UBLife Logo
Сэтгэл судлал

Сэтгэл судлал: Хосын харилцаанд '“ЭЭНЭГШИЛ” чухал уу?

Сэтгэл судлал: Хосын харилцаанд '“ЭЭНЭГШИЛ” чухал уу?

Тус нийтлэлийг бэлтгэхээсээ өмнө юуны түрүүнд “Ээнэгших“ гэх үгийг тайлбарлах нь зүйтэй болов уу. Монгол хэлний тайлбар тольд тус үгийг хүмүүс бие биедээ дасах, ойр дотно болох хэмээн тэмдэглэжээ. Тэгвэл сэтгэл судлалд ээнэгшилт гэдэг нь хэн нэгэнтэй сэтгэл хөдлөлийн хувьд холбоо тогтоохыг хэлнэ. Ээнэгшлээр хувь хүн дотно харилцаанд хэрхэн биеэ авч явах, ямар зан үйлдэл гаргахыг тодорхойлдог чухал зүйл юм. Хэрэв хос тань харилцааны явцад чин сэтгэлийн яриа өрнүүлдэггүй, сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлдэггүй, яг л ханаар тусгаарлагдсан мэт байдаг бол зайлсхийх хэлбэрийн ээнэгшилтийн талаар ойлголттой болох цаг нь иржээ.

Ээнэгшилтийн суурь гурван нас хүртэлх хугацаанд бүрэлддэг бөгөөд энэ нь цаашид хүмүүстэй тогтоох харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхэд бага насандаа эцэг эх, эсвэл асран хамгаалагчтайгаа тогтоосон ээнэгшилтийн ачаар стрессээ удирдах, том хүнд итгэл хүлээлгэх, тусламж хүсэх чадваруудад суралцдаг байна. Мөн насанд хүрсэн хүнтэй тогтоож буй харилцаанаас хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой хүндрэлийг даван туулах механизм нь бүрэлддэг. Энэ нь цаашлаад аливаа асуудлаас гарах, харилцаа холбоо үүсгэх хувь хүний арга барил боловсроход тусалдаг байна.

Ээнэгшлийн 4 хэлбэр байдаг.

  • Secure (Аюулгүй, бат бөх ээнэгшил )

  • Avoidant (Итгэлгүй буюу зайлсхийж, зугтсан)

  • Anxious (Түгшүүртэй)

  • Disorganized ( Эмх замбараагүй)

“Secure” - хэлбэрийн ээнэгшилтэй хүмүүс өөртөө итгэлтэй, бусадтай хялбар харьцаж, өөрийн болон бусдын сэтгэл зүйн хэрэгцээг хангаж чаддаг тул аливаа харилцаандаа илүү сэтгэл хангалуун байдаг байна. Иймдээ ч хосын харилцаан дээр шударга, нээлттэй, тэгш байж эрүүл харилцааг бий болгож чаддаг.

“Avoidant” - Хана хэрэм босгогчид

Энэ төрлийн хүмүүсийн онцлог нь сэтгэл зүйн хувьд хаалттай, өөрийн мэдрэмжүүдээ өнгөлөн далдалж, дотно харилцаанаас зугтаах хандлагатай байдаг. Хосын харилцаанд тэд хамтрагчийнхаа мэдрэмжийг үл хайхарч, илүү бие даасан байдлаар өөрийгөө авч явахыг эрмэлзэж, өөрийг нь гэж буй хүмүүсийг түлхэж орхидог. Сонирхолтой нь, avoidant ээнэгшилтэй хүмүүс өөрөөс нь зугтаагаад буй хүмүүст татагдах нь элбэг байдаг байна.

“Anxious” - Хэтэрхий их наалдагсад

Нас биед хүрэх тусам тэдэнд хэн нэгэнтэй маш ойр дотно байх, хайрлуулж энхрийлүүлэх хүчтэй хэрэгцээ үүсдэг. Бусадтай харилцах харилцаа маш идэвхтэй байдаг бөгөөд зарим талаараа хэт наалдаад байх шиг санагдана. Хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэдэг дээр эмзэг байж, бусдаас хамааралтай байх хандлага ихээр ажиглагддаг. Тэд харилцааныхаа эерэг тал дээр бус, асуудал дээр хэт их анхаарлаа хандуулж, хосын харилцааны үед сэтгэл ханамж багатай, түгшүүр ихтэй байдаг.

“Disorganized”

Энэ төрлийн хүмүүс сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг. Тэд хүлцэнгүй байдлаас түрэмгий рүү, дотно байдлаас хөндий хүйтэн рүү гэнэт шилждэг. Хосын харилцаа, хайр дурлалын үед тэд түгшүүрлэж эхлэх бөгөөд тогтворгүй байдлаас нь улбаалан асуудлууд үүсэж, үүнийгээ шийдвэрлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгарна. Бага насных нь хүнд хэцүү үеүдэд тусламжгүйгээр ганцааранг нь орхих, айлган сүрдүүлэх, бие махбодийн шийтгэл өгөх зэрэг нь энэ хэлбэрийн ээнэгшлийг бий болгодог байна. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн асран хамгаалагчдынхаа ээнэгшлийн загварыг давтах хандлагатай байдаг.

Тэгвэл хэрхэн аюулгүй, бат бөх ээнэгшлийг бий болгох вэ?

Мэдээж бага насны хүүхдийн хувьд эцэг эх нь бүхэл бүтэн ертөнц байх бөгөөд хүүхдийн хөгжлийн үе болгонд тулгарах сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж, анхаарал халамж тавин, хайрлаж энхрийлэх нь бат бөх ээнэгшлийн суурийг тавьж өгдөг. Мөн түүнчлэн асран хамгаалагчдынхаа ээнэгшлийн загварыг давтах хандлагатай байдаг тул, эцэг эхийн ээнэгшлийн хэлбэр, гэр бүлийн харилцаа тогтвортой, зөрчил багатай байх зэрэг нь ч аюулгүй ээнэгшлийг бий болгоход чухал юм. Харин насанд хүрсэн хүний хувьд ээнэгшил нь өөрчлөгдөх боломжтой байдаг ба сэтгэл зүйчээс зөвлөгөө авснаар өөрийгөө илүү ойлгож ямар ээнэгшилтэй байна гэдгээ мэдэх боломжтой юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
6
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.225.87
bayrlalaa