UBLife Logo
The Media Show

Humans of UB | The Media Show арга хэмжээний тухай сэтгэгдлээ хуваалцъя

Ub.life
Ub.life
Humans of UB | The Media Show арга хэмжээний тухай сэтгэгдлээ хуваалцъя

Энэ 11 дүгээр сарын 15-ны бямба гарагт медиа салбарынхны цуглах цэг The Media Show арга хэмжээ болох гэж байна. Гурав дахь жилдээ болж байгаа уг эвентэд оролцогчид хэрхэн бэлдэж байна вэ, ямар сэтгэгдэл, догдлолтой хүлээж байна вэ гэдгээ хуваалцлаа.

Б.Батзориг

Tsoilogsoz, Posted.mn -ий үүсгэн байгуулагчдын нэг, Гүйцэтгэх захирал

Манай Posted.mn нь залуусыг хооронд нь холбодог, урам зориг өгдөг, хөгжлийн шийдлийг хамтдаа гаргахад чиглэсэн, community буюу хүрээлэлд суурилсан медиа юм. Сүүлийн жилүүдэд бид судалгаа хөгжүүлэлт, медиа, бизнесийн орчны уулзвар дээр үйл ажиллагаа явуулж байна.

Community гэдэг бол зүгээр нэг хүмүүсийн нэгдэл, хүрээлэл гэхээс илүүтэй нэг хүсэл, эрмэлзлийн цаадах нэгдмэл зорилго, бие биедээ итгэх итгэлцлийн хэлхээ, холбоо гэж харж байгаа. Сүүлийн жилүүдэд Монголд хийсэн судалгаануудаас харахад буюу жишээ нь 2022 оны Global Value Survey-гийн дүгнэлтээр монголчуудын ирээдүйдээ итгэх түвшин нь ердөө 29 хувьтай гарсан байна. Мөн SICA судалгааны байгууллагын Нийгмийн үеийн өөрчлөлтийн судалгаагаар монголчууд бие биедээ итгэх түвшин нь сүүлийн таван жилд буурч байна гэх үзүүлэлт гарсан байна билээ. Тэгэхээр медиа талаас харахад, ер нь community буюу хүрээлэлдээ нөлөөлөх, үзэгч, дагагч цуглуулах гэхээс илүүтэйгээр бие биедээ итгэдэг, итгэлцэл дээр суурилсан нэгдэл байх учиртай. Ингэхийн тулд хэрэглэгчдээ оролцуулдаг, санал бодлоо хуваалцдаг, хэрэгцээтэй мэдээллээ авч ярилцдаг, хэлэлцүүлэг өрнүүлдэг орон зай болох нь чухал.

Энэ утгаараа Posted.mn маань анхнаасаа community-based буюу хүрээллээ бий болгож хөгжиж байгаа медиа юм. Tsoilogsoz-ийн хувьд ч тэр сүүлийн таван жилийн хугацаанд бид 50 мянга гаруй хүнийг арга хэмжээ, үйл явдалд хөтөлж оролцоог нь хангаж ирсэн суурьтай. Тэгэхээр гол санаа нь бол медиа зах зээлд бид хандалт хөөж илүү олон хүнд хүрье гэхээс илүүтэйгээр үнэ цэнийг эрхэмлэж, тэдгээр хүмүүсийнхээ оролцоог хангах нь шинэ үеийн медиа чиг хандлага гэж харж байгаа.

The Media Show 2025 арга хэмжээнд миний оролцож байгаа хэлэлцүүлэг яг энэ тухай ярилцах учраас өөрийнхөө туршлага, үзэл бодлыг судалдгаанд суурилан хуваалцах, ирээдүйн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ гэдгээ ярилцах болно.

Э.Намуун

Ub.life сайтын редактор

/

Би хүүхдээ төрүүлээд ажлаасаа хэсэг хөндийрсөн үедээ “The media show” арга хэмжээг зорин очсон нь ноднин юм. Ажил болон хэвлэл мэдээллийн салбараасаа түр завсарлага авсан болоод ч тэр үү тухайн өдрийн арга хэмжээ үнэхээр сонирхолтой, шинэ мэдлэг, мэдээллээр дүүрэн санагдаж билээ. Түүгээр ч үл барам хэсэг уулзаагүй хүмүүстэйгээ таарч, цагийг хамтдаа өнгөрүүлэх боломж олдсонд таатай байсан. 

Миний хувьд сэтгэлд хамгийн тод үлдсэн хэсэг нь хэлэлцүүлэг, илтгэлүүд дуусаж арга хэмжээ шувтрах үеийн асуулт хариултын хэсэг байсан юм. Энэ үеэр сэтгүүлч, медиа салбарынхан, оюутнууд “The media show”-д оролцсон илтгэгчдээс болон тус арга хэмжээнд ирсэн хэвлэл мэдээллийн салбарынхнаас сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцсан нь арга хэмжээг илүү баялаг, ярилцах сэдэв хязгааргүй байгааг батлан харуулсан. Жишээлбэл, Ub.life сайт, “Гэрэг” сэтгүүлийн тоймч, “Хөрөг” номын зохиогч Б.Энхцэцэгээс хүний нууцыг уудлан гаргах, түүнийгээ хэрхэн сонирхолтойгоор найруулж бичдэг талаар олон хүн тодотгон асууж байв.

Мөн Монголын баримт шалгах төвийн Ерөнхий эрхлэгч Э.Батцэцэгтэй сошиалд тархсан хуурамч мэдээ, мэдээллийг хэрхэн шалгаж репорт хийх буюу нийтэд харагдах байдлыг яаж багасгадаг талаар ярилцсан нь хуурамч мэдээлэл түймэр мэт тархдаг нийгэмд мэдэж байвал зохих асуудал байсан юм.

Энэ мэтчилэн худал мэдээлэл гаарсан, хиймэл оюун эрчимтэй хөгжиж буй өнөө үед мэргэжлийн редакц, сэтгүүлч бидний хувьд төдийгүй медиа салбарынхны ярилцах ёстой, шийдэл гаргах хэрэгтэй асуудал шинэ тутам гарч ирж байгаа юм байна. Энэ асуудлаар салбар болон салбар дундын мэргэжилтнүүдийн жил бүрийн уулзах цэг нь “The media show” гэдгийг оролцогчид онцолж байсан. Салбарынхан минь, хүрээллийнхэн минь тогтсон цагтаа, товлосон газраа “The media show”-гаараа уулзацгаая!  

Г.Байгаль

“Ийгл” телевизийн тоймч

Миний хувьд бизнес, эдийн засгийн чиглэлээр мэргэшин ажиллаад одоо 10 жил болж байна. Энэ удаагийн The Media Show-д энэ чиглэлээр туршлагаа хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Би өнгөрсөн жил очиж чадаагүйдээ их харамсаж байсан. Энэ жил өөрөө илтгэх болсонтой холбогдуулаад өнгөрсөн жилийн бичлэгүүдийг үзээд бүр ч их харамссан. Яагаад гэхээр энэ арга хэмжээ маш өгөөжтэй, үр дүнтэй, сонсууштай бөгөөд олон хүнтэй танилцаж, ихийг сурдаг цугларалт юм билээ.

Би эдийн засаг, тоон мэдээлэлд суурилсан сэтгүүл зүйн контент мэдээлэл түгээдэг. Энэ ажилтайгаа холбоотойгоор эдийн засаг, тоон үзүүлэлт, өгөгдлийг яаж хүний амьдралтай холбодог юм, хэрхэн хамааруулдаг юм, үүнийг яаж энгийн, ойлгомжтой, сонирхолтойгоор хүргэдэг юм бэ гэдгээ хуваалцана. Ер нь дата, тоон мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд гэхээр хүмүүс амьдралаас их хол, ойлгомжгүй, уйтгартай зүйл юм шиг боддог. Гэтэл эдийн засгийн аливаа үйл явц, тоо бүхэн хүний амьдралтай, халаас, хэтэвчтэй шууд холбоотой байдаг. Бид бүгд эдийн засгийн оролцогчид. Тэгэхээр хүний өдөр тутмын санхүүгийн шийдвэр гаргалтад нөлөөлнө гэдэг сэтгүүл зүйн маш чухал, хариуцлагатай хэсэг юм. Энэ талаар бүгдээрээ ярилцъя гэж урьж байна.

 The Media Show-д зөвхөн сэтгүүлч, сэтгүүлчээр сурч байгаа оюутнуудаас гадна медиа салбартай холбоотой, хамтран ажилладаг хүн бүр оролцох боломжтой санагдсан. Жишээ нь, хэвлэл мэдээлэлтэй ажилладаг хувийн хэвшил, төрийн байгууллагын хэвлэл, пиарын ажилтнууд гэхчлэн энэ зах зээлтэй нягт уялдаа, холбоотой хүмүүс хамтын ажиллагаагаа бий болгох цуглах, танилцах цэг юм болов уу. Тэгэхээр 11-р сарын 15-нд бүгдээрээ медиа салбарынхаа чиг хандлага, өөрчлөлт, шинэ санаанууд бүхнээ ярилцъя.

Э.Золбаяр Тинк Монгол институтын үүсгэн байгуулагч

Би LemonPress.mn-ий үүсгэн байгуулагчдын нэг, мөн саяхан “Тинк Монгол” судалгааны тинк танкийг үүсгэн байгуулаад байна. Энэ институт маань эдийн засгийн бодлогын судалгааны чиглэлээр ажиллах юм. Түүнчлэн тинк танк гэдэг утгаараа бид медиа салбартай маш ойр ажиллах шаардлагатай байдаг. Энэ нь ч олон улсад хэвшил болсон зарчим. Сэтгүүлчдийн хувьд хараат бус, хөндлөнгийн судалгааны хүрээлэн, эх сурвалж чухал байдаг шүү дээ. Манай институт яг энэ орон зайд итгэж болохуйц, хараат бус мэдээлэл, судалгаа хүргэж, эх сурвалжаар хангаж ажиллах болно.

Энэ жилийн The Media Show арга хэмжээнд бид удахгүй хэрэгжүүлэх гэж байгаа сэтгүүлчдэд зориулсан шинэ хөтөлбөрөө танилцуулах юм. Сэтгүүлчдийн хувьд суурь мэдлэг, чадвараас гадна бизнесийг ойлгох, бизнесийн орчин, зохицуулалтын талаарх мэдлэг, компаниудын санхүүгийн тайланг уншаад шинжлэх, мэдээ, нийтлэл бичих зэрэг мэргэшсэн чадварууд чухал. Бид хөтөлбөрөөрөө дамжуулан энэ ур чадварыг олгох зорилготой байна.

Хараат бус хэвлэл мэдээлэл ямар ч улсын хувьд маш чухал шүү дээ. Энэ утгаараа бид ч бас хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйг үргэлж дэмжих болно. Тэгэхээр The Media Show зохион байгуулагдаж байгаад баяртай байна, цаашдаа ч идэвхтэй оролцох болно.

О.Анхзаяа

Ub.life сайтын Ерөнхий редактор

Би Ub.life сайтад оюутан байхдаа дадлага хийхээр ирээд улмаар ажиллаж үлдсэн. Одоо Ерөнхий редактораар ажиллаж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд бусад залуу редакторуудтайгаа хамт хэлэлцүүлэгт оролцох болсондоо их догдолж байна. Манай салбарт сүүлийн үед олон залуус орж ирж, өнгөлж ажиллаж байна, бүгдээрээ шинэлэг зүйлсийг гаргаж ирж байгаа учраас бусдыгаа сонсох сон гэх хүлээлт ч дүүрэн байна.

Миний хувьд community building буюу Ub.life сайтын хувьд уншигчидтайгаа дандаа ойр, бүр бараг хажууд нь сууж байгаа мэт ойрхон ажилладаг, бүх контентдоо уншигчийнхаа мэдрэмж, үзэл бодлыг оруулж бүтээхийг эрмэлздэг тухайгаа ярина. Энэ хэрээрээ бид бас уншигчдын уулзалт, арга хэмжээ зохион байгуулах, тэднийг оролцуулсан бичлэг, контент хийх гэхчлэн үргэлж холбоотой ажилладаг. Тийм болохоор миний ажил ч бас зүгээр өрөөндөө суугаад хийхээс тэс өөр байдаг. Дандаа хүмүүстэй уулзаж, гадуур явж, дунд нь ороод ярилцах тэр мэдрэмж үнэхээр гоё. Ер нь бидний хувьд залуучуудынхаа дуу хоолойг, мэдрэмжийг сонсох төдийгүй би өөрөө ч залуусын төлөөллийн хувьд юу сонсмоор, ямар мэдээлэл авмаар байгаа вэ гэдгээ анзаарч community буюу хүрээллээ мэдэрч ажиллах нь чухал байдаг. Энэ талаар илүү дэлгэрэнгүй, өөрийн туршлага, жишээнүүдээ арга хэмжээн дээр ярих тул ингээд зогсъё. Ирсэн хүмүүст ямар ч гэсэн маш сонирхолтой хэлэлцүүлгийг бид сонсгох байх аа.

Би The Media Show-д очих үнэхээр дуртай. Намайг оюутан байхад, яг энэ салбарт орох үед ийм төрлийн арга хэмжээ болж, хүмүүсийг сонсох, түүхийг нь хуваалцах боломж байсан ч болоосой гэж бодогддог. Би өөрөө бараг юу ч мэдэхгүй яваад орчихсон бол одоо залууст маань ийм өргөн боломж гарч ирж байгаа нь маш том давуу тал. Бид яаж эхлэх юм, юун дээр алдаад байна, медиа суваг ажиллуулж эхлэх гэж байгаа бол суурь мэдээллээ эндээс шууд нэг дор авах бүрэн боломжтой. Бас ирсэн илтгэгчдээсээ маш их урам зориг авдаг шүү. Холоос, эчнээ таньдаг сэтгүүлчид, дэлгэцээр л хардаг хүмүүс ирээд ойроос тэднээс суралцаж, ярилцаж хамтдаа нэг өдрийг гоё өнгөрүүлдэг болохоор The Media Show дээр заавал ирээрэй.

 Т.Амарзаяа

Монголын залуучуудын эвсэлийн Гүйцэтгэх захирал

Би өнгөрсөн жилийн арга хэмжээнд тасалбараа эртхэн авч, цаг заваа төлөвлөж байгаад зорьж очоод сонссондоо маш сэтгэл хангалуун байсан. Өөрөө сэтгүүлч мэргэжилтэй боловч салбартаа бараг ажиллаж байгаагүй, голдуу иргэний нийгмийн салбарт ажиллачихсан болохоор мэргэжлийнхээ залуусын бодож, санаж яваа зүйлсийг сонсъё гэж бодоод очсон минь маш зөв болсон.

The Media Show их хөөрхөн олон төрлийн форматтай болдог. Үндсэн илтгэл нь 30 хүртэлх минутын сургалт хэлбэрээр, PechaKucha нь илүү storytelling буюу хүний түүхэд суурилсан байдлаар илтгэгч нь туршлагаа ярьдаг нь таалагддаг. Өнгөрсөн жилийн хувьд сэтгэлд тод үлдсэн нь нийтлэлч Б.Энхцэцэг эгчийн хөрхөн хэрхэн бичдэг тухайгаа төдийгүй өөрийнхөө олон жилийн туршлагыг ярьсан нь үнэхээр гоё санагдсан. Бүр мэргэжлээрээ ажилладаг ч байж уу гэж бодмоор. Мөн Child.mn-ий эрхлэгч А.Уянга сайтаа үүсгэн байгуулсан түүх, NTV телевизийн захирал А.Баярбатын медиа бизнесийн орчны талаарх ярилцлага нь салбарын экосистемийг хөндөөд зогсохгүй энэ салбарт орох гэж байгаа залууст маш хэрэгтэй мэдээллийг өгч байсан.

Энэ жилийн илтгэгчдийг харахад бас л сонирхол татаж байна. Мөн зөвхөн хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй бусад салбарын мэргэжилтнүүдийг медиад татан оролцуулж, мэдлэгийг нь хуваалцаж байгаа нь олзуурхууштай. Тэгэхээр энэ салбарт ажиллахыг зорьж байгаа, эсвэл ажиллаж байхдаа бусдын туршлага, зөвлөгөө хэрэг болсон бол, нөгөөтэйгүүр салбарын залуус ямар бэрхшээлтэй нүүр тулж, хэрхэн даваад амжилтад хүрч вэ гэдгийг сонсмоор байвал эртхэн тасалбараа аваарай. Бас нээлттэй хэлэлүүлцгийн хэсэг нь байгаа байх гэж найдаж байна. Маш гоё халуун, дулаан уур амьсгалтай шоу болдог шүү. 


The Media Show арга хэмжээний тасалбарыг эндээс аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.