“Парис-2024” паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 5-7-ний өдрүүдээр явагдана.
Эл тэмцээний салхийг хагалж эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ зодоглох юм. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Анталья, Нур-Султаны ГранПри тэмцээний аварга Бразилийн Силва Де Андрадетэй барилдахаар оноолт таарчээ.
Өдгөө 22 настай Т.Сувд-Эрдэнийн хувьд, паралимпын наадамд анх удаагаа оролцож байгаа төдийгүй өнгөрсөн жил Азийн наадмын шагналт 5-р байрт шалгарсан амжилттай.
Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар “Парис-2024” паралимпын наадамд оролцож буй 168 орноос 44-р байрт эрэмблэгдэж байна.