Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хатагтай нарын урлангийн нууц: Алис Мүнро, Марина Абрамович, Симон дэ Бовуэр


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан алдартай эмэгтэй уран бүтээлчдийн урлангийн нууцаас толилуулж байна. Канадын богино өгүүллэгийн мастер Алис Мүнро, үзүүлэхүйн урлагийн од Марина Абрамович, философич Симон дэ Бовуар гээд цаг үеийнхээ хамгийн их анхаарал татсан уран бүтээлчдийг сонголоо. Илүү олон уран бүтээлчийн урлангийн нууцтай танилцахыг хүсвэл Мэйсон Кэрригийн “Суутнууд хэрхэн ажилладаг вэ” номыг санал болгоё.


Бичихэд нас хамаагүй

Алис Мүнро (т. 1931)

Канад / зохиолч


1950-иад онд хоёр жаахан охинтой залуухан ээж Мүнро гэрийн эзэгтэйн ажил, хүүхдүүдээ өсгөх нүр их хөдөлмөр дундаас цаг зав гарган зохиол бичиж эхэлжээ. Том охин нь сургуульдаа явж, харин бага нь өдрийн нойроо авах хооронд үдээс хойшдоо зохиолоо бичихээр унтлагын өрөөндөө хэсэг сууна. (Тэдгээр жилүүдэд Мүнро их ядарснаас болоод нам унтдаг байснаа дурссан байдаг.) Гэхдээ ийнхүү хоёр янзын ажлыг зэрэг амжуулна гэдэг тийм ч хялбар биш. Хөршүүд юм уу, танилууд нь урилгагүй ирээд бичгийн ажилд нь саад болоход Мүнро дургүй, зүгээр л бичихийг оролдож сууна хэмээн учирладаг байв. Зохиолоо гэр бүл, дотнын найз нараасаа бусад хүнд үзүүлэх дургүй, нууцалдаг байж. 1960-аад оны эхээр хүүхдүүд нь хоёул сургуульд явдаг болж, Мүнро зохиолоо бичихийн тулд эмийн сангийн дээд давхарт ажлын өрөө түрээслэхээр болсон ч дөрвөн сарын дараа бууж өгсөн юм. Учир нь, байрны эзэн тун яриасаг нэгэн тул цаг үргэлж түүнд саад болж, зохиолуудаа санаснаараа бичиж чадсангүй. Гэсэн ч тэр жилүүдэд Мүнро богино өгүүллэгүүдээ тогтмол хэвлүүлсээр, анхны бүрэн түүвэр болох “Жаргалтай сүүдрийн бүжиг”-ээ 37 насандаа гаргах хүртлээ 20 жилийн турш ийн бичиж, бэлтгэжээ. 


Тэвчээрийн хатан хаан 

Марина Абрамович (т. 1946)

Серби / Үзүүлэхүйн урлагийн уран бүтээлч

Үзүүлэхүйн урлагийн уран бүтээлчээр ажилласан 40 жилийн хугацаанд Абрамович өөрөөсөө асар их (хааяа бүр гайхширмаар) сахилга бат, тэсвэр тэвчээр гаргахаар махарч байлаа. 2010 онд Нью-Йоркийн “Орчин үеийн урлагийн музей”-д ажиллаж байсан цаг үеийг эргэн харвал маш хүнд, харгис хатуу гэмээр үзүүлбэрүүдийг толилуулж байжээ. “Одоогийн уран бүтээлч” хэмээх үзүүлбэр нь 11 долоо хоногийн турш, долоо хоногийн 6 өдөр, өдөрт 7 цагийн турш (Баасан гарагт 10 цаг) үзэсгэлэн онгорхой байгаа цагт сандал дээр хөдөлгөөнгүй суухыг шаардаж байлаа. Өдөр бүр музейг сонирхохоор ирсэн үзэгчид өөдөөс нь харуулж тавьсан сандал дээр хүссэн хугацаагаараа сууна. Арваннэгэн долоо хоногийн дараа Абрамович 1565 хүний нүд рүү ширтсэн байв. Үзүүлбэртээ бэлдэхийн тулд тэрээр өдөржин юм идэхгүй, бас бие засахгүй байхын тулд биеэ бэлдэнэ. (Зарим хэвлэлд түүнийг бургуй, эсвэл живх хэрэглэж байгаа тухай бичсэн ч үнэн хэрэгтээ зүгээр л тэвчиж байжээ)

Үзэсгэлэн нээхээс гурван сарын өмнөөс дэглэмээ барьж эхэлнэ. Тулгардаг хамгийн том бэрхшээл нь өдөржингөө шингэн зүйл уухгүй байх. Бие махбоддоо шаардлагатай усыг авахын тулд шөнийн шингэн нөхөх дэглэмийг хэрэгжүүлдэг байв. Шөнө 45 минут тутамд сэрж, багахан ус уухаар хүчилнэ. “Эхэндээ би маш их ядарч байсан. Тэгээд сүүл рүүгээ сураад, одоо бол нойроо алдалгүй ус ууж чаддаг болсон” гэж тэр хэлжээ. 

Үзүүлбэртэй өдөр Абрамович 06.30-д сэрээд, усанд ороод 07.00 цагт тэр өдрийн сүүлийн усаа ууж, нэмээд нэг аяга цай ууж, сэвгийг зарам будаатай хольж иднэ. Есөн цагт түүнийг туслах болоод зурагчных нь хамт машинтай ирж аваад “Орчин үеийн урлагийн музей” рүү хүргэнэ. Тэнд хувцас хунараа сольчихоод, дараагийн 45 минутад дөрвөн удаа ариун цэврийн өрөө орж давсагаа бүрэн суллана. Үүний дараа тэр ханан дээр шугам татах бөгөөд энэ нь өчигдөр тоглолтоо гүйцэтгэснийг илтгэнэ. Тэгээд зочид орж эхлэхээс 15 минутийн өмнө ганцаараа байраа эзэлнэ. 

Долоо, эсвэл арван цагийн дараа Абрамович гэртээ хариад хөнгөхөн цагаан хоол идээд, 10 цаг гэхэд орондоо орж, шөнийн турш 45 минутын зайтай ус уудаг өнөөх дэглэмээ мөрдөнө. Өдрийн аль ч үед тэр утсаар ярих, эсвэл зурвасанд хариу өгнө гэж үгүй. “Би бүх харилцаа холбоогоо тасалчихсан. Музейн эрхлэгч, музейн хамгаалагч, эсвэл миний туслах, зурагчин биш л бол би хэнтэй ч ярьдаггүй байлаа. Ямар ч утасны дуудлага, яриа, уулзалт, ярилцлага байхгүй. Юу ч байхгүй. Бүх зүйл зогсчихно.”

Энэ бол Абрамовичийн ажлын хэвшмэл хэв маяг. Түүнд ямар нэг үзүүлбэрийн шинэ санаа төрвөл тэр нь амьдралыг нь булааж таарна. Гэлээ ч үзүүлбэр үзүүлээгүй, эсвэл үзүүлбэрт бэлдээгүй үедээ тэр шал өөр хүн болж хувирна. “Миний хувийн амьдралд тохиосон ямар нэг ажилгүй бол сахилга бат сахина гэж үгүй” гэж тэр хэлжээ. Түүнээс гадна өдөр тутамдаа тогтмол дэглэм ч баримтлахгүй. “Надад өдөр тутам хийдэг зүйл гээд байх юм байхгүй. Би зөвхөн үзүүлбэр үзүүлнэ гэдгээ мэдсэн үедээ түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлдэг.”


Орноос ширээ рүү

Симон дэ Бовуар (1908-1986)

Франц / зохиолч, философич, фиминист


1965 онд “Парис рэвью” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Би үргэлж л ямар нэгэн зүйл эхлэхэд яарч адгадаг тул ерөнхийдөө өдрийн эхлэлд дургүй. Өглөө босоод хамгийн түрүүнд цайлаад, арван цагийн үед ажилдаа орж, нэг цаг хүртэл үргэлжлүүлнэ. Дараа нь гарч найзуудтайгаа уулзаад таван цагаас эргээд ширээнийхээ ард сууна даа. Ингээд 09:00 цаг хүртэл ажиллана. Үдээс хойш ажлаа дахин хянах нь ч хүндрэлтэй байдаггүй” хэмээн ярьж байжээ. Үнэн хэрэгтээ Бовуарын ажиллах зарчимд хүндрэл бэрхшээл гэх зүйл бараг л байсангүй. Хүндрэл бэрхшээл байсан гэвэл, тэрээр хоёроос гурван сарын амралт жилдээ авах боловч ажлаасаа хөндийрөөд хэдэн долоо ч хонолгүй уйдан тухгүйдэж эхэлдгийг нь л хэлэх болов уу. 

Бовуар ажлаа нэн тэргүүнд тавих ч түүний өдрийн хуваарь 1929 оноос 1980 онд нас эцэслэх хүртэл дотно байсан Жан Поль Сартраас шалтгаалан үе үе өөрчлөгддөг байв. (Тэд эр эмийн харилцаанаас илүүтэй оюун санааны хамтрагчид байсан. Сартрын санаачилсан аман гэрээний дагуу аль аль нь нууц амрагтай байж болох ч түүнийгээ бие биедээ мэдэгдэх үүрэг хүлээжээ.)  Бовуарын цагийн хуваарь өглөө гэртээ ажиллаад өдөр нь Сартрынд очиж үдийн зоог хамт барьж, тэндээ чимээ аниргүйхэн өөрсдийн ажлаа хийхээс бүрдэнэ. Үдэш нь Сартрын ажлын төлөвлөгөөнд ямар нэг улс төрийн юм уу, нийгмийн үйл ажиллагаанд оролцох хуваарь байвал хамтдаа явж, кино үзэн, виски шимээд Бовуарынд очиж радио сонсож суудаг байв. 

1952-1959 онд Бовуартай амрагийн холбоотой байсан Францын нэрт найруулагч Клод Ланцманн зохиолч эмэгтэйтэй хамт байсан үеийнхээ талаар ийн дурссан байдаг:

“Анхны өглөө би жаахан хэвтэхээр шийдсэн ч тэр босож хувцаслаад бичгийн ширээ рүүгээ очоод “чи тэнд ажиллаарай” хэмээн ор луу заан хэлсэн юм. Тэгэхэд нь босож ор захдан сууж, тамхи асаагаад ажиллаж буй дүр эсгэж билээ. Үдийн хоолны цаг хүртэл ямар ч үг унагалгүй ажиллаад Сартрынд очиж, хамт хооллодог байлаа. Заримдаа би тэдэнтэй нэгддэг байв. Үдээс хойш нь тэд гурваас дөрвөн цаг ажиллаад товлосон уулзалтууддаа явна. Оройн хоолны цагаар бид эргэн уулзах бөгөөд Сартр тэр хоёр хамтдаа суун Бовуар түүний өдөр бичсэн зүйлийнх нь талаар шүүмжлэн ярилцдаг байлаа. Дараа нь Бовуар бид хоёр байрандаа буцаж ирээд унтахаар хэвтэнэ. Бид үдэшлэг, хүлээн авалт, хөрөнгөтний оролцооноос ямагт дөлдөг байсан. Зөвхөн зайлшгүй чухал гэж үзсэнээ л хийнэ. Ажлаа сайн гүйцэтгэхийн тулд тэрээр зориуд хялбар, хөнгөхөн хийх хэв маягийг сонгон ажилладаг байжээ.

Эрхлэн гаргасан: "Болор судар" хэвлэлийн газар

Орчуулсан: У.Бямбаням

Зураач: А.Ренчиндорж 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0