UBLife Logo
World News Day

 Дэлхийн мэдээний өдөр | Интернэтийг хязгаарлах нь Таны мэдэх эрхийг хааж буй хэрэг

Ub.life
Ub.life
 Дэлхийн мэдээний өдөр | Интернэтийг хязгаарлах нь Таны мэдэх эрхийг хааж буй хэрэг

Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 2 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна.

Бид та бүхэнд энэ 7 хоногийн турш дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна. 


Винни Камау нь Кени улсад ажилладаг редактор бөгөөд өгөгдөлд сурвалжлагаар мэргэшсэн.

Есдүгээр сарын 28-нд дэлхий нийтээрээ Дэлхийн мэдээний өдөр болон Мэдээлэл олж авах эрхийн эрхийн олон улсын өдрийг тэмдэглэдэг. Африкийн олон оронд эдгээр өдөр нь итгэл найдварын бэлгэдэл болж ирсэн ч сүүлийн жилүүдэд эсрэгээрээ санаа зовоохуйц нэгэн үзэгдлийг бидэнд сануулах болжээ. 

Улс төрийн онцгой үйл явдал эсвэл нийгмийн хурцадмал байдал үүсэх үед зарим орны засгийн газраас олон нийтийн интернэтэд хандах эрхийг хаах, мэдээллийн хэрэгслийг таслах зэргээг хүлээн аваагчдыг мэдээллээс тасалж байна. Гэтэл энэ нь ард түмэнд мэдээлэл хэрэгтэй хамгийн чухал үед, хэрэгтэй мөчид итгэлтэй эх сурвалжийг нь бүрмөсөн хааж буй ноцтой үйлдэл юм.

Орчин үед худал мэдээлэл ба зориудын төөрөгдүүлэх үйл ажиллагаа TikTok Live зэрэг олон нийтийн сүлжээ талбаруудаар өргөн тархаж, олон хүний хувьд “үнэний эх сурвалж” мэт харагдах болоод байна.

2025 оны зургаадугаар сарын 25-нд Кени улсад болсон үйл явдал үүний тод жишээ. Харилцаа холбооны зохицуулах газар (CA) нь Z үеийнхний удирдан явуулсан жагсаалын шууд дамжуулалтыг зогсоох тушаалыг бүх телевизүүдэд өгч, биелүүлээгүй тохиолдолд өргөн нэвтрүүлгийн сүлжээг нь хаахыг анхааруулсан. Үүний дараа CA-ийн ажилтнууд Кенийн NTV, KTN зэрэг сувгийн дамжуулах станцуудын дохиог хааж буй зураг, баримтууд олон нийтийн сүлжээнд түгжээ. Ингэснээр тэр үеийн улс орны ардчилсан үйл явцын чухал мөчид шуурхай мэдээлэл, олон нийтийн хэлэлцүүлэг бүрмөсөн тасалдсан юм.

Малавид ч мөн адил жагсаалын үеэр интернэтийг тасалж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хаан, сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллах боломжийг хязгаарласан.

Ийм байдлаар хэвлэл мэдээллийг хааж боогдуулах нь зөвхөн үнэн мэдээллийг хаагаад зогсохгүй, худал цуурхал, хий хоосон яриа газар авах хөрсийг бүрдүүлдэг. Учир нь баталгаатай эх сурвалж байхгүй үед олон нийт ташаа мэдээллээр төөрөгдөхөөс аргагүй.

Мэдэх эрх болон олж авсан мэдээллээрээ төрийн үйл ажиллагааг хянах боломж нь ардчилсан нийгмийн үндэс суурь бөгөөд хүний заяагдмал эрх юм. Энэ эрх нь ил тод байдал, хариуцлага, иргэдийн төрийн шийдвэрт оролцох боломжийг хангадаг. Гэвч Африк дахь бодит нөхцөл байдал энэ эрхийг хангаж буй олон улсын нийтлэг жишгээс эрс зөрүүтэй байна.

Афро барометрийн тайланд дурдсанаар, Африкийн хүн амын ердөө 55 хувь нь мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуультай улсад амьдарч байна. Энэ нь дэлхийн дундаж болох 91 хувиас огцом доогуур буюу мэдэх эрхийн хууль зүйн хамгаалалт хангалтгүй байгааг илтгэнэ. Харин Eye on Global Transparency (EGT)-ийн мэдээлснээр Ойрх Дорнод ба Умард Африкийн (MENA) бүсийг багтаан авч үзэхэд Африк тивийн 55 улсын ердөө 29 нь ийм төрлийн хуулийг хэрэгжүүлсэн байна.

Энэ тэнцвэргүй байдал нь ноцтой үр дагаварыг авчрах болно. Хууль байхгүй, эсвэл хэрэгжилт сул бол иргэд засгийн газрын үйл ажиллагааг нягталж, бодлогын шийдвэрийг ойлгож, удирдагчдад хариуцлага тооцох боломжгүй болно. Ил тод байдалгүй энэ орчинд авлига цэцэглэж, сайн засаглал мөхөж, иргэний нийгмийн хөгжил саардаг.

Мөн энэ нь сэтгүүлчид, судлаачид болон иргэний нийгмийн байгууллагуудын ажлаа үр дүнтэй хийх боломжийг хязгаарлаж, олон нийтийг мэдээллээр хангах, өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо өргөх чадварыг нь боомилдог.

 Африк тивд мэдээлэл олж авах эрхийн төлөөх тэмцэл бол зүгээр нэг хууль эрх зүйн асуудал биш, энэ бол ардчиллын зарчмын мөн чанарыг хамгаалах, хүний үндсэн эрхийг баталгаажуулах, тивийн нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг түргэсгэхийн төлөөх гол шийдвэрлэх тэмцэл юм. Харилцаа холбооны хөгжин буй боломжийн ачаар улам бүр ойртож, холбогдсон өнөөгийн ертөнцөд мэдээлэл бол хөгжлийн хөдөлгөгч хүч болж буй. Энэ үед интернэт болон бусад харилцаа холбооны хэрэгслүүдийг хязгаарлах эсвэл үгүйсгэх нь эдгээр суурь тулгуур баганыг ганхуулж, холын үр дагаврыг бий болгох аюулын харанга дэлдсээр.

Интернэт болон хэвлэл мэдээллийг хааж, хязгаарлах нь иргэдийг ч, сэтгүүлчдийг ч дуугүй болгох аюулт зэвсэг. Интернэт, аливаа мэдээллийн сувгаар дамжих боломжгүй бол сэтгүүлчид баримтыг нягтлах, шинэ мэдээ түгээх, үзэгчдэд хүрэх боломжоо алддаг. Энгийн иргэд ч итгэж болох эх сурвалжид хандах, харсан зүйлээ бусадтай хуваалцах боломжгүй болдог.

Ийм хаалт нь худал мэдээлэл, цуурхлыг тэтгэгч гол үндэс болно. Албан ёсны сувгууд хаагдах мөчид цуурхал, худал мэдээлэл газар авч, төөрөгдөл, айдас, заримдаа хүчирхийллийг ч өдөөж болзошгүй.

Хязгаарлалтын энэ арга хэлбэрүүд нь улам бүр өргөн тархаж байна. “Аюулгүй байдлын арга хэмжээ” гэх нэрийн дор нийгмийн сүлжээ платформыг хаахаас эхлээд гар утасны дата үйлчилгээг бүрмөсөн таслах, телевиз, радио сувгийг чимээгүй болгох зэрэг бусармаг аргыг хэрэглэж байна. Гэвч бодит байдал дээр тэдгээрийг сонгуулийн булхайг нуух, цагдаагийн хүчирхийллийг халхлах, улс төрийн тэмцлийг дарах зорилгоор хэрэглэх нь түгээмэл байдаг.

Access Now болон #KeepItOn эвслийн хамтран гаргасан “Дуугаа хориулсан олон нийт, зоригжсон гэмт хэрэгтнүүд: 2024 оны интернэт хаалтын тоо баримт” тайланд дурдсанаар, 2024 онд дэлхийн 54 улсад нийт 296 удаа интернэтийг хязгаарлах оролдлого бүртгэгдсэн нь түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт болжээ. Үүний дотор, Африк тивд нэг жилийн дотор хамгийн олон удаа буюу 15 улсад нийт 21 удаа интернэт хязгаарлах тохиолдол бүртгэгджээ.

Гүн гүнзгий үймээн самуун, хямралын үед сэтгүүл зүйн үүрэг зүгээр нэг мэдээлэл түгээхээс давж, нийгмийн амин чухал холбоос болж хувирдаг. Энэ нь иргэдийг чухал мэдээлэлд холбож, эрх мэдлийг хянах зайлшгүй хэрэгсэл болдог.

Төрийн байгууллагууд харилцаа холбоог хаахдаа зөвхөн эсэргүүцлийн дуу хоолойг боомилдоггүй, харин иргэдийг үл итгэлцэлд, төөрөгдлийн харанхуй руу түлхдэг.

Гэсэн ч үнэнч, зоригтой сэтгүүлчид үнэний төлөө хэзээ ч бууж өгдөггүй. Тэд хаалт, хязгаарлалтыг тойрон гарах шинэ замыг хайж, олон нийтийг баталгаатай мэдээлэлтэй холбож чаддаг.

Эдгээр түгшүүртэй, аюултай интернэтийн хязгаарлалт, харилцаа холбооны саад бэрхшээлийн эсрэг үр дүнтэй тэмцэхийн тулд хамтын хүч шаардлагатай байна. Олон улсын байгууллагууд, өөрсдийн дипломат нөлөө болон хүний эрхийг хамгаалах үүргээ ашиглан, мэдээллийг түгээх нарийн төвөгтэй бас чухал үйл явцыг сайн ойлгодог хэвлэл мэдээллийн байгууллагууд болон энэхүү дэд бүтцийг удирдан хариуцдаг технологийн компаниудтай нягт хамтран ажиллах ёстой.

Учир нь интернет унтарч, хэвлэл мэдээлэл дуугүй болсон цагт хариуцлагын орон зай хумигдаж, худал мэдээлэл хүчээ авч, олон нийт төөрөгдөж, доройтож эхэлнэ.

Мэдээллийн чөлөөт урсгал бол тансаг хэрэглээ биш. Энэ бол шударга, тэгш эрх бүхий дэлхийн үндэс суурь юм.

Орчуулсан: О.Анхзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.