UBLife Logo
Дэлхий

Нобелийн Эдийн засгийн шагналтнууд тодорлоо

Нобелийн Эдийн засгийн шагналтнууд тодорлоо

Энэ жилийн Нобелийн Эдийн засгийн шагналыг инновац, технологийн дэвшил нийгмийг баян тансаг болгоход яаж тус болдгийг тайлбарласан эрдэмтэд хүртлээ.

Гурван эрдэмтэн тус шагналыг авсан ч шагналын талыг АНУ-ын эрдэмтэн Жоэль Мокир хүртэж, үлдсэн 50 хувийг Францын Филипп Агион, Их Британийн Питер Ховитт хоёр хуваан авахаар болжээ.

Шведийн ШУА-иас “Сүүлийн 200 жилд дэлхий анх удаагаа эдийн засгийн тогтвортой хөгжлийн гэрч боллоо. Үүний ачаар маш олон хүн ядуу зүдүү байдлаас гарч, цэцэглэн мандах үндсийг тавьж өглөө. Энэ жилийн манай шагналтнууд Жоэль Мокир, Филипп Агион, Питер Ховитт нар инновац нь өсөлт, дэвшилтэд эрч хүч өгдгийг тайлбарлаж өглөө” гэж тэмдэглэсэн байна.

Энэхүү шагнал нь хөгжил цэцэглэл, дэвшлээ хиймэл оюун ухаан, шинэ технологитой холбож байгаа өнөө цагт тун чухал утга учиртай байлаа. Гэхдээ үргэлж ийм байгаагүй. Урьд өмнө чухал нээлт гарч, амьдрал хэсэг сайжирсан ч буцаад хэвдээ орж байв. Яагаад гэдэгт Жоэль Мокир хариулсан юм. Тэрээр ямар нэг зүйл бүтээх шинэ арга олох нь гол биш яагаад энэ арга үр дүнтэй байгааг шинжлэх ухааны үндэстэй ойлгох нь хамгийн чухал гэдгийг баталж өгсөн юм. Тиймээс нийгэм нь шинэ санаа, бодолд нээлттэй байж, шинэчлэл хийхэд бэлэн байх ёстой гэнэ.

Харин инновац нь “хуучин эдийн засагтай” компани, салбарыг түйвээн нураах аюултай. Үүнд орчин цагийн хөгжлийг саатуулагч хүчин зүйл оршиж байна гэдгийг тайлбарласан Филипп Агион, Питер Хоуитт хоёр шагнал аваад байгаа билээ.

Ийнхүү эдийн засгийн шагнал олгосноор Нобелийн долоо хоног өндөрлөж байна. Эдийн засаг нь харьцангуй залуу шинжлэх ухаан тул Альфред Нобелийн гэрээслэлд дурдагдаагүй. 1968 онд Шведийн Төв банк 300 жилийн ойгоороо Нобелийн санд их хэмжээний мөнгө хандивласны дараа энэхүү шагнал үүсжээ. Эдийн засгийн Нобелийн шагнал нь алтан медаль, 1 сая ам.долларын шагналтай. Ялагчдыг Шведийн ШУА тодруулдаг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.