UBLife Logo
Сонгууль

Үзэл бодол | Та хотын дарга байсан бол юуг өөрчилж, сайжруулах байсан бэ?

Үзэл бодол | Та хотын дарга байсан бол юуг өөрчилж, сайжруулах байсан бэ?

“Хэрвээ би байсан бол…“ гэдэг бодлоос маш их зүйл эхэлдэг билээ. Хэн нэгний өмнөөс өөрийгөө тавьж үзэх, ямар нэг боломж гарч ирвэл арга хэмжээ авч, шийдвэр гаргахад бэлэн байхад энэ бодлууд бидэнд тусалдаг. Энэ удаа бид өөрсдийн пэйж болон инстаграмдаа оруулсан асуултын дагуу хүмүүсийн илгээсэн хариултуудаас зургаан санааг онцлон авч та бүхэндээ хүргэхээр бэлдээд байна.

“Хэрвээ би хотын дарга байсан бол юуг өөрчилж, сайжруулах байсан бол?“ гээд та өөрөөсөө асуугаад үзээрэй. Бас өөрийн үзэл бодлыг бидэнтэй хуваалцаж, сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

Э.Тайхир

Нэгдүгээрт, хангалттай эрчим хүчтэй болмоор байна. Эрчим хүчээр бид наад зах нь орчны гэрэлтүүлгийг нэмнэ, метрогоо барьчихна, хөнгөн галт тэрэг (LRT) явуулна, дулаан болгож хувиргана. Бидэнд эрчим хүч маш чухал байгаа. Мөн өөр нэгэн чухал зүйл нь тэгш хүртээмж. Хотод хөдөлгөөнд оролцохдоо, дэлгүүр хоршоо явахдаа ч юм уу хаашаа л бол хаашаа хөгжлийн бэрхшээлтэй гэж мэдрэхгүйгээр явдаг болмоор байгаа юм. Тэргэнцэртэй, түрдэг тэрэгтэй, жаахан хүүхдүүд, өсгийтэй гуталтай эмэгтэйчүүд маань ч таатай, асуудалгүй алхаад, зорчдог явган хүний зам бидэнд хэрэгтэй байна. Зүгээр нэг алхах зам биш нүд баясгах юмтай, маш тав тухтай, зүлэг ногоотой, тоос шороогүй, сандал ширээтэй тийм л орчныг бий болгомоор байна. Хотын хаанаас ч, хаашаа ч ямар нэг стрессгүй явчихдаг болбол сайхан. Хамгийн гол асуудал нь бол стандартаа л мөрддөг байх, түүнд нь хяналт тавих. Зам барих, шинэ барилга барих гээд юу ч байдаг юм бүх зүйл дээр стандарт гэж уг нь байгаа. Гол нь түүнийг баримталж, хэрэгжүүлэх, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох гэсэн зүйл алга. Хот маань 20 жил тутамд ерөнхий төлөвлөгөө гэж гаргадаг. Тэгэнгүүт сая 2020 оны ерөнхий төлөвлөгөөг дүгнэсэн чинь 29 хувийн биелэлттэй гэж гарсан байгаа юм. Уг нь биелүүлээд, хийгээд явахад тийм ч муу биш, дажгүй төлөвлөгөө боловч аль нэг шатан дээрээ очоод гацчихдаг, урагшилдаггүй ийм л байдалтай байна даа. Тиймээс аливаа ажлын стандарт, хэрэгжилтийг л хамгийн сайн хянах нь чухал.

Бас сонгуулийн 4 жилд хязгаарлагдахгүй урт хугацааны хөгжлийн бодлоготой, сонгуульд оролцогч нам, эвсэл, өрсөлдөгчид тухайн бодлогоос ирэх 4 жилдээ бид энэ хэсгийг нь хийж хэрэгжүүлнэ гэж өрсөлддөг байвал гоё. Хүрэх цэгтэй, чиглэлтэй, зорилготой, түүндээ хүрэх арга зам нь ч тодорхой баймаар санагддаг.

Г.Сайнзаяа

Би хотын дарга байсан бол Монгол хүн, байгаль хоёрын холбоог алдагдуулалгүй энэ онцлогийг нь тэтгэхүйц чөлөөтэй, цэлгэр, ногоон хот байлгахад анхаарна. Хуульд заасан зарим онцгой объектоос бусдыг хашаатай байхыг зөвшөөрөхгүй, зай талбайгаа дархлах хүсэлтэй хувийн аж ахуйн нэгж, орон сууцыг зүлэг, бут гэх мэт ногоон байгууламжаар хил хязгаараа зааглахыг шаардах байсан. Хотхон биш, ганц нэгхэн байр барьчхаад гэр хороолол шиг хашаалчихдагийг ойлгодоггүй. Иймэрхүү хашаатай орон сууц Баянзүрх дүүргийн 25-р хороонд маш олон байдаг нь явган явахад маш хэцүү байдаг.

Цэлгэр байлгахын тулд өргөн чөлөө, бага тойруу гэх мэт төв зам дагуу зургаан давхраас дээш барилга бариулахгүй. Манай хотын нэг онцлог нь урагшаа харахад Богд уул дүнхийж байдаг нь юм шүү дээ. Ажлынхаа дундуур, өглөө сэрээд Богд уулаа харж эрч хүч авч, алжаалаа тайлдаг. Уул толгод харагддаг нийслэл дэлхийд цөөхөн гэж итгэдэг. Байгальтайгаа ойр байх нь амьдрал дөрвөн хананы дунд дуусахгүй, сошиал медиагаар тахин шүтдэг амьдралын хэв маягийн төлөө мөнгө олох гэж өдөр хоногийг зогоох шаардлагагүй, хорвоо уудам би өчүүхнийг сануулдаг. “Less is bore” болсныг ойлгож, явган хүний зам руу шахсан, ногоон байгууламжгүй, товчхондоо зоосны нүхээр харж барьсан энэ олон давхар шилэн барилгуудын үргэлжлэлд зөвшөөрөл олгохгүйгээр шийдвэрлэх байсан.

Ингэж зоосны нүхээр харж төлөвлөөгүй хорооллууд гэвэл хуучны 3, 4-р хороолол, 13, 1-р хороолол байна. Өргөөгөөс баруун тийш Гэмтлийн эмнэлэг хүртэл улсын дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг барьсан байгаа юм. Тоглоомын талбай, ногоон байгууламж зөндөөг байгуулсан байдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хуучны ийм концептоор барихыг шаардах байсан.

Мөн зөвхөн нийтийн тээвэр явахад зориулсан хэсгийг замын голд байгуулна. Нийтийн тээвэр нь хурдтай, ойр ойрхон явдаг бол олон хүн машинаа парклаад, автобусны картаа халааслаад гарна гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд, бирд ирээд хотын дарга болгохгүй, оронд нь нэг хүслээ хэл гэвэл хээл, хахуулийг л бүрмөсөн байхгүй болгож өгөөч гэх байсан. Энэ хотын өнөөгийн төрх бол хээл хахуулиас ургасан жимс шүү дээ.

Б.Мөнхдорж

Намайг хамгийн их бухимдуулдаг их хотын асуудал бол утаа, түгжрэл. Яндан байгаа цагт утаа байж л байна. Тэгэхээр төвийн шугамд холбогдох эсвэл цахилгаанаар халаалтаа шийдэх гэсэн 2 гол сонголт гарч ирнэ. Төвийн шугамд холбож, цахилгаан станцууд барьж цахилгааны хүчдэлээ ихэсгэж давхар нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг энгийн айл өрхүүдээс эхлээд албан газрууд хүртэл хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх талаар бодлого хэрэгжүүлнэ. Гэр хорооллын бүх айл гал түлэхээ болиход л хотын утааны асуудлын ихэнх хувь нь шийдэгдэнэ. Цаашлаад автомашиныг үзлэгт орох үед нь утааг нь шалгаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хорт хий ялгаруулалт их байгааг нь торгох, зорчих эрхийг хасдаг байх, цахилгаан болон газан хөдөлгүүртэй автомашин унахад нь ард иргэдэд дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Авто замын түгжрэлийг шийдэхийн тулд цөөн хэдэн төв замыг гүүрэн болон нүхэн холболтоор холбож туслах замуудыг олшруулж А-аас Б цэг хүртэлх замыг туулж болох хоёр гуравхан янзын сонголтыг 20-30 янзын сонголтоор туулж болох боломжийг бүрдүүлнэ. Мөн гэр хорооллын бүх замыг автомашины болон явган хүний, унадаг дугуйн стандартын шаардлага хангасан замуудыг тавина. Шинээр баригдаж буй орон сууц, оффисын барилгуудад зогсоолыг айл өрх ажилчдын тоогоор төлөвлөж байгуулахыг хуульчлах. Жил бүр зам эвдэлж төвийн цэвэр бохир усны шугам сольдог асуудлыг халж газар доогуур зориулалтын цооног гаргаж энэхүү асуудлыг шийдвэрлэнэ.

Зөвхөн энэ хэдэн асуудлыг шийдчихэд л хот маань утаагүй, түгжрэлгүй, цэвэрхэн болно. Гэр хорооллын айлууд төвийн шугамтай холбогдсоноор гал түлэх, усанд явах, нүхэн жорлон зэрэг олон чухал асуудлууд шийдэгдэж байгальд ээлтэй ногоон Улаанбаатар болоход нэг биш нэлээд хэдэн алхам ойртох юм. Улсын хүн ам өсөхийн хэрээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг нэмэгдэж барих шаардлагатай болох нь мэдээжийн хэрэг. Төвлөрлийг бууруулж сумуудад ая тухтай, ажил төрөлтэй аж төрөх боломжийг бүрдүүлснээр хотын эдгээр асуудлуудыг шийдэх бас нэгэн гарц болж төвлөрлийг багасгана.

Д.Сугармаа

Улаанбаатар хотыг хүүхдэд аюулгүй, хүртээмжтэй хот болгохыг хүсэж байна. Хүүхэдгүй надад л энэ хот үнэхээр хүүхдэд аюул дүүрэн харагдаж байхад эцэг эхчүүдэд маш хэцүү байдаг байх гэж боддог. Зохион байгуулалт, дэд бүтэц, цэцэрлэг, сургууль гээд олон асуудлууд байгаа энэ бүхнийг л шийдмээр байна. Хүүхдүүд тоглоход аюултай хот, тоглоомын талбай ч байхгүй, байсныг нь нураагаад барилга барьчихдаг. Сургууль цэцэрлэгтээ явахдаа бохир гудамжаар өдөр бүр явдаг. Манай гэрийн хажууд яг сургууль цэцэрлэг рүү нэвтэрдэг ганц нарийн гудамж байдаг. Тэр нь байнга шээстэй. Тэрүүгээр өдөр бүр хэдэн зуун хүүхэд гүйлддэг гээд бодохоор сэтгэл өвдөөд байдаг юм. Тийм замаар явж явж сургуульдаа ирсэн чинь 3 ээлжээр хичээлдэг сургууль угтаж байна гэхээр үнэхээр хүүхдэд ямар ч ээлгүй хотод бид хүүхдүүдээ амьдруулж байна даа.

Өчигдөр нэлээн хямраад жаахан сэргэх санаатай эморох газар хайгаад олоогүй. Тэгээд явж явж нэг булан олоод жаахан амраад сууж байсан тэр хавиас шууд муухай үнэр гараад эхэлсэн. Маш хурдан тухгүй болоод анх яах гэж ирснээ ч мартав. Улаанбаатар хотод залуусын болзох, салхилах, амрах, бүүр болзох ч газар маш бага байна. Тийм болохоор хотын дарга байсан бол тухтайхан эморох олон газрыг бий болгоно. Модны доор дуу аялаад суумаар л байна шүү дээ.

Б.Тэлмэн

Хэрвээ намайг хотын дарга бол гэвэл би хотын бүх гудамжийг ширхэг ч тоосгүй болтол нь зад цэвэрлэнэ ээ. Яагаад гэвэл тоос шороо, ил задгай хог хүмүүсийн сэтгэлзүйд шууд нөлөөлдөг. Хэрвээ бохир өрөөнд унтаж үзсэн бол шөнө болгон ямар их хар дардгийг мэдэх биз ээ. Үүний нэг адил бохир хотын иргэдийн амьдрах хүсэл, сэтгэл дэх гал нь байх ёстойгоосоо хэд хэдэн хувиар унтарч л буй. Гэрээс гарахад л түгжрэл, утаа мөн хаа сайгүй үнэртэх эвгүй үнэр биднийг угтахын зэрэгцээ хаа сайгүй тоос шороо манарч, хувцас арьс, харагдах орчныг ч тэр чигт нь гутааж байна даа. Ядаж гудамжаар цагаан гуталтай явах халтар болдоггүй болчихвол маш зүгээр байна. Тэгээд хот даяар цэв цэвэрхэн болчихвол дараа нь бусад асуудлуудаа шийдвэрлэх ажилд бүгдээрээ хүсэл эрмэлзэл өндөр орно гэдэгт бат итгэлтэй байна. Тэрнээс өмнө хэдүүлээ арай чадахгүй байх өө.

Б.Баяржавхлан

Гэрийн хаалгаа хаагаад гарахад л бид нийгэм хэмээх их айлын амьдралд оролцдог. Энэ айлд маш олон төрлийн зан чанар, хүсэл сонирхол, хүмүүжил, төлөвшилтэй хүмүүс бий. Чухам эдгээр хүмүүс хоорондоо учраа олж, эв түнжинтэй, аз жаргалтай амьдрахад хууль, дүрэм, журам гээч нь хэрэг болдог. Хууль, дүрэм нь тодорхой бус, хэрэгжилт, хяналт, гүйцэтгэл сул байгаагаас олон асуудал шийдэгдэхгүй байсаар байна. Жижиг мэт боловч нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг асуудлаас эхлэх хэрэгтэй болов уу.

Тухайлбал:

  • Явган болон унадаг дугуйн замыг стандартын дагуу аюулгүй болгож, авто замыг ус зайлуулах шугамтай, жил бүр засаад байхааргүй чанартай хийж, замын хоёр талаар мод, бут, сөөг тарих;

  • Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй, хууль зөрчин барьсан барилга, байшин, хашаа, шат зэргийг буулгаж зам талбайг чөлөөлж зам, гарц гаргах;

  • Нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах;

  • ТҮК-ийн ажилчдын тоног төхөөрөмжийг хүний оролцоо багатай техник хэрэгслээр шинэчлэх, өглөө бүр замаа чийгшүүлж цэвэрлэж байх;

  • Камержуулалтыг сайжруулж, хотын бүх хэсэгт замын цагдаагийн зохицуулалтгүйгээр хөдөлгөөнийг удирддаг болгох;

  • Хаана зай талбай байна тэнд ногоон байгууламж бий болгох;

  • Гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа ядаж нэг мод тарихыг уриалах, дэмжих;

  • Гэр хорооллын нүхэн жорлонгуудыг эко болгох;

  • Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх;

  • Нийтийн эзэмшлийн зам талбайд соёлтой зорчих, олон нийтийн дунд биеэ зөв авч явах талаар контент байнга түгээх;

  • Нийтийн эзэмшлийн зам талбайн хаягжилтыг стандарттай болгох;

  • Сургууль, цэцэрлэг, бусад барилгыг стандартын дагуу чанартай бариулах;

  • Чанаргүй гүйцэтгэлтэй компаниудыг ажлыг хүлээж авахгүй байх; дараагийн тендерт оролцуулахгүй байх, нэр хаягаа сольсон ч хяналтыг сайжруулах, хариуцлага тооцдог эрх зүйн зохицуулалттай болгох;

  • Аж ахуй нэгж, байгууллагуудыг ойр орчимдоо мод, ургамал тарьж, тоос шороогоо байнга цэвэрлэж байхыг шаардах;

  • Дахин төлөвлөлтийг зөв зохион байгуулж, стандартын дагуу төлөвлөх;

  • Иргэдийг бизнес эрхлэх боломжоор хангах, дэмжих;

  • Шат шатанд байгаа авлига, хээл хахуулийг шууд зогсоож чадахгүй юм аа гэхэд өөрөө идэхгүй байх, үлгэрлэх;

  • Хотыг тэлэх бодлого барих.

  • Их сургуулиуд, зах худалдааны төвүүдийг шат дараатай хотын зах руу нүүлгэн шилжүүлэх;

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.128.220.169
1Зүгээр таньдаг баахан хүмүүсээ шахаад оруулзан байдаг наас.
ЗОЧИН\47.129.175.130
1Зүгээр таньдаг баахан хүмүүсээ шахаад оруулзан байдаг наас.
ЗОЧИН\47.129.245.1
Sainzayag demjij baina