Ижил хүйсийн эрэгтэй оцон шувуутай хамтран амьдарч, олон нийтийн анхаарлын төвд орж, хайрыг татсан “Sydney Sea life“ усан паркийн 11 настай Сфен оцон шувуу нас баржээ. Түүний өвчин хүндэрч, эдгэх боломжгүй байсан тул зовлонгоос нь салгах хүндхэн шийдвэрийг эмч нар гаргаж, унтуулах арга хэмжээ авсан байна.
Сфен өөрөөсөө гурван насаар дүү Мэжиктэй зургаан жил үерхсэн бөгөөд бие биенээ харсан цагаас дотносож, хамтдаа тоглож, нэг нэгэндээ үүр барих чулуу бэлэглэж, эрхэлдэг байсан тухай нь усан паркийн ажилтнууд ярьжээ.
Үерхлийг нь анзаарсан ажилтнууд анх тэдэнд хиймэл өндөг өгч туршсаны дараа удалгүй хамтын үүргээ хуваалцахаа больсон эсрэг хүйсийн хосын жинхэнэ өндгөөр сольж байсан. Тэд маш сайн хамтрагчид байж, өндгөө ээлжлэн дарж 2018 онд Лара нэртэй дэгдээхэйтэй болсон. 2020 онд дахин хамтдаа өндөг дарж, Клансиг угтаж авчээ.
Тэдний үерхэл дэлхий нийтийн анхаарлыг татаж, Австралийн ижил хүйстнүүдийн бахархлын жагсаалын гол нүүр царайны нэг болж байв. Мөн хосууд хамтдаа “Atypical“ цувралд ч дүрээ мөнхөлсөн.
Өдгөө түүний хамтрагч, 9 настай Мэжик анх удаагаа Сфенгүйгээр үржлийн улирлыг өнгөрүүлэхээр болов. Тэдний харилцааг хүндэтгэдэг байсан усан паркийн ажилтнууд Сфений цогцсыг Мэжикт үзүүлэхэд тэр гашуудлын авиа гаргаж, “Sydney Sea life“ усан паркийн бусад оцон шувууд ч дуу нэмжээ.