UBLife Logo
Урлаг

2024 оны хамгийн шуугиантай салалтууд

2024 оны хамгийн шуугиантай салалтууд

Гэр бүлийн жилээр албан ёсоор зарлагдсан 2024 он дуусах болоогүй байгаа ч юуны өмнө гэр бүлийн жил биш байлаа гэдгийг хэлье. Энэ жил олон жилийн дундаас хавьгүй олон оддын салалт болж, шоу-бизнест шинэ шинэ ганц бие залуус, бүсгүйчүүд нэмэгдлээ. Угаасаа он гарахад л зурхайчид энэ жил их ширүүн, олон гэр бүл сална гэж анхааруулж байсан, даанч одод маань тоосонгүй.

Шонн Уильям Скотт - Оливия Коренберг

American Pie киноны од Скотт хувийн амьдралаа дэлгээд байдаггүй. Тиймээс 2019 онд дизайнер  Коренбергтой гэрлэлтээ батлуулахдаа ч зарлаагүй. 2020-нд охинтой болж, 2024 оны хоёрдугаар сард саллаа. Шалтгаан нь хэзээ ч нийлэхгүй санал зөрөлдөөн гэжээ.

Алсу - Ян Абрамов

Монголчуудын танил Алсу баян бизнесмэн нөхөр Ян Абрамовоос 18 жилийн хамтын амьдралын дараа салах нь гэсэн мэдээ тавдугаар сард анх гарсан. Бүтэн зунжингаа энэ талаар ярьцгааж, Абрамов хуучин эхнэртээ Кипр дэх 450 сая рублийн үнэтэй харш, 500 сая рублийн үнэтэй эрдэнэсийн цуглуулга, дээр нь 250 сая рубль өгөх болсон ч Алсу бага байна гээд хүлээн зөвшөөрөөгүй.

Саша Барон Коэн - Айла Фишер

“Борат”, “Бруно”, “Диктатор” гэсэн инээдмийн киноны од Саша жүжигчин Айлатай 2010 онд гэрлэсэн. Гэхдээ бүр 2002 оноос үерхэж эхэлсэн байдаг. 2023 онд өргөдлөө өгөөд 2024 онд тэд албан ёсоор салсан. Хамтарсан мэдэгдэлд “20 жил үргэлжилсэн теннисний тоглолтын дараа бид цохиур модоо хураахаар шийдлээ. Бид үргэлж хүүхдүүдээ хайрлаж, дэмжиж байх болно” гэсэн байв.

Натали Портман - Бенжамен Милльпье

2009 онд “Хар хун” киноны зураг авалт дээр таарч, 2010 онд нь гэрлээд 2011 онд анхны хүүхдээ төрүүлсэн. 2012 онд хуримаа хийж, 2017 онд охинтой боллоо. Харин 2024 оны зун Наталья салах өргөдлөө өгчээ. Шалтгаан нь Бенжамин нууц амрагтай болсон. Нөхөр нь цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч залуу эмэгтэйтэй холбогдсон тул Портман шууд салсан.

Татьяна - Владислав Бакальчук

ОХУ-ын хамгийн баян эмэгтэйн жагсаалтыг сүүлийн хэдэн жил тэргүүлж байгаа, солонгос гаралтай Татьянагийн салалт хоёр ард түмнийг дайны ирмэг дээр авчраад байна. Энэ хоёрын салалтын талаар анх Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров мэдээлсэн гэхээр асуудал ямар хурц байгааг илтгэнэ. Товчхон хэлэхэд Татьяна гэнэт салах өргөдлөө гаргаж, гэрээсээ явсан. Нөхрийнх нь хэлснээр Ингушет гаралтай хэсэг бизнес эрхлэгчид, магадгүй мафиуд хүчээр салгаж, компанийг нь булаан авахыг оролдож байна гэсэн. Ингээд эхнэрийнхээ компанийн офист Владислав чеченүүдтэй хамт очсон бол эхнэр нь ингушет, осети гэсэн уулынхнаар хамгаалалтаа бүрдүүлсэн байв. Буудалцаан болж, хэд хэдэн хүн амиа алдсан дотор холимог тулааны тамирчид цөөнгүй байлаа. Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров одоо ингушетүүдэд цусан өшөө зарлаад байна. Хэргийн дараа Татьяна нөхрийнхөө нэрнээс татгалзаж, Ким нэрээ буцаан авсан.

Женнифер Лопес - Бен Аффлек

2021 онд эргэн нийлсэн тэд эхлээд тун аз жаргалтай байсан. ЖеЛо, Бен хоёрын хайр өмнөхөөсөө илүү хурц асаж байгаа мэт харагдаж байв. Гэвч тэдний гэрлэлт хоёрхон жил үргэлжиллээ. Хэвлэлээр гарсан мэдээнээс үзвэл салах өргөдлийг Лопес гаргасан байна. Түүний дотнын найзуудын хэлснээр Бен эхнэрээ гэртээ л байлгах гээд байсан нь гол шалтгаан байжээ.

Канье Уэст - Бьянка Цензори

Дэлхийн цахим ертөнц арай гэж Уэстийн эхнэрийн “нүцгэн” хувцсанд дасаж эхлэж байтал тэд салж байгаа мэдээ цацагдлаа. TMZ-ийн мэдээлснээр хосууд есдүгээр сарын сүүлээр салж, Бьянка Йе-тэй байсан зовлонгоо тайлахаар Австралид байгаа гэрийнхэн дээрээ очжээ. Салсан шалтгаан болон хэн нь хаясан мэдээлэл байхгүй. Магадгүй тэдний салалт дэлхийд аз жаргал ирэх тэмдэг ч байж болох юм.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.