Цахим сүлжээнд саяхан гарсан "Ундэр Хаан угнай" хэмээх дууны клип олны талархлыг хүлээгээд байна. Дуучин Булат Бадмаев энэхүү бүтээлдээ монгол, буриад ард түмний алдарт охид, хөвгүүдийг магтан дуулжээ. Их Богд Эзэн Чингис хаан, Гэсэр, Алан гоо эхийг магтан дуулж, тэдний үр сад ч эх орноо өндөрт өргөн мандуулж байгааг харуулсан байна.
Клипэнд алдарт тамирчид оролцсон. Борис Будаев, Виктор Баймеев, Батор Цыренов, Цыбик Максаров нарын бөхчүүд, байт харвааны Инна Степанова, Эрдэм Жигжитов, Бальжинима Цыремпилов, боксчин Тамир Галанов, Батор Сагалуев, самбо бөхийн Баир Омоктуев нар байна. Мөн ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, Буриадын Ардын жүжигчин Цыпилма Аюшеева, Баттувшин Балданцэрэн нар тогложээ. Видеог бүтээгчид Буриадын алдарт хөвгүүдэд Аугаа их Эх орны дайнд оролцогч, ЗХУ-ын Баатар Владимир Борсоев, мэргэн бууч Жамбыл Тулаев, ЗХУ-ын Баатар, хошууч генерал Илья Балдынов, ОХУ-ын Баатар Алдар Цыденжапов, Буриадын лам, эрдэмтэн, дипломат Агван Доржиев, Итгэл хамба нарыг оруулсан байна. Зураг авалтыг Монгол, Буриадын Улаан-Үд, Байгал нуурын эрэг дээр авчээ.