“СОЁЛ УРЛАГИЙН МЕНЕЖМЕНТ МОНГОЛД” ХӨТӨЛБӨР УЛААНБААТАР, БЕРЛИН ХОТНОО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяагийн Монгол Улс, Герман Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй төслүүдийн нэг “Соёл урлагийн менежмент Монголд” 2019 оны ес, аравдугаар сард Улаанбаатар, Берлин хотноо амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Төсөл 2020, 2021 онд үргэлжлэн хэрэгжих юм.
Соёл урлагийн салбарын байгууллагын менежмент, удирдлага зүй, хүний нөөцийн ур чадварыг олон улсын мэргэжлийн аргазүйгээр дээшлүүлж, соёл урлагийн дэд бүтэц, түүний тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрт тайз дэлгэцийн урлаг, галерей, энтертайнмэнт, орон нутгийн соёлын төв, сонсголгүй иргэдийн соёлын төв, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага зэрэг төрийн болон төрийн бус соёл урлагийн 9 байгууллагын удирдлага, менежер, мэргэжилтэн хамрагдаж мэдлэг оюунаа дээшлүүллээ.
Герман Улсын соёл урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жил бэлтгэн мэргэшүүлсэн, 2009 оноос хойш БНХАУ-н залуу манлайлагч, менежерүүдийг сурган хоёр улсын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй туршлагатай доктор, профессор Клаус Зийбэнхаарын удирдлага дор онол практик хосолсон сургалт зохион байгуулагдлаа.
“Соёл урлагийн менежмент Монголд“ (KUMA) хөтөлбөр нь мэргэжлийн өндөр түвшний мэдлэг олгох ахисан шатны эрчимжүүлсэн сургалт төдийгүй төгсөгчидтэйгөө байнгын эргэх холбоотой, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, цаашдын соёл урлагийн салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэн хамтран ажилладаг тогтвортой урт хугацааны хөтөлбөр гэдгээрээ онцлог.
Улаанбаатар хот: Проф Др. Клаус Зийбэнхаар болон соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын удирдлага зүйч, менежер О.Оюунтуяа
Берлин хот: “Stiftung Kinemathek” сангийн цуглуулга, үзэсгэлэн хариуцсан захирал Петер Майнцын хамт ХБНГУ-ын кино салбарын хөгжил, түүх, музейн бүтэц үйл ажиллагаатай танилцлаа.
Берлин хот: “Eigen+Art” галерейн захирал Жүди Любкэтэй уулзаж ярилцав.
Улаанбаатар хот: МУГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын Харилцааны Газрын захирал Х.Мандахцэцэгт, мэргэжилтэн Ц.Батмөнх нар Проф Др. Клаус Зийбэнхаар, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа нарыг хүлээн авч уулзлаа.
Берлин хот: “Rheinbeckhallen” соёл, урлагийн төвийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалт, хөтөлбөртэй танилцлаа.