Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв


Саудын Арабын цахим спортын "Savvy Games Group"-ийн ахлах менежер Б.Амарын түүх

11-р хорооллын есөн давхар шар байруудын гол дахь тоглоомын жижигхэн талбайд хөлбөмбөг тоглон өнждөг хөвгүүн байлаа. Гэртээ ойр зуур хүнс авахад дэлгүүрээс хариулж өгснийг “унагаж” дүүгээ хөтлөн PC тоглоомын төв рүү гүйчихнэ. Хөвгүүн хожим Саудын Арабд дэлхийн цахим спортын салбарыг хөгжүүлэхээр зүтгэнэ гэдгээ төсөөлөө ч үгүй явсан нь лав. Түүнийг Батхүүгийн Амар гэдэг. 

“Ангийнхан намайг “гавал” гэж хочилно. Хүүхэд байхад хичээлдээ мэрийж, гэрийн даалгавраа ягштал хийнэ гэдэг миний хамгийн чухал зорилго байв. Аав маань МУБИС-д насаараа ажилласан, математикийн доктор профессор багш болохоор ч тэр үү, намайг гэрийн даалгавраас хождуулна гэж үгүй. Орос, англи хэлний ном байнга үзүүлнэ, өдөрт арван үг цээжлүүлээд нэгд нэгэнгүй шалгадаг нь аав бид хоёрын хамтдаа хийдэг нэг өвөрмөц дадал болчихсон байв. Хэлний олимпиадуудаас цуглуулсан медалиудыг аав ээж хоёр одоо ч гэртээ нандигнан хадгалдаг юм. 

Хичээлдээ би дуртай ч хажуугаар нь давтлагатай эсвэл анги цэвэрлэсэн гэсэн нэрийдлээр найзуудтайгаа хөлбөмбөг өшиглөхөөс бас хэзээ ч татгалзахгүй ээ. Оюутан болсон хойноо Америкт нэг жил сурав. Тэр үед хөлбөмбөг тоглож байгаад хөлөө хугалж, титан суулган тэргэнцэр дээр түр суух болтлоо хэцүүдэж үзсэн. Гэхдээ хөлбөмбөгөөсөө холдоогүй. Дуртай багаа дэмжиж, агуу тамирчдыг шүтэн биширч, хөлбөмбөгийн багуудтай өдгөө хамтран ажиллах чин сэтгэлийн дуудлагаа эндээс олсон. Дота, хөлбөмбөг хоёр миний амьдралын салшгүй хэсэг. Одоо энэ сонирхол, хоббигоо аль алийг нь хослуулан дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа нь зүүд ч юм шиг” гэж Амар ярьсан. 

Тэр өдгөө Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сангийн бүрэн эзэмшилд байдаг, хоёр жилийн өмнө байгуулагдсан “Savvy Games Group”-ийн дижитал ба хэрэглэгчийн харилцаа холбооны хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байна. Жилийн хамгийн хүйтэн цаг уур нь л гэхэд цельсийн нэмэх 20 градус давсан аагим цаг уур, хатуу журамтай шашин шүтлэг, Улаанбаатарынхаас огт өөр хүмүүс, эсрэг ертөнцийн гэмээр амьдрал­ын хэв маягтай газар ажиллаж буй Амарын ажлын нэг өдөр уншигч та биднээс огт өөр өнгөрнө. Тэр яг одоо “Savvy Games Group”-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах, компанийн сошиал сувгуудыг хариуцах, гадаад харилцааны стратегийг боловсруулан хэрэгжүүлэх, брэндийг дотоодын болон олон улсын зах зээлд таниулах, Бразилын алдарт тоглогч Нэймарын байдаг Ал Хилал хөлбөмбөгийн багтай ажиллах, бизнес хоорондын хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгүүдийг идэвхжүүлэх зэрэг жагсааж бичихэд л урт дараалал үүсэх үүрэг даалгавруудыг нугалан ажиллаж буй.

“Savvy Games Group” гэх нэр бидэнд харь сонсогдож магадгүй ч дэлхийн цахим спортын салбарынхан бол андахгүй сайн мэднэ. Тоглоомын салбарт 25 жил ажиллан, “Microsoft” болон “Electronic Arts” зэрэг томоохон компаниудыг удирдсан туршлагатай Брайан Уорд энэ компанийг тэргүүлэн ажиллаж, дэлхийн 22 улсын 66 хотод 3450 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй юм. Энд Б.Амарын адил дэлхийн өнцөг булан бүрээс цугласан чадварлаг залуус цахим спортын хөгжилд хувь нэмэр оруулахаар зүтгэж байгаа. 

Амар нэг өглөө сэрээд дэлхийн глобус гартаа эргүүлж байгаад аз мэдэн заасан хуруун дор нь Саудын Арабд байрлах “Savvy Games Group”-ийн оффис таараагүй нь мэдээж. Залуухан түүний ажил, карьерын дэврүүн замын эхлэл рүү очвол хувь тавилангийн луужин биднийг Боловсрол, шинжлэх ухааны яамны байрны гадаа аваачих болно. Эндэхийн гадаах самбарыг тэр амь амьдралыг нь шийдэх юм шиг байнга зорьж хардаг нь зуршил болсон байлаа. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцааны ангийн шинэхэн оюутан Б.Амар энэ самбарт ээлжлэн хадах өөрт хамаатай, хамаагүй бүхий л тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг хэрэг болгон харж, шалгалтуудыг нь нэг ч алгасалгүй өгсөөр овоо хэдийг нь өөрийн болгож чаджээ. Тэдгээрийн нэг нь АНУ-ын Элчин сайдын яамнаас зарладаг “Global UGRAD” нэг жилийн оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр байв. 

“Оюутан солилцооны хөтөлбөрөөр Ютагийн их сургуульд хуваарилагдан суралцсан нь хуучин хүү шинэ хүү боллоо гэдэг шиг нүд нээсэн нэг жил байсан. Тэтгэлэг хүссэн эсээндээ, Америкт суралцах нь цаашдын ажил карьер, амжилтад эергээр нөлөөлөхөөс гадна би өөрөө угтан ирэх сорилтуудыг давах хувь хүний чадвартайгаа голцуу онцолсон юм. Үнэнийг хэлэхэд ингэж бичихээс өөр надад бусдаас ялгарах айхтар онцлог, гэр бүлийн ялгарал, гойд зан араншин ч байгаагүй. Би зүгээр л хийх ёстой зүйлээ цагт нь хамгийн сайнаараа хийхийг хичээдэг хүүхэд байсан” гэж тэр дурссан юм. 

Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээдэг хэмээх үг бий. Америкт суралцаж эх орондоо ирээд Америкт төгсөгчдийн уулзалт дээр Амар түүний амьдралд эргэлтийн цэг болох нэгэн хүнтэй таарсан нь эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан байлаа. “Defacto” хэмээх нэвтрүүлгээр нь бидний мэдэх эрхэм нэгэн өвөрмөц ажлын санал түүнд тавьсан нь долоо хоног тутам гаргадаг нийтлэлийг нь монголоос англи хэл рүү орчуулах. Монгол даяар хүндлэгдсэн, мэргэжлийн анализ, дүн шинжилгээ бүхий даацтай нийтлэлүүдийг нь англи хэл рүү орчуулна гэдэг залуу мэргэжилтэнд айхтар хүнд даваа байсан хэдий ч Б.Амар уйгагүй хичээсээр 2011 оноос хойш долоон жилийн турш, долоо хоног тутам нэг ч удаа хариуцлага алдалгүйгээр хийсэн нь эрхэм эдийн засагчид болоод өөртөө бахархах хувь хүний томоохон амжилт байлаа. 

“Жагаа ах бага залуу намайг бодвол нийгэм, эдийн засгийг том зургаар харж сэтгэдэг нь надад үлгэр дуурайл болсон. Хамт ажиллахаа больсон ч үе үе надтай уулзахдаа “Монголд хийж бүтээх, өөрчлөх ёстой маш их зүйл байна. Дараах үедээ найдаж үлдээх, өнгөрсөн үеэ хийх ёстой байсан гээд хойш суун шүүмжлэх бус залуус л хийж чадах тийм өөрчлөлтүүд. Хүн бүр оролцдог болж байж улс орныхоо хөгжлийг дараагийн шатанд гаргана” гэж үргэлж захидаг. Үүнийг би хэзээ ч мартдаггүй, цээжний гүнд цохилж л байдаг захиас. Жагаа ахын нүдэнд би овоо чадвартай ажиллаж байснаа Австралид ч нэг ажиллаад, Саудын Араб руу ч хөрвөөд л, Монголоосоо холдож буй “хайран” хүн шиг харагддаг байх. Жагаа ах цаад санаандаа “Тэгж байгаад Монголдоо заавал ирнэ шүү” гэж хэлээд байгаа юм. Би урмыг нь хугалж болохгүй”

Амар дөрөвдүгээр курс төгсдөг жилээ “Өдрийн сонин” дээрээс Оюу Толгой компанийн нээлттэй ажлын байрны зарыг олж харжээ. Салбараас нь огт өөр уул уурхайн компанид тохирох ажил байхгүй байх даа гэж зурвасхан бодсон ч орон нутгийн ажилтны орон тоонд юутай ч өргөдлөө илгээгээд үзье гэж шийдсэн нь буруудсангүй, тун удалгүй тэнцсэн хариу хүлээн авчээ. Шинэ ажилтан сонгож авч байсан дарга нь “Jargal Defacto”-ийн нийтлэлийг өөрийнхөө хэлийг сайжруулахын тулд долоо хоног бүр англи, монгол эхээр нь тулган уншдаг хүн таарч, олон арван чадвартай, туршлагатай горилогч нараас Б.Амарт шууд л онцгойлон итгэл хүлээлгэснийг тэр бүр сүүлд мэджээ. Хүний хийсэн ажил хөдөлмөр үг хэлэхээс нь ч өмнө хариуцлагын баталгаа болдог нь гайхалтай хэрэг шүү. 

Карьерын өсөлт, хувь хүний хөгжилд “Оюу Толгой”-д ажилласан он жилүүд Амарт чухал нөлөө үзүүлжээ. Зургаан сарын хугацаатай гэрээгээр, амаржсан хүний оронд түр хугацаанд орсон ч үргэлжлүүлээд Орон нутгийн харилцаанаас Медиа хэлтэст шилжин, Оюутолгойгоос Австралийн Брисбэнд төвтэй Рио Тинто группт Харилцаа холбооны мэргэжилтнээр томилогдон Квинсландын нүүрсний дөрвөн уурхайн 2500 гаруй ажилтны өдөр тутмын харилцаа холбоог удирдан ажиллажээ. Жил гаруйн дараа Баруун Австралийн их сургуульд бизнесийн удирдлагаар дээд боловсрол хамгаалахын сацуу Баруун Австралид байрлах дэлхийн хамгийн том алзмаазны ордын нэг гэгддэг “Argyle” алмаазны уурхайд Харилцааны ахлах зөвлөх болов. Зэсийн уурхайгаас нүүрсний уурхайд ажиллах, алмаазны уурхайн ажлуудыг хариуцах, Засгийн газрын яриа хэлэлцээрт орох гэх мэтээр стратегийн чухал ач холбогдолтой, өргөн цар хүрээтэй удирдлагын түвшний ажлуудыг гүйцэтгэж байсан нь залуу хүнд сорилт болохын хэрээр улам бүр хурцалж байв. 

“Австралиас Монголдоо ирээд Монгол дахь Рио Тинтод Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны хэлтсийн удирдах албанд томилж, Рио надад итгэл хүлээлгэсэн. Нэг талаасаа би бүх хүчээ дайчлан ажилласан, нөгөө талаасаа ажилтнуудаа өсөн дэвших боломжийг нээлттэй олгодог энэ компанид үргэлж талархдаг. Рио Тинтог орхиж явахад олон хүн “Чи чинь одоо яагаад…” гэж гайхах нь гайхаж, шүүмжлэх нь шүүмжилж байсан. Групп дотроо олон салбараас туршлага мэдлэг хуримтлуулж, цаашдаа улам өсөж хөгжих боломжууд байсанд миний өмнөөс харамссандаа тэр байх л даа.

Яг өөрт ногдсон ажлаа цаг хугацаанд нь өндөр чанартай гүйцэтгэх нь миний гол зарчим. Аягүй энгийн мэт санагдах ч яг ажил дээр гараад ажиллахад энэ зарчим л хамгийн чухал болохыг алхам тутамдаа мэдэрдэг. Зарим зүйл хүссэнээр болохгүй, цагаасаа хоцрох тохиолдол байх ч хийсэн ажилдаа эзэн болж яваа нь надад хамгийн том амжилтыг авчирсан. “Рио Тинто”-д ажилладаг байхад нэг мэдэхэд ойр дотнынхон маань намайг “fixer” гээд хочилдог болчихсон байсан (инээв)”. 

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Амарын “Рио Тинто”-той өнгөрүүлсэн арван жилийн ой тохиожээ. Ойн баяраа тэмдэглэж, танил дотно хамт олныхоо дотор Амар баяр хөөр­тэй байв. “Гэхдээ ингээд л болоо гэж үү?” 

Тэр үед Амар хийж буй ажил, хамт олондоо сэтгэл хангалуун байсан ч шинэ сорилт, шинэ боломжууд, шинэ эхлэлд сэтгэл татагдан адгаж байлаа. Тиймээс ч “Savvy Games Group”-ээс ажлын санал ирэхээс ч өмнө салбараа сэлгэх, өөрийгөө сорих, дэлхийг таних, цоо шинэ адал явдлыг эхлүүлэхэд тэр хэдийн зэхсэн байв. Үүний зэрэгцээ интернэтээр хальт л харсан зургуудаараа төсөөлдөг Саудын Араб руу гэр бүлээрээ нүүн амьдрахад хорхойсож байв. “Хамтдаа явна гэж бодоход л сандрал үгүй болчихсон. Эхнэр маань ч энд ажлын өргөдөл өгтөл хангалттай туршлагатай, шилдэг боловсон хүчин болохоор шууд л тэнцсэн. Золоо бид хоёр Оюутолгойд хамт ажилладаг байхдаа танилцан үерхэж, Монголдоо гэрлэлтээ батлуулсан улс. Хамтдаа Баруун Австралид амьдрах үедээ том хүүгээ төрүүлсэн. Саудын Арабд охин мэндэлсэн нь энд төрсөн анхны монгол хүүхэд болсонд их бэлгэшээсэн шүү. Хүнд хэцүү, гэнэтийн зүйл тохиоход чамайг ойлгодог, хүлээцтэй, найдвартай, хайртай хүн чинь хамт байхад холын таньж мэдэхгүй газар тийм ч сүрдэм санагдахгүй. Саудын Арабд охин төрөхөд эндхийн журмаараа ажлын тав хоногийн л чөлөө авсан. Хэрэв “Рио”-доо байсан бол шинэ аавын дөрвөн сарын цалинтай чөлөө авах байсан учраас эхнэр бид хоёр “Хоёулаа яг зөв юм хийсэн үү?” гээд инээлддэг юм”. 

Улиран одож буй 2023 онд монгол залуусын IHC баг цахим спортод PUBGMOBILE төрлөөр, MongolZ баг Ази тивийг төлөөлөн CS:GO-ийн ДАШТ-д тус тус оролцон, “Team Lilgun” баг Монгол Улсаас анх удаа “Mobile Legends: Bang Bang” тоглоомын Дэлхийн аваргад оролцох зэргээр цахим спорт монгол залуусын сонирхлыг ихээр татах болов. Дэлхий дахинд ч цахим спортын салбар хурдтай өсөж, “SuperData Research” байгууллагын 2020 оны судалгаагаар цахим спортын салбар хөгжим ба кино салбарыг нийлүүлснээс илүү их ашиг орлого олжээ. Гайхалтай биз? 

“38 тэрбум ам.долларын санхүүжилттэй том групп мэт боловч “Savvy Games Group” нь энэ салбарт нэгдээд ердөө хоёр жил болсон отгон компани. Ажлын ярилцлагад анх ороход “Чи өөрийгөө старт-ап компанид орж байна гэж бодоорой. Бидэнд энэ салбарын туршлага байхгүй учир маш олон зүйлийг шинээр хийнэ, туршина, тэр бүгдийг хүн нэг бүр бүрэн хариуцна” гэж надад сануулсан удаатай. 150 гаруй жилийн түүх, өрнүүн туршлагатай Рио Тинтод байсан хүний хувьд энэ сорилт намайг татсан. Яг л цагаан цаасан дээр өөрийнхөө гараар бүхнийг эхлүүлэх нь сэтгэл хөдөлгөм” гэж Амар хуучилсан юм. 

Олон улсын жишгээр байгууллага бүрд дор хаяж гурван жилийн “алтан гадас” зорилго байх хэрэгтэй гэдэгчлэн “Savvy Games Group”-ийн “2030 он гэхэд дэлхийн хамгийн шилдэг цахим спорт, тоглоомын компани болох” зорилго Амарт хоосон бөгөөд холын санагдсангүй. Гараанаас нь оролцож, хувь нэмэр оруулна гэдэг залуу хүнд даанч догдлом. Энэ зорилго цаагуураа Саудын Арабын “Алсын хараа 2030” стратегийн нэг чухал хэсэг бөгөөд дотоодын эдийн засгийг газрын тосноос холдуулан солонгоруулахад цахим спорт, тоглоомын салбарыг гол салбар болгон хөгжүүлэхээр онцгойлон анхаарч буй. 2030 он гэхэд Саудын Арабд дэлхийн шилдэг 200-д багтах дор хаяж таван их сургууль байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийн ДНБ-д оруулах хувь нэмрийг 2030 гэхэд 20-35 хувьд хүргэх зэрэг иргэдэд ээлтэй, монголчуудад жишиг болгочихмоор зорилтууд ч их бий. 

“Ажлаа маш сайн хийнэ, ойрын жилүүддээ энэ салбараа илүү танин мэдэж туршлагажаад ирэхэд цаашаа явах зам тодорно биз ээ. Аз тохиол, зөв цагтаа зөв хүмүүстэйгээ байх, зөв асуултаа зөв хүнээс асуух чухал. Нэг боломжоос өөр олон боломжууд урган гарч ирдэг гэдэгт би итгэдэг. Нүдээ нээлттэй байлгаж, шинэ боломжуудыг ажиглан, аль боломжийг нь хэзээ хэрхэн ашиглахаа сонор­дон мэдэхийг хичээхээс өөр уртын бодол тээхээ больсон шүү. Амьдрал дэндүү баялаг, боломжоор дүүрэн болохоор алзахгүй ээ”. 

Таван цагийн зөрүүтэй Саудын Араб болон Улаанбаатараас биднийг яриа өрнүүлэх зуур Малайз улсад Монгол залуусын IHC баг PUBGMOBILE цахим спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулан баярын уухайгаа дэлхий даяар хадаалаа. Ажлаа таран гэртээ ирээд сошиал сүлжээнээс энэ тухай дуулсан Амар ирэх жилийн цахим спортын Дэлхийн аваргын тэмцээн Саудын Арабд болохыг санан бахархал дүүрэн инээмсэглэсэн биз ээ.


*Уг нийтлэл нь "Гэрэг" сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан "Turning Points 2024" дугаарт нийтлэгдсэн болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.10.30
Торгоны замын “самурайн илд”
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.