Дэлхийн мэдээний өдөр буюу 9-р сарын 28-ныг угтан Дэлхийн редакторуудын форумаас “Үнэнийг сонго” аяныг өрнүүлж буй. Энэ хүрээнд олон нийтэд хандсан сэтгүүл зүйн мөн чанарын талаарх цуврал нийтлэлийг Ub.life сайт аянд нэгдсэн редакцын хувьд албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.
Бранко Бркич
Daily Maverick хэвлэлийн Ерөнхий редактор, “Үнэнийг сонго” кампанит ажлын санаачлагч
Мариа Ресса
Нобелийн Энх тайвны шагналтан, Филиппиний Rappler.com хэвлэлийн Гүйцэтгэх захирал
Эрхэм уншигчид, иргэд олон нийт, хүн төрөлхтөн Та бүхний сонорт,
Манай эриний 2024 дүгээр он дахин хэзээ ч давтагдахгүй гэж бодож байсан тэр л хүнд нөхцөл, шалгуураар орчин үеийн нийгмийг сорьж, шалгаж байна.
Дэлхий даяар автократ дэглэм, дарангуйллыг хүсэмжлэгчид арьс өнгө, шашин шүтлэг, хил хязгаар үл хамааран эрх чөлөөт нийгэм хаана байна, тэнд аюул занал авчирч байна. Тэдний бий болгож буй зөрчил, тэмцэлд мэдээллийн хүч, нөлөө хамгийн их үүрэг гүйцэтгэж, тэдний гол зэвсэг нь болсон.
Харин тулаан өрнөж буй талбар нь тэдний бий болгож буй шинэ технологи, платформууд бөгөөд иргэдийн оролцоо, зөвшилцөлгүйгээр бидний ирээдүйг хүсэл, зоригийн минь эсрэг шийдэж байна.
Гагцхүү энэ тулаан, шуурган дунд баримт, нотолгоотой сэтгүүл зүй, итгэл хүлээсэн мэдээллийн хэрэгсэл нь өнөө цагийн нийгмийн үнэт зүйлийг хамгаалах гол тулгуур болно. Дэлхий дахинаа хүлээн авагчид, хүрээлэн буй олон нийттэйгээ тогтоосон энэхүү хэлхээ холбоогоо хамгаалан тордох нь сэтгүүлчдийн үнэт хариуцлага юм.
Ингэж л бид үнэнийг эрж, түүнээ түгээж, мөнөөх хэлхээ холбоогоор дамжуулан үнэнийг хуваалцахын баяслыг мэдэрдэг бөгөөд тэрхүү үнэнийг хүртэгч Та бидэнд юу юунаас илүү эрхэм билээ.
Харин орчин үед бусдын амь амьдралд нөлөөлж, хүнд хэцүү цагт олон нийтийн дунд ойлголцлыг бий болгож байдаг сэтгүүл зүйн энэ гайхалтай чанар нь ташаа мэдээллийн шуурганд дарагдаж, бидний дундах нийгмийн итгэлцлийг унтрааж байгаа нь харамсалтай.
Энэ утгаараа Үнэн хүртэл дайрлагад өртөж байна.
Дэлхийн хаана ч сэтгүүл зүй зөвхөн хөл дээрээ л зогсохын төлөө, олон нийтийн өмнө хүлээсэн үүргийнхээ төлөө тэмцсээр байгаа байгаа боловч, маш олон хэвлэл, мэдээллийн байгууллага ердөө амьд үлдэхийн төлөө хичээсээр байгаа нь нүцгэн үнэн билээ.
Ийм цаг үе нь нийгэм, ардчилал, хүн төрөлхтний төлөө санаа чилээдэг, үүний төлөө тэмцэж ирсэн хэн бүхний сэтгэлд тээг, шаналан болж байна.
Гэхдээ нөгөөтээгүүр, энэ шаналант өдрүүд нь басхүү оч харвуулж, сэтгэл догдлуулсан цаг үе ажээ.
Нийгмийн тогтолцоо ганхаж, үнэний мөн чанарыг сүүдэр нөмөрч буй энэ үед мэдээний редакцууд чухам нугаршгүй гэдгээ харуулах хэрэгтэй. Хуурамч мэдээллийн кампанит ажлууд, байнгын халдлагууд, худал хуурмагийн далай мэт үерийг тэсэн гарах чадвартай гэдгээ харуулах түүхэн мөч тулаад байна.
Технологийн томчуудын нөлөөгөөр сэтгүүл зүйн эрүүл бизнесийн хэв загвар алдагдан үнэн гэдэг ч харьцангуйд шилжиж, үнэн бодит байдал нь ердөө л баримтгүй тайлбар, сэтгэгдэл дүгнэлтээр ойлгогдох болжээ.
Энэ бүхэн санамсаргүй, гэнэтийн тохиол уу гэвэл үгүй. Дээр дурдсан автократ дэглэм, дарангуйллыг хүсэмжлэгчид бидний тогтолцооны үнэт зүйлийн эсрэг, юуг муу, сайн гэх вэ хэмээх нийтлэг ойлголтын эсрэг явуулж буй хор хөнөөлийн нэгээхэн хэсэг нь энэ юм. Бид тогтолцооны үнэт зүйлгүйгээр, зөвийг буруугаас ялган таних ухамсаргүйгээр, нэгэн цул нийгэм болж оршин тогтнох боломж үгүй.
Тиймээс л жил бүрийн есдүгээр сарын 28-нд Дэлхийн мэдээний өдрөөр редакцууд Мэдээ, Баримт, Хариуцлага, Хүн төрөлхтөн, Хяналт, Хараат бус байдал, Ёс зүй, Олон нийтийн төлөөх амлалтаа бэхжүүлэхээр гар нийлэн хамтардаг.
Энэ үгс тоочоод өнгөрөхөөс ч илүү гүн гүнзгий утга учиртай.
Энэ бүхэн бидэнд юу юунаас илүү чухал ач холбогдолтой.
Одоо бидний өмнө ганц л сонголт бий. Мэдээний редакцууд үнэнийг хамгаалах, үүний тулд бидний бэлтгэсэн мэдээ гагц баримтад л суурилах. Ингэж л редакцууд бид үүрэг, хариуцлагаа сахих болно.
Эрхэм уншигч та ч энэ замыг засахад онцгой нөлөөтэй. Үнэний төлөөх үйл хэргийг хөхиүлэн дэмжих хүч танд бий. Бид цуцахгүй, бууж өгөхгүй. Энэ тэмцэл бол бид бүгдийн ирээдүйн төлөөх тэмцэл.
Дэлхий даяар ажиллаж буй үзэг нэгтнүүддээ хандаж хэлэхэд түүхийн энэ адармаат цаг үед битгий цөхрөөрэй. Чи ганцаараа биш. Бид нэг зорилготой, нэгдмэл хүч шүү.
Шуугианд хөтлөгдсөн, талцаж хуваагдсан энэ үе эцэстээ намжиж, чин үнэн, шударга ёсонд суурилсан яриа, хэлэлцүүлэг эргэн ирнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Магадгүй маргааш биш байх, гэхдээ эцэстээ ирэх л болно.
Өнөөдөртөө бид тэмцэж байна. Өдөр бүрийн цаг, хором бүрд.
2024 оны Дэлхийн мэдээний өдрөөр бид яагаад ийм нөхцөл байдалд ирэв гэдгийг мартахгүйн тулд цохон тэмдэглэе. Тэгээд үнэнийг хуваалцахын баясал, үнэт чанарыг хэвээр хадгалахын төлөө хамтдаа хичээе.