UBLife Logo
Ном

Намрын номын баяраас онцлох ХОРИН шинэ ном

Намрын номын баяраас онцлох ХОРИН шинэ ном

“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид есдүгээр сарын 13-15-ны өдрүүдээр Сүхбаатарын талбайд явагдах Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй ХОРИН номыг онцолж байна.


Ф.М.Достоевский “Ноомой”

Хэвлэлийн газар: CHIMEE publishing

Орчуулагч: Б.Минжбадамгарав

Ф.М.Достоевскийгийн энэхүү тууж нь гол дүрийн би өгүүлэгчийн эхнэрийн үхлээр эхэлнэ. Үргэлжлэл нь тэр аяараа магадгүй наманчлал, тэрхүү наманчлалаас үүдсэн дүрийн дотоод монолог хэмээн тодорхойлж болохуйц өгүүлэмжээр баялаг. Уг бүтээлийг амиа хорлохын утга учир, хүн чухам яагаад амиа хорлоод буйг ухаж ойлгох гэж бичсэн гэж үздэг. Юуны учир тэр эхнэр амиа егүүтгэв? Чухам энэ л асуултын хариултыг олох гэж нөхөр нь өөрийгөө шүүнэ.

Уг бүтээлийг Достоевскийгийн туужуудын гүн санаа, хурц үйл явдал, дүрийнх нь дотоод монологийг тодорхойлж чадах хамгийн чухал бүтээл гэж үздэг бөгөөд олон хэлээр орчуулагдаж, кино, жүжиг хүртэл тавигдсан байдаг.


Г.Барсболд “Хүлцэнгүйн дүр”

Хэвлэлийн газар: AUM publishing

Хүүрнэл зохиолд дүр босгох хамгийн хэцүү. Ялангуяа богино өгүүллэгийн төрөлд энэ нь зохиолчоос тун нарийн мэдрэмж шаарддаг. Ихэвчлэн дүрүүдийн дотоод монологт тулгуурласан бодлын хөнгөн эсрэгцлээр өгүүлэмжийн дотоод зөрчлийг шийдчих нь олонтоо. Харин уг өгүүллэгийн түүвэрт дүрүүд нь өөрсдийн гэсэн эмзэглэл, зовиур, дотооддоо болон нийгэм, түүн доторх хүмүүстэй хэрхэн зөрчилдөж буй нь илэрхий тэмтрэгдэнэ.Номын нэрээс тус өгүүллэгийн түүврийн цул бүхэллэг шинжийг ерөнхийд нь тодорхойлж болох ганц нууцыг л уншигч танд хэлье. Хүлцэнгүй дүр гэхээр юу билээ. Ноомой, зожиг, ганцаардмал... Ер нь яаж ч тодорхойлж болно. Гэвч эцсийн эцэст хүлцэнэ гэдэг уучлахын, тэвчихийн нэр юм. Уучилна, тэвчинэ гэдэг угтаа хайрлахын утга болно.Ерөөс хүний дотоод сэтгэлийг төнхсөн эрлийг зан төрх, үзэгдэх байдал, бодол дундах зөрчилдөөнүүдийн нийлэгжилтээр харгалдуулсан ийм чимээгүй атлаа уншигчийг соронздон татах дүрүүдийг зохиогч өгүүллэг бүртээ босгожээ. Тэдгээр нь хоорондоо ганцхан зүйлсээр илжилсэнэ. Энэ нь хүлцэнгүй, чимээгүй байдал юм.


Эдгар По “Шүлгийн амин сүнс”

Хэвлэлийн газар: Утга зохиолын судлал шинжлэл редакц

Орчуулагч: Ц.Цэнгэл

Эдгар Погийн анхны шүлгийн түүврийн нэр миний сонирхлыг татдаг юм. “Тамерлан болон бусад шүлгүүд” анхны номынх нь нэр. 18 настай хөвүүний шүлэг дорнын, бидний нэрлэж заншсанаар Доголон Төмөрийн нэртэй байсан л даа. Одоогоос бараг 200 жилийн өмнөх явдал. Америкчууд яруу найргаар анх танилцсан бол монголчууд бид анх Д.Нацагдоржийн дуун хөрвүүлсэн “Алтан цох”-оор танилцсан бөлгөө.

Тэрбээр яруу найрагч, туурьч, утга зохиолын шинэчлэлтэн төдийгүй онолч хүн юм. Эдгар Погийн сэтгэгчийнхээ хувиар бичсэн судлал, шинжлэлийн өгүүлэл өнөө ч гэсэн ач тусаа алдаагүй байна.

Түүний гоо зүйн үзэл баримтлалыг тодотгохын тулд уран зохиолын сэдэвт биш “Тохижилтын философи” өгүүллийг оруулсан болно. Тэрээр гоо зүйн үзэл бодлоо хоёр, гуравхан өгүүлбэрээр илэрхийлсэн нь бий.

Цөөн биш хүмүүс түүнийг зохиол бүтээлээ аллага, таллага, үхэл, муу ёрын тухай бичдэг гэж боддог шиг санагддаг юм.

Эдгар Погийн романтизмын гоо зүйн үндсэн зарчмын нэг нь онц гойд, хүний санаанд оромгүй зүйлийг бичих байв. Тэр аймшгаар, хүнлэг бус үйлдлийг гаж хошиноор элэглэж байсан гэж тайлбарлаж болно. Би ердөө ч Пог адал явдалт зохиол бичсэн гэж боддоггүй. Харин тухайн нийгмээ хөрвүүлэн нөлөөт толиор тусган үзүүлэгч гэж үздэг юм аа. Эдгар Погийн захидал хэлбэрээр бичсэн өмнөх үг, хэдхэн өгүүлбэрээр бичсэн товч үг нь ч гэсэн нуршиж, хуурай онолдсон олон хуудас өгүүллээс илүү товч тодорхой байдаг нь олзуурхууштайг тэмдэглэн хэлэх нь зүйд нийцэх буй за.

Ийм л сэтгэлээр түүний өгүүлэл, товч тэмдэглэл зэргийг түүвэрлэн эмхэтгэж “Утга зохиол судлал, шинжлэл” цувралын 55 дахь ном болгон уншигч, зохиолч, судлаач таны гарт баривай. Дугаар нь ч гэсэн хоёр 5-тай нь бэлгэдэлтэй санагдав.

Суутнууд ямагт дотроо биднийг элэглэгч, илбэчид байдаг даа.


Владимир Набоков “Харанхуйн дундах инээд”

Хэвлэлийн газар: Монсудар

Орчуулагч: Б. Энхзул

Зохиолын талаар товчхон өгүүлбэл, гол дүрийн баатар болох дунд эргэм насны урлаг судлаач, шүүмжлэгч Альбинус хөндлөнгөөс харсан хэнбугайд ч эхнэр охин хоёртойгоо аз жаргалтай амьдарч буйгаар зохиол эхэлдэг. Альбинус хөрөнгө чинээтэй, нийгэмд нэр хүндтэй хүний хувиар дүрслэгдсэн ч түүний амьдралд жинхэнэ хүсэл тачаал, догдлол дутагдаж байлаа. Энэхүү эгэл жирийн амьдрал нь түүнийг залуухан Марго бүсгүйд гүн гүнзгий автахад ихээр нөлөөлөв. Анх Маргог шохоорхсон сэтгэл нь зүгээр нэг романтик дурлал биш, харин түүний нэгэн хэвийн амьдралаасаа хөндийрөх гэсэн оролдлого байсан юм.

Уг ном нь өдгөө ч Набоковын алдартай бүтээлүүдийн суурь бүтээл хэмээн үнэлэгддэг билээ. Догдлол, түгшүүрийн аль алиныг төрүүлж, эмгэнэлийг элэглэлтэй төгс хоршуулж чадсан нь энэхүү романыг мөнхийн шилдэг бүтээл болгосон юм.


О.Элбэгтөгс “Шазууртай уянгын шүлгүүд”

"Хөх мэдрэхүй" бүлгэмийн гишүүн О.Элбэгтөгс өмнө нь яруу найргийн төрлөөр "Чимээгүй хот", "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Тэнцвэр", "Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал" номууд, мөн "Бүслэлт" өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн билээ.

Яруу найрагч О.Содномпил "Түүний шүлгүүдээс, нийгмээс шалтгаантай сэрэл мэдрэмжүүд, айдас, түгшүүр, шаналал зовнил, үзэн ядалт, ганцаардал шазуур, зөрчилдөөн байж ядсан цухал мэдрэгдэнэ. Тэр бол орчин цагийн нийгмийн дуу хоолой" гэж тодотгосон байдаг. 

"Шазууртай уянгын шүлгүүд" номын тухайд, "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Тэнцвэр", "Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал" зэрэг номонд орсон 500 гаруй шүлгээсээ "дөнгүүр", "сайн" хэмээн үздэг 95 шүлгийг өөрөө сонгож хэвлүүлсэн нь энэ ажээ.


Волтэр Айзэксон “Элон Маск”

Хэвлэлийн газар: Nepko publishing

Орчуулагч: Л.Ариунсанаа 

Бичиж буй намтартаа дурлан дурлан хөвөрдөгч Волтэр Айзэксон, Элон Маскийг хоёр жил “сүүдэр шиг дагаж” явсныхаа хойно эл номоо бичжээ. Угтаа ганцхан түүнд л ойр явсан юм биш л дээ. Түүнтэй холбоотой бүгдийн “мөрийг хөөсөн” гэсэн үг. Үр дүн нь энэхүү “Бусад хүүхэд тоож хамт тоглодоггүй учраас номын сангийн буланд нуугдан сууж комикс уншин дэлхийг аврах мөрөөдөлдөө умбадаг байсан” “супер баатрын комплекстой” гэгдэх /Айзэксон тэгж тодорхойлсон аж/ Элон Маскийн намтар бүтээл юм.


“Америкийн романтизмын гоо зүй”

Хэвлэлийн газар: Утга зохиолын судлал шинжлэл редакц

Орчуулагч: Ц.Цэнгэл

Америкийн яруу найрагч, судлаач Вильяам Каллен Брайенгийн дүүдээ бичсэн захидлаас шилэн өмнөх цөөн үгээ эхэлье гэж бодлоо.

“Байгалийн тухай зураглахдаа чи дүр дүрслэлээ чамайг хүрээлж буй орчноосоо л ав... Болжмор бол Английн шувуу. Европт очиж үзээгүй америк хүн болжмор шувууны тухай уншаад хөөрч баясах нь юу л бол”.

Энэ л жижигхэн шувууны дүрслэлийн цаана америкийн зохиолчид, судлаачдын санааг зовоож байсан үндэсний сэдвийн асуудал нуугдаж байсан юм.

Бид өмнө “Утга зохиолын судлал шинжлэл” цувралаараа “Германы романтизм” (2018), “Английн романтизм” (2019), “Францын романтизм” (2020) номыг хэвлэсэн бол энэ удаа “Америкийн романтизмын гоо зүй”-н тухай яг тэр үед уран бүтээлээ туурвиж байсан эрдэмтэн судлаачид, онолчид, зохиолч, яруу найрагчдын өгүүлэл, эсээг нийтэлж байна.

Эд нар хэн бэ? гэвэл дэлхийн шилдэг роман “Моби Дик”-ийг зохиогч Хеман Мелвилл, Америкийн романтизмын анхны тунхгийг бичсэн Филипп Фреко, анхны мэргэжлийн зохиолч Чарль Браун, утга зохиолын онолч, яруу найрагч Жеймс Рассел Лоуэлл, мөн Френогийн романтик эрэл хайгуулыг үргэлжлүүлсэн яруу найрагч Вильям Брайент нар юм аа. Тэдний шинжлэл, өгүүлэл, эсээ нь Америкийн судлал шинжлэлийн тэр үеийн агуулга, хэлбэрийг бүрэн илэрхийлэх болно.

Америкийн утга зохиолын энэ үе бол сонирхолтойгоос гадна мэтгэлцээний үе байлаа. Утга зохиолын цаашдын өсөлт хөгжилд нөлөөлж өнөөдрийн түвшинд хүрсэн нь тодорхой. Энэ нь судлал шинжлэлийн ач тус, хэрэгцээ, нэр хүнд, зэрэг дэвийн илэрхийлэл юм.

Мөн энэхүү өгүүллийн төгсгөлд зохиогч нарын товч танилцуулга, өмнө хэвлэгдсэн болон тайлбар зэргийг хэрэг болоожин гэж хавсаргасан болно.

Мелвиллийн “Моби Дик” бол сайн, муугийн нүсэр том романтик бэлгэдлийг бүтээсэн учир өнөөг хүртэл биднийг гайхшруулж байгааг энэ ялдамд дурдъя. Эртний мэргэд “Сайн нь ч миний багш, бас муу нь ч миний багш” хэмээсэн бөлгөө.


Б.Жамбалдорж “Салхи нална”

Хэвлэлийн газар: AUM publishing

Уншигч болгон яруу найрагт өөр, өөрийнхөөрөө л ханддаг. Сайн яруу найрагт үнэн, мэдрэмж, найрагчийн төрмөл хэлний авьяас аль аль нь хосолсон байдаг. Уг ном ч тийм билээ. Аж төрөхүйн буулгад зүдэрсэн, ахуйн дарамтаас эрх чөлөөг хүсэмжилж уйлагнасан мөрүүдтэй уншигч та тааралдахгүй болов уу. Зовсноо хэлдэггүй жаахан ээж шигээ зовлон тоочиж шүлгээр тайтгарсангүй. Учир нь “Салхи нална” номын шүлгүүд гунигийн ил цагаахнаар, эмзэглэлийг өөдрөг хэмнэлээр дүрсэлсэн нь бий. Угтаа салхи нална хэмээхүй нь хоосон чанарыг тэмтэрнэ гэх утга юм.

Үүнээс гадна номын шүлгүүд бүхэлдээ тун чиг ахуйлаг шинжтэй, зүйрлэлүүд нь яруу найрагчийн нарийн ажиглалт, асар өргөн өгүүлэмжээр баялаг. Мөн ихэнх шүлгүүд өнгөрсөн цаг дээр байгааг үзвээс дурсамж нь түүний яруу найргийн цөмийг бүтээдэг бололтой. Эргэн санах, дурсамжийн харгуйгаар зорчихдоо олсон санагалзлын өнгө аяс олон шүлгээс нь нэвт мэдрэгдэнэ.

Эх орныг бид өргөн их гол мөрөн, өндөр хөх уулсын сүрээр нь хэдэн аравны турш бичиж, бийрлэсээр ирсэн билээ. Харин түүний хувьд дурсамжийн алсад суугаа хүмүүсийн дүр, ээжийгээ алсаас үгүйлсэн хүүгийн зүрх, чийглэг манагийн хөлөөр ургасан цагаан мөөг, хувь заяаны эрхээр голт зүрхэн дундуураа хилийн шугам татуулж өнчирсөн хүн бүрийн гансрал, гуниг байлаа.

Яруу найргийг тайлбарлах, задлан шинжлэх нь магад мунхаг хүний л ажил хэмээн зарим судлаачид үздэг. Харин ямагт уншиж, өөртөө оршоож, яруу найргийн тухай хэлэлцэж байх нь хэзээд хамгийн амттай ажил байж мэдэх юм.


Т.Амар-Амгалан “Эрээ цээргүй хүмүүсийн дундах ариун өдрүүд”

Ээрүүлд ороосон утас

Юунд зориулагдах эсэх нь чухал биш байдаг ч

Бүтээл болсон хойноо

өнгө нь бишрэл төрүүлдэг шиг

Аж төрөхүйг гүйцээж бичгийн хүн байна гэдэг

Авгалдай хэрнээ өндөг гаргах гэж

зөрүүдлэхтэй ижил.

Аяндаа өдөр хоногууд бидэн дээр өндөглөж

Аар саархан зовлонд нүдний гэрэл унана.

Арайхийж шүд зуусан ч эгэл юмс гараас уяа,

эсвэл салхи мултрахтай ижил.

Амсхийх зуурт нөгөө ертөнцөд очсон мэт

Дув дуугүй холын холд одсон байнам, МЭДРЭМЖ.

Нил ягаан өнгийг бид одоо ч бүрэн таниагүй

Нэг яруу найрагч,

нэг гэрэл зурагчин, нэг сэхээтэн байхад ч

Цөмөөрөө цөмсөн самрын ясан дотор буй

Өнгийг л нэрлэж чадаагүй санагдсан.

Тиймхэн жижиг хөөр дээрээс л

Шүлгийг хувцаслаж байгаа ч

Эхэнд хэлсэн шүү дээ,

Аж төрөхүйг гүйцээж бичгийн хүн байна гэдэг

Авгалдай хэрнээ

өндөг гаргах гэж зөрүүдлэхтэй ижил.

 (“ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД” шүлгийн түүврээс...)


Салман Рушди “Хутга” халдлагын дараах эргэцүүлэл

Хэвлэлийн газар: Болор судар

Орчуулагч: П.Баттогтох

Энэтхэг гаралтай, Англи-Америкийн зохиолч Салман Рушди 2022 оны наймдугаар сард Нью-Йоркт олны өмнө үг хэлэхээр тайзнаа гарах үедээ халдлагад өртсөн билээ. Баруун нүдийг нь үүрд авч одсон тэр хэрцгий халдлагын тухай болон тэр үед учирсан хайр дурлал, гэр бүлийнхнийхээ тухай дурсан бичсэн ном нь ийнхүү монгол уншигчдад хүрч байна. Шидэт реализмын суут Маркесаас хойш амжилттай авч яваа зохиолч гэгддэг Салман Рушди “Шөнө дундын хүүхдүүд” романаараа Бүүкер, Шилдэг Бүүкер шагналуудыг хүртсэн бол “Шулмын шүлгүүд” романаараа муслим шашинтнуудын дургүйцлийг хүргэж, тус шашнаас фатва буюу алах ял заагдсан, өвөрмөц намтартай зохиолч билээ.

“Болор судар” хэвлэлийн газар түүний цор ганц өгүүллэгийн түүвэр “Дорно, Өрнө” номыг “Орчин үе” цувралаараа орчуулан гаргасан бол энэ удаад халдлагад өртсөнөөсөө хойш гаргасан анхны бүтээлийг нь сонгон авчээ.


Рэнди Пош “Сүүлчийн лекц”

Хэвлэлийн газар: Эрдэмт паблишинг

Орчуулагч: М.Наранжаргал

Танд амьд явах тоотой хэдхэн өдөр үлдсэнийг мэдвэл та юу хийх вэ?

Карнеги Меллоны их сургууль олон жилийн турш “Сүүлчийн лекц” цуврал илтгэлийг зохион байгуулжээ. Хэрвээ таны сүүлчийн боломж гэдгийг мэдэж байх аваас хүн төрөлхтөнд ямар эрдэм ухаанаа хуваалцах вэ? Хэрвээ танд маргааш гэж үгүй бол хойч үедээ юуг өвлүүлэн үлдээхээ төсөөлөхийг илтгэгч профессоруудаас хүсдэг байв.

Эдгэршгүй хорт хавдартай хэмээн оношлогдсон профессор Рэнди Пошийн хувьд үүнийг төсөөлөх шаардлагагүй байлаа.

Түүний сүүлчийн лекц хошин мэдрэмж, урам зориг, мэргэн ухаанаар дүүрэн байж олон хүний амьдралыг өөрчлөх давтагдашгүй бүтээл болжээ.


Т.Амар-Амгалан “Хуучин байшингийн үг”

Том хотууд дахь жижиг давчуу гудамд суудаг

Тоос сорогч нь эвдэрч, хайруулын таваг нь 

                                               харлаад шатчихсан,

Тойм сэтгүүлийн нүүрэн дээр муурынх нь 

                                                  зулзага суучихсан

Тал онгойсон салхивчтай түрээсийн сууцны

                                                          айл бол;

 

Дэр шидсэн, өднүүд нь үгсээс нь өндөрт хөөрч

Дээр таазанд очоод чихээрээ наалдчихсан

Дайны мэдээ Украйны шар далбаа үзэгдэх

Дэлгэц нь анивчих зурагт нь 

хэрүүлээс залхчихсан дүртэй хөршийнх бол;

 

Газрын зураг уншиж мэдэхгүй ч

Хилийн зурвас давсан,

ард нь гэр нь, урд нь 

Эрх чөлөө нь яваа

Арван гуравтай 

Дүрвэгч охины 

гуталгүй хөлийнх нь мөр бол;

 

Манай үеийнхний

шүлгүүдийн

амь нас.

 (“Хуучин байшингийн үг” шүлгийн түүврээс...)


Ч.Дөлгөөн “Гэр орон”

"Дөрвөлжин ертөнц гэж байжээ, бүх зүйл нь дөв дөрвөлжин, гайхалтай байна уу?", “Нэг өглөө цонхоор хартал цонхон цаана далайн ус, загас жараахай л харагдаж, бид усан доор амьдардаг болсон байвал та яах вэ?” зэрэг үргэлж сонин, хачин зүйл асууж шалгаадаг хүүгийнхээ ярианаас анхны санаагаа олж, цааш нь бичсээр эцэстээ хүмүүсийн хувьд "Гэр орон" гэдэг юусан билээ, бид эцсийн эцэст гэр орондоо л харьдаг, гэртээ л очих гэж яардаг тухай дүрүүдийнхээ гэр орон, сэтгэл зүрх, мэдрэмж, туулж буй аж амьдралаар нь илэрхийлэхийг зорьсон бүтээл.


Тонке Драгт “Хаанд илгээсэн захидал”

Хэвлэлийн газар: Монсудар

Орчуулагч: Б. Халиунаа

Тонке Драгт нь адал явдалт, уран зөгнөлт болон шидэт үлгэрийн зохиолоор дагнан бичдэг зохиолч, зураач юм. Тонкегийн анхны ном 1961 онд хэвлэгдсэн бөгөөд жилийн дараа түүний хамгийн алдартай ном болох “Хаанд илгээсэн захидал” хэвлэгджээ. Энэ ном арван зургаан хэлээр орчуулагдан хэвлэгдсэн бөгөөд “Нидерландын сүүлийн тавин жилийн хамгийн шилдэг хүүхдийн ном”-оор шалгарсан юм.

Тиури хүү хүлэг баатарт өргөмжлөгдөхийнхөө өмнөх шөнө хэнтэй ч ярих ёсгүй гэсэн дүрмийг зөрчдөг. Түүний байгаа сүмийн хаалгыг нууцлаг хэн нэгэн тогших агаад тэр хаалгыг онгойлгоно. Тэр хүн Тиуригээс хэцүү зүйл гуйж энэ нь цаашид тун аюултай даалгавар болж хувирдаг. Тиуриг хорон санаат улаан морьтнууд хөнөөхөөр гэзэг даран нэхнэ. Гэвч тэр маш чухал захидлыг Унаувен хаанд хүргэхээр зорьж байлаа.

Энэхүү ном нь дундад зууны үеийн уур амьсгал, дүр дүрслэлийг уран зөгнөлтэй гайхалтай хослуулсан агаад номын эхний хуудаснаас л уншигчийг хөтлөн оруулах бичлэгийн хэлбэртэй зохиол билээ.


Мэтью Блэйк “Анна О роман”

Хэвлэлийн газар: Болор судар

Орчуулагч: П.Баттогтох

Анна О гэдэг бол нэр түүхэн нэр. Зигмунд Фройдын Сэтгэц задаргааны онолын анхны өвчтөн гэгддэг Берта Паппенхайм хэмээх бүсгүй түүхэнд ийм нэрээр тэмдэглэгдэн үлдсэн юм. Английн улс төрийн хүрээнд илтгэл бичигчийн ажилтай Мэтью Блэйк түүний түүхээс санаа авч, 150 жилээр нааш татан, орчин үеийн технологи, шинжлэх ухаантай уялдуулан Анна О романаа бичжээ. Нетфликс уг романаас сэдэвлэн триллер цуврал бүтээхээр зохиогчтой хэлэлцээр хийгээд эхэлсэн аж. Сэтгэл дэнслүүлсэн триллер зохиол сонирхогчдод энэ ном таалагдах нь дамжиггүй.


Волтэр Айзэксон “Стив Жобс”

Хэвлэлийн газар: Nepko publishing

Орчуулагч: Ц.Батсоёмбо 

Төгс төгөлдөрт тэмүүлж, ертөнцийг өөрчлөхийн тулд л амьдарсан мэт суут ухаантан, солиотон гэхэд ч хилсдэмгүй, өнөө үеийн технологийн бэлэг тэмдэг Стив Жобсын цэл залуухан наснаас хүнд өвчинтэй тэмцсэн сүүлийн жилүүд хүртэлх адал сонин амьдралын тухай Волтэр Айзэксон өөрийн хэл найруулгын онцлогийн шидээр, намтарч хүний мэдрэмж, мэдлэгийн шимээр услан, уудлан бичжээ.  


Вилл ба Ариэл Дурант “Түүхийн сургамжууд”

Хэвлэлийн газар: Монсудар

Орчуулагч: Б. Амарбаясгалан

Түүхийн сургамжууд нь газар зүй, биологи, үндэстэн, характер, ёс суртахуун, шашин, эдийн засаг, социализм, засаглал, дайн, хөгжил дэвшил ба доройтол зэргээр хүн төрөлхтний түүхийг олон талаас нь задлан шинжилсэн, нийгмийн ухааны төдийгүй философийн бүтээл юм. Зохиолч Вилл ба Ариэл Дурант нар хүмүүний хөгжиж дэвшсэн мөн уруудан доройтсон түүхийг товч, тодорхой тайлбарласан нь биднийг цаг хугацаагаар аялуулах мэт болно. Тэд уг бүтээлдээ агуу хүмүүсийн үзэж туулсан амьдрал, тэдний гаргасан санаа оноо, ололт амжилтыг томоохон байлдан дагуулалт болон дайн тулааны давтамжтай холбон өгүүлсэн нь өнгөрснийг тодруулж, амьдралын утга учрыг гэрэлтүүлжээ.

Түүхийн сургамжууд бол зохиолч Вилл ба Ариэл Дурант нарын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн томоохон үйл явдлуудын тухай өөрсдийн харах өнцгийг эсээ болгон бичсэн ном бөгөөд 1968 онд баримтат бүтээлийн төрөлд Пулитцерийн шагнал хүртсэнээрээ алдартай. Мөн тэд 1977 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одонгоор шагнуулсан юм. Хүний эрх, нийгмийн шинэчлэлийн түүчээлэгчид Вилл, Ариэл нар туурвисан бүтээлүүдээрээ дэлхий дахины уншигчдыг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар буй билээ.

Зохиолчдын хувьд түүх “...зөвхөн хэн нэг хүний тэнэглэл, гэм бурууг сануулдаг тэмдэглэл...” байсангүй. Хүн төрөлхтний энэ товч намтар болбоос өнөө цагийг гэрэлтүүлсэн өнгөрсөн үеийн ул мөрийг судалсан тэмдэглэл юм.


Брайан Клаас “Ялзрал”

Хэвлэлийн газар: Itgel Maral publishing

Орчуулагч: Д.Маралгоо, Ц. Нямдэмбэрэл

Хэн эрх мэдэлд хүрдэг вэ?

Эрх мэдэл биднийг хэрхэн өөрчилдөг вэ?

Хүмүүс эрх мэдэлд хүрмэгцээ муу хүн болж хувирдаг уу?

Эрх мэдэл эвддэг- Энэ үнэн үү?

Муу хүмүүс эрх мэдэлд шунан дурладаг уу, эсвэл эрх мэдэл муу хүмүүсийг өөртөө соронз мэт татдаг уу?

Ямар хүмүүс эрх мэдэлд шунан дурлаж, хурдан, төвөггүй, хялбархан хүрнэ вэ?

Энэ бүхний хариуг түүх, нийгэм, улс төр, сэтгэл зүйн шинжлэх ухааны талаас нотолгоо, судалгаа, бодит хүмүүсийн түүх, ярилцлагад үндэслэн бичсэн эл номоос унших болно.

Номын зохиогч Брайан Клаас Оксфордын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд Лондоны Их сургуулийн коллежид багшилж байна. Тэрбээр Атлантик сэтгүүлд нийтлэгч, Power Corrupts подкастын хөтлөгч юм.


“Хялбаршуулсан дэлхийн сонгодог зохиол+эвлүүлдэг зураг”

Хэвлэлийн газар: Болор судар

Орчуулагч: Н.Цэрэнбат

Хүүхэд багачуудыг дэлхийн сонгодог зохиолтой багаас нь нөхөрлүүлэх зорилготой цуврал бүтээл. Уг бүтээлийн бас нэгэн онцлог бол дотроо эвлүүлдэг паззлтай учир хүүхдийн сонирхлыг улам татна. 

Түүнчлэн “Болор судар” хэвлэлийн газраас өмнө нь 365 үдшийн үлгэрийн монгол хувилбарыг танилцуулж байсан бол энэ удаад жилийн 1 дүгээр сарын 1-нээс авхуулаад 12 сарын 31-ны өдрийг хүртэл бяцхан үрстэйгээ үлгэр хамтдаа унших шинэ гурван номыг хэвлүүлжээ.


Дэвид Воллиамс “Сансрын хүү”

Хэвлэлийн газар: Монсудар

Орчуулагч: Ц. Оюумаа

Америк. 1960-аад он. Рут охины хамгийн дуртай зүйл бол “САНСАР ОГТОРГУЙ”. Хуучин ферм дээр хорон санаатай авга эгчтэйгээ хамт амьдардаг Рут шөнө бүр дурангаараа оддыг харж, илүү сонирхолтой амьдралыг мөрөөддөг билээ. Нэг шөнө Рут тэнгэрт ямар нэгэн зүйл дүрэлзэж байхыг олж харлаа. Яг л нисдэг таваг шиг харагдах зүйл! Тэр зүүдэлж байна уу...

“Гангста эмээ”, “Даашинзтай хөл бөмбөгчид”, “Тэрбумтан хүү” зэрэг зохиолоороо бидний танил болсон Дэвид Воллиамсын хамгийн сүүлийн үеийн хит болох “Сансрын хүү”-тэй хамт мартагдашгүй аялалд гараарай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.218.146
ЗОЧИН\13.250.7.235
ЗОЧИН\13.212.80.160