UBLife Logo
Ном

Х.Нямхишиг | "ЭЗЛЭГДСЭН ДУРСАМЖ ба ДУРСАМЖИД ЭЗЛЭГДЭХҮЙ" эсээ

У.Чинзориг
У.Чинзориг
Х.Нямхишиг | "ЭЗЛЭГДСЭН ДУРСАМЖ ба ДУРСАМЖИД ЭЗЛЭГДЭХҮЙ" эсээ

Утга зохиолын хүрээнд Момо багш хэмээн алдаршсан зохиолч, утга зохиол судлаач Пүрэвхүүгийн Батхуяг агсны 50 насны ой энэ өдөр тохиож байна. Тэрбээр олон залууст урам зориг өгч, уран зохиолын оньсон тоглоомыг шавь нартайгаа тайлж тоглодог, биширмээр хөдөлмөрч зохиолч байсан юм. Бид энэ өдрийг тохиолдуулан зохиолч Хандхүүгийн Нямхишигийн “ЭЗЛЭГДСЭН ДУРСАМЖ ба ДУРСАМЖИД ЭЗЛЭГДЭХҮЙ” эсээг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.


1. Зохиолч Хулио Кортасарын “Эзлэгдсэн байшин” хэмээх үгүүллэгийн тухай 

Хулио Кортасар гэдэг зохиолчийн нэрийг би Д.Урианхай гуайн амнаас анх сонссон юм. Арав гаруй жилийн өмнө дөө, зохиолч П.Батхуяг, яруу найрагч Б.Эрдэнэсолонго бид гурав Урианхай гуайтай нэгэн сонины газарт тааралдаад гадна дотнын зохиолчдын тухай хамж шимэн ярилцсаар (ярилцах ч гэж дээ, миний хувьд бол тэдний яриаг чагнасаар) гадагш гарч, бид гурав залуу хүмүүс л хойно уушийн газар луу, харин Урианхай гуай гэр лүүгээ зүтгэж, тэр зуураа;

- За, дүү нар болгоомжтой яваарай гэх үгсийн завсарт, Хулио Кортасарын тухай товчхон боловч амттай яриа дэлгэсэн нь санаанаас гардаггүй юм.

Аргентин - Францын энэ их зохиолчийн цөөн боловч гол бүтээлүүд нь Г.Аюурзанын орчуулгаар дамжин монгол хэлээр гарч асан үе л дээ. Ер нь Латин Америкийн уран зохиол бол дэлхийн уран зохиол дахь маш том орон зай. Энэ орон зайд Хорхэ Луис Борхэс, Габриал Гарсиа Маркес, Хулио Кортасар зэрэг агуу нэрс багтдаг билээ.

Кортасар. Эзлэгдсэн байшин. “Бид байшиндаа их хайртай байлаа” гэж зохиол эхэлнэ. Хайртайн учир нь, энэ байшин бол тэдний хувьд хамаг үнэт дурсамжийнх нь цогц байгууламж юм. Тэд гэдэг нь гол дүр болох нэгдүгээр бие хүн болоод түүний эгч Ирене. Гагцхүү гуч гарч, дөч шахаж яваа тэр хоёрын бий болгосон дурсамж төдий биш; тэдэнд “өвөг дээдэс, өвөө, эцэг эхээс” нь үг яриа, эд өлгийн зүйлс, ухамсар, тэр ч байтугай зүүд зөн, бүр судсаар урсах цусаар нь дамжин ирсэн дурсамжуудын сав суулга, сан хөмрөг нь энэ байшин авай.

Хүмүүс дурсамждаа хэзээд хайртай байдаг. Сайн сайхнаас гадна хэцүү бэрх, хар бараан дурсамжууд ч эргэн санахуйн тодорхой зайд уярал, бахархал, таашаал төрүүлэгч болж хувирах нь буй. Ухаажихуйн хэрээр, нас уртсахуйн хэмжээгээр дурсамж зузаардаг мэт санагдах ч яг үнэндээ тийм биш юм. Мартагнал буюу ард хоцорсоор буй, овоорсоор буй цаг хугацааны сүүдэр биднийг ямагт нэхэн хөөдөг. Ул мөр бүрийг минь элс шиг, салхи шиг залгидаг.

Уг зохиолын өрнөл хэсэгт: “Ирене бид хоёр хаалганаас наашхи хэсэгт л суудаг, нөгөө хэсэг рүү зөвхөн тавилгуудын тоос арчих л гэж ордог сон” хэмээх үгүүлбэр бий. Хэтэрхий том байшин - их дурсамж. Оюун санааны аль нэг мухарт оршсоор буй, он цагийн тоосонд дарагдсаар буй бүдэг бадаг дурсамжууд. Ор тас марчихгүйн тулд хүчлэн санадаг дурсамжууд. Гэтэл зохиол дахь байшингийн тал нь; мөнөөх тоост өрөөнүүд нэг л үдэш бусдад эзлэгдчихсэн. Утга шилжүүлбэл, бүдэг бадаг дурсамжууд мартагдчихсан.

Тэд нэг хэсэгтээ л эзлэгдсэн өрөөнүүд дэх эд зүйлсээ үгүйлэв, хий дэмий эрж хайв; тархиныхаа өнцөг булан бүрийг нэгжиж, мартсанаа санаж цөхөх мэт. Яваандаа тэд бодот байдалд эвлэрч даслаа. Байшин дахь орон зай жижгэрсэн нь харин ч таатай санагдаж эхэллээ. Мартагнал гэгч зарим талаар сэтгэлийг ч, амьдралыг ч хөнгөвчилж өгдөг дөө.


2. “Эзлэгдсэн байшин” зохиолоос эшилсэн хоёр үгүүлбэр

“...эмэгтэйчүүд юу ч хийлгүй суухгүйн тулд л юм нэхдэг.”

Эрчүүд юу ч хийлгүй суухын тулд л ажлаа амжуулдаг, эмэгтэйчүүд харин юу ч хийлгүй суухгүйн тулд ажилласаар байдаг гэвэл эр, эм хүмүүсийн мөн чанарыг тодотгож болох мэт санагдана.

“...Хэрэв бүх юм дуусчихаагүй бол, энд бичээд байх юм үгүй болох сон.”

Хэрэв бүх юм нэгэн хэвийн, яг л нэгэн хэвийн үргэлжлээд байвал ямар юмных нь дурсамж байх вэ дээ. Бидний зам мөрийн энхэл донхол, цочир, хачирхалтай тохиолдлууд л дурсамж болдог.


3. Эргэх зам үгүй 

Байшинг булаан эзлэгчид хэн байв? Сүнс, хий үзэгдэл үү? Амьд үхдэл үү, аль эсвэл зүгээр хүмүүс үү? Зохиогч үүн тухай, бөглүү чимээнээс өөр ямар ч шинж тэмдэг бичээгүй нь сайн хэрэг; сонгодог арга.

            Хэн ч бишүүд нэг л үдэш байшинг бүхэлд нь эзэллээ. Манай хоёр өөрийн мэдэлгүйгээр үүдний өрөө рүү чиглэв. Хаалга хаагдаж, бүх юм ард үлдлээ. Гэсэн ч Ирене гартаа барьсан нэхмэлийн утсаа алдан унагаж, утас өнхөрсөөр хаалган доогуур дотогш орчихов. Утсаа алдсан тул нэхэж байсан зүйлээ ч газарт унагалаа. Одоо тэдэнд юу ч үлдсэнгүй.

            Хаалгаа гаднаас нь цоожилж, түлхүүрээ ус урсгах хоолойд хаялаа. Ус урсгах хоолойд шүү дээ. Одоо тэдэнд дурсамж руугаа эргэх зам үгүй.

- Бүх дурсамжаасаа ангижирсан хүмүүс хаачдаг вэ?

            Энэ асуулт цагийн цагт асуулт хэвээрээ орших болно.

“Эзлэгдсэн байшин” бол цаг хугацаанд залгигдах, залгигдаж буй, залгигдсан дурсамжийн тухай, үнэндээ бол амьдрал хийгээд үхлийн тухай зохиол юм.  


4. Зохиолч Пүрэвхүүгийн Батхуягийн “Тэнд...” хэмээх үгүүллэгийн тухай

            Уулын ард, их цасан дотор дуран барьж суугаад (гэхдээ эл зохиолд дурангийн тухай байхгүй), их цасан доторх ямархан нэгнийг хараачилж буй залуу эр. Түүний хараанд торсон бүхэн нь дурсамж сэдрээнэ. Дурсамж гэдэг хүний оюун санааны нугалаа бүрд шигдсэн бичээс, салхины аяс таарваас сөхөгддөг хуудас. Тэр эрийн харж буй юмсаас тархи хийгээд зүрхнийх нь угт шургалагч, тийм таалалт салхин сэвэлзэнэ.

            “…Цонх тагласан цасыг том хүрзээр шидэлж буй бүсгүйн эрээн алчуур нь зуны эхэн сарын нуга хөндийг санагдуулна. Цасан дээр салхины урласан хээ, намрын дунд сард элсэн манхны хормойгоор нэгэн могой мурилзсан мөр үлдээж одсон байсныг санагдуулна. Хэдийнээ цасанд хучигдсан чарганы хос мөр санаанд тодхон үзэгдэхүйеэ хаврын уснаар тэнд гөрөөсний туранхай янзага чүүчигнэн зогсож байсан нь санагдана. Сагсгар хар нохой бүсгүйг тойрон эрхэлж сүүлээ эргэлдүүлэх нь зуны адаг сард хэцэн дээр тохсон хар даашинз нисэн алдан хийсэж, хэдэн хар тодол үргэн гуагчиж байсныг мөн л санагдуулна”.

            Их цас, том хүрз, том эрээн алчуур, том эрээн могой, тод мөр, их ус, хар өнгө... Тийм ч болохоороо гүн дурсамж, басхүү тэр дурсамжийг сэдрээх гүн шалтаг болжээ.

            “…Мөнөөх эр өвлийн дунд сарын цасан хайрахыг мэдэрмэгцээ босож, хүрмийнхээ хормойн цасыг сэгсэрчихээд уулнаас бууна. Хар нохой бараагаар нь хуцаж байснаа танимхайран ирж гарыг нь долооно. Нохойн дурсамж ч бас сэдэрчээ. Байшинд ороход даршилсан ногоо, хуурсан самар, шинэхэн талх, арц хүжис хийгээд бүсгүй хүний ер бусын сайхан үнэр”. Үнэр ч бас дүрс мэт дурсамж сэдрээгч юм.


5. “Тэнд...” зохиолоос эшлээгүй хоёр үгүүлбэр 

“Дурсамж гэдэг асар их зүйл”

Бодот юмс гэдэг үнэхээр өчүүхэн. Хий бие, хийсвэр оршихуй гэгч цаглашгүй их. Ертөнц хийгээд хүмүүн биеийн ихэнх хэсэг тийм хоосноос бүрддэг. Төсөөлөл, төлөвлөгөө гаргаж ирээдүйгээ зөгнөхдөө ч бид дурсамж - туршлага дээрээ л тулгуурладаг. Ярьж, бичиж, зурж, дуулж, жүжиж, хөгжимдөж буйгаа анзаар даа! Эздийлэх хувь нь ердөө л эргэн дурсахуй шүү дээ.

“Дурсамж гэдэг асар хэврэг зүйл”

Учир ийм тул хүн гэгч ямагт дурсамжаа (хий, хийсвэр ахуйгаа) биежүүлж явдаг юм. Буй цогцос нь үгүй бүхнийг, бурхнаа ч хүртэл биежүүлж амжжээ. Нүсэр том бунхнаас авахуулаад зэлүүд газарт хатгаж орхисон зэвхий ганц ёдор мод ч үгүй болсон махбодын дурсгал. Асар урт туульсаас эхлүүлээд аглаг буйд дахь номын сангийн бүрэнхий буланд мартаж орхисон, хэн ч уншдаггүй навтарга дээрх ганц мөр ойллого ч бодот болсон оюун санааны дуурьсал. Мартахаас, мартахгүйг хичээдэг нь илүү олон. Эмзэг хэврэг зүйлдээ л бид энхрий дотно ханддаг билээ.


6. Эргэх зам буй 

            Энэ богинохон үгүүллэгт “тэнд” хэмээх үг олон буй ч хаана гэдгийг нь огт тодорхойлсонгүй. Мөнхүү “тэр” хэмээх үг олон буй ч хэн гэдгийг нь ер тодотгосонгүй. Гэлээ ч “тэнд” гэдэг нь их цаст аглаг тайга, “тэр” гэдэг нь эрээн алчуурт бүсгүй хүмүүн болох нь нэн тод илэрхийлэгджээ. Уран зохиолын арвин уламжлалд маань зохиол дахь дүр хийгээд газар орны байдлыг хэтэрхий ойлгомжтой зураглан тайлбарладаг ёсон буй ч “Тэгэх хэрэггүй дээ” хэмээн сөрсөн нэгэн сайхан жишээ.

            “…Бүсгүй, бүсэндээ хавчуулсан томруулдаг шилээ сугалан аваад;

            - Чүдэнзэнд хэмнэлттэй эд дээ. Хөөрхий муу хөгшин эхэд минь хайгуулын орос өгсөн юм гэнэ лээ гэж хэлнэ. Залуу эр, намрын эхээр төвөөс буцаж явахдаа эдний гадаа зориуд унагасан боодолтой чүдэнзээ нүдээрээ эрнэ. Цонхны тавцан дээр тэр чүдэнз нь тоо ёсоороо байна. Тэрээр дурсамжаа нэг бүрчлэн хадгалсан шиг, бүсгүй ч бас чүдэнзийг бүрэн бүтнээр нь хадгалжээ”.

            Дурсамж гэдэг бол тэр эрийн, цасан дотроос босохдоо халааснаасаа унагаж мэдсэн захидал шиг нь гэнэт гарч ирдэг зүйл юм. Дурсамж гэдэг бол бүсгүйн гэрт ирээд галд нь өргөсөн тэр захидал “Би чамд хайртай” хэмээх утаан бичээс болоод тэнгэрт тодорч буй шиг, тийм ч амархан үгүй болчихдоггүй зүйл юм.

            Өчигдрөөс өнөөдөр ургадаг шиг дурсамжаас дурсамж үүддэг агаад бүх дурсамжийн нийлмэл шинж чанар нь одоо цаг, одоо цаг бол туйлын үнэн юм гэж энэ зохиол шивнэнэ.

            Цаг хугацаа гэгч дурсамжийг залгидаг, басхүү дурсамжаар гулгидаг бөлгөө.

 2018.12.12

Хандхүүгийн Нямхишиг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.