UBLife Logo
World News Day

Мэдээнээс үйлдэл рүү: Амьдран буй орчных нь асуудалд Z үеийнхэн, миллениалуудыг татан оролцуулах нь 

Мэдээнээс үйлдэл рүү: Амьдран буй орчных нь асуудалд Z үеийнхэн, миллениалуудыг татан оролцуулах нь 

Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 2 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна.

Бид та бүхэнд энэ 7 хоногийн турш дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.


“The Green Light”-ийн эрхлэгч Яара Эль Мурр, эрхлэн гаргагч Анита Ли

Сүүлийн үед хүмүүс, тэр дундаа миленниал, Z үеийнхэн итгэхээ больсноос уу, эсвэл үнэхээр сонирхол нь буурснаас уу  мэдээг ер тоохоо байсантай эвлэрэхгүй гээд яах билээ. Reuters Institute-ийн өнгөрсөн жилийн судалгаагаар ч залуу үеийнхэн итгэж болох мэдээллийн эх сурвалжийг ялгаж таньж чаддаггүй гэх үр дүн гарсан нь үүнийг батлах мэт.

Нөлөөлөгчр, контент бүтээгч нар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сэтгүүлчдийн ажлыг халхалж, хиймэл оюунаар контент бүтээлгэх нь олширч буйг “Reuters Institute”-ийн 2024 оны “Digital News Report”-оос тодорхой харж болно.

Энэ нөхцөлд сэтгүүлчид тэднийг яаж бут цохиж, уншигчдынхаа итгэлийг олох билээ?

Хуурамч болон ташаа мэдээлэлтэй тэмцэх фронтын эхэнд уншигчдынхаа өдөр тутмын амьдралыг ойроос сурвалжилдаг тухайн орон нутгийн хэвлэлүүд бий.

Уншигчдынхаа дэргэд байж, үйл явдлыг дотрооснь сурвалжилсаар орон нутгийн сэтгүүлчид маш онцгой итгэлцлийг бүтээсэн байдаг. Тиймдээ ч амьдралд ойр, хүн бүрд хамааралтай, баримттай мэдээллийг өгч чаддаг. Мөн үзэгч уншигчдынхаа мэдээллийн хэрэгцээг мэдэрч, хариу үйлдэл хийж чаддаг учир олон нийтийн оролцооны хамгийн сайн туршлагыг хэрэгжүүлэгчид болдог.

Гэтэл одоо энэ бүхэн хангалтгүй болжээ. Сүүлийн арван жилд өөрийн үзэгч хүртэгчид буюу хүрээлэлдээ хөтлөгддөг сэтгүүлзүй  эрчимтэй өссөн ч, эсрэгээрээ мэдээллийн залхаалт бодитоор нүүрлэв. Уур амьсгалын гамшигт үзэгдлүүд, дэлхийн даяарх дайн самуун, өлсгөлөн, ардчиллын доройтол тэргүүтэй эцэс төгсгөлгүй муу мэдээний давалгаа шуугиж байхад арга ч үгүй биз.

Тэгэхээр нөхөд өө, мэдээ гэдэг зүйл стрессийн уурхай болж, алсран байхад сэтгүүлзүйн үүрэг яг юу болох вэ? Ямар ч идэвх, оролцоогүй уншигч нарт  бид яажүнэ цэнэтэй, итгэж болох мэдээ хүргэх  вэ?

“The Green Line”-ийг эрхлэн гаргагч Анита Ли сэтгүүлзүйн ирээдүйн талаарх таамаглалдаа үүний хариуг “Олон нийтийн оролцоо 2.0” хэмээгээд “Олон нийтийн оролцооны сайн туршлагыг шат ахиулж, хүмүүсийг ерөнхий мэдээнээс цаашлан өөрсдийнх нь оршин суугаа гудамж, хороо, дүүрэг, хот , улсынх нь хэрэг явдалд улам ойртуулахад хөтлөх” гэж тодорхойлжээ. “The Green Line”-д бид яг үүнийг л хийж байна. Манай шагналын эзэн, жижиг редакц зөвхөн энэ хавийнхаа хүмүүст газар чөлөөлөх албан тоотод хариу өгөх, боломжийн үнэ, чанартай хүнс хаанаас олох тэргүүтэй өдөр тутамд нь амин чухал мэдээллийг ойлгомжтой, хэрэгтэй байдлаар хүргэх нь бидний гол ажил.

Ингэхдээ бид сэтгэл үймрүүлсэн нарийн ширийнийг нуршихгүй орхичихдог. Бидний хөтөч болон хэрэглүүрүүдийн тусламжтайгаар уншигчид сунжирсан урт үгсийг туучилгүйгээр яг чухал хэрэгтэй тэр л хэсгээ олж авч чаддаг. Жишээ нь, тун саяхан бид Торонто орчмын нийтийн ариун цэврийн өрөө болон үнэгүй Wi-Fi бүхий цэгүүдийн интерактив газрын зургийг нийтлэсэн. Мөн хотынхоо хамгийн төөрмөөр хэсэг болох газар доогуурх явган гарцуудын маршрутыг энгийнээр тайлбарласан видео оруулсан.

Бодлогын болон системийн асуудлыг хөндөхдөө бид иргэдийг тухайн асуудалд ямар байдлаар оролцвол зохих вэ, хэрхэн санал өгөх, үзэл бодлоо яаж илэрхийлэх вэ гэхчлэн ардчилсан гарцуудыг ойлгомжтой зааж өгөхийг хичээдэг. Жишээ нь, “Ripple Effect newsletter”-тээ бид Хотын захиргааны хурлуудад Торонтогийн иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй хэлэлцүүлгүүдийг онцлон санал болгож эхэлсэн. Мөн “The Green Line”-ий хэрэгжүүдэг “Documentary Canada” хөтөлбөрийнхөө хүрээнд дээрх хурлууд, шийдвэр гаргах үйл явцад иргэдийг оролцуулж, мэдээлэл цуглуулах, олж авахад дадлагажуулж, бүр цалинжуулах болсон.

Энэ бол хувь хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг нийцүүлэх, бодлогын бодитой өөрчлөлтөд хөтлөх багахан боловч үр дүнтэй алхам гэж бид хардаг.

Гэхдээ “The Green Line”-ийн контентууд уншигчдад юу хийхийг нь хэзээ ч заадаггүй. Харин оронд нь уншигчдаа өөрсдөө шийдвэр гаргахад нь дөхөмтэй мэдээллээр хангаж, шүүмжлэлт сэтгэлгээг үгүй болгохыг завдаж буй өнөөгийн соёлд маш чухал чадвар олгохыг зорьдог. Жишээлбэл, бид сурвалжлагуудаа нийтлээд, уншигчдыг баримтыг өөрсдөө нягтлахыг урьдаг жишиг тогтоосон. Манай бүх сурвалжлага, нийтлэлийн дор ашигласан эх сурвалжуудын жагсаалт байх бөгөөд илүү их мэдээлэл авахыг хүссэн нэгэнд үргэлжлүүлэн судлах боломж нээлттэй.

Энэ туршлага үнэхээр хэрэгтэй гэдэг нь оны эхээр болсон хоёр ч сонгуулиар батлагдсан. “The Green Line”-д бид Либерал, Консерватив, Шинэ Ардчилсан болон Ногоон намуудын мөрийн хөтөлбөрөөс иргэдийн амьдралын чанартай хамаатай таван гол чиг болох орон сууц, ажил эрхлэлт, хоол хүнс, харилцаа холбоо, эрүүл мэндийн асуудалд ямар бодлого барьж буйг товч тодорхой хөтөч болгон нийтлэсэн. Мэдээж, бүгдийг нь дэлгэрэнгүй унших эх сурвалжийг дор нь хавсаргасан.

Энэ бүх хичээл зүтгэлийн үр дүнд “The Green Line” уншигчидтайгаа цахим орон зайд (Тикток видеонууд, Инстаграмын инфографик цувралууд, Youtube дэх богино хэмжээний бичлэгүүдээр) төдийгүй бодит амьдралд уулзаж чадаж байна. Улмаар бид бараг сар бүр торонточуудыг цуглуулсан уулзалт зохион байгуулж, түрээсийн үнэ эсвэл Торонто дахь тухтай орон зайнуудыг хэрхэн эрэлхийлэх тухай гэхчлэн бодит асуудлаар хоорондоо ярилцаж, хамтдаа шийдэл олох хэлэлцүүлэгт урьдаг. Энэ бол “Action Journey” хэмээн бидний тодорхойлсон “Өөрчлөлтөд хөтлөх дөрвөн алхмын дүрэм”-ын нэг хэсэг. Хөндөж буй бүхий л асуудлаа бид эхний долоо хоногт системчлэн тайлбарлаж, хоёр дахь долоо хоногт ямар шийдлүүд бий вэ, түүнд хэрэгтэй хэрэглүүр, хөтчөөр хангаж, холбогдох талуудтай тухайн асуудалд тархиа уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлж, эцэст нь буюу дөрөв дэх долоо хоногт сарын турш үргэлжилсэн, олон нийтийг хамруулсан, олон эх сурвалжаас мэдээлэл авсан тодорхой шийдлийг оролцсон бүх хүнд илгээдэг.

Манай энэхүү нөхөрсөг бөгөөд тодорхой зорилготой ажлууд иргэдийг өөрсдийн амьдран буй хотынхоо асуудлаас ангид, хол хөндий бус, харин илүү өөриймсөг ханддаг болоход тусалж чаддаг. Бид мөн олон нийтийн манлайлагч, нийтийн оролцооны байгууллагуудыг урьж нэгдсэн мэдээлэл цуглуулдаг. Ингэснээр торонточууд бусадтайгаа нэгдэж, бие биенээ харилцан дэмжихийг бид хамгийн чухал үр дүн маань хардаг. Улам бүр цахимжиж буй өнөөгийн дэлхийд ийм биет харилцаа хэчнээн үнэ цэнэтэй, чухал билээ дээ.

Дээрх бүгдийг тоочсон учир нь, бидний хичээл зүтгэлийн үр дүнд “The Green Line”-ий уншигчид биднийг мэддэг болж, улмаар итгэдэг болж, бид тэдэнд илүү бодитоор тусалж чадахад оршиж буй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.