UBLife Logo
Дэлхий

Пентагон сэтгүүлчидтэй дайн зарлав уу?

Пентагон сэтгүүлчидтэй дайн зарлав уу?

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет өнгөрсөн есдүгээр сард нэгэн шинэ дүрэм гаргасан. Шинэ дүрэмд хэрэв сэтгүүлч хүн нууцын зэрэгт ороогүй байсан ч зөвшөөрөлгүй мэдээлэл авах гэж оролдвол улс орны аюулгүй байдалд заналхийлсэн гэж тооцогдоно гэсэн утгатай байлаа. Пит Пентагонд ажилладаг сэтгүүлчдэд энэхүү дүрмийг дагана гэсэн гарын үсгээ энэ сарын 15 гэхэд зураарай гэж анхааруулсан юм. Үгүй бол Пентагонд сурвалжлага хийх мандатыг нь хураан авна гэсэн байна.

Энэ дүрмээр ажиллахгүй, эсэргүүцэж байгаагаа дэлхийн хэмжээний том агентлаг, сэтгүүл, сонины газрууд мэдэгдээд байна. Reuters, Associated Press агентлаг, АНУ-ын New York Times, Washington Post сонин, Их Британийн Guardian сонин, Atlantic сэтгүүл, CNN телевиз, NPR радио, интернет-хэвлэл HuffPost болон Трампын засаг захиргаанд ойр Washington Times, Newsmax нар ч гарын үсэг зурахаас татгалзжээ. Сэтгүүлчид энэ дүрэм хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна гэж үзсэн юм. Тэд зөвшөөрлийн мандатгүй байсан ч Пентагон, АНУ-ын Зэвсэгт хүчний талаар мэдээллэж, сурвалжилсаар байх болно гэдгээ зарлав.   

Харин Батлан хамгаалахын сайд Пит Хегсет огт тоосонгүй, Washington Post, Atlantic, NYT-ийн мэдэгдлийн доор баяртай гэсэн эможигоор хариу барьсан байв. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл хэвлэл, мэдээллийг үүнд буруутгаад дээр нь “Пентагоны төв штабт орж, сурвалжилга хийх нь онцгой эрх болохоос сэтгүүлч болгоны эрх биш” гэж тодотголоо. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид зөвхөн Пентагоноос өгсөн мэдээллийг л хэвлэх ёстой гэж Пит сайд үзэж байгаа юм.  

New York Times сонины Вашингтон дахь салбарын дарга Ричард Стивенсон “Шинэ дүрэм сэтгүүлчдийн чөлөөтэй бичих эрхийг боогдуулж байна. Пентагон ард түмний татвараас жилд триллион доллар авдаг байгууллага. Ард түмэн татварын мөнгөөр нь цэргийнхэн, арми юу хийж байгааг мэдэх эрхтэй” гэж эсэргүүцжээ.

Пит Хегсет Пентагонд ирснээсээ хойш сэтгүүлч нартай дайн зарлаад байгаа. Хэт их шүүмжлэл бичээд байсан найман сонин, сэтгүүлийн ширээг Хэвлэлийн төвөөс гаргаж, оронд нь Засгийн газрыг магтдаг хэвлэлийг оруулсан, Пентагоны коридороор хамаагүй явахыг хориглосон гээд олон арга хэмжээ авч байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.