Зураг зурахыг хүсдэг ч "авьяасгүй" гэсэн шалтгаанаар арагш суусаар байгаа юм биш биз? Үнэтэй сургалт, зургийн дугуйлангаас илүү хичээл зүтгэл л хамгийн гайхалтай үр дүнд хүргэж чаддаг. Олон чадварлаг уран бүтээлчид бие даан сургуулилсан байдаг шүү дээ. Ингээд гэрээсээ гаралгүй зураач болон суралцахад тань туслах 10 вебсайтыг танилцуулж байна.
1. Drawspace
Давуу тал: 500 гаруй мэргэжлийн болон сонирхогчийн хичээлүүдтэй.

Зураач Бренда Ходдиноттын үүсгэн байгуулсан тус сайт нь зурах техникийг эхнээс нь мэргэжлийн төвшинд хүртэл эзэмшихэд тань туслах болно. Анхан, дунд, гүнзгий гэсэн гурван ерөнхий шатлалтайгаар хар зураг, уран зураг, комик бүтээл урлах хичээлүүдтэй.
Сул тал: Нийт хичээлүүдээс 15 хувийг нь л үнэ төлбөргүй авч болох бөгөөд үлдсэн хичээлүүдийг үзэхийн тулд төлбөр төлөх шаардлагатай.
2. Drawing Coach
Давуу тал: Шог зургаар мэргэшин суралцах боломжтой.

Хүүхэлдэйн кино, анимейшний дүр бүтээж, цор ганц бүтээл урлан төсөөллөө амилуулахыг хүсдэг бол танд таалагдах нь гарцаагүй. Хүнд техникийг ч тун хялбар аргаар дүрсэлсэн.
Сул тал: Анх бүтээгдсэнээс хойш техникийн шинэчлэл хийгээгүй тул бага зэрэг бүдүүлэг бүтэцтэй. Гэвч таны суралцах хүсэлд саад болохгүй нь лавтай.
3. Arty Factory
Давуу тал: Уран зургаас гадна дизайны нэмэлт хичээлүүдтэй.

Эмх цэгцтэй, зохион байгуулалттай. Дүрслэх урлагийн талаар мэдээлэл олгохоос гадна бүх төрлийн зураг чимэглэл бүтээх хичээлүүдтэй. Хар зураг, хөрөг, поп электро гэх мэт бүх төрлийн зургийн хичээлүүдээс сонгон дэлгэрүүлэн судлаарай.
Сул тал: Нийтлэлүүд мэргэжлийн хэллэг ихтэйгээс гадна англи хэл дээр тул танд бага зэрэг төвөгтэй санагдаж магадгүй. Гэхдээ англи хэл сурч байгаа залууст давхар чадвар олгох болно.
4. Academy of Art University
Давуу тал: 1 удаагийн хичээл бүр бүрэн мэдлэг олгохуйц чанартай бүтээгдсэн.

Видео хичээлүүдээр дамжуулан зургийн нарийн техник бүрийг сурч болно. Өөрийн болон бэлэн загваруудаас сонгон комикт оруулан зурах боломжтой.
Сул тал: Вебсайтыг ашиглахын тулд төхөөрөмждөө "Flash" суулгах шаардлагатай.
5. Rate My Drawings
Давуу тал: Бусад зураачдын бүтээлтэй танилцах боломжтой. Бүх гишүүд нэг л хэрэгсэл ашиглах тул зургийн үр дүн зураачийн авьяасаас бүрэн шалтгаална.

Одоогоор 50 мянга гаруй гишүүн уран бүтээлчтэй өргөн хэмжээний сайт юм. Бусад уран бүтээлчдээс суралцах, туршлага хуваалцах, харилцаа үүсгэх зэрэг онцлогтой.
Сул тал: Нэг удаагийн нээсэн хаягийг ахин өөрчилж ашиглах боломжгүй.
6. Drawing Now
Давуу тал: Олон мянган зураг, дүрс, амьтан хүний дүрүүдээс сонголтоо хийн зурж суралцах нөхцөлөөр хангагдсан.

Өөрийн гэсэн видео хичээл байршуулж, тодорхой шалгуурыг давсны дараа багшилж, төлбөр авч болно.
Сул тал: Ихэвчлэн анхан шатны хичээлүүдтэй.
7. Daily Sketch Challenge
Давуу тал: Урлагийн талаар хамгийн том вебсайт.

2015 онд нээгдсэн. Урлаг, уран зургийн талаар бүх талын мэдээлэл, сургалт бүхий цахим сайт. Өөрийн онцгой чиглэлээр дагнан зурах уран бүтээлчидтэй хамтран ажилладаг тул байнга шинэчлэгддэг.
Сул тал: Интернет тасалдахгүй л бол өөр асуудал гарахгүй.
8. Ctrl+Paint
Давуу тал: Бусад сайтуудаас илүү орчин үеийн загвар, дизайн бүхий хичээлүүдтэй.
Сул тал: Эхний хичээлийг бүрэн гүйцэтгэсний дараа дараагийн хичээлүүдийг судлах боломжтой.
9. Pinterest
Давуу тал: Зөвхөн урлагийн төдийгүй бүх салбарын мэдлэг мэдээлэл олгох нийгмийн сүлжээ-сайт.

Өөрийн гэсэн хаягийг нээн, уран бүтээлээ сурталчлах боломжтой. 150 сая гаруй хэрэглэгчтэй. 966 гаруй "Хэрхэн зурах вэ?" гэсэн хичээлүүд бий тул чөлөөт уран бүтээлч танд бүрэн тусалж чадна.
10. YouTube
Давуу тал: Видео бичлэгийн хамгийн том сайтад мэдээж зургийн талаарх хичээлүүд ч их бий.

Маш их хэмжээний хичээлүүд бий тул сонголтоо маш сайн хийх хэрэгтэй. Та анхан шатнаас суралцах бол "Drawing lessons for beginners" гэх мэт ойлгомжтой хайлтаар сонголтоо хийгээрэй.