UBLife Logo
Авторын булан

Гунихын урьтал, баярлахын шалтгаан

Гунихын урьтал, баярлахын шалтгаан

Өглөөний мэнд шиг санагдаж болох сайхан асуулт санж. Өнөөдөр юу хийх вэ? Дотроо засахаас өдөр эхэлдэг. Энэ тухай бодлоос давах санаа зориг төрөхгүй нь гачлантай. Шараа тайлахаар өндийдөг, хөдөлдөг, арга саам хайдаг, хотын гудмуудаар дэмий хэсэж, хэнд худал үнэн ярьснаа багцаалах тэнхэлгүй амьдрал үргэлжилж байв. Өмнө нь цахилж явсан үүгээр цантаж өнгөрөхөө мэдсэнгүй ээ. 

Дуу хөгжимд дуртай хүмүүс л түүнд гараа сунгаж магадгүй. Хөх хотоос ирсэн шавь нар нь ч бий. Нэг хөл хаана тусаж, нөгөө нь хаа онож явааг таашгүй. Дахиж л очихгүй юм шүү! Хэчнээн олон ингэж шийдсэн ч нэг мэдэхэд хүрчихсэн байдаг газар нь Соёл урлагийн их сургууль. Ах аа, багш аа гэх хүндлэл түүнд хэрэггүй. Ганцхан шараа л тайлчихмаар. Хоол унд захиалж сүйд болохыг хүлцэн тэвчих ямар хэцүү вэ. Ганц шил юм шууд аваад өгчихгүй урлаг, уран сайхны сүржин даржин оршил, эрүүл мэндээ бод, архинаас гарч сайхан дуу хөгжмөө бич энэ тэр гэсэн үзэн ядмаар ухаарлын үгсийн төгс төгөлдрийг яалтай. Би өөрөө архинаас гарахын сайн сайхны тухай ярьвал Нобелийн шагнал авах хэмжээнд бодож боловсруулж, харьцуулан судалж, гарц, шийдэл өчнөөн удаа оролдчихоод одоо энд сууж байна. Чухам хэн нь илүү жигшүүртэйг ухамсарлах боловч дотроо засахаас илүү амин чухал юм гэж ер юусан. Өлсөөгүй, үхээгүй, зүгээр л хамаг байдгаараа шархирч байна. Юу юугүй заадлаараа салаад уначих гээд байгаа толгой, шатчих шахсан бие, шархирч шархадсан зүрх, зүгээ олохгүй чирч яваа хөлөө л өөрийн болгох гээд байна шүү дээ. Алив ээ, зүгээр л архи аль! Харин дараа нь хөгжим бичих, хөлдөө оймс, гутал углах тухай бодоод үзье. Оюун санаа тэнүүчлээд, хоёр гар хүний юм шиг дийлдэхгүй байхад эрүүл энхийн төлөө ганц аягалаач, дүү ээ! 

Шар тайлсан хүнд амьдрал аварсны дайтай мөргөж, архи хорьж анагааж эдгээх хүнд уурсан багтарсан галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг өдрүүд дөрвөн улирал солигдох шиг давагдашгүй давтагдаж байв. Тэрхүү тэмдэглэл дунд бичигдсэн хөгжмүүдээ эргээд сонсох, цочин зарсхийх, засаж сайжруулах өдрүүд хожим ирэх болно оо. 

Амьсгал түгжин балгалсны дараах нам гүм, тайвшрал, тэгээд урам зориг аандаа сэрэхийг мэдрэх тэрхэн мөчийн төлөө амь дүйн тэмцэлдэх, өвөл зун, нүцгэн ба нөмгөн, өглөө хийгээд шөнийг ялгалгүй уул давж, ус туулах ч багадна. “Мэдээж амьдралын туршид шар тайлж явсан юм биш л дээ” гэж түүний хэлсэн үнэн байв. Түүний согтуу явахыг өнөө хэр огт хараагүй дотнын хүмүүс олон бий. Чухам хэдийгээс, яг ямар ширээнээс ийм болж хоцорсноо тэр нэхэх дургүй юм. Түүнээс илүүтэй хэн байснаа, хэрхэн өсөж, дэрвэн догдолж, хайрлаж хайрлуулж, гуньж бас дүүлж явснаа санах нь хамгаас дуртай “ажил”. Хөгжим бичих бол түүний хувьд хэзээ ч ажил, хөдөлмөр байсангүй. Хөгжим бол түүний зүүд, харц, инээмсэглэл, бас нулимс юм шиг. 

Харанхуйлсан тэнгэрт их аянга цахилж хурц гэрэл үүсгэсэн даруйдаа замхран одох агшин зуурын үзэгдэл шиг түүний хөгжим ганцхан мөчид бүхлээрээ зохиогдчихдог гэнэм. Гагцхүү тэр гэрлийг үзэхийн оршил бүүдийн бүүдийсээр харанхуй болох үйл явцыг л сэтгэл дотроо үүсгэдгээс биш, хөгжим өөрөө аянга шиг цахилж ирдэг гэх. Бүүдийн бүүдийх гэж юу болохыг асуухад, “Гунихын урьтал, баярлахын шалтгаан юм” гэсэн. “Амьдралын хором мөч бүрийг нэгэн хэмнэлээр мэдэрдэг бол хэчнээн уйтгартайв. Зовлон, жаргал ээлжилдэг нь яасан сайхан үнэн бэ. Гунихын урьтал, баярлахын шалтгаан бүрэлдэн бий болж буй учир нь үл ойлгогдох долгисыг мэдэрч тайлах нь миний амьдрал, миний хөгжим юм шиг байна”. Хөгжим бичихэд түүнд тусгай орчин, тухтай өрөө, төгөлдөр хуур шаардлагагүй. Ямар нэг гайхамшигт зүйл болохыг төлөвлөж болдоггүй учраас түүний халаасанд жижиг дэвтэр, хугархай харандаа заавал явна. Агшин зуурын үзэгдлийг тогтоон барьж гүйцэхгүйн гачлан бол бий. 

Нэг настай нялх юм байж радиогоор хөгжим эгшиглэхийг анддаггүй, хэмнэлийг нь дагаад бяцхан хүний могжгор хөл шал товшдог, уйлж эцэг эхээ сандаргадаггүй, нэг их тайван амьтан. Увс аймгийн Тэс суманд агент аавынхаа гэрт чихэрт умбаж, ээжийнхээ өвөрт 15 нас хүртлээ унтаж өсөхдөө хорвоогийн амтыг бал бурмаар санаж, ая данг нь дан ийм уянгалаг зөөлөн байхаар төсөөлөн өсөв. Дуу хөгжмөөс өөрийг, хатуу бэрхийг таньж мэдэлгүй дэндүү танхи явав. Түүнийг аав нь “Миний хүү бөх болно” хэмээн ярьдаг ч өндөр нуруутай, чилгэр биетэй хүүг байгаль огт өөр өгөгдлөөр цэнэглэсэн нь яах аргагүй хөгжим байлаа. Аав, ээж хоёр нь түүнийг ганцхан үр юм, хүү минь юм хэмээн авдран дээрх бурхан адил тахин өсгөхдөө хорвоогийн явдал, хүний амьдрал, ахуйн аягаас тойруулж, өөрсдөө бүхнийг чимээгүй үүрч одсон зөөлөн гэхэд зөөлөн, чанга гэхэд чанга сэтгэлтнүүд байв. Хүүдээ үл хүсэх тохиол болгоноос харамлан төөрүүлж, нууж өсгөнө гэдэг басхүү амьдралыг тогтвортой туулах ухаанаас харамласан гэм ч байв уу. Сэтгэлээ бөхлөх, хатуужих, зовлон даах, ахуйд суралцах мэтийг тэр үзээгүй өссөн ч гэмийг нь хожим ганцаараа үүрч явав. “Манай аав ч тэр, ээж ч тэр хорвоог орхихдоо ганц хүү намайгаа дэргэдээ байлгахыг хүсээгүй. Надад үхэл зовлон харуулахаас эмээсэндээ л тэр. Ер нь тодорхойлж хэлэхэд хэцүү юм даа. Өөрсдөдөө л тийм хатуу хөтүү хандсаар ирсэн улс юм, хөөрхийс. Би гүйгээд очиж чадах байсан ч тэдний хэн нь ч надад амжиж дуулгаагүй. Амьсгал хураасных нь дараа л би овоолсон шороон дээр очиж байлаа”.

“Чи өргөмөл хүүхэд”. Энэ үгийг тэр 10 настайдаа айлын хүүхдээс анх сонссон юм. “Би юу? Яагаад би гэж? Ээж... ээж тэгээд хэн болох юм, бас аав яах болж байна?”... Өөрөөс нь шалтгаалахгүйгээр нэг л мөчид тэр өргөмөл болох нь тэр. Тэр л мэддэггүйгээс биш, түүнээс бусад нь мэддэг, аль хэдийн эвлэрчихсэн өргөмөл хүүхэд байж. Тэр “өргөмөл” гэдэг үгийг яагаад ч юм өөдөсхөн, өрөвдөлтэй, өөдгүй мэтчилэн өөрөөсөө өөрөөр төсөөлөх аж. Итгэхийг хүсээгүй, ерөөс итгэж болохгүй хачин юмыг ингэж л тэр хүлээж авсан. Ингээд энэ цагаас ээжийгээ их удаан хардаг, дэргэд нь байгаа мөртлөө, үдэш үргэлж цуг унтаж, тэврүүлж, үнсүүлж эрхлээд л байх атлаа л санаад байдаг болов. Аавыгаа ойлгомоор, хайрламаар, бас яагаад ч юм чин үнэнээс зугтмаар ч шиг санагддаг болов. Энэ хоёроо баярлуулах тухай боддог болов. Өмнө нь үнэндээ мэдэрч үзээгүй урт, урт санаашралууд ая дуу болохыг ойлгов. Хүү хөгжмөө тоглохоор л тэдэнд хамгаас сайхан байдгийг бүр их ойлгов. Ерөөс тэд хүүг ачлуулах гэж, өргүүлэх гэж аваагүй байлаа. Тэд үнсэх үртэй, хайрлах хүнтэй байхыг л хүссэнээс биш өтөлсөн хойноо хөлөө хучуулах мэтэд санаа тавилгүй мөнх мэт амьдарчээ. 

Нутгийн нэгэнд 1000 төгрөг дайж бяцхан хүүдээ баян хуур хөгжим захьсан нь Тувагаас нааш цааш мал “гүйлгэдэг” эрсийн гар дамжин тэдний гэрт анх залагджээ. Хар цагаан том, жижиг олон товчтой, эх бие нь гялтганасан, нэг л сайхан эд. Татах бүрт тийм гэж дууриан дуугарах аргагүй хүнгэнэх, жингэнэх авиа гаргах бөгөөд товчлууруудынх нь учрыг шалавхан олохгүй л бол нойр хүрэх ч юм биш. Дотор нь түүнд зориулсан нууцлаг ертөнц байгааг л ойлгож байлаа. Энэ зэмсэгийг хэрхэн эзэмших урлагийг түүнд Увс даяар “баянхуурын” хэмээн алдаршсан, хожим 2005 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн Ж.Найдан хүүг дөнгөж дөрвөн настайгаас эхлэн заав. 14 нас хүрэхэд “Жалам хар”, “Таван гялаан хонь”, “Ехал казах за Дунай” зэрэг хөгжмийг мэргэжлийн түвшинд хуурдан бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож тав дахь алтан медалиа хүртлээ. Сүүлийнхийг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал зориуд хүндэтгэл үзүүлэн өөрөө зүүж өгчээ. Улаанбаатараас харих замд нь түүнийг С.Гончигсумлаа, Н.Жанцанноров нарын үндэсний суутнууд төрөн гарсан, агуу Л.Мөрдоржтэй хамт багшилсаар байгаа Багшийн сургуулийн хөгжмийн ангид сурах урилга дагалдсан ч тэр өөрөө энэ тухай мэдэхгүй. Очих юмсан хэмээн мөрөөдөж байснаас тэнд уригдана гэж санаагүй явсан нь наймдугаар ангид дөнгөж орсон намар билээ. Аймгийн Боловсролын хэлтсээс гардуулан өгсөн энэ урилга хөгжимд дурлах гижгийг нь бүр ч илүү хүргэж, хөгжим зохиодог хүмүүсийг “амьдаар” нь харна гэхээс яарах болов. Хөгжмийн зохиолч гэхээр ямаршуу байдаг юм бол, хаанаас нь тэр зохиолууд төрдгийг төсөөлөхөд барьж үзмээр, болдог бол бүр чимхэж, хазаж ч үзмээр тэнэг юм бодогдох нь ичмээр. Хүү баян хуур хөгжмөө мөрлөөд сумын клубийн бүжиг явуулж, аймаг сумдын концертод оролцож, Тэсийн гол өгсөн уруудан айл айлын найрнаа залагдаж, үеийнхнээсээ арай эрт олны өмнө нүүр хагарч явлаа. Ээж нь хүүгээ улсын уралдаануудад таван жил дараалан түрүүлснийг олноос онцгой хэмээн бишрэх тул урлагийн хүн ямар харагдвал зохилтой, яг л тиймээр хувцаслахыг хичээнэ. Тэдний суманд аймаг, хотоос ирсэн дарга нарын өмссөн байдаг шиг костюм пиджак зэхэв. Хүү чац урттай, өсгөлүүн хэдий ч мөр нь яах аргагүй томдох тул артелийн оёдолчноор хасуулан өмссөнийг нь харвал үнэнхүү ганган хархүү юм аа. Аав, ээжийнхээ гэрийг баян хуураа мөрлөөд орхих цаг боллоо. “Миний хүү хотод очоод хэт дэгжирхэж хүмүүсийн нүдэнд өртөв. Жийнсэн өмд авч болохгүй. Хотын хулигаанууд дээрэмддэг юм гэнэ лээ”. 

Үүдээр нь ормогц энд нэг нь Моцарт тоглож, тэндээс Чайковский эгшиглүүлж байдаг тийм ордон. Өнөөх Багшийн сургуульдаа ирлээ! Түүний нүд, сэтгэлийг мажор нотоор баадуудаад тавьчихсан шидтэй газар л гэж мэд. Оюутан болсон хойноо л сая нэг 15 нас хүрлээ. Тэр ангидаа хамгийн балчир нь боловч дөрөвдүгээр курсийн 19 настай Э.Бямбабаяр ахтайгаа буюу хожим Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч болох залуутай нөхөрлөнө. Төгөлдөр хуур тоглохыг нь хараад л шууд найзалж орхиж. Төгөлдөр хуурын хичээлдээ хамгийн их дурлаж, бас анхны аялгуугаа төгөлдөр хуур дээр зохиолоо. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гайтавын “Сүүн далай ээж” шүлэг ийнхүү алс хол Увсаас ирээд тун ч удаагүй хэний ч үл таних жаалхүүгийн ээжээ санасан сэтгэлд дуу болж, оюутны байрны өрөөнүүдээр анхлан ам дамжиж, ангиас ангид дуулагдах нь тэр. 

“Наран гэрлийн илчтэй саран гоо ээжий минь...”. Анхны дуу нь радиогоор түмэнд түгсэн тэр цагаас энэ хүн хөгжим зохиох өвчнөөр “шаналсан” түүх эхэлсэн юм. Агуу Л.Мөрдоржийн гэрт шавийнх нь хувьд нэмэлт цагаар хичээллэх боломж түүнд золтойёо олдлоо. Суут хөгжмийн зохиолч гэж ямар хүн байдгийг ойроос харах, “барьж үзэх” мөрөөдлийг нь биелүүлсэн явдал болов. Мөрдорж гуайн бүх зүйл түүнд сонин. Заримдаа өмдөө буруу харуулаад өмсчихсөн, зогсоогоороо нот тэмдэглэн хэнийг ч үл хэрэгсэх нь, хөл нүцгэн хөгжмөө тоглоод суух нь, цайгаа оочилох нь, хоол ундаа аягандаа үлдээж орхиод хуур руугаа шалмагхан гэтэх нь, гэрийнхээ хаа сайгүй архи нуусан нь гээд түүний нүдэнд Мө багш хамгийн сайхан. Бас гэрлэсэн тухай нь яригддаг үнэн, худал бүү мэд домог ч сонин. “Л.Мөрдорж гуайг БНАСАУ-д очиж тоглоод буцахад Хойд Солонгосын их удирдагч Ким Ир Сен өөрийн орноос эхнэр сонгож өгсөн гэх. Домгийн эзэн тэр эмэгтэй намайг гэрт нь ороход архи авчраагүйг мэдэх гэж нэгждэг байлаа шүү дээ. Нэгэн удаа Сара эгч миний өмдний шуумгаас дашмагтай архи олсноос хойш намайг багш дээр дахин ирэхийг хориглосон юм. Мөрдорж багш “буруутай”. Надаас чингэхийг хүсээгүй бол би түүнтэй хэчнээн л бол хэчнээн хичээллэхийг гуйсаар л, хамтдаа олон дурсамжийг бүтээх л байсансан”. 

Дараагийн дуу нэгэн охиноос болсон. Этгээд, бардам зантай, тайрмал үс, бариу жийнстэй, жинэхэнэ хотын гоо үзэсгэлэнд дурлачихав. Тэр охин эзнийг нь үл тоосон ч дууг нь таалжээ. “Түүнд таалагдсан, тэгээд л болчихсон. Миний зүрх ханачихсан”. 

Өнөө хэр түүнийг тодорхойлсоор буй “Зүрхний уяа” 1986 онд дуучин Н.Төмөрхуягийн дуулснаар олноо алдаршсан ч 1982 оны арванхоёрдугаар сард зохиогдсон юм. “Зүрхний уяа” бол 1983 онд Хөгжмийн зохиолчдын холбооны дарга, “Би чамд хайртай” нэртэй анхны дууг зохиосон ардын жүжигчин, Төрийн шагналт, хожим Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Д.Лувсаншарав төгөлдөр хуурын найруулга дээр нь тамгаа дарж үлдээсэн бүтээл билээ. Аль далаад оноос залуусын дуулах дуртай “Дөрвөн улирал, хоёр амраг”-ийг дуучин Л.Оюунчимэгтэй хослон дуулсан Х.Галхүү түүний анги удирдсан багш байсан бөгөөд “Зүрхний уяа”-г найрал дуу болгон найруулж, ангийнх нь охид гурван хоолой салган хоор дуулж радиод бичүүлж байжээ. Тэр одоо ч энэ дууны шүлгийг бичсэн барилгачин Ж.Рэнцэнмядагийг хайдаг. Эрэл мухардсаар өдийг хүрсэн ч “Ах нь нэг ийм шүлэг олон жилийн өмнө их залуудаа бичсэн юм. Дүү хүү нэг дуу болгохыг бодоорой. Ах нь танай сургуультай ойрхон ажиллаж байгаа шүү” хэмээн барилгын малгай, хувцастай чигээрээ шүлгээ өгчихөөд, албан газрын утасны дугаар үлдээгээд явсан, тухайн үед 40 гаруй насны ах. Одоо 80 орчим насны хүн байх. 

Сайхан охинд хэл үггүй дурлачихаад сэтгэл нь эгшиглэж явсан үе ч яг таарч. “Замбуулинд учрахгүй байх аргагүй ээ...” хэмээх дахилтын аянаас эхэлж мөрөөс мөр урсан орж ирсээр дуу болох хүртэлх ахархан хугацаанд Багшийн сургууль даяараа аль хэдийн сурчихсан байв. Мөнөөх ахад ямар дуу болгосноо жижүүрийн утсаар сонсгоход хэлцэж тохирсон мэт түүний ард бүхэл бүтэн хоор даган дуулж байлаа. 

Багшийн сургуулиа онц төгсөв. 19 настай түүнд сургуульдаа багшаар үлдэх санал ирсэн ч дуулиант хотын гудамжаар баян хуураа үүрэн дөрвөн жил аялсны эцэст алс баруун хязгаарт суугаа эцэг эхдээ очихоос өөр хүсэл үгүй аяншжээ. Тэр энэ дөрвөн жилд бүтэн нойртой хоноогүй мэт, гэртээ ээжээрээ нуруугаа угаалгаад хэдэн өдөр сайхан унтмаар санагдана. Тэгээд л гэдрэг буцах багахан чөлөөгөөр биш, бүр харьмаар байсан тул Багшийн сургуульд биш, Увс аймгийн хоёрдугаар арван жилийн дунд сургуулийн дуу хөгжмийн багш болов. “Хархираа”, “Бүжин туулай” дууг нь тухайн үед ихэд алдаршсан хүүхдийн “Улаан бүч” чуулга дуулж байлаа. Түүний баян хуураас “Буруу бүхэн бусдын буруу” зэрэг өнөө хэр багачуудын дуулдаг хүүхдийн дуу ар араасаа төрсөн хоёр жил өнгөрөв. Одоо тэр дахин урт аялалд гарах, тэр дундаа цэрэгт алба хаахаар шийдсэн байлаа. Аймгийн Боловсролын хэлтэс 21 настай залуухан, авьяаслаг сайн багшаа амар тавьж явуулахгүйгээ мэдэлгүй дээ. Цэрэг татлагын комисст очиход түүнийг хүлээн авахаас эрс татгалзав. Тэндээс шууд үсчний газарт очоод үсээ хусуулчихлаа. Үүгээр сайн дураараа хувийн бэлтгэлээ хангасан. Баян хуураа мэдээж авна!

1985 оны хавар Увсаас ачааны 28 машин дүүрэн цэрэг татагдав. Тэдний дунд “Беларусь” гэсэн бичигтэй гялалзсан баян хуур мөрлөсөн нэг залуу бий. Цэрэгт татагдаж байгааг нь гэрчлэх баримт бичиггүй хэрнээ нууцаар дунд нь ороод зогсчихсон, үнэхээр их эд. Замд гарахын өмнө бүгдийнх нь нэрсийг дуудахад тэр ганцаархнаа үлдэв. Энд нэр нь дуудагдаагүй нэг хүн ямар учраас явж байгааг ахалж явсан офицер асуугаад мэл гайхав. “Намайг аваад явчих. Би заавал цэрэгт алба хаана. Дүүрсэн хэрэг!”.

28 машин цэрэг Увсаас “Мянган цэргийн карентин” хэмээн нэршсэн газар руу гурван өдөр, гурван шөнө давхиж явна. Мөнөөх баян хууртай багш мөн л гурван өдөр, гурван шөнө 28 машины тэвш дамжин хуурдаж, шинэхэн цэргүүдийг хөгжөөн хөглөсөөр Төв аймгийн нутагт бөөн дуу хуур, инээд хөөр болсон эрс буув. Энд ирмэгц түүний баян хуурыг хураан авч, агуулахад хадгалах болж. Өдөрт жагсаалын бэлтгэл хийж, харин шөнөд хөгжмөө санана. Хуураа л нэг хармаар санагдаад тун болшгүйд нэгэн шөнө босоод агуулах руу алхчихлаа. Түүнийг оргохыг завдсан байж болзошгүй хэмээн үзэж гурав хоногийн сахилгад суулгав. Харин сахилгаас гарахдаа хуурныхаа барааг харж санаа нь нэг амарлаа. 45 хоногийн карентин дуусах үест нэгэн гайхамшигт мэдээ сонсов. “Ансамбль ирнэ!”. Тэдэнд хуураа тоглож үзүүлэх боломж гардаг ч болоосой гэхээс цаг явахаа ч болив. 

Ансамблийнхан ирлээ. Захирагч түүнийг нэрлээд “Жагсаалаас гар. Хурандаа П.Хаянхярваад очиж илтгэ” гэв. Энэ үг түүнийг жигүүртэй болгов. “Тэд намайг сонсохыг хүссэн хэрэг шүү дээ”. “Мэдлээ, гүйцэтгэе”. Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваагийн байгаа газарт хүрч очоод “Би ирлээ” хэмээн илтгэв. Тэр өндөр нуруутай, улаа бутарсан гонзгойдуу нүүртэй, тайзан дээрээс харж баймаар жавхаалаг залуу харагдав. Түүний тоглохыг сонсоод “Чи ансамбльд ирлээ!” хэмээн П.Хаянхярваа бахдан өгүүлжээ. “Аль авьяастан ансамбльд орж ирэхийг тэр гэх вэ. Тэр маш нарийн мэдрэмжтэй, бас яг мэргэжлийн хүн бэлэн зогсож байсан юм. Хачин гоё тоглоно, дуу бүжгийн хөгжмийг ёстой л гялалзтал бичсэн дээ. Зөөлөн зантай, сайхан сэтгэлтэй, ховорхон тансаг авьяастай, царайлаг залуу ингэж бидний дунд, армид орж ирсэн юм” гэж гавьяат жүжигчин Ч.Туул өгүүллээ.  

Ийнхүү Улаанбаатар дахь их бууны ангид хуваарилагдах гэж байсан байлдагч Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын Бүжиг ангийн концертмэйстрээр ажиллах болов. Тэр энд тайзан дээрээ тоглож, туурвиж, жүжигчид харихад ч тайзан дээрээ үлдэж, Офицеруудын ордны ээлжгүй жижүүр шиг амьдарч байлаа. Энэ дөрвөн жил гаруйн хугацаанд П.Хаянхярваа, Ш.Гун-Аажав нарын бичсэн хөгжим, ансамблийн бүх концертын найруулгыг тэр ганцаараа хийж, ихийг сурч улам чамбайрч байв. “Малчин дайчид”, “Золбоо” бүжгийн хөгжмөө тэр чуулгадаа зориулан бичсэн нь 1986 оны улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Эдгээр бүжиг эхний нэрээ гээж “Алга ташилтын бүжиг” болж дархлагдсан. Цэргийн ансамблийн урын санд түүний хөгжмийг нь зохиосон “Бүсгүйчүүд”, “Дайчин эрс”, “Хөдөөгийн залуус” зэрэг бүжиг өнөө хэр амьдарч буй. Ансамбльд ирснээр тэр Монголын яруу найргийн элитүүдтэй дотносож, тэднээр амьсгалж явлаа. Дууны хөгжимд хорхойсон донтов. Ардын уран зохиолч П.Бадарчийн “Анхны бороо”, Б.Лхагвасүрэнгийн “Зүүдэн бороо”, “Янзага”, “Эр хүнийг хайрлаж яваарай”, Ш.Сүрэнжавын “Тэсийн голын унага”, Д.Цоодолын “Ээждээ”, “Сүслэн хайрлаж яваарай”, Ш.Дулмаагийн “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуунуудын хөгжим тэгж төржээ. Тэр өнөөдрийг хүртэл 500 гаруй уран бүтээл туурвиад буйгаас нийтийн дууны төрөлд хамаарах бүтээлүүд нь олноо ардын дуу шиг танил дотно болсон билээ.

Монголын хөгжмийн ертөнцийн олимп “Морин хуур” наадмыг тэр 1988 онд “Зүүдэн бороо”-гоороо тэргүүлж, 1989 онд “Насны намар”-аараа үзэгчдийн таашаал хүлээсэн номинацын эзэн болов. Уран бүтээлчийн 24 насанд ёстой “солиотой” гэмээр биш гэж үү. Үүнээс 24 жилийн дараа 2012 онд тэр анх удаа уран бүтээлийн тоглолтоо “Хайранд мансуурсан аялгуу” нэртэйгээр ганцхан удаа тавих болно. Концертын үеэр хэний ч санаанд оромгүй гэнэтийн явдал болсон нь С.Жавхлан “Олон сайхан хөгжим туурвиж урлагт мөнхийн гавьяа байгуулсан, миний уран бүтээлийн анд, ах маань гавьяат жүжигчин цол хүртэж амжаагүй байхад надад түрүүлж ирсэн нь учир дутагдалтай санагдсан тул энэ тэмдгээ түүний энгэрт зүүж өгмөөр байна” гээд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо тайзнаа тайлж, хөгжмийн зохиолчийн хүрэмнээ зүүж орхисон нь дуулиан тарьж байлаа. “Тэмдгийг нь тайзны ард очоод шууд тайлсан. Тэгээд эргүүлж өгөх гэж гурван ч удаа барьж очиход С.Жавхлан аваагүй. Аргадаж байж, нэлээд учирлаж байж нэг юм буцаасан. Манай Жавхлан өвөрмөц хүн шүү дээ”.

С.Жавлангийн “Ээжийн чанасан цай” бол аав Д.Самандынх нь шүлэг бөгөөд тэд уран бүтээлийн ах, дүү болох эхлэлийг тавьсан дуу юм. Аав Д.Саманд нь амьд сэрүүндээ “Энэ шүлэгт ая хийж түмэнд хүргээрэй” хэмээн хөгжмийн зохиолчид өөрөө өгсөн нь бүтээл болсноос хожуухан “төөрсөөр төрөлдөө” очиж, хүү нь дуулсан түүхтэй. 2009 оноос хойш С.Жавхлантай хамтран “Үнэний дуу”, “Хуарангийн шөнө”, “Монгол омогшил”, “Би ганцаардаад байна”, “Монгол мандана аа”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье”, Амьдралын хавар” зэрэг дууг сонордуулаад буй.

...1989 оны намар төрөлх Багшийн сургуульдаа багшлахаар болж, Цэргийн ансамблиас өөрийн хүсэлтээр халагдав. Үүнээс нэг жилийн дараа тэр өөрөө оюутан болно. Монголын хөгжмийн нэгэн их уул, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн суралцаж төгссөн БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Хөгжмийн дээд сургуульд явлаа. Тэр жил хөгжмийн 40 гаруй зохиолч өрсөлдөж, түүний хамт хожим Урлагийн гавьяат зүтгэлтэн болох Д.Бэхбат шалгарч хоёул одов. 153 орноос ирсэн 1500 оюутны нэг болчихоод хятад хэлний бэлтгэлд орлоо. 

Хичээл эхлээд удаагүй байтал нэгэн өдөр Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр гэнэтхэн салхи шиг л ороод ирэх нь тэр. Өмнө нь нүүр тулан золгож байгаагүй ч биесээ уран бүтээлээр нь эчнээ таних хоёр монгол эр анх удаа уулзаж байгаа нь энэ. Баярлаж бахадсан сэтгэлээ илчилж ядан Тэнгэрийг бяцартал чанга тэвэрмээр, хашгирмаар ч. Харин Тэнгэр нутгийнхаа заншлаар өвдөгнөөс нь адис аван хүндэтгэлтэйеэ мэндлэхэд тэр хэрхэхээ үл мэдэн балмагдаж орхив. Тэд нулимс асгаруулан зогстол нэг мэдэхнээ хэлний бэлтгэлийн гадаад оюутнууд бүччихсэн байлаа. Энэ хөөрхий монгол оюутны эцэг эхийн аль нэг өөд болоод хамаатан нь ирж дээ хэмээн таамаглаж, ихэд өрөвдөн дагаад уйлах шахсанаа хожим түүнд ярин хөхрөлдөж. С.Тэнгэр түүний “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Насны намар”-т дурлачихсан явлаа. Тэр үед өвөрмонголчууд хил залгаа нутагт нь Сүхбаатар, Дорнод аймгуудаас тусах Монголын радио долгионыг хүлээн авагчаараа тохируулан барьж, эдгээр дуутай танилцчихсан, хүлээж бүр отож сонсдог болчихсон байж. Алдарт дуучин С.Тэнгэр 1990 онд Бээжингийн үндэсний дээд сургуульд сурч, хажууханд нь шавар байшинд энгийн борог амьдран суух бөгөөд хоёр эр хаа нэгтээ уулзан, дуу хөгжим ярилцан шөнө дүл хүргэнэ. С.Тэнгэр түүнийг гэртээ ирүүлж байхын тулд унадаг дугуйгаа хүртэл бэлэглэв. 

-Энэ хятад хэлийг би ер сурч бардаг байгаа?

-Тан шиг авьяастай хүн ядах юмгүй дээ. Хүн болгонтой танилцаж, ойлголцож болох нэг үг зааж өгье. “Цони ма би” гээд хэлээд үз. Тэгэхээр л ярьж сурна...

“Цони ма би, цони ма би”. Өдөр бүр орж хоол иддэг, бас чиг хоёр бууз үнэгүй нэмүүлдэг боловч хэл мэдэхгүйгээс хүн шиг ярьж амжаагүй байсан гуанзны эмээ дээрээ маргааш өглөө эртлэн гүйж хүрлээ. Өнөөх шидэт үгээ тод чанга гэгч нь эмээгийн чихэнд хэллээ. Гэтэл эмээ юу сонсож байгаадаа итгэж ядан нүдээ онийлгон хэсэг азнаснаа муухай орилон гартаа таарснаа авч шидлэн хөөж гаргах нь тэр. Юун бууз, банш. Зугтлаа. Монголын Элчин сайдын яамандаа очиж энэ үгээ хэлж үзэхээр дугуйгаа жийлээ. Нэг булан тойрмогц ашгүй монгол дээлтэй хүн таарсан нь өвөрмонгол иргэн. Нөгөөхөө асуулаа. “Эхээ ох” гэнэ шүү. Ээ, бүү үзэгд. Тэнгэрийг дээ! Хатуу тоглоомтой дамшиг чинь. Манай Увсад хаа нэгтээ хөгшин хүн “Экээн ок” гэж харааж байдагсан... Гэхдээ энэ үгээр миний хятад хэлээ сайн сурах эх дажгүй тавигдсан юм”. 

МЗЭ-ийн шагналт, “Алтан-Өд”-ийн эзэн яруу найрагч, зураач, судлаач Д.Одгэрэл 1991 онд 20 настайдаа Монголоос оюутан болж очсоноор түүнтэй дотно нөхөрлөв. Тэр хоёр Си Жүмэний гудамжийг унадаг дугуйгаар нүхэлжээ. Маш хурдтай давхина. Бээжингийн монгол оюутнуудаас тэднийг дугуйгаар гүйцэх хүнгүй. Хятадууд бол бүр ч гүйцэхгүй. Ажил тарах үед зам дээр дугуйчид битүү түгжрээд ирмэгц тэд албаар урсгал сөрж давхиад хятадуудыг ташраар нь унагачихаад зугтаж сахилгагүйтнэ. “Тэр их унтахгүй, хэдэн цаг нам унтаад л сэрчихнэ. Өвдөхгүй, бие нь чулуу л гэсэн үг. Нойр даадаг шигээ өл даана. Архи ч даана, барагтай согтдоггүй байв. Тамхи ч их татна. Зан чанар нь цав цагаахан, урлагийн ниссэн онгодтой. Мөнгөтэй болъё гэсэн хүнд 90-ээд оны Бээжин хот монгол оюутнуудад асар их боломж байв. Гэвч тэр юу ч бодохгүй, санахгүй, эд хөрөнгө гэж тоох ч үгүй”.  

Өвөр Монголын Хөх хотод Олон улсын хувцас загварын шоу болж, Бээжингээс Хятадын топ моделиуд оролцохоор явахад Гуанжоугаас гаралтай загвар өмсөгч У Чень гэдэг бүсгүй тэдний нэг байлаа. “Насны намар”, Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж” дууг нь өвөрмонголчуудад тоглуулахаар түүнийг ч бас урьсан байв. У Чень бол 1990-ээд онд Хятадад маш их алдаршсан модель бөгөөд БНХАУ-ын Ардын их хурлын төлөөлөгчийн (Хятадын парламентын гишүүн) охин аж. Дорнын төгс үзэсгэлэнт, хятад охидтой харьцуулахад нүүрэмгий, зоригтой, бие даасан, эрх чөлөөт нэгэн байв. “Хөөе, дотуур байрныхаа утсыг өгөөтөх” гэж бичиж аваад галт тэрэгний буудлаас хоёр тийш болсон ч маргааш нь бүсгүй “Чи намайг ярина гэж бодоогүй байх” гэсээр залгана. Тэдний танилцсан 1992 оны өвөл Бээжин хот Холливудад хоёр жилийн өмнө бүтээгдсэн “Хөөрхөн хүүхэн” киногоор амьсгалж байв. Бүсгүй түүнийг “Макс” хэмээн өөрийнхөөрөө нэрлэх бөгөөд төгөлдөр хуур тоглоход нь, тоглож байгаад өөр рүү нь харж инээмсэглэхэд нь их дуртай, “Чи бол миний Ричард Гир” хэмээдэг байв. Тэдний харилцаа энэ мэтээр гүнзгийрэх, үргэлжлүүлэх боломжгүйг бүсгүй ойлгож байлаа. Монголын хөгжмийн зохиолч Бээжинд түүнтэй гэрлэхээр үлдэхгүй, бас Хятадын улстөрчийн охин түүнийг дагаж Монголд очихгүй. Харин хэнийх нь ч биш Америкт суурьшиж, хоёул адилхан хэн ч бишээс хамтын амьдралаа бүтээхийг гуйсан юм. Бас сургуулиа хаяхыг. Энэ хүсэл залуугийн санаанд багтсангүй. Тэр татгалзсан. Тэд нэг жилийн дараа харилцаагаа таслахад монгол нь хятад хоол, хятад нь мах идэж сурсан байлаа. 

Навчис нь газар тийш унжиж ургадаг уд моддын дундуур унадаг дугуй жийн давхилдах оюутны он жилүүд зургаан он дамнан жирэлзэн өнгөрчээ. “1996 онд сургуулиа төгсөж, Бээжингээс явахын өмнө би У Ченьд зориулж төгөлдөр хуурт зориулсан гурван прелюди зохиосон, түүгээрээ дипломоо хамгаалаад эх орон руугаа бүрмөсөн буцаж байгаагаа өөрт нь дуулгасан. Харин тэр Монголын ЭСЯ-ны хажуугаар алхах дуртай болсноо хэлсэн. “Энэ хашааны цаана Максын хайртай эх орон бий гэж бодохоор уулзсан мэт сайхан байдаг юм” гэсэн дээ”.

                                                                                                                                Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

1996 оны зун тэр дипломоо өвөртлөөд Улаанбаатарт буулаа. Сургуульд явахдаа томилолт авсан Соёлын яамандаа очтол хэн ч хүлээж авсангүй. Сайд Н.Энхбаяр нам нь сонгуульд ялагдсан ч гэх шиг, сайдаараа байх ч юм шиг, үгүй ч юм шиг, ойлгомжгүй зүйл ярьсан байдалтай. Чуулга, ансамбль, филармони гээд урлагийн байгууллагуудын хаалга бүрийг онголзуулан, их хүсэж, мөрөөдөж ирсэн танил уур амьсгалаа хайвч хаа сайгүй тархай бутархай, эмх замбараагүй болжээ. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй, гүн хямарсан байлаа. Урлаг цаашид хэрхэх, уран бүтээлчид одоо юу хийх тухай амттай яриа хаанаас ч олдсонгүй ээ. Түүнийг Ардын дуу бүжгийн чуулгын ерөнхий удирдаачаар томилсон шийд гарчээ. Шинэ ажилдаа очтол тэнд жижүүрээс өөр хүнгүй шахам эзгүйрч, цалин мөнгө ч үгүй болжээ. Уйлах ч багадав. Нэг удаа зарын сонин эргүүлж суутал хятад хэлтэй хүмүүсийг гаалийн байцаагчаар ажилд авах зар гарч. Юун төлөө хятадаар ус цас билээ, яваад очтол “Хөгжмийн зохиолч манайд хэрэггүй. Та театр меатраараа л яв” гэв. "Уг нь ч тэр хүний түмэн зөв юм".  

Цэргийн ансамбльд ажиллаж байх 1988 онд “Улаан од” сониноос дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн сэтгүүлч Ц.Элбэгдорж ирж түүнийг сурвалжлаад “Баян хууртай инээмсэглэл” гэх нийтлэл бичсэнээр тэр хоёр сүрхий дотно биш ч гэмгүй үерхэж явлаа. Тэр УИХ-ын дэд дарга болжээ. Гаалийн газраас театрт очих зөвлөгөө сонссоны маргааш Элбэгээтэйгээ уулзахаар Төрийн ордонд орлоо. Туслахтай нь утсаар ярьж өрөөг нь заалгасан тул ордны хонгилоор хаалгыг нь хайсхийн явж байтал урдаас мөнөөх сэтгүүлч анд гадаадын хүмүүстэй гараад ирэв. “Элбэгээ!” гээд дуудтал “Өө, найз аа. Өрөөнд хүлээж байгаарай” гэнэ. Найман жил уулзаагүйдээ ч тэр үү, гэнэт таарсан сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй нэг л мэдэхэд араас нь хүрч очоод түүний хавирга руу хоёр хуруугаараа хүчтэй гэгч нь хатгаж орхив. Ц.Элбэгдорж инээх, уурлах ч хэцүүдэж байгаа янзтай, “Одоохоон, хөгшөөн” гээд яваад өглөө. Ингээд өрөөний нь үүдэнд хүлээж байтал Элбэгээ орж ирээд “Үгүй мөн хүүхэд шиг хүн ээ, чи. Гадны улстай явахад л гүйж ирээд барилдаад унагах шахах юм аа” гэсээр инээлдэн уулзав. Элбэгээд учир байдлаа нэлээд ярьлаа. “Гаальд ажиллаад, хөгжмөө ч бич л дээ. Би чамайг яриад өгье” гээд гаалийн дарга бололтой хүнд түүнийг утсаар эчнээ танилцуулж, ажилд авахыг хүсэв. Ингэж тэр Ховд аймгийн Булган суман дахь Гаалийн газарт орчуулагч, шалгагчаар ажиллах нэг жилийн томилолт авлаа. Нэг удаагийн шалгалтаар зургаан тонн спирт илрүүлтэл, барааны эзэд дөрвөн казах эр хутга тулгаж, “Аминдаа хайртай бол шинэ 69 аваад биднийг явуул. Май, энэ түлхүүр нь” гээд сарвайв. Алчихав л гэж гэсэншүү юм бодоод, чаргууцалдан зогсож байтал ашгүй эргүүлийн нөхөд ирж аврагджээ. Тэр үед УАЗ-469 автомашин зургаан сая төгрөг байж. “Би шууд татгалзсан. Надад хүний юм хэрэггүй”. Тэрбээр 1997 онд “Гаалийн байцаагч” дууны үг, аяыг зохиосон нь өдгөө гаальчдын сүлд дуу болсон. Мөн ондоо нэг жилийн томилолтоо дуусгаад тус байгууллагаас гарсан байна.

Чөлөөт уран бүтээлч боллоо. 2000 он гармагц эхнэр, таван настай охиноо дагуулаад ӨМӨЗО-ы Хөх хотыг зорив. Очоод удалгүй охиных нь ээж тусдаа амьдарч, аав нь охиноо манайхны хэлдгээр, 24-ийн цэцэрлэгт өгч, дараа нь дунд сургуульд оруулж өөр дээрээ өсгөжээ. Гэрээр хүүхэд залууст хөгжим заах, хамтлаг дуучдад дууны ая зохиох, томоохон концертуудын хөгжмийн найруулга хийх зэргээр амь зуусан 12 жил нэг мэдэхэд өнгөрсөн юм. Түүний “Бүгдийн ганцхан ээж” дуу 2008 онд Өвөр Монголд хит болж, симфони оркестрт зориулсан “Чингисийн найман шарга” зэрэг бүтээл нь Бүх Хятадын мэргэжлийнхэнд алдаршиж байлаа. Тэр нэгдүгээр дэсийн хөгжмийн зохиолч мөн хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм. “Одон” телевизэд ярилцлага өгөхдөө “Танай хөгжим манайхаас 60 жил хоцорч явна” хэмээн өгүүлсэн удаатай. Өвөрмонгол хүүхдүүд Ар Монголоос ирсэн багш нараар хөгжим заалгахыг илүүд үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын СУИС-д суралцах нь ч олширсон билээ. “Тэнд би амьдралынхаа хамгийн их архийг уусан байх. Гэхдээ би огт согтдоггүй байсан. “Энэ муу цагаач...” гэж хэлэхвий гэж үргэлж болгоомжилж байсных биз”. 

Хий нас 50 хүрдэг жилээ буюу 2012 онд Монголдоо эргэн ирлээ. Нэг жилийн дараа тоглолт хийсэн орлогоороо нэг өрөө байр авъюу гэж санатал хамт амьдрахаа больсон мөнөөх эмэгтэй аваад арилсан байв. Ингээд таван ханатай гэр авч айлын хашаанд охинтойгоо амьдардаг нэртэй ч, үнэндээ амьдралд нь түвэг удахгүй гэж хэрэн хэссэн, дотроо засах гэж өглөөг угтсан он жилүүд эхэлсэн юм... “Архичин гэдэг аймшигттай байдаг юм аа. Дандаа айна. Дандаа цочино. Унтахаас айна. Хар дарахаас айна. Бушуу нар гараасай, хүмүүсийн дунд орох юмсан гэж айна. Нар гарахад гудамжинд яваа хүмүүс рүү очих гэхээр надаас зугтана. Аргагүй шүү дээ. Архичинтай хэн аз жаргал, алтан цагаа хуваалцахыг хүсэх гэж. Архичин хүний зүүдэнд үхэл үргэлж ирдэг юм. Одоо л намайг аваад яваасай гэхээр хамт архи ууж сэглэж хаячихаад л орхиод явсан байдаг юм”.

“Миний оюутан цагийн анд хөгжмийн зохиолч Б.Магсаржав биеийн жаргал, нэр алдар, өнгө мөнгө хөөж, хоосон хүсэл шуналд автах өгөгдөлгүй төрчихсөн хүн. Хөгжмийн аялгуугаар хүний амьдралыг зурж дүрслэх гэж л төрсөн. Тэгээд нийгмийн шилжилтэд алгадуулж, цаг хугацааны эрсдэлийг давж туулсан юм” гэж Д.Одгэрэл хэлсэн. Одоо Та энэ хүртэл уншсан бол нийтлэлийн туршид “тэр” хэмээн нэрлэгдсэн хүн хэн болохыг ойлгосон. Тэр бол Бадарчийн Магсаржав. Түүнийг хүн болгон хайрлав, бас хайрлаж байсангүй ээ. 

Одоо түүний сүүлийн есөн сард зохиосон шинэ дуунуудын үгийг хэн бичсэнийг харвал Ж.Ганчимэг гэсэн нэр бий. “Амьдралын хавар”, “Сэтгэл юм хойно”, “Ээждээ очоорой”, “Үнэн эрдэнэ”, “Жаргаж л сууя даа”, “Амин зүрхний дуулал”. Энэ хоёр хүний учирсан түүхээс тэр яагаад архинаас гарсны шалтгаан олдоно. Үхэх, сэхэхийн заагт тулсан ээлжит их шарталтын дараа “Апимон” зөгийн хатгуур, сэргээн засах сувилалд хэвтэж эмчлүүлэв. Бие нь ч овоо тэнхрэв. Амьдралынхаа туршид мөрлөж яваа цорын ганц өмч “Беларусь” баян хуураа ч тоглов. Эмнэлэг хариуцсан эмэгтэй түүний тухай Солонгост ажлаар яваад түр хугацаанд эзгүй байсан Ж.Ганчимэг захиралдаа сонирхуулж, басхүү эмчилгээ нь дуусаад гарах болж байгаа талаар ч бичжээ. Ж.Ганчимэг хүний их эмч мэргэжилтэй, клиникийн профессор цолтой, энэ сувиллыг үүсгэн байгуулагч төдийгүй МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч эмэгтэй. 2018 онд “Морин хуур” наадмаас “Бурхан эжий” дуугаараа гуравдугаар байрын шагнал хүртсэн дуутай ч хүн. “Авьяастай хүн хаачихаа мэдэхгүй байгааг сонсоод би хачин их үймэрсэн. Авьяасыг хайрлах ёстой. Харсаар байж энэ их авьяасыг би түлхэж чадаагүй. Хэрвээ би түшээгүй бол энэ хүний дуунд дуртай монголчууд надад гомдох байсан биз ээ. Хүүхэд шиг цагаахан сэтгэл нь дэврүүн хэвээр байгааг нь хайрлаж итгэлээ. Би л Маагаагийнхаа дотоод сэтгэлийг мэдрэхгүй юм бол өөр хэн чадах вэ”. 

П.Хаянхярваа гуайг амьсгал хураахын өмнө Б.Магсаржав ойрхон харилцаатай байлаа. “Чи ансамбльд гэнэтхэн ирсэн шиг чиний цаг одоо чамд иржээ. Миний хүү хийгээд байгаарай. Чамд хангалттай хугацаа бий” гэсэн нь армийн хурандаагаас ахлах түрүүчдээ үлдээсэн сүүлчийн тушаал байлаа. Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров түүнд илүү хатуу даалгавар өгсөн. “Чи надад өртэй. Адараа шиг орхиж явахгүй байх өртэй. Давалгаалж яв, давж бүтээ” гэж.

Б.Магсаржав филармонийн саяхны нэгэн тоглолтын дараа хөгжимчдөд баяр хүргэхээр өрөөнд нь ортол ахмад хийлч хоёр эмэгтэй түүний талархлыг үнэнхүү үл тоов. “За тэр баяр маяр яамай. Чиний юмыг “хөрөөдчихөөд” пенсиндээ гарчихмаар байна шүү” гэж хэлээд өөдөөс нь цоолох гэж байгаа мэт аймаар ширүүн харав. “Би маш их яарч байна. Тэр хоёрыг тэтгэвэртээ гарахаас өмнө яг тэр хоёрт зориулж хийлийн концерт бичиж өгнө гэж өөртөө амлачихаад яарч явна. Тэр хоёрыг баярлуулчихаад, харц нь өөрчлөгдөхийг хармаар байна”. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
28
0
87
0
1
0
4
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.157.117
G
ЗОЧИН\13.215.157.117
G
ЗОЧИН\13.214.155.151
Love
ЗОЧИН\13.214.155.151