UBLife Logo
Сурвалжлага

Хүүхдүүдийн зургаар бүтсэн "Ирээдүйн өнгө" үзэсгэлэн хамгийн гэгээтэй, сайхан ирээдүйг харуулав

Ub.life
Ub.life
Хүүхдүүдийн зургаар бүтсэн "Ирээдүйн өнгө" үзэсгэлэн хамгийн гэгээтэй, сайхан ирээдүйг харуулав

Энэ сарын 23-ны өдөр “UB INN” дотор байрлах “Бум Арт” галерейд бяцхан хүүхдүүдийн уран сэтгэмжээр бүтсэн тун сонирхолтой зургийн үзэсгэлэн болж өнгөрлөө. Зураг зурах дуртай, уран зурагт хайртай хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүд хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулж, үзэсгэлэнгийн үеэр бүтээлүүдийг нь гэр бүл, ойр дотнын хүмүүс хүмүүс болон ангийнх нь найз нөхөд үзэж сонирхсон юм. Инээд хөөр, өнгө будаг дүүрэн өнгөрсөн хүүхдийн зургийн үзэсгэлэнгийн сурвалжлагыг танд хүргэж байна.

Үеийн хүүхдүүд дундаас өөрийн хичээл зүтгэл, авьяас, мэдрэмжээрээ ялгарч чадсан 9 хүүхдийн бүтээл тэр оройн жинхэнэ чимэг болж байсан. Хамгийн бага нь гэхэд 2 настай байсан гэхээр та лав гайхах байх. Хүүхэд багачуудад урлагийн боловсрол, мэдрэмж өгөхөд нас хамаагүй байдгийн баталгаа энэ биз ээ.

Үзэсгэлэнгээ амжилттай гаргасан авьяаслаг хүүхдүүдэд баяр хүргэе.

Т.Гэгээ - 2 настай

Б.Элбэрэл - 3 настай (Эко гэр цэцэрлэг)

О.Намуун - 6 настай (Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэг)

Н.Өрнүүн - 6 настай (Нийслэлийн 1-р дунд сургуулийн 1д анги)

Б.Ялгуун - 6 настай (“Орчлон” сургуулийн 1а анги)

Э.Нинжин - 7 настай (“Ертөнц” сургуулийн 2-р анги)

Н.Ирмүүн - 8 настай (Нийслэлийн 1-р дунд сургуулийн 2г анги)

Т.Энэрэл - 8 настай (“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 3с анги)

О.Нандин - 9 настай (Монгол Улсын консерватори 3а анги)

Үзэсгэлэнгийн үеэр Т.Энэрэл, О.Нандин нар төгөлдөр хуурын аялгуугаар хүрэлцэн ирсэн хүмүүсийг гайхшруулсан билээ. Э.Нинжин нээлтийн үйл ажиллагааг улам ч нээлттэй, сонирхолтой болгож, цээлхэн хоолой, мундаг бүжгээрээ хүрэлцэн ирсэн хүмүүсийг баясгаад авсан юм.

Бяцхан хүүхдүүдийн авьяасыг улам хөгжүүлэхээр хичээн ажилласан зураач, зургийн багш, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Д.Дуулал:

-Та зургийн багш хийгээд удаж байгаа юу? Энэ бүхнийг анх яг сонирхлоороо эхэлсэн үү?

-Миний зураач болсон түүх их сонирхолтой. Би уг нь мэргэжлийн нягтлан бодогч хүн. Банканд нэлээн хэдэн жил ажиллаж байсан. Харин одоо уран зурагт эргэлт буцалтгүй хайртай болж, дүрслэх урлаг руу урвасан байгаа.

-Та багаасаа зурах дуртай байсан уу?

-Багадаа зурах дуртай байсан ч зурах боломж завшаан олддоггүй байсан. Ажилд орсныхоо дараа зурмаар санагдаж, одоо багшилж, зургаа зурж явна даа.

-Зөвхөн хүүхдүүдэд багшилдаг уу?

-Одоохондоо хүүхдүүдэд л багшилж байна.

-Хүүхдүүдэд багшлахын хамгийн сайхан нь юу вэ?

-Жаахан хүүхдүүд бол жинхэнэ агуу зураачид. Нийгмийн хайрцаглагдсан сэтгэлгээ байхгүй, байгалиас заяасан цэвэр нандин ертөнц тэдний дотор бий. Тэр бүх зүйл хүүхдийн дотоод ертөнцөөс гардаг нь хамгийн гоё. Хүүхдүүд санамсаргүй, өөрсдөө ч мэдэлгүй маш гоё бүтээл хийж чаддаг. Хэний ч санаагүй, миний төсөөлж ч байгаагүй зураг тэднээс гардаг.

-Өнөөдөр үзэсгэлэнд хэдэн бүтээл тавигдсан байгаа вэ?

-Энэ үзэсгэлэнг уран зурагт хайртай, урлагт сонирхолтой “урлаглаг” ээж аав нар, хүүхдүүд нийлсэн үзэсгэлэн гэж тодорхойлоод байгаа. Нийт 2-9 насны есөн хүүхдийн 70 орчим бүтээл тавигдсан. Бүгд миний сургалт явуулсны дагуу зурсан зураг ч биш. Тал нь гэрийн даалгаварт, гэртээ, эсвэл хаа дуртай газраа, хүссэн үедээ зурсан зургууд байгаа.

-Хүүхдийг багаас нь зуруулаад байх юм бол авьяастай, авьяасгүй хамаагүй зурж чаддаг болдог юм болов уу. Эсвэл заавал авьяас хэрэгтэй байдаг уу?

-Мэдээж энэ есөн хүүхэд том болоод бүгд заавал зураач болно гэж байхгүй. Хамгийн гол нь бид юу хүсэж байгаа вэ гэхээр том болоод уран зургийн галерейгаар явдаг, урлагт ойрхон, хөгжимд ойрхон, зөв сайхан иргэн хүмүүсийг бүтээх. Авьяасын хувьд хүүхдэд багахан техник, арга барилыг нь зөв заагаад өгөхөд аяндаа өөрөө сурдаг. Миний бодлоор цаашдын амьдралд нь хэрэг болох гоо зүйн мэдрэмж буюу хувцсаа тааруулаад, өнгийг нь зөв тохируулаад өмсдөг, эсвэл гэрээ гоё чимдэг байх ч юм уу, наад захын урлагийн мэдрэмжтэй болгох нь чухал зорилго болоод байгаа юм. Жишээ нь гурван сувинер авсан бол  хаана яаж байрлуулбал гоё харагдах вэ гэдгийг мэддэг байх ч юм уу.

-Эцэг эхчүүддээ хандаад хүүхдүүдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх тухайд та юу гэж хэлмээр байна вэ?

-Зураг зурах бол хий дэмий цагаа үрж байгаа асуудал биш юм шүү. Үнэхээр бүтээлч байгаа тэр байдал, хичээл зүтгэлийг сайн дэмжих хэрэгтэй. Хүүхэд багахан зүйл дээр урмын үг хэлэхэд л цаашдаа урмаараа тэтгэгдээд явдаг учир байнга урамшуулж, бүтээлч санааг нь дэмжиж байх хэрэгтэй. Болж өгвөл хийж бүтээх, зурах материаллаг зүйлсээр хангаж өгөх нь зөв болов уу.

Н.Ирмүүн (8 настай) Нийслэлийн 1-р дунд сургуулийн 2г ангийн сурагч.

-Хэдэн настайгаасаа зурж эхэлсэн бэ? Цэцэрлэгт байхаасаа зурсан уу?

-5 настайгаасаа зурж эхэлсэн.

-Ер нь юу зурах дуртай вэ?

-Амьтан.

-Яагаад амьтан зурах дуртай вэ?

-Гоё байдаг учраас.-Үзэсгэлэн гаргана, хүмүүст үзүүлнэ гэсэн чинь ямар санагдаж байсан бэ?

-Гоё байсан, найзуудыгаа урьсан.

Н.Өрнүүн, Н.Ирмүүн хоёрын ээж М.Нүрмаа

-Та хүүхдүүдийнхээ зурах дуртайг хэзээнээс анзаарсан бэ?

-Манай хоёр хүү хоёулаа энэ зургийн үзэсгэлэнд оролцож байгаа. Ах нь Ирмүүн, 8 настай, 2-р анги, дүү нь Өрнүүн 6 настай, 1-р анги. Хоёр хүүгийн минь зургийг анзаарах юм бол хоорондоо өөр, зан аашийн хувьд ч өөр. Ирмүүн маань багаасаа их сайн тогтвортой суудаг. Зургаа, долоон настай байхдаа өдөрт гурав дөрвөн цаг сууж зургаа зурдаг байсан. Үүнийг багш нар нь ч гэсэн их үнэлдэг. Харин манай Өрнүүн их хурдан хөдөлгөөнтэй, зургаа ч мөн хурдан зурдаг. Багаас нь зурдаг юм байна, юманд төвлөрч суудаг юм байна гэдгийг аав бид 2 нь анзаарсан. Ирмүүн маань дуу муутай, даруухан, болохоор дотроо бодож байгаа, хэлэх гэсэн зүйлээ зургаар хэлж, илэрхийлдэг юм болов уу гэж боддог. Тийм учраас бид их дэмждэг. Дээрээс нь мэдрэмжтэй болог гэж бодсон. Хүн ер нь заавал хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх албагүй, зургаар өөрийгөө илэрхийлж болох юм байна гэдгийг олж харсан л даа. Дүү нь ахыгаа дагаад зурж байгаа. Хүү маань энэ жилээс хүүхдийн ордны зургийн дугуйланд явсан юм. Дугуйлангийнхаа хамгийн бага нь гэнэлээ. Зураач, цэрэг болно гээд өөрөө ярьдаг юм. Аав ээж 2-т нь бол зураач болох үгүй нь тийм чухал биш, зүгээр л хүүхдийнхээ сонирхож байгаа зүйлийг нь дэмжээд, цэцэг усалж байгаа юм шиг услаад, хөгжүүлэх нь чухал гэж бодож байна.  Одооны хүмүүс чинь маш завгүй болчихсон, хүүхдэдээ цаг бага гаргадаг болоод байгаа. Төлбөрийг нь төлөөд л нэг дугуйланд явуулчихдаг.  Бид 2-ын хувьд хүүхэдтэйгээ ярилцаж юу зурж байгаа, яагаад гунигтай байна, өнөөдөр юу хийв гээд өдөр болгон ярилцаад, илүү ойр байхыг хичээдэг дээ.

-Хүүхдүүдийнх нь зураг үзэсгэлэнд тавигдсан нь танд ямар санагдаж байна?

-Их сайхан байдаг юм байна. Гэртээ зургийн дэвтрээс нь л хардаг байсан бол одоо жаазанд хийчихсэн, нэр хаягтайгаа байхыг нь хараад бахархах сэтгэл төрдөг юм байна. Мөн хүүхдүүдийнхээ ертөнцийг үзэх үзлийг нь хүмүүст толилуулж байгаад их баяртай байна.

-Танай Ирмүүн ер нь их дуугүй даруухан хүүхэд юм аа. Өөрийнхөө бодлыг зургаар бүрэн  илэрхийлдэг бололтой.

-Тийм. Ер нь бусад эцэг эхчүүдэд хэлэхэд хүүхэд чинь дотроо чимээгүй байгаад байхаар мэдрэмжээ гаргаж чадахгүй дотроо бөглөрчихдөг. Хүүхэд ч гэлтгүй том хүн ч байсан ямар нэгэн байдлаар стрессээ тайлдаг байх ёстой. Хүүгээ хоббитэй, хийх дуртай юмтай байгаад нь их баяртай байдаг юм. Гурван хүүтэй айл гэхэд манайх аягүй чимээгүй байдаг. Хүмүүс гурван хүүтэй айл ийм байдаг бол асуудал алга аа гээд л ярьдаг даа.

Бадралын Ялгуун (6 настай) “Орчлон” сургуулийн 1а ангийн сурагч

-Аль сургуульд сурдаг, хэддүгээр ангийн сурагч вэ?

-Орчлон сургуулийн нэгдүгээр анги.

-Хамгийн их зурах дуртай үлгэрийн баатар ч юм уу амьтан чинь юу вэ?

-Туулай.

-Яагаад?

-Би туулайнд дуртай.

-Ямар хүүхэлдэйн кинонд дуртай вэ?

-Хүүхэлдэйнд дургүй.

-За тэгвэл юунд дуртай вэ?

Мөрдөгч хүүхдүүд үзэх дуртай. Туулай жилтэй болохоор туулай зурах дуртай мөн эрвээхий зурах дуртай.

-Гэртээ байхдаа юу хийх хамгийн дуртай вэ?

-Тоо бодох.

-Зураг зурахаараа юу мэдэрдэг вэ? Жаргалтай байдаг уу?

-Будах нь гоё байдаг.

-Хамгийн дуртай өнгө нь юу вэ?

-Нил ягаан.

Ялгууны аав Д.Бадрал:

-Ер нь дандаа томчууд л үзэсгэлэн гаргадаг гэсэн ойлголт байдаг байсан шүү дээ. Энэ үзэсгэлэн харин тэс ондоо мэдрэмж төрүүлж байна.

-Бид нар өөрсдөө том болчихсон болохоор бага насны хүүхдүүдийг дандаа болохгүй, чадахгүй гэж боддог. Тэгж бодож болохгүй юм байна. Хүүхдүүд маань бид нараас илүү зураач юм байна. Дэлхийн алдартай зураачийн хэлсэн үг байдаг шүү дээ. Би хүүхэд шиг зурж чадахгүй. Бусдаар бол юуг ч зурж чадна” гээд. Хүүхдүүддээ үргэлж итгэж, тэднийг байнгa хөгжүүлж байх хэрэгтэй юм байна гэдэг нэг том ойлголтыг авлаа. Нөгөө талаараа хүүхдүүд маань өөрсдөөрөө бахархах, би ер нь ийм зүйлийг хийж чаддаг гэх маш том итгэлийг авсан байх гэж найдаж байна. Эцэг эхчүүд маань ч гэсэн заавал хөрөнгө мөнгө заралгүйгээр гэртээ уран зургийн үзэсгэлэн хийж болно. Хамаатан садан ах эгч, найз нөхдүүдийг нь уриад, хүүхдийнхээ нэг жилийн хугацаанд зурсан зургуудынх нь хамгийн ихээр өөрт таалагдаж байгаа зургуудыг нь өлгөөд цомхон арга хэмжээ хийж байвал хүүхдүүддээ боловсролыг олгохоос гадна, өөртөө итгэх итгэлийг төрүүлэх юм болов уу гэж бодож байна.

-Ер нь зургаар илэрч байгаа байдал нь танд анх сонин санагдаж байсан уу? Танд анх юу бодогдож байсан бэ?

-Манай охин ер нь их зөөлөн. Багш нь ч бас хэлж байсан. “Танай хүүхдийн зургууд үргэлж зөөлөн мэдрэмжийг өгч, зөөлөн өнгийг сонгодог, өөрөө ч их зөөлөн хүүхэд” гэж. Зурсан зураг дээр нь бол өөрийнх нь дотоод сэтгэгдэл гарч ирдэг. Дээрээс нь юу хүсэж мөрөөддөг гэдгийг нь зургаас нь ойлгож авсан.

-Хүүхдээ дэмжээд хажууд нь байх эцэг эхчүүдийн хувьд яагаад чухал вэ? Сүүлийн үед тусдаа өрөө, утас, компьютер гээд их алслагдаад байгаа.

-Дээр үед байдал өөр байсан бол одоо хүүхдүүд өөрийн гэсэн дотоод сэтгэлгээтэй, аль болох чөлөөт ертөнцөөр амьдардаг болсон. Бага байхаас нь авахуулаад хамт байх нь л хүүхдэдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог доо.

О.Нандин (9 настай) Монгол Улсын консерватори 3а ангийн сурагч

-Ихэвчлэн ямар зураг зурдаг вэ?

-Ихэвчлэн юмнаас харж, түүнийгээ илүү сайжруулах, бас сэдэв аваад зохиомж зурах дуртай.

-Юугаар зурах дуртай вэ? Усан будаг, гуаш?

-Гуаш, бас харандаан усан будгаар зурах дуртай.

-Хамгийн дуртай өнгө чинь ямар өнгө вэ?

-Хар.

-Чамайг зурдаг болоход юу хөтөлсөн бэ? Юу чамайг зурах дуртай болгосон бэ?

-Сайн мэдэхгүй байна аа. Гэхдээ аавынхаа барилгын ажил хийгээд зурж байхад нь би хараад зурмаар санагддаг байсан. Ээж маань нэг өдөр зургийн дугуйланд аваад ирсэн. Тэгээд би сонирхолтой болчихсон.

-Зурж байхдаа юу мэдэрдэг вэ?

-Зурж байхдаа багшийнхаа хэлсэн үгийг, өмнөх зурж байсан зургуудаа бодоод ямар техник, яаж зурах ёстой вэ гэдгээ бас зургийнхаа агуулгыг боддог.

-Хаана зурвал чамд гоё тухтай санагддаг вэ?

-Чимээгүй, байгаа газраа яг ганцаараа байгаа юм шиг байхад л би зурах дуртай. Ганцаараа байх дуртай.Нандингийн аав Д.Отгонбаяр:

-Охиныхоо зургуудыг үзэсгэлэнд тавигдсан байхыг хараад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Мэдээж маш гоё байна. Олон жаахан хүүхдүүдийн уран бүтээл, зурах авьяас, уран бүтээлч сэтгэлгээг нээн гаргаж ирсэн зургийн багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Охиныхоо зурах авьяасыг хэзээнээс мэдсэн бэ?

-Манай Нандин чинь багаасаа их олон төрлийн дугуйланд явсан юм. Бүжиг, балет гээд гурван настайгаас нь эхлээд янз бүрийн дугуйланд явуулсан. Авъяасыг нь тодруулахын тулд. Зургийн дугуйланд манай бага хүүхэд ч гэсэн явж байгаа. Дөрвөн настайгаасаа явж эхэлсэн. Нандин болохоор зургаан настайгаасаа явсан.

-Аль төрөлдөө илүү сонирхолтой юм шиг танд анзаарагдсан бэ?

-Ер нь бол Нандин мэргэжлээ сонгочихсон. Одоо сонгодог төгөлдөр хуурын ангид явдаг. Маш бага цаг завтай байдаг. Зав гарсан үедээ бямба гарагт ч юм уу нэгээс хоёр цагийн хооронд зургийн багш дээрээ ирээд, хааяа нэг чимээгүй орчинд ороод амрах маягаар л  дугуйланд явдаг даа.

Т.Энэрэл (8 настай) Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 3с ангийн сурагч

-Хэзээнээс эхэлж зурсан бэ?

-Миний санаж байгаагаар бол таван настайгаасаа зурж эхэлсэн.

-Юу зурах гоё санагддаг вэ?

-Би хамгийн эхлээд их сонин өвөрмөц юм зурдаг байсан. Багшдаа сонин юм зурж өгчхөөд тэрнийгээ робот гэж хэлж байсан. Дараа нь би шувуу, эрвээхий, ургамал зурах маш их дуртай болсон. Амьтад, байгаль зурах дуртай.

-Төгөлдөр хуур тоглох чиний хувьд зурахаас хэр хэцүү байдаг вэ?

-Ер нь бол төгөлдөр хуур тоглох жаахан хэцүү. Зурахаас илүү хэцүү санагддаг ч гэсэн хоёулаа гоё санагддаг. 

-Аав ээж нь зурахад чинь дэмждэг үү?

-Дэмждэг. Дандаа гоё үг хэлж, зурах цаг гаргаж өгдөг.

-Гоё гоё үг хэлдэг байх. Юу гэж хэлдэг вэ?

-Гоё зурсан байна гэдэг. Заримдаа “үүнийгээ засчих, тэгээд боллоо” гэж зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө надад өөрийгөө сайжруулахад маш их хэрэг болдог. Тиймээс би хүмүүсийн бодлыг асуух дуртай.

-Зураг нь энд тавигдсан байхыг хараад ирээдүйд үзэсгэлэнгээ гаргах хүсэл төрж байна уу?

-Сайхан санагдаж байна. Үзэсгэлэнгээ гаргах хүсэл төрж байна. Төгөлдөр хуур тоглох бас их гоё байсан. Энэ үзэсгэлэнд оролцох үнэхээр гоё байна.

Энэрэлийн аав Тамир:

-Хүүхдийнх нь зураг үзэсгэлэнд тавигдсан байхыг харах танд ямар байна.

-Яг одоо ямар нэгэн юм мэдэрч чадахгүй байна. Бужигнаад л. Мэдээж хэрэг баярлалгүй яах вэ. Бахархах сэтгэл төрж байна. Манай хүүхэд их ачаалалтай байсан. Хичээлийн жилийн эцэс болж байгаа гээд хийж байгаа олон юмнууд нь давхцаад. Өөрийгөө энэ насан дээр ийм зүйлүүдийг хийгээд явж байна гэж төсөөлөхөөр ерөөсөө болж өгөхгүй. Бараг юу хийж байснаа ч санахгүй байна. Тэгэхэд бага дээрээ ийм олон зүйл амжуулаад явж байна гэдэг цаашдаа илүү ихийг хийж бүтээх боломжтой гэдгийг харуулж байна. Энэ насанд нь шинэ хуудас нээж өгч байгаа юм болов уу гэж бодож байна.

-Хүүхэд нь төгөлдөр хуур тоглодог, зурдаг ер нь урлагийн их нарийн мэдрэмжтэй юм байна. Хүүхдийн хувьд урлагийг мэдэрч, ойлгох нь яагаад тийм чухал вэ?

-Урлаг гэдэг нь өөрөө биднийг бусад амьтдаас ялгаж байдаг үнэт зүйлүүдийн маань нэг. Хүмүүс бид хийж бүтээсэн зүйлсээ эргээд харахад урлагийн агуу суу бүтээлүүд их гарсан байна. Хэзээд таашаал авдаг, гайхшран биширдэг агуу зүйлс. Сонгодог хөгжмийн хувьд ч тэр. Бид нарыг хэн бэ гэдгийг ялгадаг зүйл бол урлаг мөн. Хүүхдүүдэд мэдээж сэтгэн бодох чадвар эерэг, хүчтэй нөлөө үзүүлдэг. Төгөлдөр хуур дарах, зураг зурахаараа магадгүй ирээдүйд ажиллахгүй байж болох ч амьдралд нь хэрэг болно гэдэгт итгэлтэй байдаг. Харах өнцөг, хандлага өөрчлөгдөнө. Гаргаж байгаа шийдвэрүүд өөрчлөгддөг. Илүү оюунлаг, хүнлэг болдог.

Ийнхүү эцэг эх, хүүхдүүдийн холбоог улам нэмэгдүүлж, авьяасыг нь нээн харуулсан сонирхолтой үзэсгэлэн амжилттай болж өнгөрсөн юм. Та бүхэн ч мөн хүүхдүүдийнхээ ирээдүйд, урлагийн мэдлэг, боловсролд нь тус нэмэр болж, авьяасыг нь хөгжүүлэх бүхнийг хийгээрэй.

Сурвалжлага бэлтгэсэн Б.Маралмаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
2
19
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.