UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Дагестан, Осети – Аль нь хүчирхэг вэ?

Чөлөөт бөх: Дагестан, Осети – Аль нь хүчирхэг вэ?

Дагестан, Осети бол ОХУ-ын бөхийн хөгжлийн гол төв. Орос төдийгүй бөмбөрцөг гээд хэлчихэд буруудах зүйлгүй. 2024 оны Парисын олимпын наадамд ОХУ-ын шигшээ оролцоогүй ч гурван дагестан залуу (Ахмед Тажудинов, Разамбек Жамалов, Магомед Рамазанов) алтан медаль, хоёр дагестан бөх (Магомедхан Магомедов, Даурен Куруглиев) хүрэл медаль, нэг осети залуу Чермен Валиев хүрэл медаль авсан юм.

Ингэхэд энэ хоёр бөхийн школын аль нь илүү олон алтан медальтай юм бол? Спорт Экспресс сонин судалгаа хийжээ.

Олимпын наадам: Дагестан - 25 алтан медаль, Осети - 13 (70-аад он - 2:1, 80-аад он - 2:3, 90-өөд он - 5:4, 2000-аад он - 10:4, 2010-аад он - 4:1, 2020-иод он - 5:1).

ДАШТ: Дагестан - 63, Осети - 54 (50-иад он - 1:1, 60-аад он - 4:0, 70-аад он - 12:4, 80-аад он - 3:13, 90-өөд он - 8:6, 2000-аад он - 13:17, 2010-аад он - 14:12, 2020-иод он - 8:1).

Европын АШТ: Дагестан - 106, Осети - 71 (60-аад он - 4:3, 70-аад он 11:4, 80-аад он - 10:14, 90-өөд он - 19:19, 2000-аад он - 27:15, 2010-аад он - 22:10, 2020-иод он - 13:8).

ЗХУ-ын АШТ: Дагестан - 66, Осети - 47 (50-иад он - 1:8, 60-аад он - 14:8, 70-аад он - 25:10, 80-аад он - 19:19, 90-өөд он - 7:2).

ОХУ-ын АШТ: Дагестан - 135, Осети - 79 (90-өөд он - 29:18, 2000-аад он - 39:22, 2010-аад он - 36:27, 2020-иод он - 31:12).

Тодруулга:

1. Осети, дагестан гэж хуваахдаа үндэстэн, ястнаар биш тухайн бөхийн аль школоос гаралтайгаар нь ялгалаа. Жишээ нь, Жамалов, Жамал Отарсултанов, ах дүү Сайтиев нар чечень ч тэд Хасавюртийн школын бөхчүүд тул дагестан гэж тооцсон. Владимир Юмин орос залуу ч бөхийн школ нь яалт ч байхгүй дагестан.

Сайтиев 18 настайдаа өөр нэгэн том школ болох Красноярскт очиж, домогт Дмитрий Миндиашвили дээр очиж, илт сайжирсан тул дагестан гэж тооцож болохгүй гэж хэлэх хүн гарах байх. Тэгэхээр бас маргаан гарч болохыг анхаарна уу. Гэхдээ Сайтиев Красноярскт очихдоо хэдийн ЗХУ-ын идэрчүүдийн аварга болчихсон байсан, очсоныхоо 2 жилийн дараа дэлхийн аварга болж, 3 жилийн дараа олимпын аварга болсныг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дагестан суурьтай болохоороо ийм амжилт гаргасан хэрэг. Ямар ч суурьгүй очсон хүнийг 2-3 жилд дэлхий, олимпын аварга болгодог ямар ч дасгалжуулагч байхгүй.

Дагестанд оруулсан Махов 8 настайдаа нутагтаа буюу Кабардин-Балкарт чөлөөт бөхөөр хичээллэж байсан. 14 настайдаа Дагестанд ирсэн. Чөлөөт бөхөөр дэлхийн алт, сонгомол барилдаанаар дэлхийн мөнгө авсан энэ бөх маш богино хугацаанд бөхийн хоёр өөр төрлөөр амжилт гаргасан. Гэвч бид түүнийг хөгжиж дэвших боломж илүү байсан гэдэг утгаар нь Дагестанд багтаалаа.

Олимпын аварга Отарсултановыг дагестан школд оруулсан ч тэрээр Москвагийн ЦСКА-д осети дасгалжуулагч Анатолий Маргиевийн удирдлагад ороод том амжилт гаргасныг тэмдэглэх ёстой.

1989 оны дэлхийн аварга Ахмед Атавов бөхөөр анх хичээллэсэн нь Хасавюрт, дараа нь Черкесск, бүр дараа нь Красноярскт Миндиашвили багш дээр очсон. Манай редакц өөрөөс нь ямар школ вэ гэж асуухад Ахмед дагестан гэж хариулсан шүү.

Шариф Шарифов 2012 онд Азербайжаны нэр дээр алтан медаль авсан ч дагестан школын бүтээгдэхүүн. Рамазанов, Тажудинов хоёр ч мөн адил. 2008 оны олимпын аварга Рамазан Шахин (Ирбайханов) Туркт алтан медаль авчирсан, Хасавюртэд өссөн, чечень залуу ч бид Дагестанд багтаасан.

Осети школд бид Барселона олимпын аварга, дэлхийн 5 удаагийн аварга Лери Хабеловыг оруулаагүй. Тэр осети хүн ч Гүржид өссөн, тэнд бөх болсон юм. 1954 оны ЗХУ-ын аварга Сергей Габараев мөн адил осети хүн ч Гүржид хичээллэж, бөх болсон билээ.

Дэлхийн аварга, Европын 4, ЗХУ-ын 5 удаагийн аварга, алдарт дасгалжуулагч Юрий Шахмурадов чөлөөт бөхөөр Хойд Осетид хичээллэж эхэлсэн. 20 настайдаа Дагестанд очиж, дээд хэмжээний бөх болсон хүн. Осетид байхдаа нэг ч тэмцээнд түрүүлж үзээгүй байсан. Хамгийн гол нь Шахмурадов өөрийгөө дагестан школ гэж хэлсэн юм.

2. Осетийн бөх янз бүрийн нөхцөл байдлаас болоод нэлээд алтан медаль алдсан. Нэгдүгээрт, Артур Таймазов допингоор олимпын хос алтан медалиа хураалгасан. Энэ медалиуд нь дагестанчуудад очсон гэж байгаа. Бахтияр Ахмедов 2008 оны, Билял Махов 2012 оных нь алтан медалийг авсан.

Хоёрдугаарт, Заурбек Сидаков, Артур Найфонов Парисын олимпод очиж чадсан бол яах байсан бол? Магомед Рамазанов Артур Найфоновыг ялж чадах уу? Разамбек Жамалов Заурбек Сидаковыг ялах байсан уу? Гэхдээ Дагестаны Заур Угуев мөн Парис олимпод оролцож чадаагүй билээ. Абдулрашид Садулаевын хувьд түүний жинд угаасаа Тажудинов гэсэн дагестан бөх түрүүлсэн.

3. Олимп, ДАШТ гэсэн хамгийн том хоёр тэмцээнийг авч үзье. 1992 он хүртэл олимпын алтан медалийн тоогоор Дагестан, Осети хоёр 4:4 тэнцүү, ДАШТ-ий алтаар Осети нь 24:20 илүү байжээ. 2004 оны олимпын дараа ч олимпын алтан медалийн тооны харьцаа 11:11 тэнцүү байв. Үүний дараа осети бөхчүүдийн амжилт буурч, 2008, 2012 онд нэг ч алтан медаль авсангүй. Эсрэгээрээ дагестанчууд чангарсаар, Бээжинд 4, Лондонд 3 алт авлаа. 2016 оноос хойш осети бөхчүүд хоёр алт (Рамонов, Сидаков) авсан бол Дагестан 6 алтан медальтай.

Сүүлийн 30 жил эрэгтэй чөлөөт бөхийн ертөнцөд дагестан школ илт давамгай байгаа нь харагдаж байна. 1992 оноос хойш дагестан школ олимпын 21 алт авсан бол АНУ – 14, Осети – 9, Иран – 4, Гүрж – 3 алт хүртжээ.

Эцэст нь хэлэхэд Дагестаны хүн ам 3,2 сая бол Осети 730 мянган хүн амтай гэдгийг анхаарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.