UBLife Logo
Ярилцлага

Өвийн ажилтан Д.Чинбат: Би ердөө үнэн амьдралаа л хэлье

Өвийн ажилтан Д.Чинбат: Би ердөө үнэн амьдралаа л хэлье

Археологич Ж.Баярсайхан “Монголын умард нутгийн буган хөшөөд” номондоо “Монголын умард нутаг ялангуяа Дархадын хотгорын буган хөшөөдийн он цаг зарим талаар эрт байгаа нь цаашдын судалгааны бас нэг анхаарууштай бүс нутаг болохыг илэрхийлж байна” хэмээн тэмдэглэжээ. Ингэхээр Дархадын хотгорын буган хөшөөдийн тухай яриа ч мөн олны анхаарлыг татах  нь гарцаагүй. Дархад нутгийн өвөрмөц шинж байдал, онцлог төрхийг нэвтэрхий мэддэг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын соёлын өвийн ажилтан Д.Чинбаттай ярилцлаа.

Бид энэхүү ярилцлагадаа Дархадын хотгорт буддын шашин дэлгэрч байсан түүх болон Зөөлөнгийн хүрээний тухайд нэн сонирхолтой баримт, мэдээллийг хуваалцаж байна.


-Та Рэнчинлхүмбэ суманд бүртгэлтэй буган хөшөөний тоо ганцхан ширхэг байсныг 29 хүртэл нь шинээр илрүүлжээ. Харин эдгээр буган хөшөөдөд тулгуурласан судалгааны ажил өдгөө ямар үр дүнд хүрсэн бэ?

-Би 2010 оноос Рэнчинлхүмбэ сумын соёлын өвийн ажилтнаар томилогдож соёлын биет болон биет бус өвийг судалж эхэлсэн. Тэгэхэд Рэнчинлхүмбэ сумаас “Тэхийн өврийн хорт үзүүрийн тамгатай хад” гэж нэрлэгдсэн ганцхан ширхэг буган чулуун хөшөө Хөвсгөл аймгийн хамгаалалтад байсан юм. 2015 оноос соёлын үл хөдлөх дурсгалын талаарх судалгааны ажлаа эхлүүлж, манай сумын Хөг Ивэдийн зах, Тарган нуурын ар тал, Тэнгис, Шарга гэсэн газруудад маш их хэмжээний хадны зураг, буган чулуун хөшөө, булш хиргисүүр байхыг олж илрүүлээд байна. Рэнчинлхүмбэ 8800 гаруй га газар нутагтай том сум шүү дээ.

Нэг хэсэг би энэ ажилдаа үнэхээр шаргуу зүтгэж, нэг үгээр хэлбэл мэргэжилдээ бүүр донтчихоод байлаа. Хувийнхаа унаанд өөрийн зардлаар бензин хийж хөдөө гадаа их явсны хүчинд өнөөдрийн байдлаар Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь 29 буган хөшөөг бүртгэж баримтжуулаад байна. Буган хөшөөний үнэ цэнийг мэддэггүйдээ бид тоодоггүй байж. Буган хөшөө гэдэг одоогоос 3500 жилийн өмнөх хүмүүсийн амьдарч байсан ул мөр, бидэнд үлдээсэн агуу том өв юм даа.

-Танай сумын нутаг дахь буган хөшөөд дотроос нэн сонирхолтой нь гэвэл ямар хөшөөг онцлох бол? 

-Рэнчинлхүмбэ суманд руни бичигтэй буган чулуун хөшөө бий. Тэр хөшөөг хугараад уначихсан байхад нь анх олсон. Харин руни бичгээр ямар үг сийлснийг тайлж чадахгүй байтал доктор Р.Мөнхтулга сонирхон ирж байлаа. Тэр залуу хялгасан бичгийг нь барлаж байгаад компьютероор татаж уншаад “Эцэг тэнгэр, урт эцэг” гэж орчуулсан. Гэхдээ энэ бичгийг бүрэн дүүрэн тайлж уншсан гэсэн үг бас биш. Р.Мөнхтулга доктор надад “Хүн төрөлхтний бичиг үсгийн соёл руни үсгээр эхэлсэн” гэж ярьсан. Тэгэхлээр хэдэн мянган жилийн өмнө Дархадын хотгорт бичгийн соёлтой хүмүүс амьдарч байсан гэдгийн нэг том нотолгоо баримт нь уг буган хөшөө юм.

Мөн Хогоргын цагаан ус гэдэг газар маш сайхан буган хөшөө бий. Түүнийг нутгийн хүмүүс нэг их анзаардаггүй байж. Яагаад анзаардаггүй байв гэхээр, бидний өвөг дээдэс буган чулуун хөшөө рүү хүүхэд дөхүүлдэггүй заншилтай байсан. Буган чулуун хөшөө харагдвал “Хүн хөдөөлүүлсэн оршуулга шүү, битгий очоорой” хэмээн захиж, хорьж цээрлэдэг учраас хүн их хөлхдөггүй зэлүүд газраар тархсан буган хөшөөг төдийлөн хөнддөггүй байсан юм билээ.

Сонирхуулахад, 1980-ад оны үеэр Тарган нуурт тавьсан загас, ан агнуурын торон дотор нэг өвөрмөц амьтны толгой гарч ирсэн юм. Түүнийг судлаачид үзээд савагт хирс гэдэг амьтны толгой байна гэж тогтоосон. Савагт хирс бол хэдэн сая жилийн өмнөх амьтан шүү дээ. Гэтэл Тарган нуурын эрэг дээрх хаданд нэгийг нь соёотой, нөгөөг нь соёогүй эр эм хоёр савагт хирсийг дүрсэлсэн зураг байж таарсан.

Дархадын хотгорт хэдэн сая жилийн өмнө арслан заан, савагт хирс амьдарч байсан нь өдгөө баримтаар нотлогдоод байна. Хөвсгөл аймгийн музейд байгаа арслан зааны соёо нь Рэнчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг Үзгийн давааны наад голын сайр дотроос 1980-ад оны үеэр олдсон. Баатар гэдэг хүн гал түлэхээр мод цавчиж байтал сугарахгүй болохоор нь шараар татуулж булгалаад аваад орхитол үлэмж хэмжээтэй яс байж таарсан байгаа юм. Өнөөхөө судлаачдад харуулахад метр гаруй урттай арслан зааны соёо болохыг тогтоосон түүхтэй. 

-Олдворыг илрүүлэх нь судалгааны хувьд дөнгөж л эхлэл. Ер нь орон нутагт, жишээ нь танд олдворыг судлах, сэргээн засварлах боломж байдаг уу?

-Соёлын үл хөдлөх дурсгалыг судлах, сэргээн засварлах ажлыг орон нутагт гүйцэтгэх боломжгүй. Би ердөө үнэн амьдралаа л хэлье. Өвийн ажилтан гэдэг унаагүй хүн, соёлын төв нь ямар ч төсөвгүй газар. Би хувийнхаа унаагаар буган чулуун хөшөө, хадны зураг, булш хиргисүүрийн хойноос явсаар нэг мотоциклыг эдэлж барсан. Бидэнд бензиний төсөв ч байдаггүй юм. Хувийнхаа унаагаар, бензинээ хийгээд, бүх зардлаа өөрөө даагаад энэ ажилд зүтгэнэ гэдэг чинь тос даасан сайхан сэтгэлээр л дийлэх ажил байгаа биз дээ? Асар олон соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг илрүүлж баримтжуулснаар Хөвсгөл аймгийн шилдэг өвийн ажилтнаар тодорсон тохиолдолд ч надад бий. Нарийн яривал, би ганцхан Рэнчинлхүмбэд ч ажилладаггүй. Зэргэлдээх Улаан-Уул, хойд талын Цагааннуур сумдын нутаг дахь эзгүй уудам тайгаас соёлын үл хөдлөх дурсгалуудыг илрүүлэх гэж хичээнэ, сонирхоно. Тэгэхдээ би тухайн үл хөдлөх дурсгалыг өөрийн сумандаа бүртгэдэггүй, харин сумдынх нь мэргэжилтнүүдэд энэ талаар мэдээлдэг юм.

Сэргээн засварлах, судлах ажилд заавал мөнгө төгрөг, төсөв шаардагдана. Тэгэхэд өвийн ажилтанд нэг төгрөгийн ч төсөв байдаггүй. Буган хөшөө, хадны зураг, булш хиргисүүрийн төлөө хувийнхаа унаагаар хэдэн өдөр дамнан тайгаар явдаг ийм сайхан сэтгэлтэй хүн ховор л байх. Тэгээд ч өвийн ажилтан гэдэг орон тооны бус мэргэжил л дээ. Би л гэхэд хөгжмийн багшаар ажилладаг ч өвийн ажлыг хавсран гүйцэтгэдэг. Өвийн ажилтанд цалин ч байхгүй шүү дээ.

-Тэгэхээр лабораторийн бааз суурь гэдэг ч бүүр мөрөөдөл болж таарах нь ээ?

-Өвийн ажилтанд амин чухал хэрэгтэй зургийн аппарат нь ч байхгүй. Хэдэн жилийн өмнө би хувийнхаа жижигхэн аппаратаар соёлын үл хөдлөх дурсгалын зургийг буулгаж, баримтжуулдаг байсан юм. Доктор Батсүх ажилдаа шаргуу хандаж байгаад маань талархаж “Та ийм муу нягтаршилтай камераар зураг авбал шаардлага хангахгүй. Би танд өөрийнхөө аппаратыг дурсгая” гээд нэг камер надад бэлэглэсэн. Дурсгасан аппаратаар нь өдгөө ч зураг буулгасаар л байна, би тэр хүнд үнэхээр их баярладаг.

Өдгөө миний ажлын өрөөнд 10 ширхэг буган хөшөө бий. Хээрийн судалгаагаар явж байхад хугараад уначихсан буган хөшөө олонтаа таардаг. Хогоргын цагаан ус гэдэг газар асар их буган хөшөө байсан ч заримыг нь дээхнэ үед орос цэргүүд ачиж аваад явчихсан гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм. Тэгэхээр газарт уначихсан буган хөшөөдийг тэр чигээр нь орхичихвол алга болчихно шүү дээ. Буган хөшөөдийг сэргээн засварлах, дахин босгох ажил үнэхээр их үгүйлэгдэж байна.

-Дархадын хотгорт шарын шашин дэлгэрч байсан гэгддэг. Үүний нотолгоо гэвэл Рэнчинлхүмбэ суманд буй Зөөлөнгийн хүрээ болон Улаан-Уул сумын нутаг дахь Бургалтайн хүрээний туурь бий. Энэ талаарх судалгаанаас сонирхуулахгүй юү?

-Миний сонирхон судалдаг гол чиглэл бол Дархадын хотгор дахь Буддын шашны түүх юм. Дархадууд эрт цагаас хөх тэнгэртээ залбирсан бөөгийн зан үйлтэй. Өдгөө ч энэ улбаагаа хадгалсаар буй. Харин энэ нутагт буддын шашин дэлгэрсэн нь 16-р зуунаас эхлэлтэй. Тухайн үед Монголын умард нутгийн хүмүүсийг “ойн иргэд” хэмээн нэрийддэг байж. 1686 он буюу ойн иргэдийг Хотгойдын Гэндэн бээлийн хүү Гэлэг ноён хутагт захирч байх үед одоогийн Баянхонгор аймгийн Заг, Байдрагийн Хүрэн бэлчирт Халх, Ойрадын 50 гаруй ноёд оролцсон маш том чуулган болсон. Энэ нь Монгол орон тархай бутархай, толгойгүй байсан үе л дээ. Энэ чуулганд ойн иргэдийн захирагч Гэлэг ноён хутагт өөрийн биеэр ирж оролцсон байдаг. Ингээд анхдугаар богд Жавзандамба хутагтыг Монголын төр, шашныг хослон барих тэргүүнээр өргөмжлөхөд Гэлэг ноён хутагт өөрийн захирч байсан хошуу нутгаа түүнд бэлэг болгон өргөл барьжээ. Занабазар уг явдалд бэлгэшээж “Энэ цагаас ойн иргэд миний дархан шавь болно” гэж айлдсан түүхтэй. Мөн Гэлэг ноён хутагтад хунтайж цол олгож “Умард нутагтаа Буддын шашныг дэлгэрүүлээрэй” гээд өөрийн хийц нандин Дарь-Эх бурхныг винайн судрын хамт бэлэглэжээ. Гэлэг ноён хутагтыг умард нутагт очиход бөөгийн сүсэг бишрэлтэй ойн иргэд нь харин Буддын шашныг хүлээж аваагүй. Удалгүй Халх, Ойрадын дайн эхэлж, Өндөр Гэгээн Занабазар ч зугтаахад хүрсэн юм.

Энэ дайны хөлд Халх нутаг эзгүйрсэн. Иймд Занабазар Дархад нутгаас 500 өрх айлыг нүүлгэж Сэлэнгийн Хараа, Ерөөгөөр суурьшуулсан байдаг. Мөн зарим дархадуудыг Богдын өргөөнд буулгаж, өнөөх нандин Дарь-Эх бурхнаа өөрийн эзэмшилд буцаан авсан. “Шормон гуталтай, ангийн арьсаар хийсэн зарга дээлтэй, бүсэндээ урт хагсуурган гаанс зүүсэн, хазгайдуу яриатай бүлэг хүмүүс Богдын ордонд чөлөөтэй сэлгүүцэн явах боллоо. Энэ юун хүмүүс юм бол гэхэд ... Энэ хүмүүс чинь нөгөө Богдын дархнууд (дархлагдсан хүмүүс)” хэмээн хүрээний иргэд хэлэлцэж байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дархнууд, дархнууд гэгдсээр дархад угсаатны нэр үүссэн гэх таамаг ч бий.

Үүнээс хэдэн жилийн дараа Өргөөнд суурьшсан ойн иргэд нутаг буцах хүсэлтийг Богдод ирүүлжээ. Занабазар хариуд нь “Монгол оронд Төр түвширсэн тул та бүхэн нутаг буцаж болно оо. Гэхдээ миний олон бурхан дотроос та бүхэнд анх бэлэглэсэн бурхныг таньж чадах аваас нутаг буцагтун” гэхэд дархадууд Богдын олон бурхныг Туул гол руу шидсэн домог байдаг юм. Ингэхдээ “Миний бурхан мөн бол урсгал сөрж унагтун” гэхэд нэг бурхан урсгал сөрж унасан гэдэг. Нөгөө бурхнаа Богдод үзүүлэхэд “Мадаггүй зөвийг сонгожээ. Та нар энэ бурхныг аваад нутагтаа буцагтун. Тахин шүтэх аваас өвчин зовлонгүй, мал сүрэг өсөж, гай барцадгүй элбэг хангалуун амьдарна” гэж айлджээ. Ингээд дархадууд Занабазарын Дарь-Эх бурхнаа залж, нутаг буцсан гэдэг.

Хээр очоод бурхнаа хаана тавьж хонох вэ гэхэд нэг дархад эр үстэй заргаг дээлийнхээ дотоод хормойг тас огтлоод түүн дээрээ нандин Дарь-Эхийг хадганд ороон тавьжээ. Занабазарын хийц нандин Дарь-Эх бурхан дархад эрийн заргаг дээлийн хормой дээр одоо ч бий. Энэ бурхан өдгөө Улаан-Уул сумаар нутагтай Сэсээр гэдэг айлд байдаг юм. 

1749 онд Рэнчинлхүмбэ сумын Шанаа гэдэг газар Дархадын хотгор дахь анхны хийдийг босгосон түүхтэй. Энэ хийд Богдын ивээлээр 17 дуган дацантай, 1300 ламтай төр, шашныг хослуулан барих Зөөлөнгийн хүрээ болтлоо өргөжсөн юм. Харин архивт байгаа 1932 оны тооллогод 227 ламтай байсан гэж бичсэн нь худлаа баримт. Дуган дацан гэдэг нь одоогоор их дээд сургуулиуд гэсэн үг л дээ.

-Та энэ түүхийг ямар эх сурвалжаас нягталсан юм бэ?

-Гурван ширхэг таван төгрөгийн дэвтэрт 1968 онд бичсэн тэмдэглэл, гар зураг бүхий ном айлд байсныг би олж уншсан юм. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн дараа Зөөлөнгийн хүрээг устгахын тулд гурван жил шатаасан байдаг. Лам нарынх нь ихэнхийг буудан хороож, бусдад нь арван жилийн хорих ял оноосон. Шоронгоос суллагдсан долоон лам 1968 оны 8-р сарын 22-ны шөнө 22:00 цагт маш нууцаар цуглаж, “Зөөлөнгийн хүрээг маань юу ч үлдээлгүй устгалаа. Багш лам нарыг маань ч бүгдийг нь буудан хороолоо. Бидэнд 10 жилийн ял эдлүүллээ. Хүүхэд багачууд хүрээний тухай яривал “хувьсгалын эсэргүү, төрийн дайсан” болж, ажил төрөлд авах нь байтугай, ял оноодог үеийг тууллаа, бид. Иймд Зөөлөнгийн хүрээний зургийг буулгаж, дацангууд болон үйл ажиллагааных нь тухай дэлгэрэнгүй бичиж үлдээе” хэмээн хэлэлцээд бүгд гарын үсгээ зурсан байдаг.

Тэдний хамгийн ахимаг нь Мядагийн Лувсанцэрэн гэх 87 настай өвгөн байсан. Тэд дээрх таван төгрөгийн дэвтэрт хүрээний үйл ажиллагааг дэлгэрэнгүй бичиж, тэмдэглэсэн байдаг юм. Харин Ц.Дондивын  1968 онд зурж үлдээсэн Зөөлөнгийн хүрээг буулгасан зураг олдоогүй. Энэ дэвтрийг уншсан учраас би Зөөлөнгийн хүрээний тухай А-Я хүртэл ярьдаг юм. Уг тэмдэглэлийг “Анх Дархад нутагт хүрээ хийд үүсэхдээ 1749 оны модон морин жил Бэхийн суга гэдэг газарт ганц дуган бариад нандин Дарь-Эх бурхныг залж ирэв” гэх өгүүлбэрээр эхлүүлж, Зөөлөнгийн хүрээний түүхийг бүхэлд нь хүүрнэн бичсэн байдаг.

Намрын дунд сарын шинийн 15-нд цам харайх тул 45 хоногийн өмнөөс 116 бүжигчнийг дуйнхар дацан дотор байрлуулж, махан хоол идүүлэхгүй, хүн амьтантай уулзуулалгүй, эмэгтэй хүний бараа харуулахгүй, зөвхөн бяслаг, цагаан идээгээр хооллож бэлтгэдэг байж. Цамын бүжигт зориулж асар их хэмжээтэй боорцог хийлгэх бөгөөд ирсэн хүмүүст атга атгаар нь өгнө. Тэр үед гурил гэж юм байгаагүй тул зарим хүн багачуулдаа боорцог авч харихаар хол газраас зорьж ирдэг байв. Зөөлөнгийн хүрээнээс 20 гаруй км-ийн зайтай Ивэдийн захад цамын хөгжим сонсогддог байсан гэдэг.

Зөөлөнгийн хүрээнд гурван том хэнгэрэг байсны нэгийг нь Моломдагва гэдэг хүн хувийнхаа хөрөнгөөр хийлгэсэн. Ингэхдээ хэнгэргийг нь зургаан бугын арьсыг зүйж оёулсан бол цохиурыг нь дөрвөн хулсан ташуурыг залгаж хийсэн байдаг. Бишгүүр, хэнгэрэг, цан нижигнэхэд ойр орчимд чимээ гэдэг сонсголтой сайхан. Улмаар шүр, сувдаар биеэ чимсэн 116 багтай хүн цамын бүжгийг үзүүлэхэд үзэсгэлэнтэй сайхан. Ийм чухаг соёлыг 1937 оны хэлмэгдүүлэлтээр бүхэлд нь устгасан юм даа.

Зөөлөнгийн хүрээг гурван жил шатаахад барагдахгүй байсан түүхтэй. Өдгөө манай сумын төвөөс километр хэртэй зайд Номын нутаг нэртэй газар байдаг юм. Энэ газрыг яагаад Номын нутаг гэж нэрийдэх болсон бэ гэхээр Зөөлөнгийн хүрээний бүх лам нарыг баривчилж, хүрээг шатаахын өмнө дотор нь байсан судруудыг хэдэн сарыг дамнан Номын нутаг руу үхэр тэргээр зөөж, бухал өвс шиг овоолж байгаад галдсан юм гэнэлээ. Энэ үед зарим хүн “Дархадын үлэмж их ном соёл шатаж байна. Утаан дор нь битгий ороорой” хэмээн сануулж байсан гэдэг. Тэгсэн хэр нь Орос Андрейн худалдааны байшин, Намсрайн пүүсийн байшин хоёр манай суманд одоо ч сүндэрлэж байдаг юм.

-Зөөлөнгийн хүрээнээс үлдсэн зүйл гэвч байдаг болов уу?

-Зөөлөнгийн хүрээг гурван жил шатаахад устгаж чадалгүй үлдсэн хоёр зүйл бий. Эдгээр нь 100 гаруй килограмм жинтэй Бээжинд захиалж хийлгээд үхэр тэргээр ачиж Рэнчинлхүмбэд хүргэсэн сангийн бойпорууд юм. Зөөлөнгийн хүрээг устгахдаа эдгээр сангийн бойпорын дээд талынх нь нарийн ширэмнүүдийг хуга цохиод ч үнэхээр эвдэж чадаагүй. Нэг бойпор нь нандин Дарь-Эх бурхны цагаан хашааны өмнө, нөгөө нь Батцагаан цогчин дуганы үүдэнд байсан. Өдгөө нэг нь Мөрөн хотын музейд, нөгөө нь Рэнчинлхүмбэ сумын сургуулийн музейд хадгалагдаж байна. 

Дээрх долоон ламын бичсэнээр, Зөөлөнгийн хүрээн дэх Батцагаан дуганы зургийг Богдын хүрээнээс боловсруулж, олон мужаан нийлж тал тал тийш 72 метр урттай, 64 баганатай, газраас дээш Намжил дуган орой хүртэл 20 метрийн өндөртэй босгожээ. Батцагаан дуган дотор 1000 лам суугаад ном хурахаас гадна төдий тооны сүсэгтэн олон элбэг багтдаг байсан. Нандин Дарь-Эх бурхныг жилд хоёрхон удаа хашаанаас нь гаргадаг байсан төдийгүй түүнийг байрлуулсан цагаан хашааны өмнүүр лам хүн өнгөрөхдөө малгайгаа авч, орхимжоо буулгана, ард хүмүүс мориноосоо бууж хүндлэл үзүүлдэг ёс жаягтай. Нандин Дарь-Эх бурхныг хулгайд алдагдсан гэж ярьдаг. Тухайн үед гүнгэрвааны түлхүүр зөвхөн хамба ламд л байв. 1930-аад оны үеэр Раднаа Галсан гэдэг хүн хамба ламд айлтгахдаа “Цаг цөвүүн болж байна. Нандин Дарь-Эх бурхнаа салхилуулна байгаа” гэжээ. Ингээд Раднаа Галсан шөнөөр нандин Дарь-Эхийг цагаан хашаанаас нь авч гарахдаа хулгайд алдагдсан дүр үзүүлээд гүнгэрвааг эвдсэн байдаг юм. Тэр хүн нандин Дарь-Эхийг бурханч Дорж гэдэг хүнд өгсөн нь цааш дамжсаар өдгөө Сэсээр гэдэг айлд хадгалагдаж байна.

-Дархад нутагт өөр ямар хүрээ хийдүүдийг босгосон бэ?

-Бургалтайн хүрээ, Ивэдийн хүрээ тэргүүтэй 4-5 жижиг хүрээг босгох үед бүх хүрээ хийдийг татан буулгаад Зөөлөнгийн хүрээнд төвлөрүүлж, лам нарыг суурьшмал болгосон. Зөөлөнгийн хүрээний туурь өдгөө Рэнчинлхүмбэ сумын төвд бий. Манай сумын одоогийн газар нутгаас ч том хэмжээтэй, гол Цогчин дуганаа тойрсон таван аймаг байсан. 

Дархадын хотгор гэдэг Сарьдаг уулсаар тойрон хүрээлэгдсэн хонхор газар юм. Хорьдол сарьдаг уул бол Саяны нурууны үргэлжлэл. Энэ уулыг эрт цагт Хөх цэнхэр Алтай хэмээн нэрийддэг байсан. Харин Богд хааны үеэс хориотой сарьдаг гэгдэх болж, энэ үг ам дамжсаар Хорьдол сарьдаг болж уулын нэрээр тогтсон байна.

-Улаан-Уул сумын нутаг дахь Хориг уулнаас Дундад зууны үеийн язгууртнуудын дурсгал илэрсэн нь таван жилийн өмнөх явдал. Судлаач Ж.Баярсайхан “Хориг уул орчимд Монголын эзэнт гүрэн болон дундад зууны үед холбогдох булш бүхий олон дурсгал бий. Их, бага Номт уул, дээд, доод Цахир уул гээд Дархадын хотгор дахь жижиг уулс бүгд оройдоо их, бага хэмжээний дурсгал, булшнуудтай. Цар тахлын дараах хоёр жилд Хориг уулнаас хойшоо 20-иод километрийн зайд байх Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь дээд, доод Цахир ууланд Эзэнт гүрний үеийн бүлэг дурсгалуудыг авран хамгаалах малтлага хийсэн, мөн л бүгд тоногдсон дурсгалууд” гэж ярина лээ. Энэ дурсгалын талаар тодруулбал?

-Асар их түүх, соёлын дурсгалт зүйлс газрын хөрсөн дор байгаа гэдэгт би итгэдэг. Үүнийг хууль бусаар малтаж хөлжөөд байгаа хүмүүс ч бий. Энэ байдлыг соёлын өвийн ажилтан ганцаараа үнэндээ хорьж дийлэхгүй. Түүх, дурсгалын ховор нандин олдвор илрүүллээ ч хууль бусаар ухсан хүмүүс хэлэхгүй шүү дээ. Харин ч ам дамжсан яриагаар илүү олон хүнийг хууль бус үйлдэлд урин дуудаж байна. Иймд би доктор Ж.Баярсайханд “Тарган нуурын ар талаар байгаа дөрвөн талдаа буган чулуун хөшөөтэй огт хөндөгдөөгүй зэргэлдээ хоёр дөрвөлжин булшийг зөвшөөрлийг нь хөөцөлдөж малтаач” гэсэн саналыг хэлсэн. Өвөг дээдсийн маань зан үйл, соёл, түүхийн улбааг тэндээс л илрүүлнэ шүү дээ. Энэ дурсгалыг бид хамгаалж чадахгүй, хулгайчдад алдмааргүй байна. Манай нутаг байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө температурын -50 градуст хүрч хүйтэрдэг төдийгүй багадаа 50-60 см зузаантай цас унадаг. Дархадын хотгор бол нүүдлийн өв соёлын өлгий нутаг. Тийм болохоор дархадууд хавар, зун, намарт Шишгэдийнхээ хонхороор нутаглах ч, өвөлдөө их хол газар отоглодог тул энэ үеэр Дархадын хотгор эзгүй хоцордог. Хүн эзгүй, хүйтэн цагт хууль бус хүмүүс очоод ухчихвал бид үнэ цэнтэй дурсгалаа алдахад хүрнэ. Малчидтай дурсгал хамгаалах гэрээ байгуулъя” гэхээр “Гэрийн хажууд байгаа юм хойно хэлсэн дурсгалыг тань зуны цагт хараад байж чадна аа. Өвөл бид нүүгээд явна, тэгэхэд эзгүй хоцрох энэ хөндийг хариуцахгүй” гээд зөвшөөрдөггүй юм. Хулгайчид зэлүүд газрыг л сэндийчдэг, ийм болохоор хамгаална гэдэг үнэхээр хүндрэлтэй. Түүх, соёлын дурсгалыг хулгайд алдагдахаас нь урьтаж хууль дүрмийнх нь дагуу малтаад, судлах л хэрэгтэй. Цагааннуур, Рэнчинлхүмбийн төвөөс хойш 50-60 км зайтай болоод ирэхээр мал идэх өвсгүй, тайгын намаг, цаа бугын идэш ургамал болчихдог. Шишгэдийн хонхортоо л мал бэлчихээс бус Оросын хилийн наана байгаа асар уудам эзгүй тайга бол цаа л бэлчиж, цаатан л амьдрах бололцоотой нутаг.

-Дархадын хотгороор байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг судлах, түүний хойноос хөөцөлдөх мэргэжлийн судлаачид хэр олон байдаг вэ?

-Доктор Ж.Баярсайханаас өөр Дархадын хотгорт ирж судалгаа хийдэг хүн ховор. Газарт уначихсан байдалтайгаар олдсон зарим буган хөшөөдийг маань Ж.Баярсайхан босгосон. Эвдэрч гэмтсэн буган чулуун хөшөө ч бий. Түүхийг судалж ойлгоод ирэхээр улам ахиулан мэдэхийг хүсдэг юм.

-Соёлын биет болон биет бус өвийн талаарх шинэ сонирхолтой мэдээ, баримт олоход ямар мэдрэмж төрдөг вэ? 

-Би ууланд гишгэж яваад буган чулуун хөшөө, хадны зураг олохтой зэрэг бөөн баяр болдог хүн. Тэр бол миний л хувьд гайхамшиг шүү дээ. Нутгийнхан маань намайг “Чи өөр нүдтэй биш үү” гэдэг юм. Хамт яваа хүмүүсийнхээ анзаараагүй зүйлийг би түрүүлээд харчихсан байдаг. Хадны зураг гэхэд л хүмүүсийн төсөөлдөг шиг өндөр газар бус нуруу хүрэх газарт л тааралддаг юм. Миний анзаарснаар, буган чулуун хөшөө бол цээжин багцаагаар очоод үзэхэд тэр газарт байж л таардаг. Ноднин нутгийн маань нэг малчин эр “Орос, Монголын хилийн наахна хадан дээр сийлсэн өвөрмөц бичиг байна лээ” гэж хэлсэн юм. Би тэр хадыг хайж гурван өдөр тайгаар явган гишгэсэн ч үнэндээ олж чадаагүй. Машин, мотоцикл явахааргүй их хол газар юм билээ, завдал олдвол дахин очиж хайна. Гэхдээ тайга бол тайга л даа, олдохгүй юм олддоггүй л газар.

-Буган хөшөө, хадны зураг, булш хиргисүүр зэрэг дурсгалуудыг нээж олоход нутгийн хүмүүсийн яриа тэмдэглэх, тэдэнтэй уулзаж аман баримт цуглуулах нь их тус болно биз дээ?

-Малчидтай уулзахаараа “Та нар малдаа явахдаа сонин содон хад, бичиг сэлт харж яваарай” гэж захидаг болохоор нутгийнхан надад их тус болно оо. Зарим нь “Тэр хаданд сонирхолтой зураг байна лээ” гэж, зарим нь “Тэр газар буган хөшөө байна лээ” гэсэн мэдээ ирүүлдэг юм. Саяхан л гэхэд 2-р багийн эмч Даваа “Чинбаа ах аа, тэнд нэг сонин урт хад байх юм” гэхээр нь очтол доошоо хараад уначихсан буган хөшөөний бүслүүр цухуйж байлаа. Доктор Ж.Баярсайхантай дэмнэж босгоод иртэл нүүрэн талд нь нуруу нуруун дээрээ гишгэсэн дөрвөн гахай, нөгөө талдаа хандгайн дүрслэл бүхий буган хөшөө байж таарсан. Газрын хөрстэйгөө тэгширчихсэн байсан нь тэр хөшөө анхны байрлалаасаа унаад хэдэн зуун жил өнгөрсөн гэдгийг гэрчилж байгаа юм. Буган хөшөөний дүрслэл, хадны зураг, бичээсийг сийлсэн байдал нь олон мянган жилийн өмнө манай нутагт соёл, иргэншилтэй хүмүүс амьдарч байсны баталгаа юм. Ийм үнэ цэнтэй дурсгалыг илрүүлж байгаадаа би үнэхээр бахдалтай байдаг.

-Таны үндсэн мэргэжил хөгжмийн багш гэж хэлнэ лээ. Ямар хөгжмийн зэмсгээр дагнан тоглодог вэ?

-Анхандаа баянхуур хөгжим л тоглодог байлаа. Би соёлын байгууллагад 1986 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Хөдөө орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг учраас Соёлын төвд ажилладаг хүн ганц хөгжим дагнаж тоглоно гэж байдаггүй юм. Бүх төрлийн хөгжмийн зэмсгийг эзэмшинэ. Бүгдэд нь сайн биш ч, муу ч бас биш. Нэг үгээр бол бүх хөгжмийг дуугаргана, гэхдээ дундаж тоглоно гэсэн үг.

-Хөвсгөлийн хязгаар нутгийг Улсын тусгай хамгаалалттай бүс болгосон нь байгаль хамгаалагчид болон дархад, цаатангуудын хооронд хурцадмал байдал үүсэхэд хүрсэн. Ан гөрөө хийх, ургамал түүх, нүүдэллэх зэргээс эхлээд зөрчилдөх шалтгаан олон байгаа нь ажиглагддаг юм?

-Улаан тайга бол дэлхийн цэвэр усны асар том хагалбар газар учир хамгаалахаас аргагүй. Дархадын хотгорт байгаа бүх гол, мөрөн ганцхан сүвээр л гадагшаа урсдаг. Тэр нь Шишгэдийн гол. Шишгэдийн гол урссаар хил давж, Оросын бага Енисей мөрөнд нийлснээр Хойд мөсөн далайд цутгана.

Харин Хорьдол сарьдаг болон Тэнгис-Шишгэдийг байгалийн цогцолборт газарт данслаад хуулиар хүний бүх үйлдлийг хорьчихоор олон зуун жилийн туршид нүүдэллэн амьдарч ирсэн малчид хэлмэгдэж байна. Өдгөө малчдын амьдралд хамгийн хатуу тулж буй асуудал нь малынхаа хашаа, саравчийг барьж чадахгүй болсон явдал. Бид хэдий болтол гэрт амьдрах вэ, байшин босгочихвол дулаан шүү дээ. Мод огтлохыг, ой тайгаар мал тууж явахдаа буу үүрч явахыг хориглосон нь амьдралд нийцэхгүй байна. Дархадын хотгор, тайга гэдэг онгон зэлүүд газар учраас зэрлэг амьтан элбэгтэй. Бид малаа төдийгүй өөрийгөө хамгаалах боломжгүй болсон. Миний хувьд л гэхэд тайгад буугүй явна гэдэг эрсдэл дундуур туучна л гэсэн үг. Манай нутагт баавгайд бариулсан хүн олон бий.

-Өдгөө Дархад угсаатны амьдарч байгаа гэхээр Хөвсгөлийн аль сумдын нутаг дэвсгэр багтаж байна вэ?

-Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх сумд орно. Цагааннуур сум 1985 онд Рэнчинлхүмбэ сумын 2-р бригад байсан юм. “Алтан тал” нэгдлийн 2-р бригад загас ан агнуурын аж ахуй гэгдэж байсан түүхтэй. Тэгэхэд булга үржүүлдэг, харин цагаан загасыг асар их хэмжээгээр агнадаг байлаа. Нэг тороор хоёр тонн цагаан загас татдаг их хэмжээний нөөцтэй ч байлаа, тэр үед. Сүүлийн жилүүдэд хар галуу элбэг болж, цагаан загасны үржил төдий хэрээр буурч байна.

-Дархад зон цагаан адуугаараа алдартай. Энэ адуу яагаад бусад нутгийн угшлаас алдартай байдаг юм бол. Бас дархадуудын өсгөж ирсэн малын тухай хүмүүс тэр бүр мэдэхгүй байх?

-Дархад цагаан адуу хурдалдаггүй, харин бяр тэнхээтэй төдийгүй өл даах, бартаа туулах чадвараар гойд. Дархадын хотгорт махны чиглэлээр алдартай Хогоргын улаан сүүлтэй монгол үхэр гэж бий. Буриадууд дээхнэ үед Дархадын хотгороор зусдаг байж, түүнээс улбаалж эрлийз үйлдвэрийн үхэр үүссэн нь Хогоргын улаан сүүлтэй монгол үхэр юм. Халх нутгийн монгол үхрийг Дархадын хотгорт аваад очихоор өвөлдөө хөлдөөд үхчихдэг. Тэгэхэд Хогоргын монгол үхэр бол цас их унасан үед толгой нь харагдахгүй. Тайгад хатуу цас унадаггүй шүү дээ, харин давсархаг, биегүй нуугисан зөөлөн цастай. Бусад нутгийн мал цас цавчиж, өвс иддэг бол тайгад цас хөрлөнө гэж байдаггүй учраас толгойгоо нэг доош нь булхуулсан бол тэр чигтээ цас хутгаж иднэ. Тал газарт хамгийн их зутдаг мал бол сарлаг үхэр. Манай сарлаг ууландаа бол үс нь намираад л улам өнгөтэй болдог юм шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\54.251.11.98
Баярлалаа
ЗОЧИН\13.212.100.83
Баярлалаа
ЗОЧИН\54.251.11.98
Баярлалаа
ЗОЧИН\54.251.11.98
Баярлалаа
Зочин\47.128.151.164
Баяр хүргэе. Та их зүтгэл сэтгэлтэй хүн юм. Сайн сайхныг ерөөе. Амжилт хүсьё
ЗОЧИН\13.214.23.167
Сайхан нийтлэл байна даа ,талархаж бас бахархах сэтгэл төрлөө . Дээрээс нь ийм хүмүүсээ урамшуулаж төсөв мөнгөө өгөхөд яадаг юм бол доо төрийн эрхтэн дархтангууд минь
ЗОЧИН\13.229.44.5
Сайхан нийтлэл байна даа ,талархаж бас бахархах сэтгэл төрлөө . Дээрээс нь ийм хүмүүсээ урамшуулаж төсөв мөнгөө өгөхөд яадаг юм бол доо төрийн эрхтэн дархтангууд минь
ЗОЧИН\13.229.44.5
Сайхан нийтлэл байна даа ,талархаж бас бахархах сэтгэл төрлөө . Дээрээс нь ийм хүмүүсээ урамшуулаж төсөв мөнгөө өгөхөд яадаг юм бол доо төрийн эрхтэн дархтангууд минь
Пүрэвдорж Балжинням\13.212.159.9
Сайхан нийтлэл байна Чинбат ах ном товхимол гаргавал бас их мэдээ мэдээлэлтэй сэтгэл зүтгэлтэй хүн шүү