Бразилийн Рио-де-Жанейрод болох Зуны олимпийн наадам эхлэхэд найман хоног үлдлээ. Тус наадамд зориулан “Монгол Шуудан” компаниас дурсгалын марк гаргажээ. Өнөөдөр МҮОХ-ны байранд болсон "Рио 2016" олимпийн наадамд зориулсан шуудангийн маркийг танилцуулах ёслолд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, "Рио 2016" Олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, “Монгол шуудан” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, тэргүүн дэд захирал А.Шарав болон энэ олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөлөл оролцлоо.

Монгол улс 1960 оны Ромын наадмаас хойш өвөл зуны олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ зэрэг спортын томоохон арга хэмжээнүүдэд зориулан, шуудангийн марк худалдаанд гаргаж эхэлсэн уламжлалтай. Энэ удаагийн “Рио 2016” марк нь Монгол улсын шуудангийн үйлчилгээнд орох 1013 дахь марк болж байгаа юм."Зуны XXXI олимп" шуудангийн маркийг ОУОХ, Монголын Үндэсний Олимпийн Хорооны зохих зөвшөөрөл, тавигдсан шаардлагын дагуу бүтээж, худалдаанд гаргаж байна. Марк дээр Бразил улсын Төрийн далбаа, Рио де Жанейро хотын бэлгэ тэмдэг болсон Аврагч Христийн хөшөө болон Олимпийн алтан медалийг Олимпийн таван цагаригийн хамт дүрсэлж, хэлхээний чимэглэлд спортын төрлүүдийг дүрсэлжээ. Уг маркийн зургийг зураач Ч.Бат-Эрдэнэ зурж, загварыг Ж.Ганхуяг хийж гүйцэтгэжээ. "Зуны XXI олимп" шуудангийн марк нийт 10 мянган ширхэг хэвлэгдсэн бөгөөд нэг нь 1000 төгрөгийн үнэтэй.




