Зохиолч хүний тухай бодоход бидний толгойд нам гүм тасалгаа, тухтай буйдан, аяга халуун кофе санаанд ордог. Гэхдээ үгүй шүү. Зохиолчдын ихэнх нь аюултай, эрсдэлтэй амьдрал туулж, тэдний намтрыг уншихад адал явдалт зохиол уншиж буй мэт байх нь олонтоо. Ингээд амьдрал, туулсан зам нь аймшгийн, аюултай номоос нь илүү аюултай байсан алдарт зохиолчдыг танилцуулж байна.
Эрнест Хемингуэй: Хадны ирмэг дээрх амьдрал
Тэр бол тухайн цаг үеийнхээ жинхэнэ баатар, “алдагдсан үеийн” төлөөлөгч байлаа. “Өвгөн тэнгис хоёр” туужаараа авсан Пулитцер шагнал, 1954 оны Нобелийн утга зохиолын шагнал бол түүний алдар гавьяаны зөвхөн жижигхэн хэсэг нь гээд бод. Хемингуэй эр зориг, хэзээ ч нугарахгүй сэтгэлийн хүчийн бэлгэ тэмдэг болон үүрд үлдэнэ.

Түүний амьдрал онц сонирхолтой, адал явдалт кино мэт. Нэгдүгээр дайны үеэр тэр дайны талаар зөвхөн бичээд суугаагүй. Эрнест түргэн тусламжийн жолоочоор ажиллаж, бүх аймшгийг өөрийн нүдээр харсан юм. Түүний хайртай улсууд бол Франц, Испани, Куба. Энэ улсуудад тэр ууж идэж, зодолдож, дурлаж, дараагийн зохиолын онгодоо олж авдаг байв. Коррида хэмээх бухтай тулаанд дуртай, өөрөө ч олон удаа тулалдаж байлаа. Африкийн сафарид дуртайнхаа гайгаар тэр хоёр удаа онгоцны осолд орсон ч гайхамшгаар амьд үлдэж чадсан. Гэвч энэ бүхэн түүний эрсдлээс айдаггүй занг зогсоож чадаагүй юм.
Хувийн амьдралаас нь дурдахад тэр тайван амьдарч байсангүй. Дөрвөн эхнэр, эцэслэж дуусахгүй нууц амраг, болзоо. 1959 онд Айдахо мужийн Кетчумд нүүж ирлээ. Гэвч тайван амгалан амьдарч чадсангүй, 1961 онд амиа хорлосон юм. Удамшлын өвчтэй байсан зэрэг таамаг гарсан ч яагаад амиа хорлосон нь оньсого хэвээр үлдсэн.
Марк Твен: Зохион бүтээгч, агуу суутнуудын анд найз
Сэмюэль Лэнгхорн Клеменс буюу дэлхий дахинд Марк Твен гэж алдаршсан энэ зохиолчийн амьдрал тэр чигээрээ гэнэтийн зүйлээр дүүрэн байлаа. Тэрээр Миссури мужийн Флорида хэмээх жижиг хотод төрсөн юм. Залуудаа Миссисипид лоцманаар ажиллаж байсан нь ирээдүйн олон өгүүллэгийнх нь санаа болж өгчээ. Гэхдээ энэ түүний замналын дөнгөж эхлэл байлаа.

Иргэний дайн эхлэхэд Өмнөдийг дэмжиж байсан Твен өөрийн цагдаагийн отряд байгуулжээ. Гэвч удсангүй, цэргийн сахилга бат түүнд таалагдсангүй. Ингээд алт, адал явдал эрэлхийлэн нинжа болон Баруун зүгт явсан байна. Бусад нинжа нарын нэгэн адил тэр баяжсангүй. Гэхдээ хошин өгүүллэг бичих маш их материалтай болоод буцжээ. Марк Твен жирийн нэг зохиолч биш жинхэнэ зохион бүтээгч байлаа. Наалддаг гэрэл зургийн цомог зэрэг хэд хэдэн төхөөрөмжийнхөө зохиогчийн эрхийг авч, баяжсан юм. Зохиогчийн эрхийн 50 мянган ам.доллар нь одоогийн ханшаар бол 1 сая ам.доллар байлаа. Утга зохиолоороо бас өдий хэмжээний мөнгө олсон гэдэг. Шинэ юм сурах, мэдэх гэсэн хүсэл нь түүнийг Никола Тесла, Томас Эдисон нарын суутнуудтай нөхөрлүүлэв. Тэд хамтдаа цугларч, шинжлэх ухаан ярин, туршилт хийдэг байжээ. Марк Твен үхлээ яг таг зөгнөж хэлсэн нь гайхалтай. Марк Галлей сүүлт од гарч ирсэн жил төрсөн бөгөөд сүүлт одыг эргэн ирэхэд үхнэ гэж хэлдэг байв. Үнэхээр 1910 онд Галлей дэлхийтэй хамгийн их ойртсон тэр өдрийн маргааш нь амьсгал хураасан юм. Түүний амьдрал адал явдал төдийгүй маш олон сэргэлт, уналтаар дүүрэн байсан. Амьдралтай нь адил адал явдал, хурц ухаан, цэцэн ухаан, хошин шогоор дүүрэн уран бүтээл нь эзнээ мөнхөлжээ.
Эдгар Аллан По: Бараан суутан
Эдгар Аллан По аймшигтай зэвүүн өгүүллэгүүд бичдэг зохиолч төдийгүй өөрийн үеийнхээ жинхэнэ од нь байлаа. Түүний амьдрал үйл явдал, нууц, адал явдлаар хэт их байв. Байнга санхүүгийн хүндрэлтэй учирдаг түүний амьдралд хэзээ ч юу ч тохиолдож мэдэхээр эрсдэлтэй байв. По тэнүүлч жүжигчдийн гэр бүлд төрж, эцэг эхээ багадаа алдан, эцэст нь баян тамхины худалдаачинд үрчлэгдсэн юм. Хойд аавтайгаа тэр дотно байсангүй. Хувийн амьдрал нь ч эгэл бус. 27 настайдаа По өөрийн 13 настай үеэл охин Виржини Клеммтэй гэрлэлээ. Эхнэрээ сүрьегээр өвдсөн үед Эдгар хамгийн аймшигтай, харанхуй өгүүллэгүүдээ бичсэн гэдэг. Эхнэр нь нас барсны дараа По гүн депреест орж, архи уун, хар тамхи хэрэглэж эхэлсэн юм.

Тэрээр зохиолчоос гадна утга зохиол шүүмжлэгч нэгэн байв. Хэт хатуу, хорон үгээр шүүмжлэх тул үеийн зохиолчид нь түүнийг үзэн яддаг, бас айдаг байжээ. По бол адал явдалт, детектив зохиолын эцэг, шинжлэх ухааны зөгнөлт зохиолын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан эрхэм. 1849 онд тэр нас барсан. Түүний үхэл утга зохиолын түүхэн дэх хамгийн тайлагдашгүй үхлийн нэгд тооцогддог. Эдгар Аллан Пог Балтиморын гудамжинд солироод явж байхад нь олсон бөгөөд ухаан оролгүй байсаар хэдэн хоногийн дараа нас барсан байна. Архины хамаарлаас эхлээд улс төрийн захиалгат аллага зэрэг олон таамаглал гарч байсан. Хэчнээн ауудалтай байсанч Эдгар По бол зөвхөн утга зохиолын орлогоороо амьдардаг анхны америк зохиолч байлаа. Тэр үед түүнээс өөр зохиолч давхар ажил эрхлэхгүй бол амьдралаа залгуулахад хэцүү байсан. Эдгар По бол нууцлаг суутан, түүний амьдрал одоо ч уншигчдын сонирхлыг татдаг хэвээр.
Ярослав Гашек: Үймээн дэгдээгч, балмад этгээд
Утга зохиолын жинхэнэ үймээнч хэн бэ гэвэл Ярослав Гашек юм. Түүний амьдралаар галзуу роман ч бичиж болно. Сэтгүүлч, хошин шог зохиолч, балмад этгээд гэдэг бол түүний нэрийн хуудас. Гашек ном бичээд зогсоогүй, түүний амьралын өглөө болгон онц сонирхолтой өгүүллэгийн зохиол болж болохоор байсан юм. Тэр үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрээд оргилуун дарс ууж хэвтдэг дэглэмтэй, нэг зэрэг хоёр эмэгтэйтэй гэрлэж байсан эр.

Энэ бас юу ч биш. “Хуулийн хүрээнд аятайхан хөгжих нам” гэсэн улс төрийн нам байгуулж, тэр үеийнхээ улс төрийн системийг шоглож байлаа. Хууль дүрэм сахьдаггүй тул ажлаас халагдахыг үзүүлж өгсөн. Зөвхөн өөрийн замаар л явдаг, зөрүүд хүн байсан учир номыг нь хэвлэхээс татгалздаг байжээ. Дайны үеэр тэр сүрьеэ туссан ч эрэлхэг, зөрүүд хэвээр байлаа. Тэр бол тухайн үеийнхээ хамгийн шилдэг хошин зохиолчийн нэг. Түүний ном болгон сарказм, егөө, хурц эшлэл дүүрэн, жинхэнэ үнэт эрдэнэ. Өнөө цагт амьдарч байсан бол олон нийтийн сүлжээний од болох байлаа тэр.
Жек Лондон: Алтны нинжа, хясаа түүгч
Амьдрал нь галзуу адал явдал, хүнд хэцүү саадаар дүүрэн, жинхэнэ үймээнч хүн байлаа. Сэтгүүлч, сансар судлаач Уильям Чейнигийн бутач хүү тэрээр багаасаа амьд үлдэхийн төлөө тэмцэж сурсан юм. Жек хясаа түүгч, загасчин, эргийн харуулаар ажиллаж, Аляскад алт олохоор нинжа болж ч үзсэн хүн. Адал явдал эрж хайх хүсэл нь Америкаар хязгаарлагдсангүй. Лондон дайны сурвалжлагчаар ажиллаж, Мексикийн хувьсгал, Орос – Японы дайныг газар дээрээс нь сурвалжилж байлаа.

Дэлхийн хэмжээний үйл явдал дундаас гэртээ буцаж ирэхдээ тэр маш олон зохилын санаа болох түүхтэй ирдэг байв. Лондон маш үр бүтээлтэй зохиолч. 50 гаруй ном хүн төрөлхтөнд үлдээсэн. Жек Глен-Элленд амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлэхээр өөрийн гараар байшин барьсан юм. Гэвч түүний хүсэл биелсэнгүй, түүний байшин шүтэн бишрэгчдийнх нь цугладаг газар болсон билээ. Лондон бол адал явдал бичдэг төдийгүй адал явдлаар амьдардаг хүн байлаа.
Ф.Скотт Фицжеральд: Холливудын мөрөөдлийн биелэл
Ф.Скотт Фицжеральд, түүний гэргий Зельда нар өдөр бүрийг үдэшлэг мэт өнгөрөөдөг хүмүүс байв. Алдар нэртэй, залуу тэд тансаглан, хүмүүсийн анхаарлын төвд байхдаа дуртай байв. Фицжеральд архи дарс уух дуртай байсан ч зохиолоо эрүүл үедээ л бичдэг байсан. Түүний онгодын сахиусан тэнгэр Зельда нь түүнээс дутахгүй хурц хувь хүн байсан тул тэдний амьдрал үргэлж буцалж байдаг байв. Гэвч тэд салсан. Фицжеральд охиндоо анхаарал хандуулах зав байгаагүй тул түүнийг дотуур байранд оруулсан. Хувийн асуудал олон байсан ч Скотт Холливудад очиж, амьдралаа шинээр эхэллээ. Киноны зохиол бичиж, хажуугаар нь хүүхэн эргүүлнэ. Кино шүүмжлэгч Шейла Грэхемтэй хэсэг “найзлав”.

Уналт, сэргэлтээр дүүрэн амьдрахдаа тэр Эрнест Хемингуэй зэрэг ододтой нөхөрлөж, тэр үеийнхээ хамгийн том үдэшлэгийг алгасдаггүй хүн байлаа. Амьдралаас таашаал авч дассан Скотт уран бүтээл төдийгүй амьдралынхаа талаар олон домог яриа үлдээгээд тэнгэрт одсон билээ.