Өнгөрсөн нэгдүгээр сард Тайваньд болсон "Counter-Strike Intel Extreme Masters Taipei” цахим тоглоомын тэмцээнд Азийн шилдэг багуудыг ялан түрүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн манай “The MongolZ” баг энэ өдрүүдэд Филиппинд тэмцээнд оролцож байна.

Энэ сарын 4-нд болсон “The Manila Major Dota 2” урьдчилсан шатны тэмцээний үеэр манай багтай учраа таарсан Тайландын “Signature.Trust” багийнхан заль хэрэглэн, манайхныг ялах гэж оролдсон нь илэрч, том шуугиан гарлаа. “The MongolZ” багийн менежерүүдийн нэг “Signature.Trust”-тэй хийх тоглолтын явцыг камерт бичлэг хийж байхад нь өрсөлдөгч багийнхан нь өөрийн тоглолтын явцыг дэлгэцээр хянаж байгаа дүрс санамсаргүй бичигдчихжээ. Энэ нь цахим спортын тэмцээнд ил тод залиланд тооцогддог байна. Дүрс бичлэг багийн хуудсан дээр тавигдан, удалгүй устгагдсан ч хүмүүс тайландчуудын залийг ажиглаж амжжээ. Хөгжөөн дэмжигчид уурлан хилэгнэх нь ойлгомжтой. Хэдийгээр албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч Тайландын багт “Valve”-гаас ямар нэг шийтгэл хүлээлгэх нь гарцаагүй болоод байна. Манай баг 1 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдсоноор тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

