Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Эсээ | Ямар их хайран дундаас хүн болсноо мэдэхэд...


Би багаасаа л аав байв. Царай төрх, ааш маяг маань аавтай адилханыг хүн бүр гайхаж, бараг л би өөрийгөө ээжээс мэндэлсэн гэдгээ мартах шахталаа үнэмшдэг байлаа. Эмээ нэг удаа “Үхсэн бол дахиад төрлөө гэхсэн, яахаараа ингэж хамаг байдгийг нь дуурайчихдаг байна аа” гэж өхөөрдөж байж билээ. Би ч хүмүүсийн ярианы сэдэв болохдоо додигор, гэхдээ эргэлзээ бол байсаан. Үе үе альбом ухаж, залуугийнх нь зургийг харж, нээрэн тийм адилхан юм болов уу хэмээн харьцуулна. Давхраатай нүд, хүрэн үс, шар арьс гурваас өөр адилхан юм тэгэхэд анзаарагдахгүй. Аргагүй шүү дээ, би арав ч хүрээгүй жаахан хүү байсан юм чинь. “Аавын чих дэлдэн биш шүү дээ” гэсэн баримт дээр үндэслэн их л нухацтай бодно. Миний хамгийн том комплекс дэлдэн чих маань байснаас тэр.

Харин саяхан надад нэг хачин мэдрэмж төрсөн юм. Ааваасаа би хачин их холдож буйгаа анзаарав. Өглөө бүр зурагных нь өмнө залбираад гардаг маань нэгэнт дадал болжээ. Саарал костюмтай, төв харцтай, оюутан үеийнх нь хар цагаан энэ зургийг аавыг бурхан болсны дараа би өөрөө сонгосон юм. Энэ л төрх, энэ л зураг аавынхаа тухай бодох бүрт бодолд тодорно. Гэтэл би энэ зурагнаас бусад төрхийг нь мартаж эхэлж байгаа юм биш биз?

Эргээд бодоход эрхэлж байсан үеүд л санаанд тодхон. “Алив нэг үнсье...” гээд хошуугаа цорвойдог нь бүр ч тод. Аав маань үнсэлтээ харамладаггүй хүн байсаан. Эр хүн эхнэрээ өдөрт 13 удаа үнсэх хэвийн үзэгдэл гэнэ, тиймээс манай гэрийн хөвгүүд кинон дээр хосууд үнсэлцэхэд нүдээ даралгүй өссөн. Заримдаа бодлыг маань уншдаг ч юм шиг санагдана. Яг бодоод сууж байхад л “Алив миний хүү нэг зайрмаганд гүйгээд ир” гэнэ. Эсвэл би үргэлж л амттай юм идэх тухай боддог байсан болохоор тэр юм болов уу?
Энгэртээ жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дандаа авч явна. Хачин гоё бичигтэй. Шинэ дэвтэр авахаараа утасны жагсаалтаа надаар бичүүлнэ. Мэдээж шагналтай.

Хийсэн үйлдэл, бичиж эрээчсэн болгоныхоо араас магтаал сонссоор би өөрийгөө ямар ч байсан онцгой хүн гэж бүрэн итгэдэг болж билээ. Магтаж, урамшуулахдаа сонгож хэлдэг тэмдэг нэрүүд нь онцгой. “Часхийсэн”, “үгээр илбэсэн”, “хөвөлзсөн” гэх үгс одоо бодоход бяцхан жаалын зохион бичлэг, шүлэг сэлтэд ахадна шүү дээ. Гэхдээ аав маань намайг ингэж урамшуулдаг байсан юм аа. Өөрөө шүлэг, яруу найрагт дуртай. “Болор цом”-ын кассетыг хуулж ирээд бидэнд нэг, нэг шүлэг оноон цээжлүүлнэ. Бага ах маань их цолгиун уншдагаас Мөнхөөгийн Билэгсайхан гэдэг Говь-Алтайн найрагчийн

Ар цармын бялзуухайг солгойдуухан аялчихаад
Аавын эзгүй хойгуур халамцуухан явахад минь
Асгарч унасан бүсний минь торгон үзүүрийг шороодолгүй
Хавчуулж өгсөн бүсгүй чи минь байсан юм гэж үү...
хэмээх шүлэг уншдаг нь санаанд тод үлджээ. Надад харин “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ийг сонгосон. Би найрагч шиг нь эрэмгий, эр хонгор дуугаар уншиж чаддаггүй байсан даа.

Манайд номын томоо шүүгээ бий, одоо гэхдээ бараг хоосон. Биднийг том болох үед тэнд хэдэн орос хэвлэл, аавын мэргэжлийн номууд л үлдэж, манайхаар орж гарсан бүхэн цөлмөөд дуусгачихсан нь харамсмаар. Бас пянзны хайрцаг нь надад өвлөгдсөн. Ер нь л юм юмны захтай, олон юманд сонирхолтой хүн байж. Энэ дүгнэлтийг надад гэрэл зураг л баталдаг юм. Жишээ нь, теннис тоглож, усанд сэлж, концертийн тайзан дээр микрофоны өмнө гитартай зогсоо зураг нь хүртэл бий. Бас цаг засна, шатрын дэд мастерийн зэрэгтэй. Залуудаа гэрэл зурагт дурлаж, хамаатан садныхаа бүхий л зургийг патиардаж үлдээсэн хальснууд нь эх хувиараа одоо ч хадгалаастай. Хоёр ахын дөнгөж төрсөн, бүр багын зургууд нь хэдэн янзаараа байдаг хэрнээ минийх л байдаггүй юм. Би зах зээлтэй хамт мэндэлсэн болохоор тэр юм байлгүй, завдал гараагүй байх. Өөр юуг би мэдэхгүй байна вэ?

Миний насан дээр аав юу бодож, яаж амьдарч байсан бол? гэдэг асуултын хариу “том болох” тусам сонирхол татна. Нэгэн цагт над шиг дэврүүн мөрөөдөлтэй, асаж бадарч явсан л байж таараа. Хүн ер нь ээж, аавыгаа мөрөөдөл тэмүүлэлтэй, өөрсдийнх нь нэгэн адил дэрвэж явсан гэдгийг анзаардаггүй юм шиг байгаа юм. Ямартай ч би тийм. Нэг удаа ээжтэй ярилцаж суугаад “Хотод анх оюутан болж ирэхдээ та өөртөө хамгийн түрүүнд ямар зорилго тавьж байсан бэ” гэж асуухад “Хамгийн эхлээд зайрмаг идэж үзнэ гэж бодсон. Дотуур байрандаа төвхнөчихөөд одоогийн Төв шуудангийн ард байдаг зайрмагны мухлаг руу явж, гурвын бидон дүүрэн мөхөөлдөс авч байлаа” гэж хариулсан. Харин надад хэлээгүй бусад хариултыг нь би ээж, аав хоёрын 30 жилийн өмнөх захидлаас олсон юм.

Тэрхүү нандин дурсамжаа ээж надад өөрөө хэрэг болгож өгсөн. Гэхдээ ингэ тэг гэсэн элдэв захиас дайсангүй. Тэнд бичээтэй “Өнөөдөр 28. Гурав хоногийн дараа Очир чинь бүхэл бүтэн 27 нас хүрлээ шүү дээ. Цаг хугацаа гэж амархан явах юм аа. Саяхан ирж байсан. Одоо сарын дараа чамдаа очлоо шүү дээ” гэсэн өгүүлбэр намайг сэрээсэн юм. Аав бид хоёрын төрсөн өдөр тавхан өдрийн зайтай болдог юм. Яг одоо бид цаг хугацааны нэгэн мөчлөгт зэргэцэн ирээд байх шиг. Хорин долоон жил, цаг хугацаа гэж амархан явах юм аа...



0
 Advanced issue found


Хорин долоон насных нь захидлуудаас би аавынхаа залуу насыг олов. Хамгийн гайхалтай нь би өөрийгөө хамтад нь олов. Ээж, аав хоёр маань өөрсдийгөө тасдаж, өөрсдийгөө нийлүүлж намайг бүтээжээ. Тийм болохоор миний доторх аав намайг анх удаа кофе шоп зүглүүлж, пянзны дэлгүүр лүү хөтөлж, номын цуглуулгатай болгож, ер зүгээр суулгах янзгүй элдэв сонирхолтой бүхэн тийш хөтөлж байж. Миний доторх ээж бяцхан жижигхэнд хүртэл догдлуулж, хэнэггүй зан гаргуулж, хорьж дийлдэггүй эрх танхи аягладаг байх нь.

Эмээ маань тэгэхэд миний гадна төрхөөс бус, дотроос маань аавыг олж харж. Ямар гайхалтай нээлт вэ? Захидал бүрийг би нямбайлан уншихдаа ямар их хайран дундаас мэндэлснээ мэдрэх сайхан байна аа. Би энэ жаргалаа тантай хуваалцъя гэж шийдлээ.

Сайн байна уу, хайрт минь

Чамдаа энэ өдрийн мэнд хүргэн, сайн явж ирснийг дуулгая. Манай хотоор онцын сонин юмгүй, маш их хүйтэрч байна. Замд хил гааль гайгүй гарч ирсэн. Новосибирскт нэг хоноод ирсэн. Юмаа янзлах гэж буусан юм. Онц бүтсэн юм байхгүй. Харин төв рынокоор нь орж чамдаа нэг гутал авсан. Хавар, намрын богино түрийтэй цагаан. Чамд минь таалагдана байх гэж бодож байна. Надад бол зүгээр, аятайхан юм байна лээ.

Найз нөхөд бүгд сайн, Тулгаа сайн. Удахгүй халх явна. Тулгаагаар чамд гутлыг чинь явуулах санаатай. Өнөөдөр 22, чи яагаад ирсэнгүй вэ. Жанчив ахынх руу хоёр ч удаа залгуулсан. 8 өнгөрөөд, дараа нь 11 болж байхад. Бие чинь зүгээр биз? Чамайг ирээгүй болохоор бүр санаа зовчихлоо. Маргааш дахиад нэг оролдож үзэхээс.

Бид хоёр I/23-наас II/25 хүртэл 22 хоног хамт байж их сайхан амарчээ. Нөхөд маань намайг аргагүй л авгай дээрээ очоод ирсэн хүн шиг өнгө орчихоод ирж, турах биш таргалсан байна гэцгээж байна. Амралт чамд минь ямар санагдсан бэ? Сүүлчийн гурав хоног л дагуулж тэнээд, чамайг нэлээд ядраах шиг болсон. Гэхдээ зүгээр, охин минь. Хааяа тийм юм байлгүй яах вэ. Алаг хорвоог хүмүүс ядрах цагт нь ядарч, жаргах цагт нь жаргаж л туулж байгаа. Чи бид тэдний нэг адил.

Туяа, бие чинь зүгээр үү. Гуравдугаар сар хурдхан гараасай л гэж бодож байна. Энд ирчихээд бодогдоод байх юм. Яасан бол гээд... Одоохондоо яасан бол гээд явж байна бид хоёр. Нэг мэдэхэд магнайгаа хагартал баярлацгаана, тийм ээ.

Чи өвлийн гутал олж өмссөн үү, дулаахан шиг эрүүл энх л явж бай, охин минь. Чамдаа удахгүй л очно шүү дээ. Тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхэн гээд л очно шүү дээ. Хоёр сар хагас л байна шүү. 

Чамайгаа маш их санаж байна.
Санахын зовлонг зүүд минь л ойлгож
Сайхан чамтай минь учруулж
Энгүй их төглийн дунд
Чамайгаа эрхлүүлэн, чамдаа эрхлэн наадаж суутал
Энхбаяр татаад сэрээчихлээ...
Чи хөдөө зүүн, баруун тийш нь захиа бичиж байна уу? Захиа сайн бичиж байгаарай. Сүхбаатар руу ярьж чадсан уу? Хааяа бололцоо байвал Нэргүй эгчтэй ярьж байхгүй юу. Хоролмаагийнхаар очоорой. Бидний нэг нь ч очихгүй эвгүй юм. Хүүхэд гомдчихно.

Найз нөхдөдөө бүгдэд нь мэнд хүргээрэй. Хавар яах тухайгаа захианд сайн бичээрэй. 6-7 сарын сүүлд л хуримын тухай бодмоор байна.

Практик Монголд хийх тухай удахгүй ярьж болох л байх. Чи 3-5-р ангийнхаа зурагнаас нэгийг явуулаарай. Хүнтэй авахуулсан байсан ч хамаагүй. Томруулах гэсэн юм.

Людмила Васильева чамд мэнд хүргэж байна. Чиний тэднийд авахуулсан зургийг өгч явууллаа. Чамаас календарууд хийчихсэн захиа авсан. Хүүхэд яваад хөдөлгөчихсөн байна. Цогтжав өчигдөр Монгол явсан. Чамд захиа өгч явуулж чадаагүй.

Оргодол, Партизан нар дипломоо бичиж байна. Оргоо энд байгаа хүүхэнтэйгээ бүр хачин болчихож. Сууна шахуу юм яриад явж байна лээ. Тэвчээр хүрэлгүй “Авгай чинь чамайг хүлээж байгаа, очсон нь л онох байх” гээд хэлж орхисон.

Энэ удаагийн захиагаа үгээр завсарлая.

Чамайгаа үнсье.

Жич: Энэ зургийг чинь үнсэх гэсэн чинь хажуу тийшээ өөр юм хараад байх юм. За, за тоглосон юм. Баруун талын чих, хацарнаас чинь бусад харагдаж буй бүх газар үнслээ.

1986.02.22

Сайн байна уу? Туяа минь.

Энэ өдрийн мэнд хүргэж, та бүхнийг шагная. Биесүүд чинь сайн биз дээ. Чиний бичсэн гурав дахь захиаг чинь авлаа. III/27-ноос хойш утсаар ярьж болдоггүй маш хэцүү байв. Хамгийн сүүлд нь Дулам ахаар хэлүүлж байж наконец, өнөөдөр нэг юм ярив. Ярьж чадахгүй болохоор улам л их яараад, санаа зовоод байх юм.

Хичээлдээ явж байна. Манай энд ойрдоо овоо дулаахан байснаа өчигдөр цас ороод хайлаад гудамж дүүрэн шавхай... Хавар болоод сайхан байна. Удахгүй нисгэгчдийн баяр боллоо. Өнгөрсөн жилийн өдийд яаж байлаа. Би танайд очиж жаахан сууж байгаад ирдэг байж билээ. Өнөөдөр III/5, чи  сайн санаарай. Хүний амьдрал гэдэг сонин байгаа биз. Жилийн дотор маш олон өөрчлөлт гарлаа. Одоо чи бид хоёр үрээ хүлээгээд сууж байна гэдэг сайхан байгаа биз дээ. Чамайг улам их хайрлаж байна. Чамаас минь сайхан хүүхэн надад үгүй.

Өнгөрсөн оны IV/11-нд чамд анх удаа хайртайгаа хэлэхэд “Таныг би сайн мэдэхгүй шүү дээ” гэж байсныг сонсоход саяхан юм шиг. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч, одоо бие биенээ мэддэг, хайрладаг, хоёр газар биенээ тэсэн ядан хүлээж тэмүүлдэг болжээ. IV/12-нд хос шувуу болон нисч, амьдралын босгыг алхахаар шийдвэрлэцгээн зогсохдоо анх чамайг үнсчихээд сая санаа амран, өөрийн мэдэхгүй уртаар амьсгаа авч, сэтгэл минь тайвширч билээ, охин минь.

Одоо чи минь биеэ сайн бодож, хоол унд сайн идэж ууж, хүнд хүчир юм доргихоос холхон явж бай. Сэтгэл санаагаар ч гэсэн өндөр байх хэрэгтэй. Жирэмсэн байхдаа уурлаж, уцаарлах, сэтгэлээр унах янз бүр хүүхдэд нөлөөлдөг гэж уншлаа. Чамайг аль болох тайван сайхан байлгахыг бодож байна, Очироо чинь.
Найз нөхөд бүгд сайн. Хичээл номондоо явцгааж байна.

Хөдөө гадаанаас захиа занаа ирээгүй байна. Дулам ахаас нэг захиа ирсэн. Онц сонин юм бичээгүй байна лээ. Тулгаар юмнууд ирсэн. Янзалж чадаагүй байна. Ташкент руу Өлзийбаярт 100-р явуулсан. Она удахгүй очих байх (Монголд).
Авах юм маш их байна.
Одоогоор тавьсан зорилт:
1. Чамд гутал, өөртөө ботинк.
2. Чамд куртик, платъя (жирэмсэн хүний), өөртөө костюм
3. Хуриманд бэлдэх
4. Цаг, цүнх, ээмэг...
гэх мэт бичээд байвал маш их юм байна. Болохыг нь авна. Болохгүйг нь яадаг юм бэ? Хүмүүс болоод л байхад чи бид ч гэсэн болж л таарна, тийм ээ.  Нэг хөгжим авдаг юм уу гэсэн чинь боломж болохгүй л шинжтэй.

Өнөөдөр халхаас авчирсан бичгээ гадаад деканаар зуруулж, факультетийнхаа деканд өгсөн. Зөвшөөрмөөр л юм шиг байсан. Удахгүй л шийдэгдэх байх. Биенээсээ хол байна гэдэг хэцүү юмаа. Санах, мөрөөдөх, хайрлах, хардах, харамлах гэх зэргээр сэтгэл хэзээ ч тайван байхгүй, захиа ирэх, утсаар ярихад сая сэтгэл ямартай ч гэр орондоо тогтож, хичээл номдоо орж, ирээдүйн тухай элдвийг бодон суух юм. Эмэгтэй хүмүүс, охид ер нь олон янз байдаг бололтой. Хамт суралцдаг охидыг харж байхад 2-3 хүн янз бүрийн юм ярихаар их зан гаргаж, “би” л гэсэн бодолтой болчих юм. Зарим нь ч замбараагүй зан, явдлаасаа болж өөрсдөө хүнээр хүндлүүлэх хайрлуулахыг мартдаг бололтой. Хүний амьдрал ямар байх, яаж явцгаах, гэр орны уур амьсгал гэх мэт бүх л юм голдуу гэрийн эмэгтэй хүнээс шалтгаалдаг гэж би боддог.
Эр хүн яах вэ дээ. Янз бүрийн юмнаас болж архи дарсанд орж, араатан болчихгүй л бол ихэнхдээ авгайнхаа юу гэснээр л явж байдаг юм шиг ээ. Энэ бүхэн чи бид хоёрын хайр сэтгэл, халамж, биенээ ойлгодгоос шалтгаална. Тийм биз дээ.

Туяа минь, амьдрал биднээс их юм шаардана шүү. Гэхдээ энэ бүхэнд толгойгоо зовоовол мэдрэлийн өвчтэй болж магад.

Шилмүүст ойн гүнд орж
Сэргэлэн агаарт ядарсан бие тавирах шиг
Хайртынхаа захидлыг аваад уртаар амьсгаа авав
Хагас амьсгалж явсан юм биш байгаа.
Олон хоног нойргүй суусан юм шиг
Оюун санааны ядаргаа тайлж
Хүч тамир авлаа, захидлаас чинь
Хүнийг би ядартлаа санаж явжээ....


1986.03.15

Сайн уу, хайрт минь

Чамдаа энэ өдрийн мэндийг хүү, хань хоёр чинь хүргэж, хурдан, түргэн, удахгүй ирэхийг сануулж байна.
Миний өвгөн сайн уу? Хүү маань ёстой мундаг эр болж байна. Хоёр сар болоод (4700 гр) жингээсээ хэт таргалаад (1700 гр) эмчээсээ банга авсан. Аавыгаа их санаж байх шиг байна.

Зургаа авахуулах санаа туйлын их байгаа боловч аймгийн эрчим хүч шинэ дизель станц тавьж байгаа ч гэнэ үү, тог тогтмол ирэхгүй, аймгийн төвийнхөн их зутарч байна. Манай байр ч өдөртөө 2-3 цагаар л өгдөг. Зурагчин ийм нөхцөлд зураг угаах ховор, мөн онгойж байгаа нь тодорхойгүй болохоор хүүг дааруулаад байн байн авч явах хэцүү. Чи минь хурдан л ирж бид хоёрыг баясгамаар байна. Хэдийгээр төрсөн гэртээ ээж, аав, дүү, эмээ, өвөөтэйгээ сайхан байгаа боловч нэг л юм дутуу. Чи минь хүрээд ирвэл элэг бүтэн сайхан байх юм. Чамайг утсаар ярихгүй, захиа алга болчихоор айлаа. Тэгтэл уржигдар захиа ирж, дотор онгойлоо. Бид хоёр өвөөгийндөө арваад хоносон. Тэгээд гэртээ тав хоноод эргээд өвөөгийндөө ирчихсэн байна. Учир нь эмээ нь хэдэн үхэр рүүгээ очиж, идэшний юмаа авчрах гэж нэг явлаа. Өчигдөр тооллого болж байгаа учир малаа тоолуулах гэж явсан. Удахгүй ирэх байх.

Хөгшин нь Балган аав, Баажий хоёрт өглөө босч өгч, оройдоо хоолыг нь хийх үүрэгтэй. Гэрийн амьдрал хэцүү л юм. Тэгэхдээ цаг дээр тулахаар болж л байна. Эмээ, өвөө хоёр нь хүүд тугалтай үнээ өгөх юм ярьж байна. Чи утсаар ярих гэж оролдсон уу? Холбоо залгахгүй гэж байгаа биз дээ? Чамайгаа шинэ жилээр ирнэ байх гэж хүлээж л сууна. Баруун талаас захиа алга.

Тулгаа хүүд явуулсан юмыг өгүүлээгүй. Эндээс ч таних хүн явахгүй байна. Энд Болгарын бэлтгэлийн өмд, цамц гарах сурагтай. Хөгшин нь авах санаа байна. Шанхай кет гарсан. Чамд хэрэг бий юу?

Оюунчимэгийн зургийг томруулсан уу? Томруулсан бол 51213 утсаар яриад уулзаарай. О-д хөгшнийх нь сурлагын дэвтэр бий. Хүүд ёлка аваарай. Өвөө эмээ хоёр нь юм захисан. (Өвөө нь юм тэмдэглэх том жижиг дэвтэр гэнэ. Эмээ нь улаан бал, запас. Журнал шиг дэвтэр. Бас цагных нь зай дууссан гэсэн).
Хүү маань задгай унтах гээд сая тайлуулчихаад нам унтчихсан. Эмээ нь хөвөнтэй дээл хийж өгсөн. Бид хоёр өмд, цамцаа өмсөөд задгай их унтдаг. Хүүгийн талаар санаа зоволтгүй. Сооск хөхдөг.
Очироо, одоо чамайг иртэл захиа бичихгүй шүү.

За түр баяртай, чамайгаа үнсье.

Хүү Ж.Тэргүүн, Туяа чинь.
1986.12.15

Жич: Лхагвасүрэн гуайтай уулзаад, маргааш нь онгоцоор гараад нисээд ирээрэй!!!!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
41
0
0
0
0
0