Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

БЛОГ: Сингапурчуудаас суралцах 5 чанар

Авлигын үзүүлэлт, дижитал хөгжил, боловсролын чанар гээд нийгмийн олон үзүүлэлтээр тэргүүлэх болсон Сингапурын хувьд туршлагаас нь харах зүйл ихтэй, хүмүүсийн амьдралын бололцоо, чанарын хувьд ч илүү тул хувь хүний амьдрах, ажиллах ухаанаас нь үлгэрлэх зүйл арвин аж.


2019 оны долоодугаар сараас эхлэн TEMASEK сангийн санхүүжилттэй Asia Jounalism Fellowship хөтөлбөрт хамрагдаж Азийн 14 орны 16 сэтгүүлчийн хамт Сингапурын үндэсний их сургуульд сэтгүүл зүй төдийгүй тус улсын аж төрөхүйн тухай судалж, суралцлаа. Авлигын үзүүлэлт, дижитал хөгжил, боловсролын чанар гээд нийгмийн олон үзүүлэлтээр тэргүүлэх болсон Сингапурын хувьд туршлагаас нь харах зүйл ихтэй, хүмүүсийн амьдралын бололцоо, чанарын хувьд ч илүү тул хувь хүний амьдрах, ажиллах ухаанаас нь үлгэрлэх зүйл арвин аж. Тиймээс хэдий богино хугацаа боловч анзаарсан, онцлууштай зүйлсээ хуваалцаж байгаа минь энэ.

1. Хөдөлмөрч. Хөдөлмөрлөснийхөө төлөө хэн ч гомдоллодоггүй.

Хөдөлмөрч хүмүүс бид олныг мэднэ, хөдөлмөр юу дагуулдгийг ч бас мэднэ. Харин Сингапурчуудын хувьд бүх нийтээрээ маш ажилсаг хүмүүс бөгөөд энэ нь нийгэмд нь бат шингэсэн “соёл” учраас их ажиллалаа гэж хэн ч гомдоллодоггүй, ялархдаггүй нь хүртэл сонирхолтой. Урьд нь Америкт хөтөлбөрт хамрагдахад ачаалал ихтэй үед “Та нарт хэцүү байгааг ойлгож байна, гэхдээ чадна аа” гэхчлэн ямагт урам өгдөг байсан бол Сингапурт тасралтгүй долоо хоног ажилласны дараах даваа гаригт угаасаа л тийм байх ёстой мэт бүх зүйл “хэвийн” үргэлжилнэ. Том, жижиг уулзалт хурлууд өглөө 8-д ч эхэлнэ, орой 8-аас ч явагдана. Өглөө эрт ирэх болов уу, орой хүн байх болов уу гэдэг эргэлзээ, тээнэгэлзээгүй товлож, бүгд цагтаа цуглаад ажил явдаг нь үнэхээр тодорхой суралцмаар зан чанар санагдсан.

2. Биенээ маш сайн сонсдог.

Нийт хүн амын 70% нь хятад, 10% малай, 10% энэтхэг үлдсэн нь олон үндэстнээс бүрдэнэ. Мөн шашны хувьд ч ялгаатай тул олон талт соёлт хүн амын тулгамдсан асуудал юу байдаг, хэрхэн зохицуулдаг тухай эхний 7 хоногт олон профессор нухацтай тайлбарлаж өгч байлаа.

Эхний нэг сард би хүнийг хөндөж байгаа дээр нь гээд тухайн сэдэв рүү нь хамт орох, явахаас нь урьтаж амжиж хэлэх гэхчлэн янз бүрийн байдлаар бусдын яриаг таслах хандлагатай байснаа дараа нь анзаарсан юм. Харин тэдний хувьд олгогдсон цагт өгүүлэгч маш тодорхой, бүрэн бүтэн ярьж авах бөгөөд тухайн хэсэгт нь асуулт тавих хүмүүс гар өргөөд, нэрээ мэдүүлээд явчих аж. Дараа нь бүгд ярьсны хойно хэн хэнд асуулт, сэтгэгдэл байсан нь мөн л дарааллаараа явснаар аливаа хэлэлцүүлэг тодорхой, үр дүнтэй болдог юм билээ. Бидний хувьд нэгнийхээ яриаг таслах, ярьж дуусчихаад бусдыг сонсолгүй явчихдаг гэхчлэн олон хүний цуглаан үр ашиггүй өндөрлөх тохилдол элбэг учраас жижиг зүйл гэлтгүй ийм дэгийг нарийн мөрдөж сурах нь оновчтой юм билээ.

3. Шоу биш үндсэн асуудлаа ярьдаг.

Сингапурын парламентийн гишүүн, Хөдөлмөрийн Сайд Жозефин Тиотой ням гаригийн орой тойрогтоо ажиллахад нь дагалдаж ярилцлаа. Орой 7 цагаас уулзалт эхэлж 70 орчим иргэний бүх асуудлыг сонсож, бүртгэлжүүлж, тусгайлан уулзаж 12 хүргэх бөгөөд 7 хоног бүр ингэж ажилладаг гэж байв.

Хэсэг завсарлаад ирэхэд хамгийн тод анзаарагдсан зүйл энэ байлаа. Нийгэмд аливаа асуудал хөндөгөхөд нөхцөл байдлаа үнэлж, тодорхойлохоос илүүтэй буруутанг чангаар хайх ажил хамгийн идэвхтэй өрнөдөг нь биднийг бүхэлд нь хамарсан юм байна. Улстөрч нь гарч ирж асуудал биш өнгөц үр нөлөөг ярьж “шоудана”, дагаад шоу байхгүй бол хүн хүлээж авахгүй гээд медиагийн бид “шоудана”, сүүлдээ нийтээрээ асуудал, шийдэлд биш “шоунд” төвлөрдөг болж буй санагдсан. Харин Сингапурт хичээлд суусан ч, Сайдтай уулзсан ч бүгд гол асуудлаа тал бүрээс нь шинжлэн ярьдаг нь онцлууштай. Энэ жил Раффлес анх Сингапурт хөл тавьсан буюу энэ арал өнөөгийн улс болох эхлэл болсон гэгдэх 200 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүнд зориулсан 2 өдрийн хурал магадгүй миний амьдралын хамгийн “гунигтай” цаг хугацаа байж мэднэ. Гэхдээ анхаарал тавиад сонсвол дэлхийд үнэлэгдсэн судлаач, мэргэжилтнүүд болон өнөөгийн улстөрийн удирдлагууд нь ирж өнгөрсөн, одоогоо дүгнэж, ярилцсан маш их мэдлэг, мэдээлэлтэй хэлэлцүүлэг болсон.

4. Идэвхтэй амьдардаг.

Барууны орнуудтай адил гудамжинд гүйж зөрөх хүн элбэг таарах бөгөөд фитнесс, дасгалын газрууд ч олон бий. Түүнчлэн фитнесс төвүүд заримдаа ахмад настнуудад хүнддэж мэдэх тоног, төхөөрөмжтэй тул энгийн, идэвхтэй хөдөлгөөн дэмжсэн дасгал, тоноглол бүхий ахмадуудын хөдөлгөөний төв нээж эхэлсэн нь мэдээгэр гарч байв. Мөн багахан газар нутагтай энэ улсыг шилэн барилга, орчин үеийн цамхагаар төсөөлдөг ч энд ч бас ууланд алхах боломж, бололцоо бий. Амралтын өдрөөр MacRitche хүрээлэнд 10 км орчим алхаж өгсөхөд дэргэдүүр хүмүүс бие биетэйгээ мэндлээд зөрж байсан нь тэд энэ жимээр тогтмол алхдагийг илтгэнэ.

Биеийн хөдөлгөөнөөс гадна насжилт явагдаж байгаа улсын хувьд Насан туршийн боловсролын төв нь онцгой ач холбогдолтой юм байна. Шинэ ур чадвар, техник технологид суралцах боломжоор хүмүүсээ тогтмол хангадаг бөгөөд жил бүр улсаас хувь хүний хөгжилдөө зарцуулах 500 долларын (SkillsFuture Credit) боломж олгож эхэлжээ. Ингэснээр иргэд нь сурахыг хүссэн, мэргэжил дээшлүүлэх чиглэлээрээ төрөл бүрийн сургалтад хамрагдах боломжтой болоод байна.

5. Сул талаа хүлээн зөвшөөрдөг.

Жил бүрийн 8–9 дүгээр сард Индонези дэх тариалангийн бүс нутагт ой, газраа шатаадгийн улмаас Малайз, Сингапурын агаарын чанар огцом муудаж, битүү утаанд автдагийг биеэр мэдрэв. Энэ жил ялангуяа ойрын 4 жилд байгаагүй хэмжээнд муудаж Малайзад 200 гаруй сургууль, Сингапурт цөөн тооны сургууль хэд хоног хичээллээгүй. Энэ асуудлаар Индонезитэй маргах тохиолдол бий бөгөөд нэг жил гомдлоо хэлэхэд нь “Сингапурчуудад бид жилийн 11 сар цэвэр агаар “илгээдэг”. Ганц сард тэр жижиг улаан цэг юун сүртэй юм” гэсэн тухай явган яриа байдгийг багш маань сонирхуулж хөгжилдсөн удаатай.

Нэрт дипломатич Томми Ко, Элчин Сайд, АСЕАНы ЕНБД дарга асан Он Кэн Ёон зэрэг эрхмүүдтэй уулзах завшаан таарч Сингапур төдийгүй Азийн орнуудын хөгжлийн хандлагын талаар сонсож, ярилцав.

Энэ “жижиг улаан цэг” буюу газрын зураг дээрх Little Red Dot гэдгийг Сингапурчууд одоо бүгд хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнээс үүдээд ирж болох сул талах, ашиглаж болох давуу талаа тэд маш сайн тодорхойлжээ. Бидэнд байгалийн баялаг байхгүй, бидэнд ундны ус ч байхгүй, бидэнд байгаа нь хүн, энэ арал дээрх цорын ганц “нөөц” гэж яриагаа эхлэх нь олонтаа. Тиймээс өөрийн чадах, хамгийн боломжит талаа зөв тодорхойлж хөгжих нь чухлаас биш сул талаа нуух гээд “дайтаад” байж болохгүй гэдгийг нэр хүндтэй профессорууд онцлон дурьдаж байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0