БНХАУ-ын Коммунист Намын 19-р Их хурал өндөрлөлөө. Хурлаар гарсан томоохон өөрчлөлт бол Улс төрийн товчооны Байнгын хорооны 7 гишүүнийг сонгосон явдал юм. Нэг намын тогтолцоотой Хятадын хувьд Коммунист намын Байнгын хороо улсын бүх эрх мэдлийг хуваан захирдаг. Намын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар ирэх 5 жилд ахин ажиллахаар улиран сонгогдсон бол 5 гишүүн тэтгэвэртээ гарч, шинэ гишүүд сонгогдсон нь олон улсын анхаарлыг татаад байна.
1. Ши Жиньпин, 64 настай

БНХАУ-ын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ши Жиньпин 1990 оноос хойш Хятадын хамгийн нөлөө бүхий хүнээр тооцогдсоор байна. БНХАУ-ын нөлөө тэлэхийн хэрээр түүний байр суурь дэлхий нийтэд ч түгж, түүнийг “Хятадыг шинэ эрин зуунд хөтлөгч” ч гэж өргөмжилдөг. Тэрээр намын 19-р Их хурлыг нээн “Хятад улс цаашдын 35 жилд ч социалист дэглэмээ нураах ёсгүй" гэсэн нь ирэх 5 жилээр хязгаарлагдахгүй түүний байр суурь хэвээр байхыг илтгэж байлаа.
2. Ли Көцян, 62 настай

БНХАУ-ын Намын даргын дараах хамгийн хүчирхэг байр суурь буюу Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ахин Улс Төрийн Товчооны удирдах зөвлөл буюу байнгын хороонд сонгогдлоо. “Ли дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засаг, нийгмийг удирдаж байна.” гэж БНХАУ-ын мэргэжилтэн Жи Юүн Бо мэдэгдэж байв.
3. Ли Жаньшү, 67 настай

1975 онд ХКН-д элссэн Ли Жаньшү мужийн захирагчаас Улс төрийн товчоо хүртэл ахисан нэгэн. Ши Жиньпиний хамгийн ойрын хүнээр тооцогдон, олон улсын хурал чуулганд байнга дэргэд нь явдаг зөвлөгч нь байсан бол ийн сонгогдсоноор Хятадын гурав дахь “том” толгой болж байна.
4. Ван Ян, 62 настай

Мужийн захиргаанд өндөр албан тушаал эрхлэн, 2013 оноос төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор ажиллаад байгаа Ван Ян дараагийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Олон жилийн өмнөөс л Ван Ян энэ байр суурьт хүрэх нь тодорхой байсан тул мэргэжилтнүүд төдийлөн гайхсангүй.
5. Ван Хүнин, 62 настай

1980 оноос хойш намын чухал гишүүдийн тоонд багтсаар байгаа Ван Хүнин Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ч ажиллаж байсан. Тэр Хятадын өмнөх даргууд болох Зян Зэминь, Ху Жиньтаогийн ч итгэлийг хүлээсэн. Энэ удаа ч Ши Жиньпиний итгэлт гишүүнээр сонгогджээ.
6. Жао Лэжи, 60 настай

Насны хувьд бусдаасаа залуу түүнийг Хятадын ирээдүйн даргаар сонгогдох магадлалтай ч гэж үздэг. Энэ жил Байнгын хорооны гишүүнээр сонгогдсоноор байр сууриа тэлж, ирэх 10 жилд түүний нөлөө олон улсад өргөжнө гэж судлаачид үзээд байгаа юм.
7. Хань Жэн, 63 настай

1989 онд ХКН-д элссэнээс хойших Хань Жэний хувьд 7 дахь намын их хурал болж байна. Энэ удаа Байнгын хорооны гишүүнээр сонгогдсон нь үсрэнгүй алхам байв. Шанхай хотийн залуучуудын эвлэлээс эхлээд хотын даргаар ажиллаж байсан түүнийг Зянь Зэминь даргын нөлөөллөөр төрийн өндөрлөгт гарлаа ч гэж зарим судлаачид үздэг.

2022 онд болох ХКН-ын 20-р Их хурлаар Ши Жиньпин, Ли Жаньшү, Хань Жэн нар тэтгэвэрт гарах бол Ли Көцян, Ван Ян, Жао Лэжи, Вань Хүнин нар ахин 5 жил ажиллах боломжтой юм.
Эх сурвалж: Thediplomat.com