UBLife Logo
World News Day

Дэлхийн мэдээний өдөр | Харанхуйн эрин

Дэлхийн мэдээний өдөр | Харанхуйн эрин

Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 2 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна.

Бид Та бүхэнд энэ 7 хоногийн турш дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.


Фернандо Белзунсе, Испанийн ‘’Vocento’’ медиа группын Редакцын зөвлөлийн тэргүүн, “Харанхуйн эрин дэх сэтгүүлчид” номын зохиогч 

Бидний өнөөдрийн амьдран буй цаг үеийг магад ташаа мэдээлэл тодорхойлж байна. Гэвч үүний утга учрыг бүрэн таниагүй хүмүүс байсан хэвээр. Төөрөгдөл, үл итгэлцлээр дүүрэн энэ нөхцөл байдалд бидний харж буй өөрчлөлтүүд маш өргөн хүрээнд хурдацтай явагдаж байгаа тул тэднийг хүлээн авч, үр дагаврыг нь тооцоолох бараг боломжгүй юм. Нийгмийн сэтгэл хөдлөлийг овжин ашигладаг аливаа улс төрийн хүчнүүд нийгмийн сүлжээгээр дамжуулан асар их тогтворгүй байдал үүсгэх болсон. Энэ их төөрөгдөл, тогтворгүй байдал нь нийгмийн туйлшрал дээд цэгтээ хүрсэн уур амьсгалд бий болж буй юм. Хуурамч мэдээллийн тархалт, төөрөгдөм их мэдээллийн ачаалал буюу “инфодемик” нь энэ эмзэг байдлыг улам лавшруулж байна. Эдгээр шалтгаанууд болон бидний өмнө өрнөж буй үйл явдлуудыг харахад бид зүгээр л өөрчлөлтийн эринд амьдарч байгаа бус, харин тэс ондоо шинэ эрин үе рүү шилжиж байж мэдэх юм гэсэн таагүй мэдрэмж төрнө. 

Олон арван улс оронд ардчиллын нэрийг барьсан хэр нь ардчиллын эсрэг үйлдлүүдийг хийдэг улс төрийн урсгалууд хурдацтай хөгжиж байгаа нь энэхүү эмзэг, хэврэг уур амьсгалыг улам бүр гүнзгийрүүлж буй хэрэг юм. Тэрхүү улс төрчид хуурамч мэдээллийн стратегийг даяаршуулж чадсан дэлхийн хамгийн хүчирхэг эрхмийн арга барилыг хэрэгжүүлж байгаа нь тодорхой. Үүгээр ч зогсохгүй, дөрвөн жилийн өмнө сонгуулийн үр дүнг эсэргүүцэн бослого үүсгэж байсан дэмжигчдийнхээ ачаар өдгөө ардчилсан сонгуулиар удирдагч болсон нэгэн ч бий. АНУ-д ийм үймээн самуун дэгдсэн нь санаанд оромгүй зүйл байсан бол ердөө нэг жилийн дараа ижил үзэгдэл Бразилд давтагдсан нь энэ хөдөлгөөн дэлхий нийтийн шинжтэй болж буйн баталгаа юм. 

Популист, авториар үзэл баримтлал нь шинэ залуу улс төрчдөд ч, бүр эртнээс төлөв даруу, тэнцвэртэй гэгддэг байсан нам эвслийн гишүүдэд ч нөлөөлөх болжээ. Энэ үзэгдэл Унгар, Польш, Израйль, Филиппин, Турк, Эл Сальвадор, Мексик, Аргентин, Испани, Франц, Итали зэрэг орнуудад өрнөж байна. Ингэснээр нийгмийн сүлжээн дэх нөлөөлөгч маягийн удирдагчид гарч ирж, өөрөөр сэтгэдэг хүмүүсийн эсрэг ширүүн дайралт хийх, мөн ард түмнийг төлөөлөхөөр сонгогдсон институтуудыг харлуулах нь хэвийн үзэгдэл болжээ. Тэр ч бүү хэл, шүүхийн тогтолцоо руу хүртэл дайрах болсон. Үүний адил хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, салбарын мэргэжилтнүүд рүү чиглэсэн бүдүүлэг дайралт, гүтгэлгийн шинжтэй кампанит ажлууд ч ил цагаан явагдаж байна. Энэ бүхэн чөлөөт нийгэмд нэгэн зэрэг өрнөж байгаа нь зүгээр л тохиолдол гэж үү? 

Бидний амьдарч буй энэ харанхуй цаг үе ирээдүйд судалгааны сэдэв болох нь дамжиггүй. Технологийн томоохон чиг хандлагуудын сэтгүүл зүй болон ардчилалд үзүүлж буй нөлөө асар их бөгөөд энэхүү үймээн самуунтай цаг үе худал мэдээллийг өөгшүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүчгүйдүүлж байгаа нь илт. Дэлхий даяар дийлэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд аль хэдийн хямралд орсон. Харин үндэстэн дамнасан технологийн компаниуд Франц, Испани, Итали зэрэг орнуудын ДНБ-ээс давсан өндөр үнэлгээтэй болоод байна. Сая, сая хүмүүс өдөр бүр, олон цагийг цахим сүлжээнд байрших алгоритмд суурилсан хуурамч, сенсаци хөөсөн мэдээ контентуудыг харж өнгөрүүлдэг. Ингэснээр цахим сүлжээ худал мэдээлэл, туйлшрал, үзэн ядалтыг нийгэмд түгээх нээлттэй талбар болж байна. 

Ардчилал либерал нийгэмд гүн нэвчсэн учраас аюул, хор хөнөөлөөс ангид мэт харагддаг. Гэвч энэхүү тайван, аюулгүй мэдрэмжид автаж хамгаалалтаа сулруулснаар аюулд ойртож байдаг. Олон улсын шинжтэй төөрөгдүүлэлт, таамаглахын аргагүй манлайлал, салбар салбарын олон улсын байгууллагуудыг үл тоомсорлох явдал нь олон арван жилийн турш бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдэж ирсэн үнэт зүйлсийн тогтолцооны суурийг ганхуулж байна. Яагаад ч юм, бид ардчиллыг ямар ч хүчтэй дайралт, шүүмжлэлээс үл хамааран оршин тогтносоор байна гэж боддог. Гэхдээ түүхийн хуудсыг сөхөн харвал бидний бодол өрөөсгөл ч байж мэдэх. Европт нэгэн тусгаар улс нөгөөгөө эзлэн түрэмгийлэх, эсвэл Ойрх Дорнодод энгийн иргэд даван туулахад бэрх, сүйрлийн цаг үеийг туулж байгаа зэргээс аюул ойртож байгааг харж болно. Энэ хүндхэн байдлаас болж эдийн засаг, эрүүл мэнд, цагаачлал, үнэт чанар эрсдэлд орж байгаа юм биш. Ардчилал өөрөө аюулд байна. Энэ бол ардчиллын бас сэтгүүл зүйн тухай асуудал. Учир нь сэтгүүл зүй ардчилалд мөн олон нийтэд үйлчилдэг, тэдний төлөөх мэргэжил учраас энэ том дайралтын гол бай нь болж байна. 

Дэлхийн мэдээний өдрийг тэмдэглэж буй энэ цаг үе бол сэтгүүл зүйн үнэ цэн, ач холбогдлыг эргэн санахад төгс мөч юм. Сэтгүүл зүй төгс бус, учир нь түүнийг эрхэлж буй хүмүүс ч төгс биш. Гэсэн ч сэтгүүл зүй бол нийгэмд мэргэжлийн, баримтад тулгуурласан, үнэн зөв мэдээллийг түгээж, хүмүүст чөлөөтэй шийдвэр гаргах боломжийг олгодог, бидний мэдэх хамгийн шилдэг тогтолцоо юм. Энгийн хэр нь маш ач холбогдолтой. Мөн засгийн газар, компаниуд, институтуудыг хянах нүд болж, нийгэмд буй ялгаатай олон бүлгийн үзэл бодлыг илэрхийлж, мартагдаж болзошгүй асуудлууд, олон нийтийн дуу хоолой болдог тийм л зүйл. Хүндхэн атлаа үзэсгэлэнтэй, зайлшгүй байх ёстой ажил. Магадгүй одоо урьд урьдаас илүү хэрэгтэй. Учир нь хиймэл оюун бидний үнэнийг ухамсарлах чадварыг үүрд өөрчилж, хуурамч мэдээллийг түгээхэд хувь нэмэр оруулах нь гарцаагүй болсон энэ үед бидэнд мэдээллийг нягталж, баримтыг баталгаажуулж, үйл явдлын голомтод очиж, яг юу болж байгааг нүдээр харж гэрчлэн дамжуулахад өөрийгөө зориулах хүмүүс хэрэгтэй байна. Учир нь сэтгүүл зүй байхгүй бол ардчилал оршин тогтнохгүй. Ардчилалгүй бол харанхуй бүрхэнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.