Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга
Өсвөр насанд биеэ дааж, мөнгөтэй харьцаж сурах зайлшгүй шаардлага гардаг. Нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй үрчхээд байна уу? Тэгвэл хэцүүхэн сорилттой тулгараад буй өсвөр үеийнхэндээ санхүүгээ удирдаж, мөнгөө зөв захиран зарцуулах 8 хялбар арга зааж өгье.
1. Зөвхөн өөртөө зориулж бяцхан төсөв батлаарай
Төсвөө удирдаж сурах нь санхүүгээ зохицуулах эхний чухал алхам юм. Хадгаламж, өдөр тутмын хэрэгцээндээ гэх мэтээр мөнгөө зохистой хуваарилж, түүндээ аль болох үнэнч байж, тууштай мөрдөөрэй. Мөнгөө яг хэрэгтэй зүйлдээ төсөвлөхийн тулд бүх зардлаа хянах нь чухал. Хамгийн гол нь сахилга баттай байхгүй бол яаж ч төлөвлөж, төсөвлөөд үр дүн муутай л байх болов уу.
2. Ямар ч гэнэтийн үйл явдалд бэлэн бай
Төсвөө гаргахдаа заавал яаралтай үед ашиглах хуримтлал үүсгэж, багахан хэмжээний ч болов мөнгө хуваарилаарай. Ингэснээр амьдралд тохиох гэнэтийн ямар ч үйл явдалд бэлэн байж, санхүүгийн хувьд хүнд байдалд орохоос сэргийлж чадна.
3. 50/30/20 дүрмийг баримтлах
Мөнгөө удирдах хялбар аргуудын нэг бол 50/30/20 дүрмийг баримтлах явдал юм. Та орлогынхоо 50%-ийг хэрэгцээндээ, 30%-ийг хүсэлдээ, 20%-ийг хадгаламждаа хуваарилах хэрэгтэй. Энэ дүрмийн тусламжтайгаар та санхүүгийн хэрэгцээгээ хангаж, хүссэн зүйлээ худалдан авч, хадгаламжаа өсгөх боломжтой.
4. Хэрэгцээ, хэрэглээ хоёрыг зааглах
Хэрэгцээ, хэрэглээ хоёрыг ялгаж сурах нь санхүүгийн зохицуулалтын чухал хэсэг юм. Хэрэгцээ гэсэн ангилалд тээвэр, орон сууцны зардлаас эхлээд амьдралын чанарт шууд нөлөөлөх өдөр тутмын шаардлагатай зүйлс багтана. Бусад бүх зардлыг хэрэглээ гэж үзэх хэрэгтэй. Энэ хоёр ангиллыг заагласнаар та зарцуулалтаа хянаж, илүү үр дүнтэй төсөвлөх боломжтой болно. Зардлаа бууруулах шаардлагатай үед хэрэгцээгээ золиослохгүйгээр, хэрэглээнээсээ хасаж, хэмнэлт хийх боломжтой.
5. Өөртөө зорилго тавь
Таны санхүүгийн дадлууд эдийн засгийн ахиц дэвшилд тань хэрхэн нөлөөлж байгааг үнэлэхийн тулд богино болон урт хугацааны зорилго тавиарай. Энэ нь жилийн эцэс гэхэд хуримтлалтай болох эсвэл ямар нэгэн юм худалдаж авах зэрэг энгийн зорилго байж болно. Өөрийн хэрэгцээ, боломжид нийцүүлэн санхүүгийн зорилгоо тохируулах нь чухал. Зорилго нь бодитой, гэхдээ хэтэрхий амархан биш байх шаардлагатай.
6. Өөрийгөө боловсруулж, санхүүгийн мэдлэгтэй болох
Санхүүгийн талаар ном уншиж, бусад мэдээллийн эх үүсвэрийг ашиглаж санхүүгээ удирдах талаар суралцаарай. Суралцахаас гадна шинэ ур чадвар эзэмших, эрүүл мэндээ сахин хамгаалах, шинэ хүмүүстэй уулзах зэрэгт цаг гаргах хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлс нь урт хугацаандаа санхүүгийн хувьд болон ерөнхий амьдралын чанарын хувьд амжилтанд хүрэхэд тань тусална.
7. Өр тавихгүй байх
Өр бол хуримтлалын хамгийн том дайсан. Удаан хойшлуулбал бүр ч илүү эрсдэлтэй болно. Тиймээс, өр аль болох тавихгүй байж, хэрэв өртэй бол хурдан төлж дуусгаарай.
8. Татварын талаар ойлголттой болох
Татварын систем хэрхэн ажилдаг гэдгийг ойлгох нь чухал. Санхүүгийн хувьд амжилттай байх эсэхээс үл хамааран та насан туршдаа татвар төлөх шаардлагатай болдог. Ирээдүйд татварт хэдэн зуун мянга, зарим тохиолдолд сая сая төгрөг зарцуулах учраас хэрхэн ажилладгийг нь мэдэх нь зайлшгүй юм.
Эх сурвалж: Forbes.com