Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Дурсахуй: САХИЛГҮЙ ДАЯАНЧ


Энэ ертөнцийн хөвсөргөн өдрүүд түүнийг хааш дагуулж одсоныг мэдэхгүй. Өвлөөр товлосон уулзалт бараа сураггүй одсон түүнтэй хамт замхрав. Сүүлд, намайг хөдөө явахаар унаанд сууж байхад гэнэтээр таарч, цүнхнээсээ цэнхэр хавтастай шүлгийн түүврээ гаргаж, сурмагаар гарын үсгээ татлан дурсгаад, цаг болж нөхцөл бүрдсэн хожмын өдрийг товлон “Ах нь 90-ээд оныхны тухай дурсамжаасаа хуваалцамз” хэмээн тодорхой өгүүлээд салсан билээ. Урин цаг ирж, товлосон өдрүүд тохиосон ч өнөөх хүнээс сураг чимээ үгүй, таньж мэдэх нэгнээс асуухнээ далдын хар малгайтан шиг энд тэнд үзэгдээд алга болдог гэнэм. Ууж, хаа хамаагүй эрстэй нөхөрлөж, тасарч, дахин сэргээд, танил царай хараачлан хаа нэгтээ яваа юм уу эсвэл орчлонгийн алс буйд дахь суурин луугаа жилийгээ биз. Мөн л тийм хөвсөргөн өдөр. Ялгаатай нь намар цаг байжээ. Утга зохиол судлагч болох чин хүсэлтэй шинэхэн оюутан хичээлгүй цагаараа юу хийхээ бодолхийлэн олны урсгалыг ажингаа их сургуулийн гудамжны модон сандлыг тохойлдон суухад саарал пальто, мөн тийм өнгийн кээпик малгай тавьсан, үл мэдэгхэн сүүтгэнэж явдаг дунд эргэм насны, шавилхан бор хүн тамхи сураглан танилцсан билээ. Мэргэжлийн семинарын цагийг тэсэж ядан хүлээдэг, уран зохиолд хорхойссон надад түүний өөрийгөө танилцуулсан “яруу найрагч” гэх үг л их содон сонсогдсон юм даг. Түүнээс хойш МУИС-ийн утга зохиолын нэгдлээр хааяа үзэгдэж, нэгэнтээ мэдээлэл технологийн паркад “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадам зохиох санаатай гүйж явахад урьдын адил гэнэтээр тулгараад, “Харсан тэнгэр” хэмээх содон нэр, содон зураг бүхий хавтастай жижиг номоо дурсгаад, хаашаа ч юм бас л чимээ сураггүй одсон сон. Тэр өдрүүд тэртээ хол ч биш, зургаан намрын өмнө билээ. Гэнэтээр шөвсхийн гарч ирээд, мөн тийн хаашаа ч юм зулран оддогийнх нь шалтгааныг хожмоо, 

Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусаж байхад 

Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ 

Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угтдаа 

Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь…

гэж бичсэнээс нь олж билээ. Баянхонгор аймгийн Өлзийт сум ч биш, орчлон ертөнцийн алс дайдад оршдог, нүдгүй шуурган дундаас нохсын дуу бүгтхэн сонсогдох бяцхан сууринг тэр зорьдог байх нь. Сууриныхан шүлэгч залуугийнх шиг ёжтой инээмсэглэл тодруулсан гэрэлт нүдэтнүүд биз. Халуун сэтгэл хайх мэт энгэр заамыг нь салхин ярах суурины шөнөөр, араас дагах нохдын дуугаар нь илчлүүлэн хашааны нөмөрт гэмтэн мэт зогсохоор тэр явчихдаг байж таарлаа. Тэгж зогссон хүн л ер бусын цасны будраа, тийн ахуйд гэрэлтэн тодрох бүсгүйн хацрыг шүлэглэхээс өөр яахав.

Харандааны цагаан будгаар 

Хурмаст тэнгэр газар хоёрын хооронд 

Хязгааргүй олон цэг хатгаад 

Хөдөлгөөнд оруулсан юм шиг… 

хэмээн эхлэхээр зохиолч П.Батхуягийн “Тэр ердөө л арван хэдэн жилийн өмнө Баянхонгороос сургуульд сурахаар хотод ирсэн шигээ л огт хувирч өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа нь гайхширлыг минь төрүүлдэг юм” хэмээн бичсэн элэгсүү үгс санаад бууж, ихэвчлэн сархад үнэртүүлэн, хөлчүү явдаг тэр хүний сэтгэлд ийм хүүхдийнх шиг бүр түүнээс ч илүү хүүхдийн сэтгэл бий гэдэгт итгэж ядна. Үргэлжлүүлэн уншвал яг өөр шиг нь “гэнэтээр” гялсхийсэн мэдрэмж, хүүхэд чигээрээ эрийн олж харсан энхрий хацрын тухай шүлэг л хөвөрнө. 

Гуйван будрах цасан дотроос 

Эрдэнийн алим шиг туяаран харагддаг 

Энхрий хоёр хацрыг чинь санана… 

Чарльз Буковскийн цээжнээ хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч үзэсгэлэнт цэнхэр шувуу үүрлэчихсэн бол Ц.Доржсэмбийн цээжний цаана модод хэмжээлшгүй гоёор нахиалдаг гэнэм. 

Хэнхдэг цээжний минь цаанаас 

Хэмжээлшгүй гоёор нахиалсан модыг 

Хүн бүгд л зөөлхөнийг нь гайхаж 

Хуруу гараа сунгацгаадаг сан… 

Сунгамагцаа татвагасхийн буцааж, хэзээ ч тийн амьдарч чадахгүйгээ ухааран жам ёс гэж бодсон амьдралын замаа хөөдөг биз ээ. Түүнд юу чухал болохыг хэлж үл чадна. Миний бичиглэн буй дэвэргэн үгс, нэгэн залуу бичээчийн дүгнэсэнчлэн “ур хийц муутай, хэт гоёж гангалсан хэт мэдрэмжүүд” гэх дүгнэлт, ном нь шилдэг борлуулалттай болж, өөрөө “Болор цом” авах л лав биш, албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдлийн тухайд дурдаад ч юу гэх вэ. 

Тиймдээ ч өөр ертөнцийн хүн шиг санагддаг. Шүлэг шиг амьдрах, сархдын лонхыг уйтгараар дүүргэх, янжуурын цог улсхийн үзэгдэх суурины шөнөө санагалзах, түүнтэй харсан анхны цас, анхны бороо ямархан байсан тухай бодлогошрох. Ингээд л болоо. Их сургуулийн гудамж, багшийн дээдийн үүдээр шүлэг найрагт шүлэнгэтэх ах дүүстэйгээ таарч, шар тайлах бол дэд асуудал. 

Дээхнээ Сэмбэ ахыг номын санд суухтай нь таараад “Чамтай л харсан цас, Жинхэнэ цас байсан, Жигүүртэй цас байсан” гэж эхэлдэг шүлгийг нь амны уншлага болгосон нөхөртөө “Чиний уншдаг шүлгийн эзэн чинь энэ шүү дээ” гэхэд над руу сүрхий харсан нь ч тийм учиртай. Түүний харцнаас энэ хүнд урт үс, ширэн хавтастай дэвтэр, алтан хошуутай үзэг, зузаан зузаан боть ном байхгүй байна шүү дээ гэх үгийг олж үзээд “уран зохиол”- ын мөнхийн үнэт чанар юунд оршдог тухай тайлбарламаар аядсан юм. Шинэчлэл, үзэгдэл болоогүй юм аа гэхэд Монголын уран зохиолын яруу найргийн айд нэгэн түрлэг, өнгө аяс нэмснийг итгэлтэйгээр хэлнэ. Үүнийг “Хэнд би таалагдах ёстой вэ” (2006), “Харсан тэнгэр” (2009) түүврүүд дэх гэгээн уянгын шүлгүүдээс үзэж болно. “Хэд дэх бороо” (2012) нь харин түүний гараар бичигдэх ёстой л ‘жам ёсны бүтээл’ байсан юм даг уу, мөнөөх гэрэл гэгээт мэдрэмжүүд бүдгэрснийг энэхэн зайд уламжилъя.

 Туулах дуртай урт урт замууд, юунд ч эс хүлэгдэх шүлэгчийн амьдрал, тэртээ алсад буй Өлзийтийн суурин гэгээн уянгыг дахин төрүүлнэ гэдэгт итгэвэй. Дахиад тийм нэг хавар, намрын өдрүүдээр ёжтойхон жуумалзсаар хүрч ирээд, гал сураглахыг тань хүлээнэм.

У.Бямбаням "Цаг хугацаа хэлнэ" номоос

Зургийг: Адьяагийн Ренчиндорж 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.