UBLife Logo
-

Чөлөөт бөх 65 кг Хэн нь хэн бэ

Чөлөөт бөх 65 кг Хэн нь хэн бэ

“Рио 2016” олимпийн наадмын сүүлийн өдөр манай чөлөөт бөхийн хоёр тамирчин барилдана.65 кг-ын жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран олимпийн наадамд анх удаа оролцоно. Энэ жинд 21 бөх барилдана.“Б” хэсэгт орсон Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт 2012 оны олимпийн хүрэл медальт, Азийн хошой аварга Энэтхэгийн Йогешвар Дутт-тай оноолт таарсан. Дутт гэж хэн бэ?

1982 онд төрсөн ахмад тамирчин. Найман настайгаасаа бөх барилдсан Дутт 2004 оны олимпод оролцож, 18 дугаар байр эзэлсэн. 2006 оны Азийн наадамд хүрэл авсан тэрбээр 2008 оны олимпод бас оролцлоо. Медаль аваагүй ч амжилт нь 9-р байр болон ахижээ. 2010 онд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам хэмээх том тэмцээнд түрүүлсэн Дутт гурав дахь олимп болох “Лондон 2012”-оос 60 кг-ын жинд хүрэл медаль авч чадсан. Лондонгийн олимпийн эхний тойрогт Болгарын Анатолий Гуйдяг ялаад дараа нь Оросын Бесик Кудуховд ялагдсан ч түүнийг амжилттай дагасаар 3 барилдаанд ялж, хүрэл медалийн болзол хангаж байв. Эх оронд нь түүнийг төрийн хүндтэй шагнал болох “Падма Шри”-гээр шагнасан байна. 165 см өндөр.

Түүнийг ялбал дараагийн тойрогт Австралийн албани бөх Сахит Призрени, Хятадын казах бөх Ерланбек Катейулы нарын ялсантай барилдах болно. Сахит 2007 онд ДАШТ-ээс хүрэл авч байсан 33 настай ахмад бөх бол Ерланбек Катейулы Өвөрмонголд чөлөөт бөхийн бэлтгэлээ базаадаг, Азийн наадмын хүрэл медальт. Риогийн олимпийн эрх олгох Азийн тэмцээнд Дутт түрүүлж, Ерланбек үзүүрлэж байлаа.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос нэрлэсэн медаль хүртэх хамгийн өндөр боломжтой бөхчүүдийг танилцуулья. Юуны өмнө 2014 оны дэлхийн аварга, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Сослан Рамонов. Манай бөхтэй нэг хэсэгт орсон байгаа. Мөн А хэсгийг толгойлогч, дэлхий, Европын аварга Италийн Франк Чамизо нэрлэгджээ. Тэдний араас 2012 оны олимпийн аварга Азербайжаны Тогрул Аскеров болон Г.Мандахнараны өрсөлдөгч Энэтхэгийн Йогешвар Дутт жагссан байх юм. Харин “битүү морьдоор” Узбекистаны Ихтиёр Наврузов, манай Г.Мандахнаран нар тооцогджээ.

65 кг-ын гол бөх 25 настай Сослан Рамонов осетин үндэстэн. Энэ жинд оросууд 3 олимп медаль аваагүй байгаа сөрөг үзүүлэлтийг эвдэхээр дайрна. Гол өрсөлдөгч нь Италийн куба бөх Чамизо. Элдэв сэнсаац гарахгүй бол энэ хоёр финалд учрахаар төлөвлөж байгаа.  Хоорондоо 2 барилдсанаас 2015 оны Польшийн “Вацлав Циолковски”-д Чамизо 3-2 ялсан бол жилийн дараа Александр Медведийн нэрэмжит тэмцээнд Сослан 8-7 ялж, барилдааны харьцаа 1-1 болсон. 2012 оны олимпийн аварга Тогрул Аскеров олимпийн дараа 2 жил барилдаагүй. 2014 оны Европын аваргаар эргэн ирсэн ч амжилт олоогүй. Харин Лас-Вегасын ДАШТ-д тавдугаар байр эзэлж, олимпийн эрхээ авсан.

Бахрейн, Польшийн шигшээ багт Адам Батыров, Магомедмурад Гаджиев гэсэн 2 дагестан бөх бий. Адам Монголд болсон тэмцээнээс олимпийн эрхээ авсан. 2014 оноос эхлэн Польшийн нэрийн өмнөөс барилдах болсон Магомедмурад Гаджиев энэ 2 жилийн дотор 16 тэмцээнээс медаль хүртээд байна. Энэ жилийн Европын аваргын 70 кг-д түрүүлсэн. Өөрөөр хэлбэл олимпийн алтан медалийн хувь заяа 1 итали, 1 азербайжан, 3 оросын хооронд өрнөх нь.  Сүүлийн 7 жилийн олимпийн наадам, ДАШТ-ий дүн 65 (66) кгДАШТ 2015. Лас-Вегас. 1. Франк Чамизо (Итали); 2. Ихтиёр Наврузов (Узбекистан); 3. Сослан Рамонов (ОХУ), Сайед Ахмад Мохаммади (Иран); 5. Г.Мандахнаран (Монгол), Тогрул Аскеров (Азербайжан).ДАШТ 2014. Ташкент. 1. Сослан Рамонов (ОХУ); 2. Ахмад Сайед Мохаммади (Иран); 3. Михаил Сава (Молдав), Г.Мандахнаран (Монгол); 5. Азамат Нуриков (Беларусь), Мустафа Кайа (Турк).ДАШТ 2013. Будапешт. 1. Дэвид Сафарян (Армен); 2. Ливан Лопез (Куба); 3. Магомед Курбаналиев (ОХУ), Г.Мандахнаран (Монгол); 5. Леван Келехсашвили (Гүрж), Жин Хек Кан (Өмнөд Солонгос).Олимпийн наадам 2012. Лондон. 1. Тацүхиро Ёнэмицү (Япон); 2. Сушил Кумар (Энэтхэг); 3. Акжурек Танатаров  (Казахстан), Ливан Лопез (Куба); 5. Рамазан Шахин (Турк), Жабраил Гасанов (Азербайжан).ДАШТ 2011. Истамбул. 1. Мехди Тагави (Иран); 2. Тацүхиро Ёнэмицү (Япон); 3. Жабраил Гасанов (Азербайжан), Ливан Лопез (Куба); 5. Леонид Базан (Болгар), Адам Батыров (ОХУ).ДАШТ 2010. Москва. 1. Сушил Кумар (Энэтхэг); 2. Алан Гогаев (ОХУ); 3. Жабраил Гасанов (Азербайжан), Хендри Гарсон (Куба).ДАШТ 2009. Хернинг, Дани. 1. Мехди Тагави (Иран); 2. Расул Жукаев (ОХУ); 3. Леонид Спиридонов (Казахстан), Тацүхиро Ёнэмицү (Япон).

UWW чансаа1. Франк Чамизо (Итали); 2. Сослан Рамонов (ОХУ); 3. Исраил Касумов (ОХУ); Магомед Курбаналиев (ОХУ); 5. Тогрул Аскеров (Азербайжан); 6. Мейсам Насири (Иран); 7. Ихтиер Новрузов (Узбекистан); 8. Борислав Новачков (Болгар); 9. Г.Мандахнаран (Монгол); 10. Франклин Гомес Матос (Пуэрто-Рико); 11. Алехандро Вальдес Тобьер (Куба); 12. Йошешвар Датт (Энэтхэг); 13. Франк Молинаро (АНУ); 14. Зураби Якобашвили (Гүрж); 15. Ерланбек Катаи (Хятад); 16. Сайед Ахмад Мухаммади (Иран); 17. Дэвид Сафарян (Армен); 18. Магомед Муслимов (Азербайжан); 19. Теймур Маммадов (Азербайжан); 20. Мустафа Кайа (Турк).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
26
19
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.