“Шинэ халатаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой” гэх даргад зориулсан ядруухан Монголын дүр зураг дэлгэцэнд л үлдсэн гэж бодтол өнөөдөр ч хэвээр ажээ. Улс орныхоо үнэн бодит дүр төрхийг чихрийн цаасанд боогоод дэлхийд “сурталчлахыг” л бодохоос бус асуудалтай нүүр тулах зориг, хүсэл дарга нарт байдаггүйг бид “Баавгай болохсон” киноны асуудлаас харж авлаа.
Кино уран бүтээл бол иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэх хэлбэр. Найруулагч П.Золжаргал энэ бүтээлээрээ агаарын бохирдол гэх ужгирсан асуудлын учиг нь ядууралд байна аа гэдгийг өөрийн хэлээр чангаас чанга хашгирсан. Тиймдээ ч “Бид утаагаар биш ахан дүүсийнхээ ядуурлаар амьсгалж байна” гэж тэр нээлтийн үзвэрийнхээ үеэр онцлон хэлж байв. Улс төрч, шийдвэр гаргагчдын 10, 20 жил утаа, яндан, зуух, түлш… гээд ер бүгдийг үлдээлгүй иргэд дээрээ туршсан үйлдэл бүрийн цаад учир шалтгааныг тэр уран бүтээлээрээ хөндөн харуулсан юм. Энэ л урлагийн үнэ цэн. Цаг үеэ харж, цаг үеэ мэдэрч, нийгмийнхээ жаргал, зовлонг өөрийн хэлээр илэрхийлдэг нь энэ.
Кинонд өсвөр насны хөвгүүдийн хараалын үгс, өсвөр насны хүүхдүүдийн туулж буй ядуурлаас үүдэлтэй зүдгүүр, өсвөр насны хүүгийн сурч, мэдэх гэсэн зорилго, тэмцэл гээд бүгд бий. Үнэнийг дотор хөндүүрлэтэл байгаагаар нь, гэхдээ хүүтэй хамт ирээдүйд тэмүүлмээр гэгээнээр харуулж чадсан нь “Баавгай болохсон”-ы ид шид. Тиймдээ ч “Канн”-ын кино наадамд оролцож, улмаар дэлхий даяар 10 гаруй оронд албан ёсны нээлтээ хийж, үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа. Бид олон улсад танигдсан монгол бүтээлүүдээ монгол үзэгчид тэр бүр таашаадаггүй гэх түгээмэл ойлголттой. Харин “Баавгай болохсон” кино энэ оны хамгийн их үзэлттэй 5 кинонд багтаж байгаа бөгөөд нээлтийн үзвэрийн дараа танхим дүүрэн үзэгч уртаас урт алга ташилтыг зогсолтгүй нижигнүүлсэн нь театрт сонсож байсан хамгийн гүн хүндэтгэл байлаа гэдгийг тухайн үед “Тэнгис” кино театр цахим хуудастаа бичиж байв.
Харин ард түмний илэрхийлсэн энэ хүндэтгэл дарга нарт таалагдаагүй ажээ. Монголын кино урлагийн зөвлөл гэх 11 хүнтэй байгууллага Америкийн кино академиас гадаад кинонд тавьдаг нийтлэг шалгуур буюу АНУ-аас өөр оронд хийгдсэн, харилцан ярианы дийлэнх нь англиас өөр хэлээр, кино бүтээх үйл явцад монгол уран бүтээлчид голчлон оролцсон зэрэг шалгуурыг бэлхнээ хангасан киног “Оскар”-т нэр дэвшүүлэхээс татгалзсан нь итгэж ядам мэдээ байлаа. Дээрх шалгууруудаас гадна дэлхий дахинаа улс орноо төлөөлөн нэр дэвших тул тухайн улсын иргэд, тэдний амьдрал, соёлын бодит тусгал уу гэдгийг аливаа улсууд харгалзан нэр дэвшүүлдэг. Чухам яг л энэ “шалгуураар” тэд “Баавгай болохсон”-г дэгээджээ. Монгол оронд нүүрлээд байгаа ядуурлын асуудлыг дэндүү үнэн, дэндүү чангаар илэрхийлчихсэн тул Засгийн газрын бүрэлдэхүүн Соёлын яамны харьяа энэ зөвлөл нийгмийнхээ бодит байдлын тусгалыг түмнээ дэлгэхийг хүссэнгүй. Уран бүтээл үнэн байж гэмээнэ амьд байдаг атал мэргэжлийнхээ үнэ цэнийг ч умартаж, дарга нарынхаа тааллаас зөрөхгүй гэсэндээ үнэнийг хүлээн зөвшөөрөх зориг байсангүй, тэдэнд.
Тэр ч бүү хэл зөвлөлийн нэг гишүүн нь өөрийнхөө киног нэр дэвшүүлчхээд “Зөвлөлийн гишүүн байгаад ч нэмэр алга” гэх ашиг сонирхлын илтэд зөрчилтэй мэдэгдлээ өнөөдрийг хүртэл ойлгохгүй л явна. Ийм зөрчилтэй, ийм ухамсар, зориггүй зөвлөл уран бүтээлийг, үзэгчдийн үнэлэмж, таашаалыг “шүүгээд” сууж байж яавч таарахгүй.
“Канн”, “Оскар”-т нэр дэвших нь бүү хэл “Netflix” платформд кино тавих гэж, “Монголын нэрийг дэлхийд гаргана” гээд өдрийн бодол, шөнийн зүүд болтлоо ярьдаг Засгийн газар, Соёлын яам энэ өдрүүдэд хаана байна вэ? Зөвхөн чихрийн цаасанд боосон, худал хуурмагаар “Монголын нэрийг гаргах” зорилготой юм бол Соёлын яам гэдэг чинь суртал ухуулгын газар.
П.Золжаргал энэ киног хийхдээ улсаас нэг ч төгрөг авалгүй, гурван жил зохиолоо бичих сургалтаас эхлээд хөлөө хүрэх газар хүртэл явж, бага багаар чамбайруулсаар дэлхийд зөвшөөрөгдсөн чанартай бүтээл туурвижээ. Тэр энэ удаад ч мөнгө, санхүү болоод элдэв янзын дэмжлэг хүссэнгүй. Гагцхүү наадмын эхний шатны шалгаруулалт хүрэх замдаа шударга өрсөлдөөн хүссэн. Харин хоёр кино өрсөлдүүлж, нэгийг нь асуудалтай гэж хасахдаа “Оскар”-т ямар ч кино илгээхгүйгээр “Үзэл суртлын хороо”-ноос шийджээ. Энэ шийдвэрээ бас нууцаар санал хураасан гэнэ. Ард түмний нэрийн өмнөөс ширээ тойрч шийдвэр гаргаад түүнээ олон нийтэд ил тод тайлбарлахгүй гэдэг байж боломгүй хэрэг. Соёлын сайд та яагаад үүнийг анхаарахгүй байна вэ?
Энэ бол нэг уран бүтээлч, нэг киноны асуудал биш гэдгийг найруулагч П.Золжаргал мэдэгдэлдээ онцолжээ. “Уран сайхны киногоор тархи угаадаг байсан цаг үед нэг ч хором амьдарч байгаагүй чөлөөтэй, залуу уран бүтээлчдийг цаашид ч сайн, муугаа битгий шүүлгээсэй гэсэндээ би илүү чанга дуугарна” гэв. Монгол Улсын төсвөөс сүүлийн жилүүдэд кино урлагийг хөгжүүлэх нэрээр гаднын уран бүтээлчдийг урьж, сургалт, хэлэлцүүлэг бүгдийг хийж, залуу уран бүтээлчдийг дэмжихээр ажилласан. Харин сургаж бэлтгэсэн залуусаа энэ жишгээр цензурдаад байвал өөрөө өөрийнхөө нүд рүү хуруугаа дүрж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэрэг.
Тиймээс өөрөө өөрийнхөө ажлыг үгүйсгэгч “Үзэл суртлын хороо” тэргүүтэй Соёлын яамнаас ил тод тайлбар, үнэнийг хүлээн зөвшөөрөх зориг шаардаж байна.