Орон нутгийн сонгууль гэхээр танаас нэг л хол, хамааралгүй мэт санагдаж байна уу? Үнэн хэрэгтээ энэ сонгууль бидэнтэй хамгийн ойр бөгөөд бидний өдөр тутмын амьдралд хамгийн ихээр нөлөөлж чадах хүчтэй. Орон нутгийн сонгууль нь иргэд нийслэл төдийгүй тухайн аймаг, сум, дүүрэг зэрэг орон нутгийн захиргааны түвшинд өөрсдийн дуу хоолойг хүргэх, төлөөллөө сонгох үйл явц юм. Сонгогдсон төлөөлөгч тухайн газрын хөгжил, төсөв, дэд бүтцээс эхлээд гудамж талбай, нийтийн тээвэр гээд өдөр тутмын ахуй амьдралд хамаарах олон асуудалд шийдвэр гаргахад оролцдог. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн амьдрах орчноо сайжруулахад шууд оролцох боломжтой гэсэн үг юм.
1. Эрхээ эдэлж , ирээдүйгээ бүтээ
Оролцоо бол даалгавар биш, оролцоо бол эрх. Дөрвөн жилд нэг удаа тохиох сонгох эрхээ эдлэхдээ эрэл хайгуул хийж, хариуцлагатай байх нь маш чухал. Хүрээлэн буй орчин, эргэн тойрондоо хий дэмий бухимдаж суухын оронд таны хүсэл, дуу хоолойг төлөөлж чадах нэгнийг сонгож өөрчлөлтийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй. Хагарсан зам, шороотой гудамж, эвдэрхий тоглоомийн талбай, асуудалтай тээврийн хэрэгсэл энэ бүхнийг та ганцаараа өөрчилж чадахгүй ч өөрийгөө төлөөлөх хэн нэгнийг сонгож илгээснээр шийдвэр гаргалтад оролцох боломжоо олж авна.
2. Таны оролцоогүй, танил бус шийдвэр
Орон нутгийн сонгуульд ирцийн босго байхгүй буюу та оролцохгүй байсан ч саналаа өгсөн олонхийн дүнгээр сонгууль болдгоороо болж, төлөөллүүд сонгогддогоороо сонгогдоно. Таны араас хэн ч сонгуульдаа оролцоорой гэж нэхэл дагуул болохгүй нь сайхан ч тэр хооронд танай дүүрэг, хорооны маш цөөн хүн саналаа өгөөд бүгдийг чинь төлөөлөөд шийдвэр гаргах эрхтэй болсон байх болно. Дараа нь шаардлага, хяналт тавих гэтэл та шийдвэр гаргахад оролцоогүй байж таарах нь. Тиймээс саналаа өгөх нь чухал шүү.
3. Өөрчлөлтийн хөшүүрэг
Залуучууд дуугарахгүй л бол дуу хоолойг нь хэн ч сонсож чадахгүй шүү дээ. Танд, таны үеийнхэнд ямар асуудал тулгарч байгаа талаар дуугарч байж л хэн нэгэн энэ тухай анхаарч таныг сонсоно. Таны үзэл бодол, дуу хоолой, оролцоо шинэ санаа, санаачилгыг дэвшүүлэх, хэрэгжүүлэх хөшүүрэг болж чадна. Тийм учраас сонгуулийн үед нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сайтар уншиж, харьцуулж, дүгнэлтээ сошиал медиад төдийгүй эргэн тойрныхонтойгоо хуваалцаж ярилцаж байгаарай.
4. Залуусын давалгаа хэр хүчтэй вэ?
Залуучууд нэг удаа л саналаараа давалгаалж идэвхтэй оролцоход энэ давалгаа улам хүчтэй, улам томрон давалгаалсаар л байх болно. Өнгөрсөн удаад буюу 2020, 2021 оны сонгуулиар залуусын оролцоо 10-аас илүү хувиар өссөнийг мартаж болохгүй. Үр дүнд нь өнөөдөр илүү олон залуус нэр дэвшиж, залууст таалагдах гэсэн улс төрчид янз бүрээр хичээж байна. Энэ мэтчилэн бид идэвхтэй байж чадвал дараа дараачийн сонгуулиар залууст зориулж бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, илүү хичээх нь гарцаагүй. Үүнд сонгуулийн дараа ч хяналтаа сулруулалгүй, шаардлагаа тавьж байх нь чухал шүү.
5. Туршлага зузаантай залуу сонгогч
Та нэг удаа саналаа өгснөөр сонгуулийн үйл явцтай танилцаж, иргэний боловсрол, мэдлэгээ нэмэгдүүлэх сайхан боломж болно. Хэрхэн төлөөлөгчдөө сонгох, тэдний бодлого, хөтөлбөрүүдийг үнэлэн үр дүн гаргах талаар суралцаж цаашлаад өөрийн сонголт, үйлдлийн үр дагаврыг ойлгох, хариуцлагаа ухамсарлах дадалтай болж чадна шүү дээ. Ингэж явсаар нэгэнт туршлагатай сонгогчид олон болбол улс төрчид биднийг хоосон амлалтаар хуурах биш хийх ажил, бодит үр дүнгээр өрсөлддөг болоход том түлхэц болох юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 11-ний өдөр болно. Сонгогчийн саналыг тухайн өдрийн 07:00-20:00 цаг хүртэл авна.
Хаана очиж саналаа өгөхөө election.burtgel.gov.mn хаягаар ороод хялбархан мэдэх боломжтой шүү. Тус хаяг дээр хайлт хийхэд аль санал авах байранд очих тухай мэдээлэл гарч ирнэ.
Ямар сонголт хийхээ одоо ч мэдэхгүй эргэлзэж байгаа бол нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахим хуудас руу нь орж судлаад тэдний боловсруулсан бодлого, төсөл, хөтөлбөрүүд уншигч таны үзэл бодолтой ижил эсэхийг нягтлаад үзээрэй.