"Нахиа" хөтөлбөрийн хүрээнд 10 цуврал номыг хүлээлгэн өглөө
Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын өдрүүдийг есдүгээр сарын 2-6-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болж өнөөдөр нээлтээ хийсэн билээ. Тус өдрүүдийн хүрээнд "Нахиа" хүүхдийн ном солилцох өдөрлөг болж, Монголын хүүхдийн номын ордонд 10 цуврал номыг гардуулан өглөө.
Арга хэмжээний хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНХАУ-ын Соёл урлагийн газрын төлөөлөл, Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл, МУБИС-ийн багш, оюутнууд оролцсон юм.
Уг ном солилцох хөтөлбөрийг 2015 оноос эхлэн явуулж байгаа бөгөөд БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын дэмжлэг дор явагдаж байгаа аж. Мөн уг хөтөлбөр хоёр улсын найрамдлыг бататгах зорилгын хүрээнд зохион байгуулагддагаараа онцлог юм.
"Нахиа" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн номын дөрөв дэх хэвлэл болох "Дэггүй сахиусан тэнгэрүүдийн дэгдээсэн үймээн" номыг онцлон танилцуулжээ.
Энэ үеэр БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн " Хоёр улсын ном солилцооны хөтөлөрийн хүрээнд "Монгол болон Дундад улсын хөгжлийн 30 цуврал", "Ёгт үлгэр" зэрэг номыг солилцож, Монгол орон даяар 1200 орчим сургууль, цэцэрлэгт хүлээлгэн өгсөн" гэв.