Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Humans of UB: Залуус улс төрд идэвхтэй оролцох нь


Залуусын оролцооны талаар идэвхтэй ярих болсон энэ өдрүүдэд бид залуу нэр дэвшигчид болон сонгогчдын сэтгэгдлийг сонслоо. 

Б.Хулан, “Мөрийн хөтөлбөр хамтдаа судалъя” группын админ 

Би санхүүч, эдийн засгийн математикч мэргэжилтэй. Одоо Люксембург улсад HSBC банкинд Хөрөнгө оруулалтын сангийн ахлах шинжээчээр ажилладаг. 

Монголд оюутан байхдаа сонгуульд их хойрго ханддаг байсан санагддаг. Дарханд дунд сургууль төгссөн, Улаанбаатарт оюутан болчихсон, амралтаараа Сэлэнгэ рүү аав, ээж дээрээ очдог болохоор сонгуулийн үеэр оршин суугаа хаягийнхаа дагуу санал өгөх боломжгүй байдаг байлаа. Тиймдээ ч УИХ-ын сонгуульд л нэг удаа санал өгч байсан. 

Харин эргээд харах нь ээ сонгууль бол улс орны хөгжил, нийгэм, хүрээлэн буй орчны хувьд гэхчлэн хүн бүрт хамаатай сэдэв шүү дээ. Гэтэл үеийн залуустайгаа ярилцахад нэг хэсэг нь улс төрийн карьер хийгээд явж байгаа, нөгөө хэсэг нь жигшсэн, зугтсан хоёр туйл байсан. Бүр улс төр гэдэг үгтэй холбогдохоос айдаг. 

Тиймээс өөрийнхөө ч бас энэ байдлыг залруулъя гэж бодоод 2020 оны сонгуулийн жилийг далимдуулаад жилийн төлөвлөгөөндөө улс төрийг бүтээлчээр сонирхох, сонгогчийн хувьд мэдлэгээ сайжруулах төлөвлөгөө тавьсан. Үнэхээр “пий, паа” гэхээр сэдэв үү гэдэгт өөртөө хариулт олох, нөгөөтэйгүүр мөрийн хөтөлбөр судалж бодлогын түвшинд санал шийдлүүдийг ойлгох, дэмжих, эс бол үл дэмжих бодолтой. Ингээд найзуудын хүрээнд “Мөрийн хөтөлбөр хамтдаа судалъя” группыг Фейсбүүкт үүсгэж сүүлдээ ижил хүсэл, зорилготой гишүүд нэмэгдээд ирсэн. 

Групптэй болоод аливааг тал бүрээс нь харах, өөрийн бодлыг давхар шалгах, шар мэдээгээр явж байгаа агуулгад шүүлтүүртэй хандах, улс орондоо тулгарч байгаа асуудлыг оношлох, шийдэл зөв эсэхийг тунгаах гэж оролдох явцдаа багагүй уншиж, судаллаа. Мөн найз нөхөд, ойрын хүмүүстээ улс төрийг бүтээлчээр сонирхож, оролцож болно, гэрийн даалгавраа хийж, сонгуульдаа чанартай санал өгч оролцох хэрэгтэй гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн болов уу. 

Мөрийн хөтөлбөр худлаа шүү дээ гэх хүмүүс бий. Тийм болохоор уншиж цагаа үрээд яах юм, хүнийг нь хараад сонгоё гэх байр суурьтай байдаг. Миний бодлоор Монголд хувь хүний шинж чанарт суурилсан улс төр давамгай тул цаашид асуудалд тулгуурласан улс төр хөгжөөд яваасай гэж боддог. Сонгогчид маань ч мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгч, хяналт, шаардлага тавиад явахад нам нь дагаад өгнө байх. Залуу үеийнхэн маань ч бас улс төрчийн имижээс цааш харж, асуудалд илүү бүтээлч ханддаг болно байх аа.

Намайг ингээд сонирхоод ирэхээр зарим найз маань улс төрд орж байгаа юм уу, аль намд орж байгаа вэ гэж асууж байсан. (хэхэ) Улс төрийн оролцоог шууд карьер хийхтэй холбож ойлгоод, зугтаад байж болохгүй шүү дээ. Ер нь улс төрийн карьер хөөж байгаа залуусыг их муугаар хардаг, улстөржих нь залуу хүний күүл байдлыг бууруулдаг гэдэг ч юм уу хандлага элбэг. Харин миний хувьд залуус нэгэн зэрэг хэрсүү бас күүл байж болно шүү дээ. 

Тэгэхээр оюутан хүн том асуудлаа байг гэхэд намуудын боловсролын салбарт баримтлах мөрийн хөтөлбөрийг шагайчихаад саналаа өгдөг байхад болно. Оролцооны эхний шат саналаа өгөх, өгөхдөө чанартай өгөх юм шүү.

Э.Батзаяа, Ардчилсан намаас Баянхонгор хотын 10-р багт ИТХ-д нэр дэвшигч 

Би багаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Арван жилдээ ангийн дарга хийдэг дараа нь Залуучуудын холбоо, төрийн бус байгууллага гээд иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан том, жижиг олон төсөл, хөтөлбөрт ажиллаж ирсэн. Эндээс харсан нэг зүйл маань хүн бүр нийгмийн хүрээнд ажиллаж, амьдардаг учир бидний асуудал шийдэгдэж байж миний асуудал шийдэгддэг юм байна. Хувийн эрх ашигтай холбогддоггүй нийтийн эрх ашиг гэж байдаггүй. Мөн нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд бодит алхам хийгээд эхлэхээр хүн өөрөө дагаад хөгждөг давуу тал байгааг анзаарсан. Харин энэ зууртаа аливаа асуудлын үр нөлөөг биш учир шалтгааныг нь өөрчлөх нь хамгийн чухал гэдгийг ойлголоо. 

Сонгуулийн оролцооны хувьд би өмнө нь сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөрт залууст чиглэсэн тодорхой бодлого, хөтөлбөр байхгүй нь залуучуудын сонгуулийн идэвхийг бууруулж байгааг хараад 2016 оны сонгуулиар “Үнэ цэнтэй залуусын төлөө би нэг санал” зурагт чалленжийг зохион байгуулж байлаа. Тэр сонгуульд залуусын оролцоо 20 орчим хувиар өссөн дүнтэй байсныг харахад бага ч гэсэн нөлөөлөл маань хүрсэн байх гэж боддог шүү. 

Энэ удаад нэр дэвших шийдвэр гаргахад тийм амар байгаагүй. Асуудлууд шийдэгдэхгүй, бүр дордсоор байгааг хараад, хийж сайжруулж болох ажлууд урагшлахгүй байгаад байхаар оролдоод үзье л гэж шийдсэн хэрэг. Хамгийн аюултай нэг зүйл нь авилга, хээл хахууль, албан тушаалын наймаа, намчирхал, шударга бус сонгууль гээд олон асуудал нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөд, ийм л байх ёстой юм шиг ойлгогдоод байгаад санаа зовж байна. 

Залуу нэр дэвшигчийн хувьд өнгөрсөн хугацаанд худлаа ярьж, хулгай хийсэн зүйлгүй нэр цэвэр, хийсэн ажилтай, хэлэх үгтэй байгаадаа нүүр бардам байдаг юм байна. Мэдээж туршлага дутах тал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сурах цаг дуусаж, хийх цаг эхлэхийг хүлээвэл хэзээ ч хийхгүй л гэсэн үг. Энэ удаа нэр дэвших болсон бас нэг шалтгаан маань сонгуулийн явц эрүүлжээсэй гэсэн хүсэлтэй шууд холбоотой. Иргэдийн саналыг авахын тулд албан тушаал амладаг, бэлэг сэлт, бэлэн мөнгө тараадаг энэ байдал хэвшмэл болчихвол залуус мэдлэг чадвар, хийсэн бүтээснээрээ өрсөлдөх боломжгүй болно. 

Манай улсын нийт хүн амын тоонд залуусын эзлэх хувь өндөр атлаа оролцоо талдаа хойрго байдгийг судалгаа харуулдаг. Монгол улс олон залуучуудтай орон л болохоос биш залуучуудын орон биш гэдэгтэй маргадаггүй. Тиймээс энэ чухал үед залуусын оролцоо ус, агаар мэт хэрэгтэй байна. Бид шүүмжлэгч биш үлгэрлэгч байх ёстой шүү дээ. 

Ер нь иргэдийн оролцоо гэдэг яах аргагүй ардчилсан сонгуулийн үндэс нь. Яаж ч нөлөөлөх гэж оролдсон өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийх хэрэгтэй. Хэрэв таны санал чухал биш байсан бол тэд ингэж хичээхгүй байсан. Тиймээс сонгох эрхээ хариуцлагатайгаар эдэлж 2020 оны Орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. 

Л.Ану-Үжин, ХҮН-аас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хороонд ИТХ-д нэр дэвшигч 

Миний хувьд нийгмийн идэвх, оролцоо сайтан хүүхэд байсан ч сонгуулийн ач холбогдлыг бүрэн утгаар нь Хотын засаглалын чиглэлээр суралцаж байхдаа илүү ойлгосон. Нийгэмд нэг хүний амьдрал тодорхой хэмжээнд бусдаасаа хамаардаг, нөлөөлдөг учир бүгд үүнд зөвөөр хувь нэмрээ оруулж байж эргээд өөрөө сайхан нийгэмд, сайхан орчинд амьдарна гэж боддог. 

Амьдарч байгаа хотод маань одоо өдөр тутмын замын түгжрэл, хог, тоос шороо, эвдэрхий зам талбай, ус шавхайг шийдэх арга хэлбэрүүд нь байвч бид сошиал медиад ярихаас өөрөөр нөлөөлж чадахгүй байна. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол яг энэ асуудлуудыг шийддэг, тийм боломж олгодог газар гэдгийг харсан. Мөн албан тушаал горилсон, цүнх баригч, ёс зүйгүй хүмүүс нэр дэвшиж байгааг хараад би өөрөө гэж зориглосон. Би өмнө нь УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцдог, хотын даргаа иргэд нь сонгогдог болоосой гэж хүсдэг залуу хүн. 

Залуу нэр дэвшигчийн хувьд найз нөхөд минь маш их дэмжиж, тусалж байна. Эрч хүчтэй, зөв бодолтой найз нөхөд олонтой юм байна гэдгээ мэдэрч байна. Тэд маань залуу хүн залуу хүнээ дэмжинэ гэсэн хандлагатай байналээ. Харин залуу, эмэгтэй нэр дэвшигчийн хувьд зарим нэг сонгогч эмэгтэй хүн байж, залуу хүн байж гэртээ бай, эмэгтэйчүүд дут гэх хандлага үзүүлэх юм. Гэхдээ үүнтэй нүүр тулж, даван туулж, юу чадах вэ гэдгээ харуулах нь надад илүү их мотиваци, зориг өгч байна. 

Залуус бидний хувьд оролцооны олон арга, хэлбэр бий. Би урьд нь залуусыг уриалж, мэдээлэл хүргэж, нийтлэл бичиж, хотын соёл, хог ангилан ялгах талаар хүртэл постер хийж тараадаг байсан. Гэхдээ ямар ч тохиолдолд хот, улс, бодлогын асуудлыг төрийн алба, хот, улсын удирдлага зохицуулж байгаа үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эхэлбэл үр дүнтэй гэж үзсэн. Эндээс зөв систем бүрдэж байж хот систем өөрөө чанартай засаглаж ажиллах болно. Орон нутгийн өөрөө удирдах систем хөгжинө гэсэн үг. 

Сайхан нийгэм, бидний хүссэн орчин бүрэлдэхэд бид л хийж нөлөөлөх ёстой шүү дээ. Хүн бүрт тэрхүү орчинд гар бие оролцох, өөрчлөх, сайжруулах эрх мэдэл байгаа. Тиймээс бид бүгд оролцож, засаж, хөгжүүлж улмаар тэндээ бахархан амьдраасай гэж хүсэж байна. 

Б.Хишигжаргал, СИУС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн оюутан 

Миний хувьд өнгөрсөн зун анх удаа УИХ-ын сонгуульд саналаа өгч оролцсон. Тойрогтоо өрсөлдсөн хүмүүсийн мэдээллийг унших, саналаа өгөхөд юу анхаарах хэрэгтэй зэргийг судалж, ач холбогдол өгч байсан. Энэ удаад ч бас таалагдсан нэрээ дугуйлах биш өмнө нь судалж байж саналаа өгөхөөр хичээж байна. 

Миний үеийн залуус ихэвчлэн цахим хэлбэрээр буюу вэб сайтуудаас болон сошиал медиа, Фейсбүүкээс мэдээлэл авдаг. Би ч адил тэр л хэлбэрээр мэдээлэл эрж хайж, бас тааралдахад нь уншиж сонирхож байна. Ер нь залуус бид өөрсдөө оролцоо багатай хэрнээ нийгмээ шүүмжилж, бусдыг буруутгадаг хандлагатай учраас өөрсдөө хариуцлагатай оролцох нь чухал юм байна гэдгийг энэ жилээс ойлгосон. Нэгэнт хүн амын маань дийлэнх нь залуучууд учраас бид амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлж, түүнийхээ нэг “амьд” эд, эс нь байх ёстой шүү дээ. Шийдвэр гаргадаг хүмүүсийн олж хараагүй асуудлуудыг бид л мэдэж байх тохиолдол ч бий учраас дуу хоолойгоо идэвхтэй хүргэх хэрэгтэй юм байна. 

Миний хувьд хариуцлагатай сонгогч байхын зэрэгцээ идэвхтэй оролцоотой байх боломжуудыг хайх болсон. Бидний дуу хоолойг дамжуулах дижитал технологи хөгжсөн энэ цаг үед тулгамдсан асуудлаа богино хугацаанд шийдэх олон боломж байдаг. Саяхан л гэхэд би гар утсаа хэд товшоод л хотын төвд байдаг байрны голд хогийн сав байршуулах хүсэлтийг албан ёсоор хотын аппликейшнээр дамжуулж тавьсан. Үүний дагуу хүмүүсийн хогоо овоолдог байсан модны дор сандалтай болж, хажууд нь хогийн сав тавьсан байналээ. Ингээд л би хамгийн хялбар аргаар өөрийн болон бусдын асуудлыг шийдвэрлүүлсэн. 

Энэ жилийн сонгууль өмнөхөөсөө илүү онцлог, сонирхолтой байх шиг. Ялангуяа, сошиал медиагаар залууст чиглэсэн олон аян өрнөж, биднийг сонгуулийн талаар мэдээлэлтэй байх боломж бүрдсэн. Бидний сонирхдог зүйлсээр дамжуулан идэвхтэй, оролцоотой байхыг сануулж байсан нь үр дүнтэй байсан байх. Саналаа өгөхгүй бол күүл биш болчих юм шиг санагддаг болсон байна. Ер нь ниргэсэн хойно нь хашгирах биш өөрсдөө идэвхтэй байж бүх иргэддээ ээлтэй хотыг бүрдүүлэхийн тулд сонгуульдаа идэвхтэй оролцоорой залуусаа. 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.