалдаг брэндүүдээс (Жишээ нь, Patagonia брэнд Worn Wear нэртэй хөтөлбөр хэрэгжүүлдэг) сонголт хийгээрэй. Эко брэндүүд мэдээж тустай, гэхдээ шинээр хувцас худалдаж авах нь таны эхний биш, эцсийн сонголт байх учиртайг санаарай. 

ХУДАЛ: Тансаг, үнэтэй брэндүүд нь фаст фэшнээс илүү байгальд ээлтэй

ҮНЭН: Худалдан авч буй хувцас тань үнэтэй байлаа гээд энэ нь тогтвортой, эко гэсэн баталгаа болохгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцид зааснаар 2030 он гэхэд дэлхий нийтээрээ нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 30 хувиар бууруулах амлалт өгөөд буй. Энэ конвенцид нэгдсэн зарим тансаг зэрэглэлийн брэндүүд экологид үзүүлж буй нөлөөллөө багасгахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Тухайлбал, Burberry брэнд "нүүрстөрөгчгүй" загварын шоу зохион байгуулж байсан.(Тухайн хувцсыг үйлдвэрлэхэд гаргасан хорт бодисыг бууруулах хэмжээний мод тарих замаар нүүрстөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх) Хэдий тийм ч гэлээ тансаг брэндүүд амлалтаа хэрэгжүүлэх шатандаа явж байгааг санах хэрэгтэй. Ordre компаниас энэ онд явуулсан судалгааг харвал загварын салбар тийм ч эко биш гэдгийг харж болно. Жишээ нь, өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон улсын загварын долоо хоногийн хүрээнд 2697 брэндийн 5,096 ширхэг хувцсыг хүмүүс худалдан авчээ. Үйлдвэрлэлийн үйл явцаас эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртлээ эдгээр хувцас нийтдээ 241 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийг хүрээлэн буй орчинд ялгаруулсан гэх тооцоо гарчээ. 

ХУДАЛ: Хувцас, хэрэглэл үнэтэй байх тусам ажилчдын мөлжлөг бага байдаг

ҮНЭН: Яг үнэндээ дундаж болон дээд зэрэглэлийн үнэтэй брэндүүд фаст фэшн буюу хямд хувцаснуудтай нэг ижил үйлдвэрт хийгддэг. Өөрөөр хэлбэл, хувцасны үнээс үл хамаараад ажилчдын мөлжлөг (цалин хөлс, ажлын байрны нөхцөл, хангамж муу) явагдах боломжтой гэсэн үг юм. Хувцасны үнэ өндөр байлаа гээд түүнийг үйлдвэрлэж буй ажилчид хангалттай, шударга цалин хөлс авах баталгаа болж чаддаггүй. 

ХУДАЛ: Хуучин хувцсаа хандивлах нь тогтвортой байдлыг дэмжих нэг арга

ҮНЭН: Буяны байгууллага, хуучин хувцасны дэлгүүрүүд хүлээж авсан хувцасныхаа тодорхой хувийг хандивлаж, зарж борлуулдаг. Судалгаанаас үзвэл, хуучин хувцасны дэлгүүрт өгсөн хувцасны ердөө 10 хувь нь зарагддаг байна. Үлдсэн нь буурай хөгжилтэй орнууд руу ачигдаж, тэндээ булагдах нь элбэг гэжээ. АНУ л гэхэд жилд 453 сая тонн хуучин хувцсыг буурай орнууд руу ачуулдаг. Африк тив нийт хуучин хувцасны 70 хувийг дангаараа хүлээж авдаг байна. 

2016 онд хийгдсэн нэгэн судалгаагаар Гана улсын Кантаманто хотод долоо хоногт 15 сая ширхэг хуучин хувцас ирдэг болохыг тогтоожээ. Эдгээр хувцасны 40 хувь нь хаягдал болдог бөгөөд шатаах, газарт булах замаар устгалд оруулж, энэ нь эргээд байгаль орчинд хортой бодис ялгарах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

ХУДАЛ: Тогтвортой хөгжлийг сурталчилдаг брэндүүд байгальд ээлтэй, эко байдаг

ҮНЭН: "Тогтвортой", "байгаль ээлтэй", "эко" гэх мэт тодотгол нь хүрээлэн буй орчиндоо анхаардаг хэрэглэгчдийг татах маркетингийн хэрэгсэл болж буйг үгүйсгэх аргагүй юм. Lyst сайтын мэдээлснээр, 2019 онд "тогтвортой" гэх ойлголттой холбоотой хайлт өмнөх жилээс 75 хувиар өссөн гэжээ. "Тухайн хувцас, загварын брэнд тогтвортой гэдгийг үнэлэх бодит шалгуурууд байхгүй байна" гэж Маккинзигийн сэтгүүлч Саския Хедрич CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Хувцас, загварын салбар нь олон шат дамжлагыг хамардаг учраас тогтвортой гэх ойлголт ч үүнийг дагаад өргөн цар хүрээг хамарна. Тиймээс хувцас үйлдвэрлэгчид дахин боловсруулсан материал ашиглах, нүүрстөрөгчийг бууруулах бодлого баримтлах нь дангаараа хангалтгүй юм. 

ХУДАЛ: Ихэнх хувцсыг дахин боловсруулж болно

ҮНЭН: Хувцсыг ямар материалаар, яаж хийснээс хамаараад ихэнхийг нь дахин боловсруулахад хүндрэлтэй байдаг. Холимог материалаар хийсэн (жишээлбэл, хөвөн ба полиэстер) хувцсыг аваад үзье. Ийм материалыг шинэ хувцас болгохын тулд хоёр өөр материалыг ялгах шаардлагатай ба энэ нь тун ярвигтай үйл явц юм. 

Үүнээс гадна дахин боловсруулна гэдэг нь өөрөө өргөн хүрээтэй ойлголт бөгөөд ерөнхийд нь хоёр хувааж болно. Нэгд, хаягдал болон хуучин материалыг дахин боловсруулж өмнөхөөсөө бага үнэтэй бүтээгдэхүүн гаргах (downcycling) хоёрт, хаягдал болон хуучин материалыг дахин боловсруулж цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг (upcycling). Бодит байдлыг харвал, АНУ-д хуучин хувцас, гутлын 14 орчим хувийг дахин боловсруулж, Европт хуучин хувцасны 1 хувийг л дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн гаргаж байна. 

ХУДАЛ: Хямдхан хувцсыг дахин засаж, сэлбэх шаардлагагүй


ҮНЭН: Хямдхан хувцсыг янзлуулахын тулд мөнгө төлж байснаас шинийг худалдаад авчихсан нь дээр юм шиг санагдана. Гэхдээ та байгаль орчинд ээлтэй хэрэглээг эрхэмлэдэг бол хуучин хувцсаа аль болох удаан өмсөх нь ухаалаг сонголт юм. Мөн товч хадах, цахилгаан засах, оёх, нөхөх гэх мэт жижиг засваруудыг өөрөө хийгээд сурчихвал санхүүгээ хэмнэж чадна шүү дээ. 

ХУДАЛ: Буцаасан хувцсыг бусад хэрэглэгчдэд дахин зардаг

ҮНЭН: Аливаа бүтээгдэхүүнд сэтгэл ханамжийн баталгаат хугацаа өгдөг бөгөөд хэрэглэгч энэ хугацаанд авсан бараа, бүтээгдэхүүнээ буцаах боломжтой байдаг. Тэгвэл таны буцаасан бүтээгдэхүүнийг ихэвчлэн шатаах юм уу устгалд оруулдаг. Учир нь, тухайн бүтээгдэхүүнийг дахин савлаж, худалдаанд гаргах нь үүнээс илүү өртөгтэй байдаг аж. Түүнчлэн брэндийн нэр хүндийг сэвтээх, үнэгүйдүүлэхээс сэргийлж хандивт өгдөггүй юм байна. 

ХУДАЛ: Хувцсыг шошгон дээр бичсэн улсад үйлдвэрлэсэн байдаг 

Хувцасны шошгон дээр "Хятадад үйлдвэрлэв", "Монголд үйлдвэрлэв" гэхчлэн бичсэн байдаг ч энэ нь тухайн хувцсыг үйлдвэрлэх бүх үйл явцыг илэрхийлдэггүй. Уг хувцсыг үйлдвэрлэхэд ашигласан хөвөнг хаана тариалсныг, утсыг нь хаана нэхсэнийг, давууг хаана үйлдвэрлэж, будганд оруулсныг, товч, цахилгаан гэх мэт хэрэгслүүдийг хаанаас авсныг шошгон дээр бичдэггүй. 

Тиймээс хувцас, загварын салбарын нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгохыг шаардсан хөдөлгөөн дэлхийн өнцөг булан бүрт эрчимжиж байна. Тухайлбал, Fashion Revolution байгууллага #whomademyclothes? хэштагийг эхлүүлжээ. Тэд өмссөн хувцасныхаа шошгоны зургийг авч, брэндийг нь таг хийхийг хүмүүст уриалж байгаа аж. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.