Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Монгол нэртэй эгшиг

“Лувсанжамбын Мөрдорж” цуврал III


(Төрийн сүлд дуулал бүтсэн түүх)


Олон зууны унал босол, мандал бадрал, ялах ялагдахын бахархал, гашуудлын дундуур туучиж ирсэн монголчууд тусгаар тогтнолын үнэ цэнэ, төртэй байхын утгыг удмаас удамд шингээн, ой дурсамждаа хадгалан үлдээжээ. Төрийн дуулал эгшиглэхэд сэрж, төрийн дуулалтай хамт нойрсож, энэ орчлонгийн бор өдрийг нэг л дуугаар хэмжиж өнгөрүүлдэг, түүнийгээ дуулбал зүрхэн тушаа гараа авч, эх орноо зүрх сэтгэлдээ хурааж байх шиг үйлддэг, уулгамчлан залбирахдаа ч төрөө дууддаг ийм ард улс энэ хорвоод хэр олон бэ?. Монголчууд түүхэндээ төрийг хөг эгшгээр дамжуулан гэртээ залж, тусгаар тогтнол, мандал бадралаа үг бүхэнд нь шингээн шившсэн таван төрийн сүлд дуулал бүтээжээ.

Төрийн дууллын түүх хуучцуулын аман ярианд дурдагдсан “Эртний сайхан” уртын дуугаар эхэлнэ. Монголчуудын үүсэл гарвал, удам угсааг эргэн сануулсан энэ  дууг Чингис хааны үеийн төрийн сүлд дуулал хэмээдэг. Харин судлаачдын хамгийн тодорхой батлан өгүүлснээр 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа “Зуун лангийн жороо луус” дууг төрийн сүлд дууллаар сонгож, 1924 он хүртэл дуулжээ. “Зуун лангийн жороо луус” шашны хүндэтгэлийн дуулал тул төрийн сүлд дуулалтай болох саналыг Богд хаанаас, захиалгыг Монгол Улсын Засгийн газраас Хаант Орост мэдүүлж хөгжим бичүүлсэн тухай хөгжмийн онолч, судлаач Б.Батжаргал өгүүлсэн байна. Зохиогч нь Чех гаралтай Оросын хөгжмийн зохиолч, Санк-Петербург хотын Марийн театрын тэргүүн хийлч Андрей Вячеславович Кадлец. Санкт-Петербург хотноо гарч байсан "Огонёк" сэтгүүлийн 1914 оны гуравдугаар сарын 19-ний дугаарт гарсан "Сэргэн мандаж буй Монгол" гэсэн гарчигтай энэхүү мэдээ Богд хаант Монгол Улсын төрийн сүлд дууллын бүдэг түүхийг тодруулсан сонирхолтой баримтыг шингээжээ.

1924 он гарч Өргөө хот “Улаанбаатар” нэрээ авч, анхдугаар үндсэн хуулиа баталж, улс тунхагласан тэр жилээс зохиолч С.Буяннэмэхийн “Монгол интернационал” дууг төрийн ёслол, радио нэвтрүүлгийн эхлэл төгсгөлд эгшиглүүлж байхаар тогтлоо. Алдарт хөгжимчин Магсаржавын Дугаржавын хөгжмийг нь бичсэн дууны агуулга хүн төрөлхтөн интернационалч зам руу орохыг сэнхрүүлсэн утгатай байв. Харин монгол хүн бүрийн амнаас “Хайртай Монгол орноо мандуулъя” гэсэн халуун дулаан үгээр амилдаг төрийн шинэ дууллын түүх 1946 оноос эхэлж, өнөөдөр ч үргэлжлэн бичигдсээр буй.

Өдгөө дуулж буй төрийн сүлд дууллыг бүтээсэн гурван хүний хоёр нь болох Монгол Улсын төрийн хошой шагналт хөгжмийн зохиолчид 1991 онд уран бүтээлийнхээ тухай хөөрөлдсөн нь радиогийн хальсанд хадгалагдан үлджээ. Билэгийн Дамдинсүрэн “Сүлд дууллын хөгжмийн тухай тусгай уралдаан зарлаж, уг уралдаанд арваад хүн оролцсон. Тэдгээр хөгжмөөс шалгарсаар яваад бид хоёрын хөгжим зэрэгцээд үлдсэн юм. Бас хоёулангийнх нь хөгжмийг тус тусад нь сонсож үзсэн. Баахан сонсоод нэгтгэж үзье гээд миний хөгжмийн эхний хэсэг, Л.Мөрдоржийн хөгжмийн сүүлчийн хэсгийг нэгтгэж сургууль хийлгээд, хэд хэдэн удаа сонсоод клаверыг Москва руу явуулсан гэсэн бол Л.Мөрдорж абугай “Сүлд дууллын уралдаанд бид хоёрын хөгжим батлагдсан тухай би мэдээгүй байлаа. Нэг өдөр намайг улсын цирк дээр ажил дээрээ байтал Дамдиа ноотоо барьсаар хүрч ирээд бид хоёрын хөгжим төрийн дууллын хөгжмөөр батлагдсан байна. Чи нийлэх үү? гэж асуухад би нийлэхгүй яах вэ гэж хэлсэн” гэжээ. Энэхүү ярианд 1950 онд өрнөсөн үйл явдлыг эргэн дурсчээ. Харин судлаач, доктор Д.Цэдэв “Монгол Улсын төрийн сүлд дууллын тухай” өгүүлэлдээ Төрийн дууллыг бичих асуудал ард түмний хүсэлтээр 1945 оноос эхэлснийг архивын баримтад тулгуурлан бичжээ. Судлаач нэрт хөгжмийн зохиолчтой уулзахад тэрээр “Төрийн сүлд дуулал баяртай, гэрэлтэй, тайван чөлөөтэй, өргөн уудам аялгуутай байх ёстой гэж би хувьдаа бодож бичсэн. Би аяа “Бор шувуу” нэрээр, Дамдинсүрэн аяа “Хад” нэрээр дээд газарт явуулсан. Сүүлд нь “Бор шувуу”, “Хад” хоёрын ая шалгарч үлдсэн байна гэсэн. Улсын циркийн хөгжмийн удирдаач байхад минь Дамдинсүрэн ноотоо барьчихсан “Миний бөгс (дахилт) муу, чиний цээж (бадаг) муу гэнээ. Сэтгэл тохирвол миний цээжийг, чиний бөгстэй нийлүүл гэсэн чиглэл гарсан гэнээ гэж ёжлосоор ирэв” гэж бичжээ.

Ийн нэг нутагт, айл сайхалт шахуу айлд мэндэлсэн хоёр хөгжмийн зохиолчийн бүтээл шат дараалсан шалгаруултад тэнцэж, улсын сүлд дуулал болсон түүхтэй. Тэдний зохиосон хөгжимд нийлэх дууны үгийг бичих ажил бүр эрт, 1946 оноос зарлагдаж эхэлснийг дээр дурдаад орхисон билээ.

Монгол Улсын төрийн дууллын үгийг бичих шалгаруулалтад шалгарч, төрийн дууллын нэрийн дор эцэг эхээс хайрласан нэрээ бичүүлсэн эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн отгон шавь, судлаач Р.Отгонбаатар гуай ийн ярилаа. “Билиг авьяастай шүлэгчдээс XX зууны дундуур багш ганцаараа үлдсэн үед Монгол Улсын шинэ дуулал зохиох ажлыг найдан даатгаж, өөрөө ч хичээж зүтгэсэн юм шиг байна. Тэгээд “Дархан манай хувьсгалт улс Даяар Монголын ариун голомт” гэж эхэлдэг сүлд дууллыг зохиосон юм. Энэ дууллыг зохиоход түмэн түвэг учирсан гэж надад хэлж байсан. Яасан юм бэ? гэхэд тэр үеийн удирдагчид Ленин, Сүхбаатар, Сталин, Чойбалсан гээд хүмүүсийн нэрийг нэг эгнээнд бичих шаардлага тавьж байсан. Би арай чүү тайлбарлаад хоёр хоёроор нь тусдаа мөрөнд бичихээр болсон гэж билээ. Дараа нь хэсэг Ч.Чимид, Ц.Гайтав гуайн шүлгээр яваад 1990 онд буцаад багшийн зохиосон үгээр дуулах болсон шүү дээ” гэж ярилаа. Энэ бол сүлд дууллыг зохиоход учирсан олон хоногийн хэрэг явдлын дөнгөж нэг өчүүхэн хэсэг. Төрийн дууллын үг бичих уралдаанд ороод тэнцээгүй яруу найрагч Д.Сэнгээгийн зүгээс дээд газарт Ц.Дамдинсүрэнгийн бичсэн үг утгын хувьд тодорхойгүй, мөр бадгийн утга хоорондоо авцалдаагүй гэсэн урт шүүмж илгээжээ. Энэхүү захидалд дурдсан саналыг 1961 онд дахин хэлэлцэж, Ч.Чимид, Ц.Гайтавын зохиосон үгээр сольж, 1990 оны хоёрдугаар сард эргэн сэргээсэн түүхтэй.

Хөгжмийг нь бичсэн хоёр хүний нэг Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн зээ хүү Л.Энхцогт “Төрийн сүлд дууллын хөгжмийг зохиох сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүст нууц нэр өгсөн юм билээ. Эхний шатанд дандаа ан амьтны нэр, харин хоёр дахь шатанд шувууны нэр өгсөн юм шиг байгаа юм. Тэгээд хоёр дахь шатны хүмүүсийн бүтээлийг Маршал Чойбалсан тэргүүтэй хүмүүс сонсож үзээд Харцага, Бор шувуу хоёрынх их зүгээр болж гэсэн юм билээ. Ингэж Мөрдорж гуай, өвөө хоёрын бүтээл сонгогдсон. Надад хадгалагдаж байгаа Төрийн сүлд дууллын гар бичмэл дээр бол 1950 оны хоёрдугаар сар гээд Морь, Шувуу гэсэн нэр бичсэн байдаг” гэлээ.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Тухайн үед тэр хоёр гол хөгжмийн зохиолч байлаа. С.Гончигсумлаа гуай Орост сураад дөнгөж төгсөөд ирж байсан үе. Маршал хөгжмийн зохиолчдоор ая хийлгээд өөрөө сонсож байгаад сонгосон гэх яриа намайг Намын төв хороонд ажиллаж байхад сонсогдож байсан” хэмээн ярьж байна. Монгол Улсын төрийн дууллыг зохиоход тухайн цаг үе, уран бүтээлчдийн өссөн орчин хэрхэн нөлөөлсөн талаар түүхч, доктор О.Батсайхан “Хамгийн сонирхолтой нь Богдын ордонд 1911 оны дараа төрийн дуулал зохиож байжээ. XX зууны эхээр Оросын аялагчдын бичсэнээр Богдын ордон төгөлдөр хуур, үлээвэр хөгжмийн чуулгатай, кино үзэж, хөгжим тоглодог байсан тул тийм ертөнцөд өсөж байгаа хүүхэд мэргэжил боловсролтой болж өсөлгүй яах билээ. Тухайлан яривал монголчууд бидний орой болгон сонсон нойрсож, өглөө бүр сонсож сэрдэг Монгол Улсын төрийн дууллыг зохиолцсон Л.Мөрдорж гуайг Богдын өргөмөл хүү гэдгийг бид мэднэ” гэлээ. Шинэ төрийн дуулал бичигдэхээс өмнөх жилүүдэд Лувсанжамбын Мөрдоржийн хөгжмийг нь зохиож, Д.Сэнгээгийн үгийг нь бичсэн “Эх орон” дуу төрийн дууллын хэмжээнд түгэж, өглөө радиогийн нэвтрүүлгийг эхлүүлдэг байсан гэдэг.

Энэ л гурван хүний оюун санаанаас гарсан хөгжим, үгийн хүч бидний тусгаар тогтнолын үнэ цэнийг өглөө бүр сануулж, орой бүр бататган эгшиглэсээр. “Зарим хүмүүс төрийн дууллыг Оросын төрийн дуулалтай төстэй гэдэг. Гэхдээ энэ бол тэс өөр, монгол үндэсний хөгжмийн онцлогийг тусгасан гайхалтай хүчирхэг бүтээл” гэж хөгжим судлаач Р.Ганбаатар онцолж байна. “Монгол улсын сүлд дууллын тухай ЗХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Ядамжав, уран зохиолч Ц.Дамдинсүрэн нар 1950 оны гуравдугаар 27-ны өдөр Зөвлөлтийн уран зохиолчдын холбоо дээр очиход алдарт шүлэгч Исаковский “Миний санахад энэ дууллын үгийн утга, чанар их зүйтэй байна. Монгол хэл мэдэхгүй ч шүлгийн байдлыг харахад зохимжтой болсон байна. Хөгжим нь их хөгжилтэй, ёстой л сүлд дууны хөгжим болсон байна” гэж хэлэхэд нөхөр Палладин “Энэ сүлд дууллын хөгжим хөгжилтэй сайхан сонсогдож байна. Английн сүлд дууны хөгжимтэй зэрэгцүүлэхэд хавьгүй сайн болжээ” гэж үнэлсэн байна” хэмээн хөгжим судлаач Ж.Энэбиш судалгаандаа эшилжээ.

Төрийн дуулал зохиох ажил жил, сар дамнан үргэлжилж Маршал Чойбалсан 1949 оны 12 дугаар сард 25 дууг сонсож, түүнээсээ өмнө нь дуулагдаж байсан болон шинээр зохиосон нийт дөрвөн дууг сонгон авсан талаар доктор Д.Цэдэв судалгаандаа тэмдэглэжээ. Энэ талаар хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин П.Хаянхярваа гуай ийн ярилаа. “1950 оны нэг сараас дөрвөн сар хүртэл янз бүрийн дуу тоглуулж сонсдог байлаа. Хуучин төрийн дуулал, Богд хаант Монгол Улсын төрийн дуулал, Зөвлөлтийн төрийн дуулал янз бүрийн дууг хөгжимдүүлж сонсоно. Ингэж явж явж дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хамгийн сүүлийн сонсолтоо хийгээд дарга нар гарч яваад хоёр цагийн дараа Маршал Чойбалсан их баясгалантай орж ирсэн санагддаг. Тэгээд та бид Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн шинэ дууллаа бүтээлээ. Та бүхэн хувийн намтартаа төрийн шинэ дууллыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан гэж бахархалтайгаар тэмдэглэж болно гэж хэлсэн. Тэр үед би 15 настай хүүхэд байлаа. Ингээд хэд хоногийн дараа тавдугаар сарын 1-нд, “Майн баяр”-аар жанжны талбай дээр цэргийн нэгдсэн үлээвэр хөгжмөөр анх удаа хөгжимдсөн. Тэр өглөө Монголын радиогийн нэвтрүүлэг эхлэхэд Москвад бичсэн бичлэгийг тавьж дуугаргасан” гэв.

Ийнхүү Монгол Улс өнгөрсөн 70 жилийн турш эгшиглэсэн, цаашид хэдэн он дамжин эгшиглэхийг үл мэдэх төрийн сүлд дууллаа бүтээж, тусгаар тогтнолоо дэлхийн улс оронд хөгжмийн хэлээр түгээсэн ажээ.


Л.Мөрдорж цуврал I "Хөг эгшгийн Доминикус" нийтлэлийг энд дарж уншина уу!

Л.Мөрдорж цуврал II "Мөнхийн гэгээ" нийтлэлийг энд дарж уншина уу!



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ichkaodko 2020.01.04 49.0.212.231

chuluun, choidog nar bol mun murdorj-tei adilhan mongolin hugjmiin urlag masterpiece gej nerlegdeh buteel tuurvisan humuus bas todiilun olond tanil bus daa ylanguya choidog guain talaar buur tursun huun hurtel halit hult meddeg yum bna lee zailuul ene hunii talaar bas iim niitlel bichij uguuch

0 Хариулах


ichaodko 2020.01.04 49.0.212.231

uneheer gaihaltai saihan niitlel boljee, mash sain sudalgaatai niitlel bolj. Yag iim sudalgaatai saihan niitlel Hugjmiin zohiolch Choidog bolon Chuluun deer bichij uguuch bayarlaa.

0 Хариулах