Хайх зүйлээ бичнэ үү

21 мин

Б.Долгион: Амьдралд аяллаас бусдыг яаж төлөвлөх вэ дээ

Хотын соёл хотын дүрэм болчихлоо. Одоо улсынхаа соёлыг ярих цаг.


“Инээмсэглэл” хамтлагийн хөгжимчин, Пентатоник наадмын шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, продюсер, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгионтой ярилцлаа.  

-Алдарт “Зуун жилийн ганцаардал”-ыг зохиогч Габриель Маркезын сүүлчийн захидал энэрэн хайрлах мэдрэмжээсээ хагацаж ядан байна уу гэмээр агуулгыг илэрхийлсэн байв. Амьдралынхаа туршид амьдрал бичсэн хүмүүний сүүлчийн бичвэрээс хүн төрөлхтөн хайр л хамгийн хайран зүйл болохыг ойлгож үлдэх ёстой ч юм шиг. Харин Танд амьдралын хамгийн сайхан, нэн чухал нь юу бол?

-Хайр гэхээр зөвхөн дурлал юм гэвэл тун гэнэн. Өвөг дээдэс, эх орон, байгаль дэлхий гээд хайрлахгүй байхын аргагүй чухал нандин зүйлс олон бий. Хүний ёсоор дээдлэн хүндэтгэх нь амьдралын их сайхан мэдрэмж шүү дээ. Тэгэхээр би ч бас мань Габриель Маркезтай санал нэг ээ. Амьдрал хайр дээр тогтдог. Ертөнцөд хүн болж ирснийх хайрлан хүндэлж, баярлан талархах сэтгэлтэй амьдарсан хүн утга учрыг бүтээдэг. Хэнийг ч, юуг ч хайрладаггүй, талархдаггүй хүн өөдөлдөггүй тийм л хорвоо шүү дээ. 

Би эмэгтэйчүүдийн дэгжин харагдах бүхий л хүслийг дэмжигч, гоё сайхан явахад нь талархагч хүн.

-Залуу насанд сэтгэл хөдлөлөөр шийдэгдсэн олон золиос байдгаас хамгийн эмзэг нь гэр бүл салалт. Та бол бусдын, ялангуяа эсрэг хүйстнүүдийнхээ сонирхол, шохоорхлын төвд амьдарна гэж юу байдгийг сайн мэдэх хүн. Цаг үеийнхээ шүтээн “Инээмсэглэл” хамтлагт дуулж хөгжимддөг сайхан залууд гэр бүлээ хадгалан авч үлдэх, эсэхээ бодох хүртэл эргэлзүүлсэн учрал, дурлал тохиолдож байв уу?

-Би бол жирийн л хүн. Эрчүүдийн амьдралд тохиолдож болох бүхэн ганцхан намайг л тойроод байгаагүй л байх. Насан туршдаа ганцхан эхнэртээ үнэнч явсан гэж хэлбэл хүмүүс худлаа хэлж байна л гэх байх. Өөр бусадтай харьцуулж ярих нь ч юу юм, лав Долгион миний хувьд амьдралд тохиолдох сайн, муу аливаа явдалд хил зааг үл хэтрүүлэн хазаартайхан шиг хандахыг хичээж иржээ. Миний цус, ясаар дамжиж ирсэн ген, эцэг эхийн минь бүрдүүлж, харуулсан гэр бүлийн хүмүүжилд салж сарнихад бэлэн байдаг тийм зан чанар үгүй юм. 

-Та өөрийн эцэг өвгөдийнхөө хэн нэгнийг дуурайсан, эсэхээ мэдэх үү? 

-Аав маань малчин ардын гэр бүлд төрж өссөн, сэхээтэн хүн л дээ. Миний аав үндэсний үзэлтэй, түүгээрээ буруутгагдаж явсан түүх намтартай хүн. Ж.Бадраа гэж Монголын соёл урлагийн сор зүтгэлтэнтэй дотно үерхдэг байлаа. Би жаахандаа аавтайгаа тэднийд очоод “Үлэмжийн чанар” дууг анх сонсоод ёстой л ухаан балартах шахам гоо сайхныг мэдэрсэн. Би өөрийгөө боддог юм, яг л аавынхаа аав шиг л хүн юм даа гэж. Миний өвөө Архангайн Тариат сумын малчин. Мөрөнгийнхөө ууланд морин хуураа үүрчихээд л найрлаж байгаа айлд урилгаар очиж дуулж хуурддаг хүн байж. Одоо надад өвөг эцгийн маань амьдарч байсан тэр ертөнц маш сонирхолтой санаддаг. Тэр үедээ, тэр жалгандаа том од байж шүү дээ. Ген нь над руу урсаад л ирж дээ гэж бодох таатай сайхан байдаг. Би тавдугаар ангидаа гитар хөгжимд автаад бүр сургуулиа хаясан удаатай. “Соёл эрдэнэ” хамтлагийн гавьяат Галсанбат агсан бид хоёр нэг анги л даа. Бид хоёр нийлээд гитар хөөж хичээлээ сар тасалчихаад байтал аав мэдэж, намайг чихдээд сургуульд эргүүлээд явууллаа. Манай Галсанбат бол шийдсэн гэнэ, дахиж сурахгүй ингээд л гитараасаа салахгүй гэнэ шүү. Ямар гоё юм бэ гэж би бодож байгаа юм. Тэгсэн аав “Миний хүү “Журналист” киног санаж байна уу. Чи тийм гоё сэтгүүлч болоод хажуугаар нь гитараа тоглож болно шүү дээ” гэлээ. Тэр кино надад их таалагдчихсан байсан учраас би жаахан тайвширсан. Тэгээд том болоод яг л тэр үед шйдсэнээрээ сэтгүүлч болж, сайн дурын “Инээмсэглэл” хамтлагийн хөгжимчин болсон доо. Ээжийн маань эцэг тайж хэргэмтэй, язгууртан гэр бүл байсан юм билээ. Би энэ тухай олон нийтэд ярих дургүй байдаг юм. Одоо хүмүүс иймэрхүү түүхийг нуухаа больсон бүү хэл өөрийгөө элит гэж итгүүлэхийн тулд ашиглаад байх шиг анзаарагддаг юм. Тиймээс тайж хүний үр сад гэдгээ ярих гэхээр надад нэг л тийм зэрэг зиндаа илэрхийлэх гээд байгаа мэт эвгүй. Би ээж талаасаа биеэ цэмцгэр авч явах заншлыг нь авсан байхыг үгүйсгэхгүй ээ. Лав л надад эд материалын хүсэл шунал бага юм билээ. Минималист юм шиг байгаа юм. Надад дээвэр, ор, ном унших гэрэл, мэдээж эрүүл зөв хоол байхад л болдог. Эхнэр бид хоёр үүгээрээ их нийцдэг улс. Бид 1974 онд орсон орон сууцандаа одоо хүртэл аз жаргалтай, сайхан амьдарч байна. Миний гэргий бол намайгаа эгээ л бурхан шиг 46 жил ивээж байгаа эмэгтэй юм шүү дээ. 

-Танд ингэхэд ямар эмэгтэйчүүд таалагддаг вэ?

-Миний л мэдэхийн, лав миний ээжийн үеэс монгол бүсгүйчүүд шик байхгүй юу даа. Ганган! Өндөр өсгийт, сайхан даашинз, гоё шуба өмсдөг. Би эмэгтэйчүүдийн дэгжин харагдах бүхий л хүслийг дэмжигч, гоё сайхан явахад нь талархагч хүн. Одоо эмэгтэй хүн заавал гоё харагдах албагүй, үүрэггүй гэж үзэгсэд олширч байгаа бол би үүнтэй санал нийлэхгүй цөөн хүний нэг болж үлдсэн байх. 

-Эй, би бүр орилсон шүү дээ. “Металлика”-гийн дээр гараад ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-Таныг би амьдрал үзсэн, сөхөрч бас босож юм юм үзсэн, жинхэнэ жентельмэн гэж боддог. Харин Та орчин цагийн монгол хөвгүүд, эрчүүдийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Би юу гэж дүгнэх гэж. Хүн хүний хувь заяа, амьдралын зам өөр ч гэлээ эрэгтэй хүн эр хүн шиг л байх хэрэгтэй шүү дээ. Эр хүний хамгийн эхний зарчим эхнэр хүүхдээ зоддоггүй байх ёстой. Эмэгтэй хүний байгалиас заяасан тэр зөөлөн энхрий ертөнцийг нь хайрлан хүндэтгэж амьдрахыг эр хүн эрхэм чанараа болгочихвол бусад нь дараагийн асуудал. 

-Элит хүн гэж Таныхаар хэн бэ?

-Элит гэдэг чинь оюун санаагаараа нийгмээ удирдан чиглүүлэгч хэсгийг хэлдэг болохоос бугуйндаа 50 мянган долларын цаг зүүхийг л хүсдэг хоосон тархитан биш юм шүү. Элит хүн ард түмний үлэмж хэсэг ядуу байхад уулын аманд орд харшид амьдрахгүй, гудамжинд багтахгүй том жийп унахгүй. Ил харагдах ялгаа нь тэр.  

-Ингэхэд “Хү” хамтлагийн амжилтын мэдээллийг Та анх хэрхэн хүлээн авсан бол? 

-Эй, би бүр орилсон шүү дээ. “Металлика”-гийн дээр гараад ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Монголын үндэсний урлаг орчин цагийн хэлбэр, агуулгаар баяжиж, хүн төрөлхтөний хөгжимд эрс нөлөөллөө. Уртын дуу, хөөмэй, хуур, товшуур гээд бидний сонсож өссөн зүйлс “муусайн” америкчуудыг “Хү Хү Хү” гээд орилуулж чадаж байгааг харах надад лав маш бахархалтай сайхан байна.    

-Таны хамгийн сүүлд сонссон сайн дуу юу байв?

-Би зохиолын, нийтийн дуунд нэг их таатай ханддаггүй. Яагаад гэвэл миний хөгжмийн сонирхол өөр. Гэтэл дуучин Г.Эрдэнэчимэгийн шинэ дууг сонсоход хөгжим нь ямар гоё юм бэ. Үндэсний хөг аялгууг барууны хөгжмийн гармонитай синтезлээд бүр үнэнхүү гоё юм хийжээ. Таалагдсан гэж. 

Би сонсгол сайтай төрсөндөө баярладаг.

-Хүн бүр өөрийнхөө залуу насыг халуунаар дурсдаг. Таны үзэж туулсан хамгийн сонирхолтой, аз жаргалтай цаг үе хэдийд байв?

-Монголчууд яагаад цаг үеийг жаранаар хэмждэг юм бол доо гэж боддог байлаа. Тэгээд 60 хүрэхдээ өөртөө ойлгосон зүйл юу вэ гэвэл, хүн нэгэн жарны ард гарахаараа “Би юу хийж бүтээв, хэрхэн амьдрав” гэж ухан боддог хил зааг дээр яг зогсдог юм билээ. Үхлийн талаар хүртэл эргэцүүлнэ. Гэргийтэйгээ анх танилцаж дурлачихаад гүйж явсан, анхны үрээ тэвэрсэн, анхны дуугаа зохиосон гээд жаргалтай үе бишгүй олон доо. Гэхдээ одоо би сургуулийн өмнөх нас, бага ангид сурч байсан үеэ л зүүдлээд байдаг болчих юм, их сонин. Нас яваад ч тэр юм уу, ээж аав хоёр маань миний нүдэн дээр амар амгалан, сайхан амьдрал үзүүлж өсгөжээ, тэгж л би хүн болсон юм байна шүү дээ гэдгийг одоо зүүдэнд үзэгдэх тэр багын дурсамжуудаас бүр их ойлгож байна. Эргээд бодоход миний алтан үе бол 5-15 нас минь юм билээ л дээ. Богд уулын Чулуутын аманд манайх зусдаг байсан юм. Гол горхи, мод бут, хад чулууг нь бүр яг бодитоор нь, өөрөө хүүхэд болчихсон л зүүдлэх юм даа. Багад уран зохиолын ном уншдаг байсан маань хорвоо дэлхий, хүмүүсийг ойлгох сонирхол, хандлагаа олж авахад нөлөөлсөн. Бас хөгжимтэй анх танилцсан минь намайг ямар их аз жаргалтай болгосон юм. Би сонсгол сайтай төрсөндөө баярладаг. Хүн төрөлхтөний зарим нь хөгжмийн сонсголтой, зарим хэсэг нь сонсголгүй байдаг нь байгалийн өгөгдөл юм хойно тэр дунд би гэдэг хүн ямар азаар хөгжмөөс аз жаргалыг мэдэрч, ойлгож, өөрийгөө хөгжүүлэн төлөвшүүлэх сайхан хүчин зүйлтэй болсон юм бэ дээ гэж маш их олзуурхан талархдаг юм. Манай хадам ээж одоо 90 настай хүн л дээ. “Чиний яагаад Москвад дурладгийг би чамд хэлэх үү” гэнэ. “Тэг л дээ, ээж” гэхгүй юү. Тэгсэн “Тэнд чиний хамгийн жаргалтай үе өнгөрсөн л хэрэг” гэж байгаа юм. Яг л тийм. Намайг нэгдүгээр ангид орох жил аав маань томилогдож, манайх гэр бүлээрээ Москвад хэдэн жил амьдарсан юм. Тэгэхэд Сталины дарангуйллын дараах “Хрущевын дулаарал” гэж үздэг 60-аад оны дунд үе эхэлж байж. Зөвлөлтийн яруу найраг, дуу хөгжим, театр, кино гээд соёл урлаг маш хүчтэй цэцэглэн хөгжиж байх үеийг би балчир ухаандаа харж л дээ. 

Ер нь хүн ялгана гэдэг бол маш соёлгүй зүйл юм шүү дээ.  

-Та өөрийн амьдарч буй, бүтээлцэж буй одоо цагийн төрхийг хэрхэн тодорхойлох вэ. Хүмүүс нас явах тусмаа л шинэ цаг, залуу үеэ шүүмжилчих гээд байдаг шүү дээ. Танд тийм өнцөг байдаг уу?

-Би рок хөгжмөөр кодлогдсон хүн шүү дээ. Рок надад ер бусын эрч хүч өгдөг. Тиймээс нас зүсэнд ач холбогдол өгдөггүй, залуу үед шүүмжлэлтэй хандах гээд ч надад тэднийг өөрөөр харах сэдэл нэг их төрдөггүй. Ингээд нэг л мэдэхэд цэл залуугаараа мэт 60 нас хүрчихсэн. Би одоо 65-тай. Гэсэн ч нөгөө хөгжмийн ертөнц дотроо идэвхтэй амьдрахыг хүссэн хэвээр. Найз нарынхаа хүүхдүүдтэй орчин үеийн хөгжим, урлагийн трэнд гээд яриа хөөрөө их нийлнэ ээ. Тэгэхээр “Долгион ах гоё шүү. Манай аав ээж ядаж К-попоо ч мэдэхгүй, 70-80 ондоо зогсчихсон” гэх жишээний. Миний бага охин 19 настай, Z үеийн төлөөлөл бидэнтэй хамт амьдарч байна. Охин маань гэрээсээ гарахгүй юм, надад энэ нь их сонин санагддаг. Хорь хүрэх гэж байна даа, ядаж гарч шоудмаарсан даа. Миний үеийнхний хүүхэд, залуу нас илүү эрмүүн байж. Хуучин цагаар 65-тай маниус бол өвгөчүүл шүү дээ. Яхир болчихсон, бүх зүйл таалагдахгүй, үглэцгээгээд л... Орчин цагийн заншил их өөр болсон нь миний гайхлыг төрүүлдэг боловч миний нөгөө рок попын код шинэ үеийн шинэ зүйлтэй эвлэрэнгүй хандахад тусалдаг бололтой, би нэг их ялгаж зааглаад л шүүмжлэхгүй байгаагаа өөрөө ч анзаардаг л юм. Харин нийтээрээ уран зохиолын ном уншдаг байсан үеийн хүн учраас одоо цагийн онцлогоос ч гэх үү, хүүхэд залуус уншихаа больсонд жаахан харамсдаг. Бас амьд харилцаа гэж зүйлийн мөн чанар ирээдүйд эмзэг болохоор дүр зураг харагдаж байна даа. Ялангуяа монголчууд цөөхүүлээ учраас хүн чанарыг хэзээнээсээ эрхэмлэж ирсэн ард түмэн. Хүн чанар, жудаг гээч чинь манай оронд барууны либертар үзлээс ч илүү чухал соёл шиг санагддаг. Америкийн 300 сая иргэнд тохирох боловч 3 сая хүнтэй Монголд зохицож таарахгүй “амиа хичээх” онолуудад бид идэгдэж болохгүй л дээ. Би нэг хүүхдийн яриаг сонсоод бүр маш их эмзэглэсэн. “Сургуулийнхаа төлбөрийг нэмүүлмээр байна” гэж. Тэр хүүхэд Нарантуулын наймаачны хүүхэдтэй нэг ангид сурч байгаадаа дургүйцсэндээ тэгж хэлсэн байгаа юм. Ийм хачин анги давхаргын ялгаа, баян ядуугийн үзэл, явуургүй дорой сэтгэлгээ шинэ цагт бүү байгаасай билээ гэж бодох юм. Ер нь хүн ялгана гэдэг бол маш соёлгүй зүйл юм шүү дээ.  

-Хүүхдүүдийн хувьд найз гэдэг нь ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг, хамгийн хөгжилтэй, сонирхолтой түүхийн баатрууд байдаг. Таны хүүхэд насны нөхөрлөл, залуу цагийн найз нарын хүрээлэл өнөөдрийн хэн болохыг тань нөхцөлдүүлэхэд хэр нөлөөлсөн бол? 

-Хотын төвд ухаан орох тавилантай байж. Миний харж мэдэрч ойлгосон анхны зүйл юу байв гэж би их удаан бодсон. Тэгээд олсон нь гэрт зассан гацуурт өлгөөтэй гялалзсан тоглоом. Ой тойнд үлдсэн хамгийн анхны дүр зураг минь тэр л дээ. Тэгэхэд манайх Герман Элчингийн зэргэлдээх байшинд амьдарч байв. Дараа нь 40 мянгат руу нүүсэн. Байрны орчин гэж байшингаар хашсан, гудамжнаас дөрвөн талаасаа, эсвэл аркаар ордог тийм л орчинд миний хүүхэд нас өнгөрсөн. Тэр үеийн орон сууцны айл гэдэг маань 1-3 өрөөнд ам бүл олуулаа амьдарна. Зарим айл 1 өрөө байранд 10-уул суух нь ч бий. Тийм нөхцөлд хүүхдүүд ихэвчлэн “шахагдаж”, гадаа гарахаас аргагүй. Ингэж хүүхдүүдийн дунд жинхэнэ харилцаа үүснэ. Гэртээ ярьдаггүйгээ хоорондоо хэлэлцэнэ. Гэрт дуугаргаж болдоггүй хөгжим дууг гадаа цуглаад эгшиглүүлнэ шүү дээ. Гэхчлэн тухайн үед үзэл суртлын шалтгаанаар хориотой байсан олон зүйлийн талаар байрны орчинд л мэдээлэл солилцоно. Дулаан цагт гадаа тоглож, уулзалддаг хүүхдүүд өвөл орцондоо шуугилдана даа. Хүүхдүүд орцонд найзална, бие биедээ тусална, хэн илүү зоригтой, хүчтэйгээ хүндэлнэ. Дуу хөгжим, кино урлаг, хувцас загварын мэдээлэл хүртэл орцонд л түгнэ. Үнэнч найзлах, шударга хандах, урвахгүй байхыг ч бие биеэсээ суралцана. “Орцны соёл” гэж тэр үед ийм л байсан юм. Энэ соёл бидний үеийн хүүхдүүдийн ирээдүйд маш их нөлөөлсөн нь мэдээж. Миний хувьд армид цэргийн алба хаасан нь гэгээн гоё дурсамж үлдээсэн, эр хүнийхээ хувьд задарсан том үйл явдал болсон. Зун татагдаж очоод хал цэргүүдэд дэглүүлэхдээ дэглүүлж, Монголын өнцөг булан бүрээс цугласан 500 хөвгүүдтэй гурван жил мөр зэрэгцэн бужигнаж, аавын хүүхдүүдтэй алагчилалгүй найзалж нөхөрлөсөн. Ингэж нөгөө орцныхоо вакумаас жагсаалын дарга болдог юм. ЖА байна гэдэг 40-60 цэрэг удирдана, армид бол бага шатны том байр суурь байхгүй юу. Цэргийн алба надад найзалбал найз шиг, нөхөрлөвөл нөхөр шиг явахын утга учрыг таниулсан. Яруу найрагч Ш.Дулмаа гуайн шүлэг “Амьдрал хайр дээр тогтдог” гэж дуу байдаг бол би өнгөрсөн жил “Амьдрал найз дээр тогтдог” гэж дуу хийсэн. Үүнийг би орцноос авахуулаад цэргийн алба, тэгээд “Инээмсэглэл” хамтлаг гээд 55 жилийн хугацаанд миний дэргэд намайг сорьж, хамтдаа дүрэлзэж, бас тулж түшиж үнэнчээр үерхэж нөхөрлөсөн найзууддаа зориулсан юм. Эвгүй ертөнц үргэлж зэрэгцээд явж л байсан. Халтирч ч явлаа. Би даваад л гарсан. Миний найзууд хүчтэй хүмүүс юм гэдгийг би одоо бүр илүү ойлгох насанд иржээ. Надад ямар их эерэгээр нөлөөлөв. Бид найз нөхдийнхөө хүрээлэлд ямар сайхан түүхүүдийг бичилцсэн юм. Би чамд их сонин жишээ ярья. Олны танилаас гэхэд л “Инээмсэглэл” хамтлагийнхаа Н.Ганхуяг, Ч.Ганболд хоёртойгоо би энэ жил 51 дэх жилдээ дотно найзалж байна шүү дээ.

Одоо хотын соёлоос улс орныхоо соёлын сэдэв рүү шилжих цаг болсон байна.

-Та бол сэтгүүлч мэргэжилтэй, урлаг соёлын салбарын зүтгэлтэн. Одоогийн Таныг хараад байхад амьдралын их сонирхолтой хэв маяг анзаарагддаг. Шүлэг дуу зохионо, хамтлаг төрүүлж продюссерлэсэн байна, ном ч бичдэг, нэвтрүүлгүүд хийдэг, бас аялна. Чаддагсан бол хүн бүхэн ингэхийг хүсэх болов уу. Нэг л мэдэхэд Та ажил амьдралын ийм хэв маягтай болсон уу, эсвэл энэ бүхэн зорьж төлөвлөж болох зүйл үү?

-Энэ хорвоод ирснийх, газар үзэж, хот тосгод, хүмүүсийн янз бүрийн амьдрал, оюуны бүтээлтэй танилцахыг заавал зорих ёстой гэж би боддог. Энэ бодол багад уншсан нэг номноос л толгойд тогтсон өгүүлбэр шүү дээ. Амьдралд аяллаас бусдыг нь яаж төлөвлөх вэ дээ (инээв). Нээрэн надад бас нэг шинэ төлөвлөгөө яваа шүү дээ. Энэ жил Жон Леннон мэндэлсний 80, таалал төгссөний 40 жилийн ой тохиож байна. Гайхамшигт хөгжмийн бурхан шүү дээ. Леннон байгаагүй бол “Битлз”, “Битлз” байгаагүй бол хүн төрөлхтөний хөгжим хэрхэх байсан бол? Тиймээс би Монголд Жон Ленноны үзүүлсэн нөлөөг ёслон тэмдэглэхээр нэгэн шоу хийх гэж төлөвлөсөн. Орчин үеийн монголчууд Ленноноо ч ойлгодог, Мөрдорж, Лувсаншарав, Дамдинсүрэнгээ ч мэддэг, Норовбанзадаа ч шүтдэг, за тэгээд Жавхлангаа ч сонсдог байх нь л миний мөрөөдөл юм даа.

-Би Таны “Чамд ер нь жудаг гэж юм байна уу” номыг нээчихээд итгэж ядан уншсан. Таныг монгол ахуйд тийм ойр, үндэсний нэлээд гүн үзэлтэй хүн гэж төсөөлөө ч үгүй. Тэр номоо бичих болсон шалтгаан, бас дахиж бичих хүсэл байгаа эсэх талаар ярихгүй юу?

-Намайг залуу байхын л хүмүүс цэрэгт явах учиргүй, ардын урлагаа мэдэхгүй, цагаан сар яавч тэмдэглэхээргүй хүн гэх мэт тэс өөрөөр төсөөлсөн дөө. Хамгийн сүүлд гэхэд би сая Америкт очоод Нарны циркийн монгол жүжигчидтэйгээ уулзаж танилцлаа. Тэгсэн намайг хямсгар, харилцахад яршигтай хүн байх гэж бодож байж гэнэ. Үгүй шүү дээ. Тэд салахдаа намайг харин ч яриа, сонирхол нийлэх гоё ах гэнэ лээ (инээв). Бас намайг хүмүүс гитарчин, хөгжмийн зохиолч гэж ойлгоод байдаг юм. Гэтэл би чинь сэтгүүлч мэргэжилтэй, орос хэл дээрх “Новости Монголии” сонины хэвлэх үйлдвэрийн хянагчаас сониныхоо эрхлэгчийг хүртэл ажиллаж, сэтгүүлзүйд бас ч өөрийнхөө карьерыг хийсэн хүн юм шүү дээ. Тэгэхээр би бичих ёстой хүн байгаа биз. “У тебя есть совесть” (Чамд жудаг байна уу) гэж орос багш нар надаас сургуулиа төгсөн төгстөл асуусан. Орос хэлний “совесть” гэдэг үгийг монгол хэл рүү орчуулах боломжгүй ээ, яагаад гэвэл монголчуудад байдаггүй гэх ухааны шог юм яригддаг шүү дээ. Үгүй юм аа, монголчуудад жудаг гэж нэг юм байдаг, хойшид ч байх л учиртай. Тэгээд сэтгүүлчийн хувьд яг энэ асуулт, эрэгцүүллийн мөрөөр орж нийтлэлүүд бичсэнээ нэгтгэн ном болгож гаргасан юм. Нээсэн хүн уйдахааргүй, нэгээс нөгөө рүү шилжин уншихад хялбар байхаар бодож нийтлэлүүдээ их богино бичсэн. Их ч амархан бичсэн дээ. Санаа нь нүдэнд харагдаад, толгойд бодогдоод явсан юм билээ л дээ. Одоо хоёрдугаар дэвтрийг нь бичээд эхэлчихсэн. Нийгмийн үзэгдлүүд дэх сэтгүүлч миний ажиглалтууд, хандлагуудаа бичиж байна. Намайг анх хотын соёл гэдэг сэдвийг гаргаж ирээд хөндөн ярихад хүмүүс хөдөөгийнхнийг ад үзлээ хэмээн буруу ойлгож, ямар их хараан зүхэв. Гэтэл одоо эсрэгээрээ хотын соёл өөрөө хотын дүрэм болчихлоо. Би үүнд их баярлаж явдаг. Одоо би “Дэлхийн рок поп хөгжмийн түүх ба Монгол” гэсэн номоороо МҮОНР-гоор долоо хоног бүр хөгжмийн урлагийг танин мэдэх цогц нэвтрүүлэг хийж байна. Үндэсний радио хөдөөгийн сонсогчдод их хүрдэг болохоор албаар эднийхийг сонгосон. Би бас телевизээр аяллын нэвтрүүлэг хийж байна. Эдгээрийг би сэтгүүлчийн хувьд, бас жудагтай, соёлтой иргэнийхээ хувьд миний үүрэг гэж бодож хийдэг.             

-Та хотын соёлын талаар ийм овогтой болтлоо ярьсан. Таны залууд буюу Монгол маань социалист орон байхад барууны маягийн хэв маяг илүү сонин, илүү шинэлэг, үүнд дөхөж хувцасласан залуус маш “хотын” байлаа. Одоо харахад хүмүүсийн хувцаслалт, биеэ авч яваа байдал хэтэрхий энгийн, бас уйтгартай болж байх шиг. Байдаг л нэг жийнс, футболкийг одоо ганган, дэгжин гэж хэн ч хэлэхгүй болсон байна. Харин ч та нарын үеийн хүмүүсийн хувцаслах хэв маягт үлдсэн энэ хүрэм, алчуур эсрэгээрээ яг л Улаанбаатарын гоёлын салшгүй хэсэг мэт сэтгэгдэл төрүүлдэг шүү.

-Сайхан хувцаслах, цэвэрч нямбай байхаас эхлээд ном, хөгжмийг ойлгон таашаах гэхчлэн хүнийг тодорхойлох энэ мэт зүйлс бол тухайн хүний боловсролын гэхээсээ соёлын түвшин юм билээ. Энэ соёл хэдийд бий болдог вэ гэвэл гэр бүлийн орчинд, цэцэрлэгийн наснаас эхэлж, суурь нь тавигддаг. Манай аав гаднаас орж ирэх бүртээ үүдэнд заавал гутлаа арчиж зүлгэж, тосолж өнгөлж тавьдаг хүн байж билээ. Өмд нь байнга индүүдлэгтэй. Одоо би тоос шороотой гутал, үрчгэр хувцас өмсөж чаддаггүй. Манай хүүхдүүд бас тийм л юм билээ. Ахуйн соёл гэдэг зүйл шүү дээ. Гангарах инстинкт Долгионд байна уу гэвэл бас байна аа. Хиртэй, хайш яйш хувцаслаад явбал би өөрөө би биш болчихсон мэт их тавгүйрхэнэ. Зүгээр л өөрийнхөө сэтгэл санааны тав тухыг хангасан төрх байдлыг л би хадгалахыг хичээдэг хэрэг. Алчуурын тухайд бол би чихрийн шижин тусаад жин алдсанаас хүзүүгээ далдлахгүй бол болохооргүй болчихсон юм. Тэр үед “Universe best songs” яг эхэлж байлаа. Тэгээд л алчуур хэрэглэж эхэлсэн минь шоутай ч давхцаж олны нүдэнд би алчууртайгаар хоногшчихгүй юү. Надаас өмнө Б.Жамъяндагва гуай, Н.Жанцанноров, Бошигт, Энхтүвшин, Ганболд гээд л Монголд олон эрчүүд алчуур зүүдэг байсан шүү дээ. Энэ алчуур чинь бас цэмцгэр харагдуулах, донж нэмэхээс гадна их дулаахан учраас амархан дасчих эд. Одоо намайг алчуургүй бол Долгион биш гэх байх. Намайг Америкт хэн ч танихгүй шүү дээ. Тэнд явж байхад олон америкаас “Ямар сайхан хувцасладаг юм, гоё алчуур зүүжээ. Та их баян хүн үү” гэх асуулт сонссон. Манайхан юм үзээгүй улсыг паг амьтад гэдэг дээ. Надад бол Америкт соёлгүй, тийм нэг паг хүн олон юм шиг санагддаг. Европ бол мэдээж огт өөр. Монголчууд маань социализмын үед Зөвлөлтөөр дамжуулан Европын өндөр соёлтой танилцаад авсан нь хувцас гоёлд хандах бүхэл бүтэн үеийн хандлагад зүг чиг болсон мэт.  

Одоо надад нэг асуулт байна. Кембриж, Оксфордын боловсролын систем гээд л манайхан шуураад л байна. Тэгвэл яагаад энэ системийн үүр уурхай нь болсон Их Британи Зөвлөлтийн бага, дунд боловсролын системийг албан ёсоор авч хэрэгжүүлээд эхэлчихэв? Одоо нөгөө сүрхий их, дээд сургуулиуд нь Зөвлөлтийн системээр сургахаар бэлтгэж байгаа гэнэ. Юу гэж ойлгох вэ? Би ойлгохдоо, Америкт аяга угааж байгаа монгол хүн хажуугийн цагаачтайгаа Достоевский ярих гэхээр өнөөх нь “Тэр чинь хэн билээ” гэж эргүүтнэ. Бид өөрсдийнхөө өмнө нь хэдийн хүрч үр өгөөжийг нь хүртсэн соёл, боловсролыг юман чинээ бодохгүй дорд үзэж, янз бүрийн систем баахан туршлаа. Одоо нэг жаахан туйлбартай хандмаар байгаа юм. Хотын соёлыг хүмүүс ойлгосон. Хотын хүн үү, хөдөөгийн хүн үү хамаагүй, олуулаа нэг газар амьдарч байгаа л бол нэг нь нөгөөгийнхөө эрхийг хүндэтгэж нийтээрээ тав тухтай амьдрах л асуудал. Одоо хотын соёлоос улс орныхоо соёлын сэдэв рүү шилжих цаг болсон байна.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.