Гэхдээ яг үнэндээ тэр хүн миний биед хүрснээрээ миний сэтгэлд, миний оршихуйд, өөртөө итгэх итгэл болоод бусдыг харах өнцгийг ч үүрд өөрчилсөн билээ. Автобус, бас богино банзал дэлхий надад аюулгүй газар болохыг мэдрүүлсэн юм. Үүн шиг, өөрт тохиолдсон, өөрийг нь үүрд өөрчилсөн түүхээ хуваалцахаар энэ таван хүн нэрээ нууцалж, урьд хэзээ ч гаргаагүй зоригийг гарган, өмсөж хэзээ ч зүрхлээгүй гунигт түүхтэй хувцаснуудаа өмсөн зургаа авхуулж, нийтлэлд минь оролцсон билээ. Бидэнтэй цуг дэлхий илүү аюулгүй болох мөчийг мөрөөднө үү хэмээн урьж байна.
Нийтлэлч: О.Анхзаяа
Гэрэл зурагчин Ү.Гэрэл
Бага ангид байхдаа нэг удаа богино банзал өмссөн чинь ангийн маань охин “Биеэ үнэлэгч юм уу” гэж хэлснийг санаж байна. Хувцас болон гадаад төрхтэй холбоотойгоор сонсож байсан анхны сэтгэл өвдөм үг энэ. Том болоод ажил дээр гарахад “Юм идэж уудаг юм уу? Хөх гэж юм алга аа, том даруулга зүү” гэх мэт үгсийг олон сонссон. Би дуурийн дуучин, тиймээс ч тайзан дээр их гардаг болохоор хүмүүст таалагдахын тулд өөрийгөө их өөрчлөх шаардлага гарч ирдэг. Уг нь би дуучин хүн, дуу хоолойгоороо бусдад үнэлэгдэх ёстой атал Монголд хүмүүс бусдыг гаднаас нь дүгнэх нь их болохоор хамгийн энгийн гэсэн хувцсыг сонгож өмсөх хэрэгтэй болдог.
Би маш туранхай болохоор дээгүүрээ онгорхой хувцас өмсөхөөр хүмүүсийн нүдэнд хэт их тусаад байдаг бололтой юм билээ. Нэг удаа надаас нэлээн ах ажлын хүн маань намайг “Хүүе наад энгэр цээжээ далд хийгээч” гэж их муухайгаар хэлж байсан. Үүнийг сонсох надад их хэцүү байсны дээр “Энэ хүн намайг юу гэж хараад байгаа юм бол” гэх бодол орж ирсэн. Тэгээд л өөрийгөө хамгаалах гэсэндээ ч юм уу, хамгийн энгийнээр хувцаслах болсон доо.
Танихгүй хүмүүсийн харц үнэхээр хэцүү. Тэр харцнаас болж өөрийгөө заримдаа нүцгэн байгаа мэтээр төсөөлөөд маш тухгүй, айдастай болчихдог. Танихгүй хүмүүс ирээд шууд биед хүрэх тохиолдол ч бий. Нийгэмд хүмүүс тэр аяараа эхлээд өөрийгөө анхаардаг байгаасай. Өөрийн ямар хүн бэ гэдгээ эхлээд мэдэж аваад, дотогшоо өнгийвөл бусдын тухай ямар нэг өвтгөм үг хэлэхгүй болох байх. Үгүй бол дэндүү ихээр бусдыг анхаарч байна. Зөвхөн бусдыг анхаарсаар, шүүмжилсээр амьдралаа элээх хайран биш гэж үү?
Би маш тод өнгийн хувцсанд дуртай. Тэр тусмаа ногоон өнгөнд, бас шар, бор гээд байгалийн өнгөнд дуртай. Гэхдээ аав ээж маань надад тийм хувцас өмсөхийг зөвшөөрдөггүй. Өнөөдөр миний авчирсан энэ цүнх өвөөгийнх маань. Залуудаа цэрэгт байхдаа үүрдэг байсан хорт утааны эсрэг баг хийдэг цүнх нь. Харин дээр нь байгаа хатгамлыг эмээ минь оёсон юм. Эмээгийн минь хатгамал олон өнгө сүлсэн, их гоё болохоор би цүнхэн дээр нь оёчихсон. Би өмсөж байгаа хувцсандаа жижигхэн өөрчлөлт хийгээд, гоёх дуртай. Тэгэхээр эрх чөлөө мэдэрдэг.
Манай хамаатнууд жаахан хэл амтай хүмүүс. Хүний өмсөж зүүснийг гоочилно. “Танай хүүхэд чинь жаахан хүүхэд шиг нэг л их тод өнгийн хувцас өмсөх юм” гэх мэтээр аав ээжид минь хэлдэг. Би хүссэн зүйлээ л өмсөх гэж хичээдэг. Гэхдээ надад ирж байгаа тэр муухай үгсийг би сонсож л байгаа шүү дээ. Бүр тоохгүй байя ч гэлээ сонсогдоно. “Надад ингэж хувцаслах гоё мэдрэмж төрүүлдэг, би өөрөө өмсмөөр байна” гэж зөрөөд, голдуухан өмсчихдөг л дөө. Гэхдээ яагаад өмсмөөр байгаа хувцасныхаа тухай тэгж их шүүмжлэл, муухай үг сонсож, хэрүүл тэмцэл болох ёстойг ойлгодоггүй. Тийм үг хэлэхэд нь тоохгүй байхыг хичээдэг ч ямар нэг байдлаар надад нөлөөлөх нь мэдээж. Хүмүүст өөрсдөөрөө байх эрх чөлөөг нь өгдөг байгаасай. Хүнийг нас, хүйс, итгэл үнэмшил, өмсөж зүүснээр нь гэх мэт ямар ч шалтгаанаар ялгаварлаж болохгүй. Тэгэх чинь үнэхээр бүдүүлэг биз дээ?
Анх өөртөө зориулж оёсон нэг өмд байсан юм. Гэтэл аав тэрийг гаргаад хаячихсан. Ингэж хувцаславал олон хүн чамайг муу хэлнэ гээд. Хүмүүс юу гэх бол гэдгээс санаа зовоод хаясан гэх юм уу. Тэр үед би дунд ангид сурдаг байлаа. Аав миний хувцаснуудыг хаяад байдаг болохоор би бүр цоожтой шүүгээнд хийгээд нууж, цоожилдог байсан. Яах вэ, тэр өмдний минь хийц тийм ч гоё байгаагүй л дээ. “Хүмүүс чамайг өмсөж зүүснээр чинь муу хэлнэ, ийм хувцас өмсөж болдоггүй юм” гэж аав тэр үед надад хэлсэн юм. Гэхдээ би аавдаа зөрүүлээд нэг л үг хэлсэн. “Яагаад хүмүүсийн юу гэж хэлэхээс айж амьдраад байгаа юм?” гэж.
Есөн настай байхдаа эгчтэйгээ хоёулхнаа байж байтал гэрт гал гарсан юм. Тухайн үед амьд гарсандаа маш их баярласан ч түлэгдэлтийн сорвитой үлдсэн. Эмнэлэгт хоёр сар гаруй хэвтэх хугацаанд арьс нь төлжиж өгөхгүй, өдөр болгон боолт хийлгээд, түүнийгээ зулгаалгадаг байсан. Тиймээс арьс нөхүүлэх шаардлагатай болоод, гуянаасаа арьс авч нөхүүлсэн. Духан дээрх бага хэмжээний сорвийг аз болоход будгаар будаад далдалж болдог. Эдгээр сорвиноосоо болоод би хэзээ ч ханцуйгүй болон цээж, гар ил гарсан хувцас өмсөж чадахгүй болсон. Гуя бас ийм сорвитой болсон болохоор нэмээд богино өмд, банзал өмсөж чаддаггүй. Хүмүүс харах болгондоо “Хөөх, энэ гар чинь яачихсан юм?” гэж асуугаад, тэр болгонд нь би өнөөх аймшигтай дүр зураг, дурсамж руу эргээд оччихдог болохоор. Найзуудтайгаа хамт байхад эсвэл шинэ жилийн баяраар хүмүүстэй хамт хувцсаа солиход сорви маань ил харагдана. Ойр дотнын хүмүүс маань болохоор гомдоож цочирдуулах үг хэлж байгаагүй ч “Хүүш ээ, ямар аймаар юм бэ” гээд уулга алдах нь эмзэглэмээр байдаг. “Яасан юм?” гээд яг сонсох гээд хүлээгээд, би бүх учир шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй болдог. Хүн түлэгдсэн эсвэл өөр ямар нэг байдлаар гэмтэл, ослын шарх авсан л байгаа биз, тоохгүй өнгөрөөж болно шүү дээ. Гэтэл бид заавал нэг шархаа хоёр, гурав, арван удаа дахиж туулах шаардлагатай болох юм. Бага байхдаа тийм хэцүү зүйлийг туулаад, гэр орон минь шатаж, бүх зүйлээ алдаад, эмнэлэгт хэвтсэн гэх дурсамж мэдээж эргээд дурсахад сайхан байхгүй.
Би түлэгдэхээсээ өмнө том болоод мөр ил гардаг даашинз өмсөхийг маш их хүсдэг байсан. Гэхдээ тэр хүсэл минь боломжгүй болж хувирсан. Уг нь би өмсөөд, хүссэнээрээ хувцаслаад, ил гаргаад явж болно шүү дээ. Миний сорви хүмүүст тийм чухал биш, тэгтлээ харж уулга алддаггүй байсан бол би өдийд ч өмсөөд явахсан. Дэлхий аюултай, гэнэтийн осол, хэцүү явдал болох боломжтой газар байж болох ч түүний дараа хүн эдгэрч, байгаадаа сэтгэл хангалуун байж, өөрийгөө илэрхийлэх эрхтэй байх ёстой. Гэтэл хүмүүс тэр галнаас ч илүү аюултай байгаа нь харамсмаар.
Яг одоо энэ даашинзыг өмсөөд, санаа зоволгүйгээр зургаа авхуулах боломж олдож байгаад би маш их баяртай байна. Өнөөдрийг хүртэл энэ миний хүсэл мөрөөдөл байсан. Надаас “Анх хэн чамайг байгаагаараа үзэсгэлэнтэй байна гэж хэлж, санаа зоволгүй өөрийнхөөрөө, аюулгүй байх мэдрэмжийг төрүүсэн бэ” гэж асуусан. Харин би “Яг одоо” гэж хэлмээр байна.
Арван жилд байхдаа би дүрэмт хувцасныхаа богино банзлыг өмсөхийг маш их хүсдэг байсан. Гэхдээ гуяныхаа булчингаас санаа зовсондоо үргэлж дотуур нь биеийн тамирын эсвэл өөр өмд өмсчихдөгсөн. Хонхны баяраар яах ч аргагүй болоод нэг удаа өмсөхдөө хэдий санаа зовсон ч өөрийн эрхгүй баясаж билээ. Хэчнээн ичсэн ч цаанаасаа нэг л гоё. Гэтэл тухайн үеийн миний хамгийн сайн найзууд бүгд “Хүүе ээ, тэр хөлийг нь хар даа” гээд ард инээгээд, шоолоод. Би сандлаасаа босож чадахгүй сууж байтал бүгд тойрч зогсох болоод, тэгтэл найзууд маань яг хажууд зогссоноо инээлдээд, “Миний хөл ийм тэгшхэн, хар даа” гэж хүртэл хэлсэн.
Хүмүүс ард тэр тухай ярьж байгаа нь сонсогдоно. Тиймээс би “Ард явбал яг намайг шоолно” гэж бодоод дандаа л хүмүүсийг урд гарахыг нь хүлээж зогсож байгаад явдаг болчихсон. Хүмүүс намайг шоолохдоо “Наад хөлийг чинь хугална, чи ёстой муухай хөлтэй” гэх мэтээр хараах маягтай хэлдэг байсан. Уг нь би тод өнгийн шилэн оймс, богино даашинз өмсөхийг их хүсдэг. Гэхдээ өмсчихвөл шоолуулаад л дуусна гэх мэдрэмж дэндүү тод үлдчихсэн.
Багадаа хөлөө скочоор ороогоод унтдаг байсан. Сүүлдээ хөл тэгшилдэг бүсээр ороогоод унтах боллоо. Янгинатал бариад өвтгөдөг болохоор үнэхээр хэцүү. Аргаа бараад ээжээсээ миний хөлийг гипсдээд өг гэж гуйсан. Зөвшөөрөөгүй л дээ. Мэдээж ээж аав нарт хүүхэд нь хөөрхөн л харагдана шүү дээ. Хөлийн булчин багасгадаг мэс засалд ормоор байна гэж уйлж гуйснаа ч санаж байна. Үнэндээ би одоо болтол тийм мэс засал байдаг эсэхийг ч мэдэхгүй. Заримдаа өч төчнөөн доромжлуулаад гэртээ харихдаа би хөлийнхөө булчинг чангаар цохиод уйлдаг байсан. Ээж аав маань мэдээж хямраад, “Би чамайг эрүүл гаргаж өгсөн. Наадах чинь тийм том асуудал биш шүү дээ” гэнэ. Гэсэн ч тэрийг ойлгохгүй, хүүхэд байхад үнэхээр тэвчихийн аргагүй санагддаг байж.
Том болоод би өөрийнхөө өөг далдалж хувцаслаж эхэлсэн болохоор байдал дээрдсэн ч хүссэн зүйлээ өмсөж чадахгүй л байлаа. Нэг удаа манай урлангийн эзэн надад “Чиний хөлийн булчин яг анимэ дээр гардаг дүрүүдийнх шиг гоё” гэж хэлсэн юм. Тэр үед надад үнэхээр гоё санагдаж, би санаа зоволгүйгээр хэд хэдэн удаа богино банзалтай очсон. Гэхдээ урлан хүртэлх, тэр аюулгүй цэгийг олж очих хүртэлх замыг туулна гэдэг хэцүү.
Сая зун богино хувцас өмсөөд сторидоо зургаа хийсэн чинь манай краш “Тамирчин шиг л булчинтай юм байна” гэдэг юм. Би өөрт нь энэ тухай эмзэглэж явдгаа хэлсэн чинь “Үгүй ээ, тамирчин шиг гоё гэдэг утгаар нь хэлсэн шүү” гэсэн л дээ. Гэхдээ л тэгээд бүх юм дууссан. Гадаадад хүмүүс бусдын яаж хувцаслахыг тоодоггүй, өөрийнхөөрөө байх боломжтой байдаг даа? Тиймээс би одоо аялахаар явахдаа хүссэн бүх хувцсаа өмсөнө гэж бодож байгаа.
Хэн нэгэн өөрийнхөө бие, харагдах байдалдаа санаа зовж, адилхан ичдэг, нэг зовлонтой байвал би тэр хүнийг аль болох гоё үгээр өргөхийг хүсдэг. “Чи байгаагаараа л гоё”, “Өөрийнхөөрөө байхдаа хөөрхөн” гэдэг ч юм уу, эсвэл өөрөө түрүүлээд асуувал хувцаслалт дээр нь зөвлөж, хамтдаа яавал илүү өөртөө итгэлтэй байх тал дээр ярилцдаг. Өөр хэн нэгэн миний мэдэрснийг битгий мэдрээсэй л гэж хүсдэг.
Оюутан болоод анх удаа халимаг үстэй болж байлаа. Дөнгөж үсээ засуулсны дараах миний амьдралын хамгийн гоё үеүдийн нэг байсан. Өөртөө таалагдаад, илүү итгэлтэй болоод, түүнийгээ дагаад хувцаслалт ч гоё болж эхэлсэн. “Би хөөрхөн ч юм уу” гэж бодогдож байсан цөөхөн мөчийн нэг гэж хэлж болно. Дараа нь би үсээ цагаан шаргал өнгөөр будуулсан. Тухайн үедээ нэг барилгын компанид, баахан эрчүүдийн дунд ажилладаг байлаа. Харилцагч компанийн захирал орж ирэхдээ мөрөөр тэвэрснээ нэрийн хуудсаа өгөөд, “Хэрэгтэй юм гарвал яриарай” гэж хэлэхээс авхуулаад, компанийн хоёр инженер залуу байнга өрөөгөөр эргэлдэх гээд байдал тавгүй байсан л даа. Энэ хүмүүсийн байр байдлыг би үл тоогоод явж болж байгаа юм. Гэтэл манай компанийн захирлаас тийм үйлдэл гарахад би үнэхээр шархалсан. Уг нь би тэр хүнийг сайхан сэтгэлийн үүднээс л дандаа тусалж, анхаарал тавьж байна гэж боддог байсан ч нэг өдөр “Хоёулаа бусдад мэдэгдэхгүйгээр ажил дээр хамт жаахан суух уу” гэж асуухад нь л би бүх зүйл өөр утгаар байсныг ойлгосон. Холоос яваад хэцүү байвал ойрхон байр түрээслээд өгье, төслөө дуусахаар чамд байр өгнө гэх амлалтууд ирнэ. Нэг удаа захирал нөгөө инженерүүд дээр очоод “Та нар тэр лүү харж ч болохгүй, битгий өрөөгөөр нь эргэлдээд бай” гэж загнасан байсан. Үүнээс болоод зүв зүгээр байж байгаад л явдалтай охин гэдэг нэр зүүчихсэн. Энэ бүх үйл явдлаас би маш их шархалж, өвдсөн болохоор хөдөө явж, тэндээ хэсэг хугацааг өнгөрүүлж өөрийгөө анагаахаар шийдсэн юм. Гэтэл тэнд очоод байдал дээрдээгүй. Харин ч хүмүүс миний үсний өнгөнөөс болоод над руу орилж хашхиран янз янзаар дуудаж, тэр дундаа гайгүй танил ах маань миний түүхийг сонссоны дараа доромжилж буруутгасан аястай үгс хэлэхэд би бүр их шархалж байгаагаа мэдэрсэн. Тиймээс тэнд очоод удаагүй байхдаа л шууд үсээ хар өнгөөр будчихсан. Надад өөрт таалагдах зүйл үлдээгүй юм шиг санагдаж, тэр үеэс хойш өөрийн хүсэж байгаа биш, зүгээр л хамгийн аюулгүй байж болох хувцаслалтыг сонгох болсон.
Би энэ цамцыг долоон жилийн өмнө авч байлаа. Нэг л удаа өмсөөд дахиж хэзээ ч өмсөлгүй далд хийсэн.
Өнөөдөр л би зориг гаргаад дахин нэг удаа гаргаж ирж өмсөж байна. Өмсөөд гарсан тэр өдрөө би маш олон хүний харцанд ороогдож, тэсэхийн аргагүй болсон юм. Тэгээд гэртээ л харья гэж шийдээд такси барьтал жолооч нь урд талын толио яг миний цээж рүү тааруулаад татсан. Тэр мөчид тэвчээр алдарсан даа. Гэртээ хариад шууд угаагаад далд хийчихсэн. Миний хэзээ ч өмсөж чадахгүй боловч хамгийн ихээр хайрласан хувцаснуудын маань нэг. Нэг өдөр өөр нэг хар өнгөтэй топ өмсөөд ажилдаа иртэл ажлын эгч “Чи ийм бондгор байж наад топоо ямар итгэлтэй өмсдөг юм бэ” гэж хэлсэн. Уг нь би тэр цамцыг өмсөхдөө үнэхээр дуртай байсан юм. Гэхдээ тэр үеэс хойш миний толгойд зөвхөн туранхай, хөөрхөн охид л энэ хувцсыг өмсөж болох юм байна гэдэг бодол суучихсан. Тэр цагаас хойш дандаа л “oversized” буюу томдсон хувцас өмсдөг болсон доо. Надад “L” размерын хувцас таардаг байлаа гэж бодоход би дандаа “XL” авч өмсдөг болсон.
Би үргэлж хүссэнээсээ өөр хувцас өмсдөг. Ямар нэг таалагдсан хувцсаа сонирхоод барьж үзэхэд хүмүүс намайг юу гэж бодох бол гэх болгоомжлол хамгийн түрүүнд орж ирнэ. Тэгээд л миний авахыг хүссэн ч авч чадаагүй хувцаснууд сэтгэлийн минь шархыг дүүргэчихсэн юм шиг санагддаг. Уг нь энэ чинь зүгээр л хувцас шүү дээ. Хэн нэгэн өмсөж зүүж байгаа зүйлээсээ болоод ямар нэг нэр шошго зүүх ёсгүй. Зүгээр л амьдарцгаая л даа. Би халтар хувцаслаад явсан ч санаа зовохгүй амьдрахыг хүсэж байна.