Эрүүл үерхэлд байгаа эсэхээ мэдэхгүй байна уу?
Бид бүгд л харилцаагаа аз жаргалтай, эрүүл байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, бүх харилцаа жаргалтай хийгээд хүнд үеийг даван туулдаг учраас хэзээнээс эрүүл биш болсон гэдгийг мэдэх нь үргэлж амаргүй байдаг. Тэр дундаа дөнгөж үерхэж эхэлж буй өсвөр үеийнхэнд бүр ч хэцүү.
ЭРҮҮЛ ХАРИЛЦААНЫ ШИНЖ ЧАНАРУУД ГЭЖ ЮУ ВЭ?
Хэн нэгэнтэй шинээр болзож эхлэхэд бүх зүйл төгс мэт санагддаг. Гэхдээ заримдаа энэ нь зөвхөн шинэ мэдрэмжээс үүдэн аливаа зүйлсийг эерэгээр харж эхэлсэнтэй холбоотой байх тохиолдол ч бий. Тиймээс таны харилцаанд дараах шинж чанарууд байгаа эсэхийг анзаараад үзээрэй.
Хүндлэл
Үерхэлд хэн хэн нь зураас давахгүй, хүндлэлийн шугамыг хадгалж үлдэх нь хамгийн чухал. Харилцаанд хүндлэл гэдэг нь нөгөө хүнийхээ үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, ойлгодог байхыг хэлнэ.
Итгэлцэл
Таныг эсрэг хүйсний найзтайгаа хамт байхад хос тань уурлаж байсан тохиолдол бий юу? Мэдээж хардалт гэдэг хүнд байдаг хэвийн л сэтгэл хөдлөлүүдийн нэг. Харин хардсанаа хэрхэн илэрхийлж, яаж хүлээж авч байгааг нь анхаараарай. Хэрэв та хоёр бие биедээ итгэдэггүй бол эрүүл харилцаа үүсэх боломжгүй шүү дээ.
Шударга байдал
Үерхэл, харилцаа нь итгэлцэлтэй салшгүй холбоотой бөгөөд та хоёрын нэг нь л шударга бус хандлага гаргахад цаашид итгэлцэл бий болоход хэцүү. Бяцхан худал ч хүний сэтгэлийг сэвтээдэг тул бие биедээ шударга байх нь хортой хорилцаанаас хол байх нэг арга юм шүү.
Дэмжлэг
Хамтрагч тань зөвхөн хүнд хэцүү үед таныг дэмжихээс гадна, таны амьдралд тохиолдож буй сайн, сайхан мөчүүдийг ч мөн адил сонсож дэмждэг байх ёстой. Юу ч тохиолдсон хажууд тань байх нь эрүүл харилцааны хамгийн том илрэл.
Тэгш байдал
Харилцаанд харилцан бие биенээ хүндэлж, ойлгож, зөвшилцөн шийдвэр гаргах нь чухал. Харилцаа эрх мэдлийн төлөөх тэмцэл болон хувирч, хоёр тал үргэлж өөрсдийнхөөрөө зүтгэх үед асуудал үүсэж эхэлдэг.
Хувийн орон зай
Та хоёр харилцаагаа эхлэхээсээ өмнө гэр бүл, найз нөхөд, сонирхол гэх мэт өөрсдийн амьдралтай байсан ба энэ нь ч өөрчлөгдөх ёсгүй. Хэн хэн нь өөрт таалагддаггүй зүйлээ таалагддаг гэж дүр эсгэх, найзуудтайгаа уулзахаа болих, эсвэл дуртай зүйлээсээ татгалзах шаардлагагүй. Та хоёрт шинэ авьяас чадвар, хоббигоо хөгжүүлэх, шинэ найзуудтай болох, урагшлах эрх чөлөө байх хэрэгтэй.
Нээлттэй байдал
Хамтдаа чухал зүйлсийн талаар нээлттэй ярилцаж чаддаг уу? Хэрэв та өөрийн бодлоо илэрхийлэхээс эмээж, сэтгэл хөдлөлөө дотроо хадгалж байгаа бол энэ тийм ч сайн хэрэг биш шүү. Танд тухайн асуудлын талаар ярихаасаа өмнө бодож боловсруулах цаг хэрэгтэй бол бүү санаа зовоорой. Зөв хүн танд энэ орон зайг өгөх болно.
ЭРҮҮЛ БУС ХАРИЛЦААНЫ ЗАРИМ ШИНЖ ТЭМДЭГ:
Тэдний төлөө бүхнээ зориулаагүйд уурлах
Гэр бүл, найз нөхдөөс тань холдуулахыг оролдох
Таныг өөрөөс нь өөр хэн ч сонирхохгүй гэж итгүүлэх
Сонирхол, дуртай зүйлээс тань холдуулах
Уурласан үедээ гар далайх зэргээр бие махбодод тань халдахыг оролдох
Хэрэв таны харилцаа аз жаргал биш, харин ачаа мэт санагдаж байвал, энэ харилцаа танд тохиромжтой эсэхийг бодож үзэх цаг болсны дохио. Аз жаргалгүй эсвэл өөртөө итгэлгүй хүн сайн хамтрагч байх тал дээр асуудалтай байдаг. Нөгөөтэйгүүр, та өөрөө үерхэл харилцаанд бэлэн биш цаг нь болоогүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Өөртөө цагаа зарцуулж, өөрийгөө таньж мэд.
Үерхэл гэдэг та хоёрын аль альных нь хамгийн сайн талуудыг гаргаж байхдаа л хамгийн эрүүл бөгөөд зөв байдаг гэдгийг санаарай.
Эх сурвалж: teenshealth.com