UBLife Logo
Кино

Хамгийн аймшигтай алиалагч: Түүхэн Жокерууд

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Хамгийн аймшигтай алиалагч: Түүхэн Жокерууд

Өнөөдөр кино сонирхогчдын хамгийн их хүлээж байсан “Joker: Folie à deux” кино дэлхий дахинд нээлтээ хийнэ. Энэхүү кино нь 2019 онд гарсан алдарт “Жокер” киноны үргэлжлэл бөгөөд Тодд Филлипс мөн найруулжээ. Гол дүрд Хоакин Феникс, Леди Гага нар тоглосон гэдгээрээ ч олны анхаарлын төвд байна. Шинэ ангид сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Артур Флек (Хоакин Феникс) бүх амьдралынхаа хайр дурлал Харли Квинныг (Леди Гага) олох юм.

“DC Comics”-ийн гол сөрөг баатар болох Жокер өдгөө Холливудын жүжигчдийн хувьд ур чадвараа шалгадаг дүр болон хувирчээ. Сонгодог урлагийн жүжигчид Шекспирийн Гамлетийн дүрийг бүтээхийг хүсдэгтэй адил бүгд Жокер болохыг хүсэж байна. Галзуу алиалагчийн үл ойлгогдох зан ааш, ертөнцийг эргүүлэх хүсэл шуналыг хэн нь чадварлаг гаргаж чадах вэ гэсэн нэг төрлийн уралдаан мэт.

Жокерийг анх дэлгэцэд амилуулсан жүжигчин бол Сизара Ромеро байлаа. 1960-аад оны цувралд түүний бүтээсэн Жокер галзуурсан маньяк гэхээсээ хорон санаат баян этгээд мэт харагдаж байлаа.

1990-өөд оны цуврал хүүхэлдэйн кино үзэж өссөн хүүхдүүд хорон санаат Жокерийн дууг “Оддын дайн”-ы Люк Скайуокер буюу Марк Хэмилл оруулсан гэдгийг сайн мэддэггүй.

Орчин үеийн Холливудын Жокерийн дүр бүтэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Хит Лежер (The Dark Knight). Лежер анх удаа Жокерийн хорон муу үйл явдлыг дотоод харанхуй сэтгэлтэй нь гаргасан юм. Түүний эмгэнэлт үхэл Жокерийн нэр хүнд мандахад маш том үүрэг гүйцэтгэсэн. Эндээс эхлэн Лежерийн Жокерийг давах нь жүжигчдийн нэг ёсны үүрэг болсон гэлтэй.

Хит Лежерийн Жокертой харьцуулахад “Suicide Squad” киноны Жокер олны анхаарлыг бараг татаагүй. Жаред Лето энэ дүрд шинэ юм юу ч нэмж чадаагүй.

Лежерийн Жокертой эн зэрэгцэх Жокер бол домогт Жек Николсоны (Бэтмен, 1989) Жокер гэж олон шинжээч үздэг. Энэ Жокерийн гэнэтийн галзуурал, солиорол нь аймшиг төрүүлж байв.

Энэ бүхний дараа гарсан Хоакин Фениксийн Жокер. Комиксын баатар гэсэн ойлголтыг бүрэн эвдэж, нийгмийн худал хуурмаг дор хугаран нугарсан бодит хүний түүх болгон харуулсан билээ.

Харин Хоакины хоёр дахь Жокер үзэгчдийг юугаар гайхуулж, айлгаж чадах бол?  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.