UBLife Logo
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Бид юунд дурлаж байна вэ? №36

Бид юунд дурлаж байна вэ? №36

Ub.life-ийн редакцийн хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг байсан билээ. Тэрхүү булангаа дахин сэргээн үргэлжлүүлж, юунд дурлаж, шимтэж байгаагаа уншигч тантай тогтмол хуваалцдаг байхаар шийдээд байгаа юм. Таалан болгооно уу.


Ж.Хулан - Кино болон дуу

Сүүлд “Nyad” буюу холын зайн усанд сэлэгч Даяана Наяадын тухай киног үзсэн юм. Би сэлэх маш дуртай, тийм сайн биш ч нэг удаад дор хаяж нэг километр сэлж дасгал хийдэг. Ингэж нэг цаг эсвэл илүү тасралтгүй сэлэхээр юу ч саад болохгүй, чи өөртэйгээ ярилцах мэт, сүүлдээ бүр юу ч бодогдохоо болиод зүгээр л сэлээд байж болдог нь үгээр хэлэх аргагүй сайхан санагддаг. Дээр дурдсан кинонд Даяана Наяад Кубын Хаванагаас Флоридагийн Ки Уэст арал хүртэл 180 км зайг 64 насандаа тав дахь удаагийн оролдлогоороо сэлж байгааг уран сайханчлан харуулдаг. Даяана хөгширсөн гэлтгүй мөрөөдөлдөө үнэнчээр тэмүүлж, басхүү дотор хүнийхээ далд сэтгэлийн хөндүүрийг даван туулж, цуцашгүй байгаа нь их урам зориг төрүүлсэн. Хэдэн зуугаар нь биш ч хэдэн км сэлдэг хүний хувьд үнэхээр сэтгэл догдлон үзэж билээ. Наяад адал явдал руугаа “шумбах” үеийг мөн Neil Young-ийн “Heart of Gold” дуугаар “хачирласан” нь надад шууд орчихсон. Тэгээд ойрд энэ дууг байн байн сонсож, усандаа сэлж, урам зоригоо нэмж явна даа.

Тоймч Б.Энхцэцэг - Эвент

Улиран өнгөрөгч долоо хоногийг эхний өдрөөс нь л нэлээд өндөр амьсгалтай, нүдэндээ нулимстай эхлүүлсэн. Манай Ub.life сайт, “Fat Cat” жазз клубтэй хамтран зохион байгуулдаг “Poetry Night” энэ удаад миний бичиж нийтлүүлсэн “Усны тунгалаг” хөрөг найрууллын танилцуулга, ярилцлагатай, хөргийн гол дүр Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн дуунуудын шүлгийг яруу сайхнаар уншин дуудаж урьд өмнөх хөтөлбөрүүдээсээ арай өөрөөр дэглэн бүтээсэнд зүрхээ хагартал баярлав аа. Зүсийг нь ч үзээгүй залуучууд хөрөг уншаад хүрээд ирснийг харахаар, дууны яруу найраг сонсон жаргалтай гэгч суусныг нь бодохоор, бидний ярилцлагыг хөтлөн лавламаар байгаагаа асууж, басхүү инээлдэх газраа инээлдэж, ер нь л дур сонирхол нэгтэй хүмүүс цугласныг мэдрэх дотно дулаахан байлаа.

Тоймч М.Сугар-Эрдэнэ - Хөлбөмбөг

Өнгөрсөн долоо хоногт дурласан гэхээсээ илүү өөр бусад зүйлд цаг үлдээхгүй байсан зүйл бол хөлбөмбөг. Аваргуудын лигийн формат шинэчлэгдэж, хэсгийн тоглолтууд үгүй болсноос тоглолтын тоо эрс нэмэгдлээ. Даваа гарагт 03,00 цагаас Премьер лигийн Борнмут – Саутгемптон тоглолт үзсэнээр энэ зовлон минь эхэлсэн билээ. Мягмар гарагт нь уламжлал ёсоор 20,00 цагаас Премьер лигийн тоймоо үзээд нэтфликсээр WWE мэргэжлийн бөхийн холбооны тухай баримтат киноны эхний 3 ангийг үзсэн. Тун сонирхолтой тул үлдсэн 3 ангийг нь хурдхан үзэх хүсэлтэй байлаа. Гэвч болсонгүй. Лхагва гарагт Аваргуудын лигийн 9 тоглолт боллоо. Үүнээс тавыг нь манай Премьер спортс суваг шууд дамжуулан үзүүллээ. Зарим нь давхардаж, үзэж амжаагүйгээ маргааш нь ажлын дараа үзлээ. Гэтэл Пүрэвт нь бас Аваргуудын лигийн 9 тоглолт, Европа лигийн 16 тоглолт байв. Арай ядан суваг солин байж, тавыг нь үзлээ. Баасан гарагт Испани, Франц, Итали, Германы лигийн тус бүр нэг тоглолт, Бямба, Ням гарагт Премьер лигийн 10 тоглолттой байсан. Яаж давсан гэж бодож байна?

Редактор О.Анхзаяа - “Attack on Titan”-ийн тухай TikTok контент бүтээгч

Хэдхэн жилийн өмнөх Анхзаяагаас хамгийн дургүй зүйлсийг хэрэв асуусан бол “TikTok” л гэх байсан. Огт үзэж сонирхдоггүй байж байгаад өнгөрсөн жилээс харин гүн донтсон гэж хэлж болно. Миний сонирхлууд дээр тулгуурлаад санал болгож гарч ирж байгаа болохоор ер нь л хэдэн цаг тасралтгүй үздэг болсон. Гэхдээ сүүлд Эрика гэдэг контент бүтээгчийн анимэтэй холбоотой хөгжилтэй бичлэгүүдэд бүр донтоод байгаа. Бид хоёр Эрвин гээд яг ижил дүрд маш их хайртай, дээрээс нь цуврал бичлэгүүд нь яг сонирхдог хүмүүсийн хувьд бол үнэхээр сонирхолтой. Сүүлдээ бичлэгүүд нь дуусчих вий гээд гамнаж, бага багаар үздэг болсон. Жишээ нь “Attack on Titan”-ийн дүрүүд хэрэв хайртай хүнээ хардвал ямар ааш, зан байдал гаргах байсан бэ, дүрүүд ямар төрлийн эцэг эх болох байсан бэ, нэгнээ өглөө сэрээх бол яаж сэрээдэг вэ гэх мэтээр гол дүрүүдийн зан байдал, онцлогийг харуулсан маш хөгжилтэй бас маш сайн жүжиглэлттэй бичлэгүүд оруулдаг. Хэрэв “Attack on Titan” болон “Jujutsu Kaisen”-д дуртай бол бичлэгүүдийг нь үзээрэй. Хэсэгтээ л салахгүй. Хаяг нь: @erikadayshawn

Сэтгүүлч Б.Энхжин - Youtuber

Сүүлийн үед энэ YouTube сувгийг үзэж байгаа. Холливудын хов жив дундаас хоцрохгүй, яг зэрэгцэж бичлэгүүд нь хийгддэг. Өөрөө АНУ-д амьдардаг, яг халуун цэг дээр нь гэж хэлж болох тул бичлэгүүд нь их хурдан орж, маш их мэдээлэл агуулсан байдаг. Дээрээс нь ихэнх нь цаг орчмын урттай болохоор үзэхэд урамтай байгаа.

Менежер Ө.Баяржаргал (Mindy) - Видео тоглоомын дүр

Миндигийн өнгөрсөн долоо хоногт дурласан зүйл бол яах аргагүй “Valorant” тоглоом. Дөнгөж сурч эхэлж байгаа учир яг эд дурлаж донтдог дээрээ явна. Тэр тусмаа тоглоомын Phoenix гэдэг дүрд дурлаж, байнга энэ дүрээ сонгож тоглож байгаа. Би эрэгтэй байсан бол ийм гал шиг дүрэлзсэн, цоглог, өөртөө итгэлтэй залуу байх байсан болов уу гээд энэ дүрээрээ заавал мэргэшиж тоглоно гэж шийдсэн байгаа. Бага багаар сайжраад, ирээдүйд стрийм хийх нууцхан хүсэлтэй болоод амжсан. Бусад тоглоомоос ялгаатай нь илүү анимейшн шиг гоё зураглалтай, дээрээс нь хөнгөхөн тоглоом шиг санагдаад, стрессдэхээрээ PC ордог болсон доо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.