UBLife Logo
OMG

Монголд даруй нэвтрүүлбэл зохих гадаадын 16 туршлага

Монголд даруй нэвтрүүлбэл зохих гадаадын 16 туршлага

Дэлхийн улс орон бүр өөрийн хууль дүрэмтэй. Үүнээс Монголд даруй нэвтрүүлбэл зохих 16 шинэ санааг танилцуулья. Хэрэв манай улсад хэрэгжүүлж эхэлбэл бүтэн жил ард иргэд аз жаргалтай инээмсэглэж байх болно.

1. Шинэ жилээр 50 хувийн хөнгөлөлт

Шинэ жилийн баяр тэмдэглэх гэж зарим хүн сарын цалингаа үрчих явдал байдаг. Харин Норвегийн Засгийн газраас ард олноо хайрлан энэрч, 11 дүгээр сард татварыг 2 дахин багасгадаг байна. Иргэд хэмнэсэн мөнгөө 12, 1 дүгээр сард нь үрдэг.

2. Ээж болгонд үнэгүй Maternity Box

Финландад хүүхэд төрүүлсэн ээж болгонд Засгийн газраас “Ээжийн хайрцаг” (Maternity Box) олгодог. Энэ хайрцагт даавуу, гудас, оймс, өлгий гээд л ээж болгонд нэн хэрэгтэй бүх зүйлс багтсан байдаг. Хайрцгийг хүүхдийн ор болгон ашиглаж ч болно. Ээжийн хайрцаг нь хүүхэд болгон амьдралд анх хөл тавихдаа ижилхэн байх, өөрөөр хэлбэл баян хоосны ялгаагүй бүх зүйлээр хангагдсан байхыг зорилгоо болгожээ. Энэ аргын ачаар Финланд улс нялхсын эндэгдэл дэлхийд хамгийн бага орны тоонд ордог болсон юм.  

3. Сайн жолоочийн урамшуулал

Шведийн Стокхольмд хурд хэтрүүлсэн жолооч нарын торгуулийн мөнгийн зарим хэсгийг сугалаанд зарцуулдаг. Дүрэм зөрчөөгүй жолооч нар сугалаанд автоматаар хамрагдаж, багагүй хэмжээний мөнгө хожих боломжтой. 3000 хүртэлх долларын хонжвортой энэ сугалаа жолооч нарын сахилга батыг дээшлүүлэхэд их тус болсон юм.

4. Хар өдөрт хадгалах мөнгө

Норвегид нефть, бензиний татвараас орж ирсэн бүх мөнгийг тусгай санд оруулдаг. Энэ санд одоогийн байдлаар 828 тэрбум доллар байгаа гэх бөгөөд хэзээ нэгэн цагт дэлхий дээр гамшиг тохиолдох үед хойч үеээ аврах зориулалттай юм.

5. Орлогын ялгаатай торгууль

Финланд, Швед улсуудад Dagsböter гэдэг ойлголт бий. Үгчлэн орчуулбаас өдөр бүрийн торгууль гэсэн утгатай. Хэрэв таныг 30 dagsböter-аар торговол энэ нь таны 30 өдрийн орлоготой тэнцэх мөнгөөр торголоо гэсэн үг. Энэ нь баян чинээлэг хүмүүс өчүүхэн торгуулийг үл тоон хэрэг үйлдэхээс сэргийлэх зорилготой.  Энэ системийн ачаар жилд 11 сая долларын орлоготой финланд эр хурд хэтрүүлсэн хэргээр 200 мянган долларын торгууль төлж байв.

6. Хогны мөнгийг жингээр нь төлнө

Германд иргэд хаяж байгаа хогныхоо фунт (0,45 кг) болгонд 2 доллар төлдөг. Мөнгө хэмнэхийн тулд германчууд хогоо дахин боловсруулж, ер нь хог бага гаргахын тулд хичээдэг болсон.

7. Номонд дуртай хоригдлын ялыг хөнгөлнө

Бразилид шоронгийн хоригдлууд уншсан номоороо илтгэл бичиж, ялаа хасуулдаг. Уншсан ном болгоны тоогоор ялнаас нь 4 өдөр хасагддаг бөгөөд жилд 48 өдөр хасуулах боломжтой. Шоронгоос хоригдлуудыг боловсрол, мэдлэгтэй болгоод гаргах зорилготой.

8. Сонгуульд заавал оролцуулна

Австралид иргэн бүр сонгуульд заавал оролцох хуультай. Оролцоогүй этгээдийг торгодог тул энэ улсын сонгуулийн ирц 95 хувьд хүрдэг байна. Сонгууль өгөхийг хүсэхгүй ч, торгуулмааргүй байгаа хүмүүс сонгуулийн хуудсан дээр юу ч хамаагүй зураад өгчихдөг.

9. Нэрээ нууцалсан хар тамхины шинжилгээ

Голландад баривчлагдахаас айлгүй, хар тамхины шинжилгээнд орж болдог. Тэдэнд шинжилгээний хариунаас гадна эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг гэнэ.

10. Шинэ иргэдэд үнэгүй музей

Канадад оршин суух эрх авсан гадаад иргэдэд Засгийн газраас Канад орны бүх музей, соёлын төвийг үнэгүй үзэх бүтэн жилийн эрх олгодог. Энэ нь шинэ иргэдэд Канадын түүх, соёлтой танилцах боломж юм.

11. Улсын машинаар үнэгүй явна

Куба улсад машин цөөхөн тул зам дагуу машин барих гээд зогсож байгаа хүн олон. Тиймээс улсын машин барьж яваа жолооч, тэр дундаа цагдаа нар ч тэднийг машиндаа суулгаж, аюулгүй газарт хүргэж өгөх хуультай.

12. Сургуульдаа явлаа гэж мөнгө төлнө

Швед улс оюутнууддаа сард 187 доллар өгдөг нь 100 хувийн ирцтэй байх гол нөхцөл нь юм. Энэ төслийн ачаар оюутнууд хичээлээ таслалгүй, сурах бичиг, хэрэглэлээ авдаг байна.

13. Засгийн газрын твиттерийг хөтлөнө

Шведийн Засгийн газар албан ёсны твиттер хаягаа долоо хоног бүр ямар нэг иргэнээрээ хөтлүүлдэг. Энэ нь жирийн иргэдийнхээ жиргээгээр Швед улсын хөгжингүй, дэвшилттэт талыг харуулах зорилготой юм.

14. Зар сурталчилгааг цөөл

Их Британи тэргүүтэй Европын олон оронд телевизийн зар сурталчилгааны цагт хязгаар тавьсан байдаг. Зарим оронд цагт дөнгөж 8 минут реклам гаргах ёстой.

15. Унадаг дугуй

Голланд хүүхдүүд 10 нас хүрэхдээ унадаг дугуй унах дүрэм болон жолооны шалгалтад ордог. Ингэснээр дараа тэд насанд хүрэхдээ доод тал нь 30 хувь нь машины оронд дугуй хэрэглэдэг болдог гэнэ. Түгжрэл, байгаль орчны бохирдлын эсрэг хамгийн сайн арга хэмжээ.

16. Таргалалтын эсрэг үнэгүй метро

Москва хотын метроны Выставочная буудалд нэгэн автомат бий. Тэр автоматын өмнө та 30 удаа сууж үзүүлэхэд нэг удаа үнэгүй явах тасалбар олгодог. Энэ нь Москва хотоос таргалалтын эсрэг авч байгаа арга хэмжээний нэг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
38
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.