“Токио 2020” олимпийн наадам боксын тэмцээнгүй явагдаж тун магадгүй боллоо. Өнгөрсөн Баасан гараг буюу 11 дүгээр сарын 30-нд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Токиогийн олимпийн наадмын боксын тэмцээний бэлтгэл ажлыг зогсоох шийдвэр гаргалаа.
ОУОХ-ноос сонирхогчдын боксын AIBA холбооны үйл ажиллагааг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлснээ зарласан юм. Мөн тус холбоог санхүүжүүлэхээ зогсоож, тэмцээний тасалбар борлуулалт, хуваарь гаргах ажилд оролцохгүй болсон байна. AIBA олимпийн бэлгэ тэмдэг, лого, спортын цогцолборуудыг ашиглах эрхгүй болжээ.2017 оны 10 дугаар сард AIBA холбооны Удирдах зөвлөл холбооныхоо олон жилийн удирдагч байсан Өмнөд Солонгосын иргэн Чинг Коу Вуг авлигын хэрэгт буруутгаж, бүх насаар нь бокстой холбоотой ажил эрхлэхийг хориглосон билээ.
Ингээд шинэчлэл хийх шинэ Ерөнхийлөгч сонгох хэрэгтэй болсон юм. Өнгөрсөн сарын 3-нд болсон сонгуулиар Узбекистаны бизнесмэн, 67 настай Гафур Рахимов 137 улсаас 86 орны саналаар ялалт байгуулсан билээ. Гафур Рахимов 2001 онд Узбекистаны ҮОХ-ны Ерөнхийлөгч, 2002 онд AIBA-гийн дэд ерөнхийлөгч, 2006 онд Азийн боксын холбооны ерөнхийлөгч болсон. Гэхдээ түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой, хар тамхины наймаа хийдэг гэж АНУ-ын Санхүүгийн яамнаас үзэж, санхүүгийн хоригийн хар жагсаалтад оруулсан юм. 2002 оны Сиднейн олимпийн үеэр Австралийн Засгийн газар түүнд виза өгөхөөс татгалзаж байв. Ийм хүнийг Ерөнхийлөгчөөр сонговол олимпийн наадмаас боксыг хасах болно гэдгээ ОУОХ эртнээс мэдэгдэж байсан ч сонгуулиар тэр яллаа. ОУОХ ч анхааруулгаа ажил хэрэг болгож эхэллээ. Гафур боксын спортоо бодоод ажлаа өгөх үү, эцсээ хүртэл тэмцэх үү гэдэг анхаарлын төвд байна.