UBLife Logo
Дэлхий

10-р сарын 7: Израил, ХАМАС-ын дайны 1 жил

10-р сарын 7: Израил, ХАМАС-ын дайны 1 жил

Одоогоос яг нэг жилийн өмнө 2023 оны аравдугаар сарын 7-нд Палестины ХАМАС бүлгийн Израилд хийсэн халдлагаар Ойрх Дорнодын өнөөдрийн зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн билээ. Нэг жилийн дотор амиа алдагчдын тоо хэдэн арван мянга болж, мөргөлдөөн Ливаны нутагт үргэлжилж, Ойрх Дорнод бүрэн хэмжээний дайнд ороход бэлэн болоод байна. Ингээд энэ 12 сарын хугацаанд юу болсныг нэгтгэн үзүүлье.

Фото: Ройтер

2023 оны аравдугаар сарын 7-ны үүр цайхаас өмнө Газын зурвасаас Израилын өмнөд хэсгийн хотуудад хэдэн мянган пуужин харвалаа. Довтолгоог няцааж байх хооронд ХАМАС-ын хэдэн мянган дайчин Палестин, Израилын хилийн хаалт, шугамыг нэвтлэн, ойролцоох хот, сууринд дайралт хийв.

Тэдний замд таарсан хамгийн хялбархан бөгөөд анхны бай нь хилээс хэдхэн км зайд болж байсан Supernova хөгжмийн наадам байлаа.

Зэвсэгт дайчид Израилын суурингууд, Сдерот, Офаким гэсэн хоёр хотод нэвтэрч, хэдэн цагийн турш эзлэн түрэмгийллээ.

Израилын арми ХАМАС-тай бараг 2 өдөр байлдсаны дараа хөөн гаргасан ч хохирлын хэмжээгээ гаргах гэж хэдэн долоо хоног болсон юм. 1200 хүн алагдсанаас гадна 253 хүнийг ХАМАС барьцаанд аваад явжээ.

Довтолгоо эхэхлсэн 10-р сарын 7-нд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Энэ бол дайн” гэж хэлсэн. Газын зурваст агаар, газраас хүчтэй цохилт өгч, Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаа тэр мэдэгдлээ.

Аравдугаар сарын 27-нд Израилын арми Газын зурваст орсноор сүүлийн 50 жилд тохиолдоогүй бүс нутгийн том мөргөлдөөн эхэхлсэн юм. Израил ХАМАС-ыг бүр мөсөн устгах зорилготой гэж зарласан.

Энэ нэг жилийн турш барьцаанд байгаа иргэдийг хэрхэн аврах нь гол асуудал байв. Газын зурвасаас палестин иргэд дүрвэж, хүмүүнлэгийн аюул тулгарлаа.

Наймдугаар сарын сүүлээр НҮБ-аас Газын зурваст 40 мянган энгийн иргэн алагдсан гэсэн тооцоо гаргасан.

11 дүгээр сарын 21-нд хоёр тал гал зогсоох гэрээ байгуулснаа зарлалаа. ХАМАС барьцаанд байсан эмэгтэйчүүд, хүүхдийг сулласан бол Израил хариуд нь шоронд байсан 250 палестин хоригдлыг суллав. Барьцааны хүмүүсийг хэрхэн Израилд авчирч байгааг телевизүүд шууд дамжуулан үзүүлж байв.

12 дугаар сарын 1-нд газ зогсоох гэрээ дууслаа. Израил довтолгоогоо үргэлжлүүллээ. Газын зурвасын бүх барилгын 66 хувь эвдэрч сүйдсэн гэсэн тооцоо гарчээ.

Өвөл эхлэх үед Израилын балмад дайтах аргыг АНУ хүртэл шүүмжилж эхлэв. Цэрэг, энгийн ялгалгүй хоморголон бөмбөгдөн устгаж байгааг дэлхий даяар эсэргүүцэж байлаа.

Нэгдүгээр сарын дундуур Израилын армиас ХАМАС-ын дээд удирдлагыг чадваргүй болгож чадлаа гэж мэдэгдэв. Барьцааны хүмүүс суллагдаагүй хэвээр.

Газын зурвас дахь ХАМАС-ын цэргийн газар дорхи хонгил нь эмнэлэг, сургууль хүрсэн байгааг Израил сэтгүүлчдэд харууллаа. Израил, ХAMAC-ын хэлэлцээр байнга явагдаж байсан ч дахин гал зогсоох тохиролцоонд хүрсэнгүй.

2024 оны хоёрдугаарсарын 29-нд Израилын цэргүүд хүмүүнлэгийн тусламж ачсан машин дээр цугларсан иргэдийг буудсанаар 118 палестин хүн алагджээ. Дөрөвдүгээр сарын 1-нд Израилаас харвасан пуужин World Central Kitchen байгууллагын тусламж ачсан машиныг онож, дүрвэгчдэд хоол хүргэж явсан 7 ажилтан нь амиа алдлаа. Тэд Их Британи, Австрали, Польш, Канадын сайн дурын ажилтнууд байв. Израилын арми алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрлөө.

Мөн энэ өдөр тэд Сирийн нийслэл Дамаск хот дахь Ираны ЭСЯ-ны дэргэдэх барилгыг пуужингаар устгалаа. Ираны өндөр албан тушаалын хоёр генерал амиа алджээ.

Үүний хариу болгож, Иран улс дөрөвдүгээрсарын 13-нд Израилын нутаг руу хэдэн зуун пуужин харвасан байна. Хариуд нь Израил Ираны Исфахан хотыг буудав.

Өнгөрсөн зуны дундуур Израилын армийн Газын зурвас дахь довтолгоон бага зэрэг сулрав. Гэсэн ч барьцааны үлдсэн хүмүүсийг аварч чадаагүй хэвээр.

Ерөнхий сайд Нетаньяхугийн эсрэг жагсаал Израилд болж эхэллээ. Барьцаан дахь иргэдийн хамаатан садан, анд нөхдүүд ХАМАС-тай энхий гэрээ байгуулахыг шаардаж байлаа.

Есдүгээр сард Израилын Ливантай залгаа хойд хил  дээр байдал хурцадлаа. Израилчууд ХАМАС-аас илүү Хезболла нь аюултай гэж үзэж байв. Хезболла байнга пуужин харваж байснаас Израилын хойд хэсгийн иргэд гэрээ орхин, дүрвэхэд хүрэв.

Есдүгээр сарын 17-нд Ливанд Хезболла бүлэглэлийн гишүүдийн хэрэглэж байсан пейжерүүд дэлбэрч эхлэв. Хэд хэдэн хүн үхэж, олон зуун хүн шархаджээ. Маргааш нь гар утас, компьютер нь дэлбэрэв.

Гурав хоногийн дараа Израил Бейрут хотод Исламын хөдөлгөөний хоёр дээд хэмжээний удирдагч байсан байшинг дэлбэллээ. Есдүгээрсарын 30-нд Бейрут хотод хурал хийж байсан Хезболла-гийн удирдагч Хассан Насраллагийн нууц бункерийг сөнөөж, амийг нь хөнөөв.

Хезболлаг олон жил дэмжиж байгаа Иран улс хариуг нь барина гэж зарлалаа. Иранаас олон тооны пуужин харвасан ч том цохилт өгч чадсангүй. Гэхдээ Израил өс хонзонгоо авна гэж мэдээлсэн.

Израилын арми Ливаны нутагт орж, цэргийн ажиллагаа явуулж эхэллээ. Хэдийгээр Израил хил орчмын бүсээс цааш довтлохгүй гэж мэдэгдсэн ч том хэмжээний дайн эхлэх дөхсөөр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.