Дэлхийн редакторуудын форумаас жил бүрийн есдүгээр сарын 28-нд Дэлхийн мэдээний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд энэ өдрийг угтан “Үнэнийг сонго” аяныг эхлүүлж олон улсын 600 орчим редакц нэгдээд байгаа юм.
Дэлхийн 100 гаруй улс орон, олон зуун мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн холбоод, хувь хүмүүс нэгдэж, баримтад суурилсан сэтгүүл зүйн ач холбогдлыг онцлон харуулж, уншигч, үзэгч олон нийтээс итгэмжлэгдсэн мэдээллийн хэрэгслийг дэмжиж, мэдээлэл авч байхыг уриалж байгаагийн дунд Монгол Улсаас UB LIFE сайт мөн албан ёсоор нэгдсэн юм. Энэ хүрээнд олон нийтэд хандсан сэтгүүл зүйн мөн чанарын талаарх цуврал нийтлэлийг манай сайт орчуулан хүргэж байна.
“Үнэнийг сонго” кампанит ажлыг Daily Maverick хэвлэлийн Ерөнхий редактор Бранко Бркич энэ жил санаачилсан бөгөөд худал мэдээллийн аюул хорыг олон нийтэд ойлгуулах, сэрэмжлүүлэхийн зэрэгцээ баталгаатай, үнэнийг түгээгч, мэдээлэгч сэтгүүлчид, хэвлэл мэдээллийг онцолж нийтийг уриалж байна.
Бранко Бркич болон Нобелийн Энх тайвны шагналт Мариа Ресса нар Дэлхийн мэдээний өдөрт зориулж хамтран бэлтгэсэн нийтлэлдээ;
“Эрхэм уншигч та ч энэ замыг засахад онцгой нөлөөтэй. Үнэний төлөөх үйл хэргийг хөхиүлэн дэмжих хүч танд бий. Бид цуцахгүй, бууж өгөхгүй. Энэ тэмцэл бол бид бүгдийн ирээдүйн төлөөх тэмцэл.
Дэлхий даяар ажиллаж буй үзэг нэгтнүүддээ хандаж хэлэхэд түүхийн энэ адармаат цаг үед битгий цөхрөөрэй. Чи ганцаараа биш. Бид нэг зорилготой, нэгдмэл хүч шүү” хэмээн өгүүлжээ.
WAN-IFRA-ийн ерөнхийлөгч Ладина Хеймгартнер;
"Үнэнийг сонго" аянаар бид баримтад суурилсан сэтгүүл зүйн зарчмуудыг хамгаалах хамтын амлалтаа бататгаж байна. Худал мэдээлэлд дарагдсан энэ ертөнцөд сэтгүүлчдийн үнэн зөв, найдвартай, хараат бус мэдээ хүргэх үүрэг урьд өмнө хэзээ ч ийм чухал байсангүй. Энэхүү кампанит ажил нь үнэн бол зүгээр нэг сонголт биш, харин чөлөөт, ардчилсан нийгмийн үндэс суурь гэдгийг сануулж байна” хэмээжээ.