Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө

Айдаст автан мэс заслын ширээнээ сайн дураар хэрчүүлэх болно.


“Орфэй” театр ээлжит постдрамын жүжгийнхээ анонсаар Монголын энэ цагийн тайзнаа хамгийн үзүүштэй жүжигчдээр дүр бүтээлгэх болсноо зарласан нь үзвэрээс өмнөх дуулиан байв. С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг,  Ц.Төмөрхуяг, тэгээд Г.Равданы хамтралд тэсгэл алдаж таарна. 

Урт цагаан зам дээр гурван цаг үргэлжилсэн “1984” мэс заслын өрөө шиг цэвдэг уур амьсгалтай. Том ах гэж бурхан шиг үзэгдэж харагддаггүй ч тахигдан шүтэгдсэн “далд гар” бүгдийг багалзуурдан нэг хэмээр амьсгалуулж, нэг маягаар “сэтгүүлж” буйг найруулагч жигд хувцастай олны жигд хөдөлгөөн, “хайртай” гэж нийтээрээ хашгирах хайр найргүй уриагаар томруун илэрхийлжээ. Тэр дунд С.Болд-Эрдэнийн бүтээсэн гол дүр Уинстон Смитийн энгэрт 000679 дугаар хадаатай нь зохиолч 1948 онд ирээдүйг 1984 хэмээн цифр тонгоруулан ёгтолсон шиг 000-976 зип кодыг уншиж болох мэт. 

М.Батболд С.Болд-Эрдэнийг бүх жүжгийнхээ гол дүрд урьдаг ч тэд “Фауст”-аас хойш найман жилийн дараа энэ жүжигт хоёр дахиа хамтарлаа. Английн театрт торго дурдангаар хувцаслаж, илд бамбай агсан “агсамнаж” байгаад ирсэн С.Болд-Эрдэнэ Монголд доголон англи эр Смитийн хянагдсан хатуу нийгмийн мөлүүхэн албан хаагчийн дүрээр тэсрэлт үзүүлэв. Гаднаа аялдан дагах, дотроо эсэргүүцэн тэчъяадахын зөрчлийг гал шиг дүрэлзэлгүйгээр чимээгүй, дорой дүрдээ дүйцүүлэн дүүрэн үзүүлж С.Болд-Эрдэнэ энэ жүжгээр цоо шинэ болгов. Ийм этгээд нурам шиг түүн дээр тос асгах шиг гарч ирэх Жулия. Том ахыг хайрлан мандуулахаас давж давхар бодох эрхгүй тэд давхар бодно. Тэд бие биедээ дурлана. Хүн төрөлхтөний олон эрх чөлөөн дотор хайрлаж дурлахын дайны хязгааргүй нь үгүй аж. 26 настай, хүсэлдээ шатсан бүсгүйн дүрд 45+ түүнийг сонгоно гэдэг найруулагчийн хувьд эрсдэлтэй алхам. Д.Ганцэцэг бол дүрийнхээ мөн чанарыг үг хэлээр яриад зогсдоггүй биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэхдээ мастер, яг л тайзны хүн. Смитийг хайрлаад, түүгээрээ хайрлуулаад байж байвал өөр бусдыг юман чинээ санахгүй болсон Жулиягийн хөөрхий өчлийг Д.Ганцэцэгээр хийлгэх гэж зориулсан мэт.  

Та үзэгчийн хувьд театрын мэргэжилтнүүдэд илбэдүүлэн өвдөлт, ичгүүр, айдаст автан мэс заслын ширээнээ сайн дураар хэрчүүлэх жихүүнийг мэдрэх болно. Нийгмийнхээ амьдралаас эмзэгшдэг эмгэгтэй бол энэ жүжиг хирдхийм юм. Эрх чөлөө, зохист хэм хэмжээ гэж юу юм бэ? Ерөөс тийм зүйл байдаг бил үү?  Оноштой ноцолдоод гарах байтал тамлагдаад харьж магадгүй. Харин дараа нь бодох хэрэгтэй, өвдөлт зовуурийг эдгээх хэрэгтэй болно.

Найруулагч М.Батболд өмнө нь Феодор Достоевскийн “Гэм зэм”-ээр уран бүтээл барилдсан Я.Баяраад Жорж Оруэллийн “1984” романыг өгч, жүжгийн зохиолоо бичүүлжээ. Я.Баяраагийн хувилбараар үзэгчдэд дэлхийд алдартай 1984-ийг харуулахаар шийдсэн нь тэдний нийгмийн тухай орчин цагийн ойлголт, үзэл санааны чиг баримжаа нэлээд ойр дөт байдгаас гарцаагүй хэмээн таамаглахад хүрэв. Улс төр, үзэл суртал, хайр дурлал, секс. Үл гүйцэлдэхдээ тулбал бүх зүйл үл гүйцэлдэх. Гэсэн ч тухайд нь бодох хэрэгтэй. Бид бодох зүйлгүй тэнэгэрч байдагтайгаа харьцуулбал хамаагүй цэлмэг болох ч бил үү.

1984. Энэ бол он цаг. Одоо харахад өнгөрсөн цаг хэдий ч ийм нэртэй зөгнөлт зохиолоо Английн зохиолч Ж.Оруэлл 1948 онд үл гүйцэлдэх утопийн эсрэг үзэл санаагаар бичсэнийг 2024 оноос өнгийн харахад бас их хоржоонтой юм. Зохиолчийн “Гахайн ферм” ч, үүний үргэлжлэл “1984” роман ч тэр, ерөөс нэг хүний дарангуйллын эсрэг, коммунизм социализм, улс төрийн зүүний үзлийн эсрэг хувь уран бүтээлчийн хатуу тэмцэл байв. Том ахын дүрээр Иосиф Сталиныг ёгтолсон хэмээн судлаачид үздэг ч найруулагч зохиолд дүрслэгддэг сахалтай бахим эрийг гаргаж ирсэнгүй. Түүний бүтээлийн үзэл санааг энэ цаг үеийнхэнд зориулахад шууд тусгал нь улс төр, сонгууль, нам засгийн сэдэв ч байж болно. Бас фэйсбүүк, твиттер, тролл ч байж болно. Хиймэл оюун хөгжихтэй зэрэгцээд хүн төрөлхтөн хувь хүний оюун бодол, үзэл санааны эрх чөлөөний талаар хамгийн их эргэцүүлж буй цаг үед бид тийн хувилгаж болох мэт. Байгалийн шинжлэх ухаанчдын ханцуй шамласан, улс төрчдийн пропаганда цахилах тайз болгон дэлгэрүүлдэг, урлагийнхан эргэлзэнгүй, бодлогошронгуй хандаж буй технологийн хувьсгал дор хүний сэтгэл мэдрэмж уурших нь ч халуун сэдэв мөн. 

“Улаанбаатар” зочид буудлын эвент танхим руу ороход хурц гэрэл нилхийсэн танхимын гол дахь загварын шоуных гэлтэй урт зам нүднээ тусах агаад, түүний дөрвөн талд зассан үзэгчдийн суудлын аль нэг нь таных. Одоо нэгэнт суудлаа эзэлсэн бол “Найруулагч аа, театрын хамбан хөшиг, намба дэг, гоо сайхан хаана байна” гэж хашгирах хэрэггүй. Энэ бол постдрама. Нийтлэлийн төгсгөлд найруулагч М.Батболдод монголчуудын өмнө шинэ жанр, нарийвчилбал хэв маягийг таньж ойлгох мэдлэг, ямар театрын үзэгч болохоо сонгох хувилбар олгож буйд баяр хүргэе. Та постдрамын үзэгч мөн ч байж магад, биш ч байж магад. Энэ бол таашаах эрх чөлөө юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
4 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

б 2024.03.23 103.212.162.159

үнэхээр гайхамшигтай

0 Хариулах