UBLife Logo
Дэлхий

Трамп Газын зурвасын дараа Украиныг эмхэтгэнэ

Трамп Газын зурвасын дараа Украиныг эмхэтгэнэ

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвас дахь дайн дуусаж, Ойрх Дорнодод энх тайван тогтсоныг албан ёсоор зарлаад дараагийн ажилдаа орохоо зарлалаа. Энэ удаад тэрээр Украины дайныг зогсоохоор шийдээд байгаа юм. Энэ долоо хоногт тэрээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар тохиролцоод байна. Баасан гаригт болох тэдний уулзалтаар гал зогсоох нөхцөл, дараачийн алхмуудаа хэлэлцэх нь тодорхой.

Даваа гаригт Израилын парламентад үг хэлэхдээ Дональд Трамп “Миний энх тайванч үйлс дуусаагүй байна. Ирантай энхийн хэлэлцээр байгуулбал сайхан байна. Гэхдээ бид эхлээд ОХУ-ыг Украинтай хийж байгаа дайнаа дуусгахад хүргэх болно” гэж мэдэгдсэн билээ. Тэрээр дайныг дуусгах гэж хэдэн сар оролдож байгаа ч Орос улс Зеленскийтэй хэлэлцээр хийхгүй гэж зөрүүдэлсэн хэвээр байгаа. Тэд Трамп зуучилсан ч зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.

“ХАМАС хүртэл хэлэлцээр хийх чадвартай байхад Путинд алга” гэж Зеленский хэлсэн. Гэхдээ Трампын Газын зурваст байгуулсан гавьяа Киевт шинээр итгэл найдвар төрүүлжээ.

“Дэлхийн нэг хэсэгт энх тайван тогтож байхад нөгөө хэсэгт нь итгэл найдвар төрдөг. Ерөнхийлөгч Дональд Трампын удирдах чадвар, шийдэмгий зан чанар ийм амжилтад хүргэлээ. Украин улс баяр хүргэж байна. Манай эх оронд ч амгалан тайван өдөр ирээсэй гэж украинчууд хүсэж байна. ОХУ-ын түрэмгийлэл тогтворгүй байдлын сүүлийн голомт болоод байна” гэж Украины Ерөнхийлөгч жиргэсэн юм.

Ирэх уулзалт Трамп, Зеленский хоёрын хувьд тав дахь уулзалт нь болно. Энэ удаад Украины тал Америкаас 1600-2500 км зайд тусах чадалтай Томагавк пуужин авах сонирхолтой байгаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Юлия Свириденко, Тамгын газрын дарга Андрей Ермак нар багтжээ.

Харин Дональд Трамп асуудлыг энхийн журмаар шийдвэрлэх бодолтой байгаа бөгөөд үнэхээр тохиролцож чадахгүй бол Томагавк пуужин нийлүүлэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгээ ОХУ-д анхааруулаад байгаа юм. Мөн Туркийн Ерөнхийлөгч Эрдоаныг ОХУ-тай хэлэлцээр хийхэд тус болно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.